Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 06

 

 

 

 

2018 оны 02 сарын 23 өдөр                            Дугаар 218/МА2018/00006                                              Сайнцагаан сум

 

Г.Мөнхзаяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Т.Бямбажав, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны  өдрийн 139/ШШ2018/00001 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч  Г.М нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Х, Д.А нарт холбогдох 16221600 төгрөг гаргуулах тухай, хариуцагч Ц.Х-ын 2015 оны 12 сарын 17-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.М, хариуцагч Д.А, хариуцагчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн, нарийн бичгийн дарга И.Түвшинжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 08 сарын 12-ны өдөр хариуцагч Ц.Х, Д.А нарт 11000000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 1 сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэх нөхцөлтэйгөөр зээлдүүлсэн. Хариуцагч нарт 11 сая төгрөгийг тус болох үүднээс О.М-аас сарын 10 хувийн хүүтэйгээр өөрөө зээлж авч өгч зээлдүүлснийг хариуцагч нар хүлээн зөвшөөрч байгаа боловч намайг О.М-аас тус мөнгийг сарын 10 биш 8 хувийн хүүтэй зээлж авсан хэмээн маргаж байгаа. Гэвч О.М-ын мэдүүлгээр сарын 10 хувийн хүүтэй 11 сая төгрөгийг авсан гэдэг нь нотлогддог. Намайг О.М-д 2015 оны 8 сарын 12-ны өдрөөс 2015 оны 12 сарын 17-ны өдрийг хүртэлх 4 сарын хугацаанд 4400000 төгрөгийг төлсөн гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрсний үндсэн дээр 2015 оны 12 сарын 17-ны өдөр 11000000 төгрөгийн дүнтэйгээр зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Хариуцагч нар 2015 оны 12 сарын 17-ны өдөр гэрээ байгуулах үедээ мөнгө аваагүй, гэрээг Ц.Х-тай байгуулсан гэж маргаж байгаа хэдий ч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт ‘’...хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр гэж үзнэ’’ гэсэн заалтаар хариуцагч нарын 11000000 төгрөг зээлсэн зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ юм. 2015 оны 12 сарын 17-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, ийнхүү гэрээ байгуулснаас хойш хугацааны хүүг 2015 оны 12 сарын 22-ны өдрөөс эхлэн төлсөн. Тодруулбал гэрээний дагуу сар бүр 6 сарын хугацаанд төлөгдөх 1100000 төгрөгийн хүүг 2015 оны 12 сарын 22, 2016 оны 01 сарын 18, 2016 оны 02 сарын 16, 2016 оны 03 сарын 30, 2016 оны 06 сарын 11, 2016 оны 06 сарын 11-нд төлсөн.  Бид зээлийн гэрээний 2.6 дахь хэсгийн заалтаар зээлийн хүү төлөх хугацааг сард нь буюу зээл төлөх тухайн сардаа багтаан өгч, зээлийг хугацааны эцэгт бөөнд нь төлөхөөр тохирсон боловч  2015 оны 04 сард зээл төлөх хугацааг 45 хоног, 5 сард 11 хоног, үндсэн зээл төлөх хугацааг 485 хоногийн хугацаагаар тус тус хэтрүүлсэн. 2016 оны 06 сарын 11-ний өдөр зээлийн хүү төлөх хүүгээс гадна 300000 төгрөг төлсөн бөгөөд үүнийг алданги, үндсэн зээлээс хасч тооцсон буюу 2016 оны 06 сары 11-ний төлсөн 300000 төгрөгөөс 114000 төгрөгийг тэдний төлөх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээр тооцогдох алдангийн дүнгээс 185600 төгрөгийг үндсэн зээлийн дүнгээс тус тус хасч тооцсон.

Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний дагуу төлөгдөх үндсэн зээл 10814400 төгрөг, гэрээний дагуу тооцогдох алданги 5407200 төгрөг, нийт 16211600 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.Х- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүхэд гаргасан тайлбартаа: Анх Д.А нь 2015 оны 08 сарын 12-ны өдөр Г.М-, Г.Ч- нартай уулзаж 11000000 төгрөг зээлэх талаар ярилцан тохиролцож тухайн өдөр миний бие гар дээрээ бэлэн 9900000 төгрөг хүлээн авч 1100000 төгрөгийг Г.М уг өдрөө хүүнд нь тооцон авч үлдсэн гэсэн. Бидний зүгээс зээлдүүлэгчид 11300000 төгрөгийг төлсөн ба зээлсэн үнийн дүнгээс 2400000 төгрөгийг илүү төлөөд байгаа. Учир нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т ‘’Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ’’, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т ‘’Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана’’, ‘’Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно’’ гэж тодорхой заасан байдаг. Зээлдүүлэгчийн хувьд мөнгө шилжүүлэн өгсөн өдрөө буюу 2015 оны 08 сарын 12-ны өдөр бичгээр гэрээ огт байгуулаагүй, харин 4 сарын дараа буюу 2015 оны 12 сарын 17-ны өдөр зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан хэдий ч гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасанчлан дүр үзүүлсэн хэлцэл байх тул уг гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд зээлдэгчээс  бид 9900000 төгрөг зээлсэн, уг зээлсэн мөнгөө бүрэн төлж барагдуулсан төдийгүй 2400000 төгрөгийг илүү төлөөд байгаа учир уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээнд тооцож өгнө үү гэв.

 

Анхан шатны шүүх:

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т зааснаар хариуцагч Ц.Х, Д.А-аас 7590000 /долоон сая таван зуун ерэн мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Ц.Х-ын 2015 оны 12 сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т зааснаар нэхэмжлэгч Г.М-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265971 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Х, Д.А нараас 136390 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Ц.Х-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн давж заалдах гомдолдоо: Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 25-ны өдрийн 139/ШШ2018/00001 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Нэг. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж маргааныг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь: 2015 оны 8 сарын 12-ны өдөр хариуцагч Д.А нь нэхэмжлэгч                         Г.М-аас 11.000.000 төгрөг зээлэхээр тохиролцсон боловч Г.М нь 1 сарын хүүг урьдчилан суутгах нэрээр 9900000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгч, зээлсэн мөнгөндөө сарын 10%-ийн хүү төлж байхаар амаар тохиролцсон талаар талуудын хэн аль нь тодорхой тайлбарладаг. Мөнгө зээлүүлсэнээс хойш зээлийн гэрээ байгуулагдах хүртэл хугацаанд сар бүр 1100000 төгрөгийг төлж байсан боловч Г.М нь 2015 оны 12 сарын 17-ны өдөр зээлдэгчийн гэр бүлийн хүн болох Ц.Х-тай зээлийн гэрээг нөхөн байгуулсан байна. Гэтэл шүүх “Ц Х нь зээлийн гэрээ байгуулсан 2015 оны 12 сарын 17-ны өдөр өмчлөлдөө мөнгө шилжүүлэн аваагүй боловч нэхэмжлэгч                        Ц.М-ай зээлийн гэрээ байгуулсан байх тул хүүтэй мөнгө зээлэх хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэх үндэстэй байна" гэжээ.

Шүүхийн шийдвэрийн Үндэслэл болсон энэхүү дүгнэлт нь: Зээлийн гэрээг зээлдэгчтэй бус харин Ц.Х-тай байгуулж улмаар гэрээ байгуулагдах үед талуудын хэн аль нь нэгэндээ мөнгө шилжүүлэн өгөх үйлдэл хийгээгүй буюу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1дэх хэсгийг зөрчсөн болохыг хүлээн зөвшөөрсөн байна.

Ц.Х-ын гэрээ байгуулсан үйлдлийг “ хүүтэй мөнгө зээлэх хүсэл зоригийн илэрхийлэл байсан" хэмээн дүгнэсэн нь туйлын ойлгомжгүй бөгөөд мөнгө зээлсэн үйлдэл нь тодорхой цаг хугацаанд бодитойгоор хийгдсэн байхад түүнийг үндэслэлгүйгээр үгүйсгэсэн байна.

Шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т заасанаар нэхэмжлэгч Г.М нь Ц.Х-т 6600000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 10%-ийн хүүтэй зээлдүүлсэн зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзлээ хэмээн дүгнэжээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон энэхүү дүгнэлт нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 53.3 дахь хэсэгт “ Энэ хуулийн 56.1.2- 56.1.4, 56.1.8-д заасан хэлцлийг...” гэж нэрлэн заасан байх ба шүүх талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээг дээрх заалтын чухам аль хэсэгт нь хамааруулж, ямар төрлийн хэлцэл байгуулагдсан талаар огтхон ч дурдалгүйгээр 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсгийг үндэслэн Хүчин төгөлдөр хэлцэл хэмээн дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

2.Мөн зээлийн гэрээнд 11000000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэн өгөх тухай тусгагдсан байхад шүүх 6600000 төгрөгний зээлийн гэрээ байгуулагдсан хэмээн зээлийн гэрээнд огт дурдагдаагүй зүйлд хөндлөнгөөс, өөрийн үзэмжээр, гэрээний агуулгыг өөрчилсөн дүгнэлт хийж маргааныг шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нь 2016 оны 6 сарын 17-ноос  2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр хүртэлх хугацааны алдангийг гаргуулахаар нэхэмжилсэнийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй. Учир нь: Г.М-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг урьд нь 2 удаа анхан шатны шүүхээр хэлэлцэж шийдвэрлэгдсэн боловч Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх журмыг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр хүчингүй болсон. Энэ хугацаанд нэхэмжлэгч нэхэмжпэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч хугацаа алдсан дээрх үйлдэлд хэргийн оролцогч буруугүй бөгөөд хариуцагчийг  Иргэний хуулийн 232 дугаар зүйлд зааснаар “хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй ” гэж үзэх үндэслэлгүй байна.

Хоёр. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тухайд:

Шүүх Зээлийн гэрээг хүчин төгөлдөр хэмээн дүгнэхдээ: 1. Зээлийн гэрээг хариуцагч тал Иргэний хуулийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар : хууль зөрчсөн хэлцэл буюу нэхэмжлэгч                           Г.М-аас эхнэр Д.А нь зээлсэн байтал зээлийн гэрээг Ц.Х-тай байгуулсан нь хууль зөрчсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм...гэжээ.

Хариуцагч талаас 2015 оны 12 сарын 17-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл мөн болохыг тогтоолгохоор 2017 оны 4 сарын 19-ны өдөр Сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл нь зээлийн гэрээ нь зээл олгогдсоноос хойш нөхөж байгуулсан болон зээлийн гэрээ байгуулагдах үед мөнгийг шилжүүлээгүй зэргээр гэрээний заалт нь бодит үйлдлээр хийгдээгүй нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.4 дахь хэсгийг зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх нэхэмжлжлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй атлаа зөвхөн Ц.Х-тай гэрээ байгуулсан гэх нэхэмжлэлд дурдаагүй үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ. Мөн Зээлийн гэрээний зээлдэгч тал Ц.Х, Г.М нар болох нь нотлогдож байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Ийнхүү анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй тул шүүхийн 2017 оны 12 сарын 25-ны өдрийн 139/ШШ2018/00001 дугаартай шийдвэрийг хүчингүй болгон хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхээс хэргийг гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэв.

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны  өдрийн 139/ШШ2018/00001 дугаартай шийдвэр нь Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд хандан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл удааширсны улмаас бага бус хохирол учирсан болох тухайгаа тайлбарлан нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхээс хянан үзээд хэрэгт цугларсан нотлох баримт болон талуудын өөрсдийнх нь хийсэн хэлцэлд үндэслэн гаргасан энэхүү шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсныг тэмдэглэхийн зэрэгцээ нэхэмжлэгчийн хохирлыг гаргуулахад үндэслэл болгосон нотлох баримтанд үндэслэн шүүх шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтогдохгүй байна.

Анхан шатны шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийг шийдвэрлэсэн, зохигчдын бүрдүүлсэн нотлох баримтанд үндэслэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Зохигч талуудын хооронд 2015 оны 08 сарын 12-ны өдөр зээлийн гэрээний хэлцэл бодитоор хийгдсэн бөгөөд шүүх энэхүү хууль зүйн үр дагавар бий болгосон үйлдэлд хууль зүйн дагуу дүн шинжилгээ хийж асуудлыг шийдвэрлэх үндэстэй. Энэхүү хэргийн зохигч талууд нь мөнгө зээлдүүлсэн үйлдэл болон буцаан төлөлтийн дүн зэрэгт маргаагүй, харилцан хүлээн зөвшөөрдөг бөгөөд  анх зээлсэн мөнгөн дүн, хүү төлсөн байдал, үүрэг гүйцэтгэх хугацаа удааширч хохирол учирсны улмаас алданги төлүүлэх талаар шаардлага гарган мэтгэлцжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд хийсэн хэлцэл, гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т зааснаар үнэлэхдээ ...хуулиар тогтоосон  хэлбэрийг зөрчсөн ... хэлцлийг  хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтган хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн бөгөөд шүүхээс талуудын хооронд хэлцлээр тогтоосон алдангийн гаргуулсныг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх олонхийн саналаар үзсэн болно.

            Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн зүйл заалтыг буруу баримталсан алдаа гаргасан байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлтийг  оруулах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн             167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны  өдрийн 139/ШШ2018/00001 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтын “ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 гэснийг 232.6 “ гэж, 2 дугаар заалтын “Иргэний хуулийн  57 дугаар зүйлийн 57.1 гэснийг 56 дугаар зүйлийн 56.1” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

  2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн  59.3-т заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327340 / гурван зуун хорин долоон мянга гурван зуун дөчин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  3.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                              Ц.ОТГОНЦЭЦЭГ

                                        ШҮҮГЧИД                              Т.БЯМБАЖАВ

                                                                                       Ш.ТӨМӨРБААТАР