Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 07

 

   

 

 

 

2018 оны 03 сарын 23 өдөр                                Дугаар 218/МА2018/00007                                                 Сайнцагаан сум

 

 

Ц.Баярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Т.Бямбажав, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар: 

Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 645 дугаар шийдвэртэй, Ц .Б нэхэмжлэлтэй, ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Отгонцэцэгийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Б, нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1985 оны 11 сарын 1-нээс 1991 оны 12 сарын 16-ныг хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын ХБА-д түүхий эдийн туслах, эрхлэгчээр, 1991 оны 12 сарын 16-наас 1994 оны 12 сарын 31-н хүртэл “Хөдөлмөр” ББХК-нд түүхий эдийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул шүүхэд хандсан. Иймд холбогдох баримтуудыг үндэслэн миний 1985 оны 11 сарын 1-нээс 1991 оны 12 сарын 16-ныг хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын  ХБА-д түүхий эдийн туслах, эрхлэгчээр, 1991 оны 12 сарын 16-наас 1994 оны 12 сарын 31-н хүртэл “Хөдөлмөр” ББХК-нд түүхий эдийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Анхан шатны шүүх:

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Цэгмэд овогтой Баярыг 1985 оны 11 сарын 1-нээс 1991 оны 12 сарын 16 хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын  ХБА-д түүхий эдийн туслах, эрхлэгчээр, 1991 оны 12 сарын 16-наас 1994 оны 12 сарын 31-н хүртэл “Хөдөлмөр” ББХК-нд түүхий эдийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсныг тогтоож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 / далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Б давж заалдах гомдолдоо: Ц.Бминий бие 2013 оны 8 сарын 20-ны өдрийн 645 дугаар шийдвэрээр ажилласан жил тогтоолгосон. Гэтэл миний ажилласан жилийг тогтоохдоо 1985 оны 11 сарын 1-нээс 1991 оны 12 сарын 16-ныг хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын ХБАнгид түүхий эдийн туслах, эрхлэгчээр, мөн 1991 оны 12 сарын 16-наас 1994 оны 12 сарын 31-нийг хүртэл Хөдөлмөр ББХ хоршоонд түүхий эдийн эрхлэгчээр ажиллаж байсныг  Хөдөлмөр ББХК-д түүхий эдийн эрхлэгчээр ажиллаж байсан гэж шийдвэрлэсэн. Гэтэл би Хөдөлмөр ББХК-д биш Хөдөлмөр ББХХоршоонд ажилалсан тул 2013 оны 8 сарын 20-ны өдрийн 645 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Б 1985 оны 11 сарын 1-нээс 1991 оны 12 сарын 16-нын хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын  ХБА-д түүхий эдийн туслах, эрхлэгчээр, 1991 оны 12 сарын 16-наас 1994 оны 12 сарын 31-н хүртэл “Хөдөлмөр” ББХК-нд түүхий эдийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсныг тогтоон шийдвэрлэхдээ  нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч 1991 оны 12 сарын 16-наас 1994 оны 12 сарын 31-н хүртэл “Хөдөлмөр” ББХХоршоонд түүхий эдийн эрхлэгчээр ажиллаж байсан талаараа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарлахдаа Үндэсний татварын ерөнхий газрын Дундговь аймаг дахь Татварын хэлтсийн тодорхойлолт, Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа, тухайн үед ажиллаж байсныг мэдэх гэрчүүдийн мэдүүлгээр нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэжээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Ц.Б ажилласан дээрх хугацааг тогтоосон хэдий ч ажиллаж байсан байгууллагын нэр буюу “Хөдөлмөр хоршоо”-г  “Хөдөлмөр” ББХК гэж бичсэнээс шүүхээр  шийдвэрлэсний  ач холбогдол алдагдаж, нэхэмжлэгч Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах үндэслэл болжээ.

Дундговь аймаг дахь Татварын хэлтсийн 2013 оны 06 сарын 20-ны өдрийн 08/211 дугаартай тодорхойлолтод “...Худалдаа бэлтгэлийн анги нь 1991 оны 12 сарын 16-нд “Хөдөлмөр” ББХХоршоо болон өөрчлөгдөж үйл ажиллагаа явуулж байсан”, Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаанд “Дундговь аймгийн Сайнцагаан сумын ХБАнги нь / Хөдөлмөр хоршоо/ нь 1991-1994 онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан” талаар тус тус тодорхойлогджээ.

Хэрэгт цугларсан эдгээр нотлох баримтуудыг үндэслэн Ц.Б 1991 оны 12 сарын 16-наас 1994 оны 12 сарын 31-ныг хүртэл хугацааг “Хөдөлмөр ББХХоршоо”-нд ажилласнаар тогтоож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн              167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 645 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтын “ ... “Хөдөлмөр” ББХК-нд” гэснийг “Хөдөлмөр” ББХХоршоонд гэж өөрчилсүгэй.

2.Шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3.Нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.

4.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ                              Ш.ТӨМӨРБААТАР

         ШҮҮГЧИД                              Т.БЯМБАЖАВ

                                                                                              Ц.ОТГОНЦЭЦЭГ