Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 15

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 2-р багийн иргэн Цэмбэл залан овгийн Дуламжавын Үржинхандын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016  оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтан-Алим

Нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.   

                                           

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Үржинханд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1962 онд төрсөн, эмэгтэй, энэ жил 55 нас хүрч байна. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 13 жил ажилласан. Би 1980 оны 8 сард сургууль төгсөж ирээд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Өнгөт бригадад санитарчаар томилогдон ажилласан. Санитарчаар 1987 оны 10 сарын 01-н хүртэл ажиллаж байгаад биеийн эрүүл мэндийн улмаас ажлаасаа гарч, Өнгөт бригадад малчин болсон. Малчинаар нэгдэл тартал буюу 1992 оныг дуустал ажилласан. Гэтэл тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэрт миний овгийг буруу бичсэн, зарим дэвтрийн хэсэг нь усанд норсоноос болж тэтгэвэрт гарах боломжгүй болоод байна. Иймд хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1980 оны 08 сарын 08-наас 1987 оны 10 сарын 01-нийг хүртэл эмчилгээ тэжээлийн цэгт санитарчаар, 1987 оны 10 сарын 01-нээс 1992 оны 12 сарын 31-нийг хүртэл малчинаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтан-Алим шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Үржинханд нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Өнгөт бригадад 1980 оны 08 сарын 08-наас 1987 оны 10 сарын 01-нийг хүртэл эмчилгээ тэжээлийн цэгт санитарчаар, 1987 оны 10 сарын 01-нээс 1992 оны 12 сарын 31-нийг хүртэл малчинаар ажиллаж байсан нь үнэн. Мөн хөдөлмөрийн дэвтэрт нь овгийг буруу бичсэнээс болж ажилласан жил нь тогтоогдох боломжгүй болсон юм билээ. Нэгдэл нь 1992 онд Хөгжил хувьцаат компани болон өөрчлөгдсөн. Иймд Д.Үржинхандыг хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигчээр тогтоож, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1980 оны 08 сарын 08-наас 1987 оны 10 сарын 01-нийг хүртэл эмчилгээ тэжээлийн цэгт санитарчаар, 1987 оны 10 сарын 01-нээс 1992 оны 02 сарын 19-нийг хүртэл малчинаар, 1992 оны 02 сарын 19-нөөс 1992 оны 12 сарын 31-нийг хүртэл Хөгжил ХК-нд малчинаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Үржинханд нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгож, ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

            Нэхэмжлэгч Д.Үржинхандын хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй, холбогдох баримт нь архивын сан хөмрөгт байхгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 12  сарын 19-ний өдрийн 277 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Гэрч Л.Энхтөрийн:“...Д.Үржинханд нь 1980 онд сургууль төгсөж ирээд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчинаар ажиллаж эхэлсэн. Нэгдэл 1992 онд тарж байсан ба нэгдэл тарах хүртэл тасралтгүй малчинаар ажилласан хүн байгаа юм. Д.Үржинхандын аав нь Борбанди, ээж нь Дуламжав гэдэг хүмүүс байсан. Миний мэдэхийн ээж Дуламжаваараа овоглодог хүн...” гэх мэдүүлэг,

- Гэрч Н.Рагчаагийн: “...Д.Үржинханд нь 1980 онд Өмнөговь аймгийн ТМС-ийг төгсөж ирээд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд санитарчаар ажиллаж эхэлсэн. Санитарчаар 1987 он хүртэл ажиллаж байгаад тус нэгдэлдээ малчин болж байсан. Малчинаар 1992 оныг дуустал ажилласан. Бид хамт ажиллаж байсан юм....” гэх мэдүүлэг,

- Гэрч М.Алтанцэцэгийн: “...Намайг 1980 онд сургууль төгсөөд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд очиж ажиллахад Д.Үржинханд нь санитарчаар ажиллаж байсан. Би 6 сар ажиллаад хүүхэд төрүүлэхээр чөлөө авсан юм. Тэгээд би аймгийн төв рүү шилжсэн ба энэ хугацаанд Д.Үржинхандыг ажиллаж байсныг нь мэднэ...” гэх мэдүүлэг,

2.Дундговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 сарын 19-ний өдрийн 277 дугаартай “Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын “Хөгжил” нэгдлийн Өнгөт бригадад 1987 оны 11 сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл малчинаар ажиллаж байсан тухай Дуламжав овогтой Үржинхандад холбогдох лавлагааг гаргах боломжгүй болно…” гэх тодорхойлолт,

3.Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2016 оны 12 сарын 20-ны өдрийн 08/611 дугаартай “Эрдэнэдалай сумын “Хөгжил” нэгдэл нь 1991 оны 03 сарын 12-нд улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1992 оны 02 сарын 19-нд “Хөгжил” хувьцаат компани, 1996 оны 04 сарын 18-нд “Далайн хөгжил” хоршоо болон өөрчлөгдсөн болно...” гэх тодорхойлолт,

4.Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын “Хөгжил” нэгдлийн даргын 1980 оны 08 сарын 16-ны өдрийн 52 дугаартай “Д.Үржинхандын 08 сарын 08-ны өдрөөс цэгийн санитарчаар томилсугай” гэх тушаалын хуулбар,

5. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын “Хөгжил” нэгдлийн даргын 1986 оны 10 сарын 02-ны өдрийн 39 дугаартай “Ажлаас чөлөөлөх бө ажилд томилох тухай ” тушаалын хуулбар,

6. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын “Хөгжил” нэгдлийн даргын 1987 оны 10 сарын 16-ны өдрийн 49 дугаартай “Эмчилгээ тэжээлийн цэгийн санитарч Д.Үржинханд нь удаан хугацааны эмчилгээтэй учир Д.Долгоржавыг 10  сарын 01-ний өдрөөс цэгийн санитарчаар томилсугай” гэх тушаалын хуулбар,

7.Нэхэмжлэгч Д.Үржинхандад 1985 оны 12 сарын 28-ны өдөр олгосон “Эрдэнэдалай сумын “Хөгжил” нэгдлийн даргын 1980 оны 08 сарын 16-ны 52 дугаар, 1986 оны 10 сарын 02-ны өдрийн 39 дугаар, 1987 оны 10 сарын 16-ны өдрийн 49 дугаар” тушаалуудын бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

8.Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын “Хөгжил” нэгдлээс1991 оны 01 сарын 07-ны өдөр олгосон 1987 оны 10 сарын 01-нээс 1990 оныг дуустал ажилласан хоног, цалингийн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

9. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын “Хөгжил” нэгдлээс олгосон 1991 оны 01 сараас 1992 оныг дуустал ажилласан хоног, цалингийн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

10.Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 12 сраын 20-ны өдрийн 00/002190 дугаар лавлагаа зэрэг болно.

 

Дээрх бичгийн баримтуудаар Д.Үржинханд нь “Борбандийн Үржинханд”-ын 1985 оны 12 сарын 28-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, 1991 оноос 1992 оны бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч болох нь, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын “Хөгжил” нэгдэлд 1980 оны 08 сарын 08-наас 1987 оны 10 сарын 01-нийг хүртэл эмчилгээ тэжээлийн цэгт санитарчаар, 1987 оны 10 сарын 01-нээс 1992 оны 02 сарын 19-нийг хүртэл малчинаар, 1992 оны 02 сарын 19-нөөс 1992 оны 12 сарын 31-нийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил ХК-д малчинаар тус тус ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзээд

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар нэхэмжлэгчи Цэмбэл залан овгийн Дуламжавын Үржинханд /ЗП62031806/ нь, “Борбандийн Үржинханд”-ын 1985 оны 12 сарын 28-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, 1991 оноос 1992 оны бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч болохыг тогтоосугай.

2.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цэмбэл залан овгийн Дуламжавын Үржинханд нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын “Хөгжил” нэгдэлд 1980 оны 08 сарын 08-наас 1987 оны 10 сарын 01-нийг хүртэл эмчилгээ тэжээлийн цэгт санитарчаар, 1987 оны 10 сарын 01-нээс 1992 оны 02 сарын 19-нийг хүртэл малчинаар, 1992 оны 02 сарын 19-нөөс 1992 оны 12 сарын 31-нийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил ХК-д малчинаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ                               Д.УРАНЧИМЭГ