Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 40

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Дундговь аймгийн Дэрэн суманд 1964 оны 04 сарын 02-нд төрсөн, 52 настай, бага боловсролтой, Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөрийн 2-р баг, Хонгорын 6-1 тоотод оршин суух Бэл овогт Долгорын Оюунцэцэгийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 12 сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 сарын 27-ны өдөр 139/2017/00007/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Оюунцэцэг, нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Д.Оюунцэцэг шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1964 онд төрсөн. Улсад 20 жил 1 сар ажилласан. Үүнээс 1981-1989 онуудад буюу 9 жилийг Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд мал маллаж саальчин хийж, туслах үйлдвэрт цагаан идээ боловсруулах зэрэг ажлуудыг хийж байсан. 1981-1989 оныг дуустал ажилласан жил баталгаажуулаагүй тул хамт ажиллаж байсан гэрчүүдийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргийг үндэслэн 1981-1989 оныг дуустал  Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд малчнаар ажилласан жилийг тогтоож өгнө үү

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

           Хүсэлт гаргагч Д.Оюунцэцэг нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.

            Д.Оюунцэцэг нь Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд 1981 оны 01 сарын 01-нээс 1989 оны 12 сарын 31-нийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь:  

           Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2016 оны 12 сарын 07-ны өдрийн 08/585 тоот албан бичиг,

           Д.Оюунцэцэгийн Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдлээс 1980 оны 12 сарын 20-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

           Гэрч  А.Таяагийн “...Д.Оюунцэцэг нь Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдлийн тэжээлийн үйлдвэрт ажиллаж байгаад сүүлдээ малчин болсон юм. Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдлийн Саруул бригадад 1981-1989 оныг дуустал ээжтэйгээ мал малладаг байсан юм. Би Дэрэн суманд ажиллаж, айл өрхүүдээр явдаг байсан юм. Тийм учраас ажиллаж байсан байдлыг нь сайн мэдэж байна” гэх мэдүүлэг,

Гэрч Г.Түмэндэлгэрийн “...Д.Оюунцэцэг нь манай нутгийн хүүхэд байгаа юм. 1981-1989 он хүртэл Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдлийн Саруул бригадад малчин байсан. Дандаа бог мал малладаг байсан юм. Би Дэрэн суманд хөдөө гэртээ амралтаараа ирэн очин байдаг байсан юм. Тэгэхэд Д.Оюунцэцэгийнх манайхтай ойролцоо, саахалт нутагладаг байсан юм. Тийм учраас ажиллаж байсан байдлыг нь сайн мэдэж байна” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Мягмарын “...Д.Оюунцэцэг нь Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдлийн Саруул бригадад 1981-1989 он хүртэл аав, ээжтэйгээ хамт малчин байсан. Бага мал малладаг байсан юм. Би Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдлийн Саруул бригадын тоо бүртгэгчээр ажиллаж байсан учраас ажиллаж байсан байдлыг нь сайн мэдэж байна” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Бэл овогт Долгорын Оюунцэцэг /ЗЖ64040203/-ийн Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд 1981 оны 01 сарын 01-нээс 1989 оны 12 сарын 31-нийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.  

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Оюунцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ