Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 148/ШШ2021/00389

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүхийн хурлын танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар С.*******ийн нэхэмжлэлтэй, Л.*******д холбогдох Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох -ыг хүссэн хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Манхан суманд 1988 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин, цахилгаанчин мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Баянхан 4 дүгээр баг, 5 дугаар гудамж, 104 тоотод оршин суух хаягтай, Дархан-Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн Сэлэнгэ салбарт гагнуурчин ажилтай гэх

******* овгийн *******ын *******

регистрийн дугаар МБ- *******

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар суманд 1990 онд төрсөн, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Цагаан-Эрэг 2 дугаар баг, 3 дугаар хэсэг, 11 дүгээр байрны 26 тоотод оршин суух хаягтай, Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хуралд Орон нутгийн хурлын асуудал хариуцсан мэргэжилтэн ажилтай гэх

******* овгийн *******ын *******

регистрийн дугаар МЮ- *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... ******* овогтой ******* миний бие 2008 онд ******* овогтой *******тай танилцан улмаар 2009 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлтийн №0076058 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 2009 оны 07 дугаар сарын 23-ны өдөр охин Б.******* төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2013 оноос салж тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин маань 2015 он хүртэл *******ын *******ын төрсөн эгч *******ын Цэрэнжаргалын асрамжид байж байгаад 2015-аас 2021 оны одоог хүртэл миний бие *******ын *******ийн асрамжид амьдарч байгаа. Одоо бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин Б.*******г миний асрамжид үлдээж өгнө үү!

 

Нэхэмжлэгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... би 2008 онд *******тай гэр бүл болсон. Манай охин 2009 оны 07 дугаар сард төрсөн. Л.******* бид хоёр 2013 оноос хойш тусдаа амьдарч эхэлсэн. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Гэр бүлээ цуцлуулж, хүүхдээ өөр дээр авахаар нэхэмжлэл гаргасан. Л.******* бид хоёр тусдаа амьдраад эхний жилүүдэд охин маань ээжтэйгээ байсан боловч, 2016 оноос хойш надтай хамт амьдарч байсан. Харин ээж дээрээ 2020 оноос хойш ээж дээрээ байгаа. Гэхдээ над дээр ч бас ирдэг л дээ. Би охиноо өөрийн асрамжид авахыг хүсч байна... гэх.

 

Хариуцагч Л.******* 2021 оны 06-р сарын 17-нд шүүхэд гаргасан тайлбартаа:

...С.*******ийн гэрлэлт цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид авах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие С.*******тэй 2009 онд гэрлэлтийн 0076058 тоот баталгаагаар бүртгүүлж, гэр бүл болж 2009 онд охин Б.******* мэндэлсэн. Бид зан харьцааны таарамжгүй байдлаас шалтгаалж цаашид хамтран амьдрах боломжгүй болж, 2013 оноос одоог хүртэл тусдаа амьдрах болсон. Охин 6 нас хүртэл миний өөрийн асрамжид өсч торнисон. 2016 онд охиныг 1 дүгээр ангид элсэн орох үеэр би Дархан-Уул аймагт ажиллаж байсан учраас охиныг эцгийн асрамжид өгсөн байсан. Ингээд 2017 онд Аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хуралд ажилд орж, Сүхбаатар суманд суурьшин амьдарснаас хойш охин маань амралтын өдрөөрөө гэртээ ирдэг байсан. 2020 оны 11-р сараас хойш миний өөрийн асрамжид байгаа.

С.*******ийн нэхэмжлэлийн шаардлага болох гэрлэлт цуцлуулах асуудлыг хүлээн зөвшөөрч байна. Харин охин Б.*******г өөрийн асрамжид үлдээж, тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна... гэжээ.

 

Хариуцагч Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...би анх *******тэй 2008 онд гэр бүл болоод 2009 онд манай охин мэндэлсэн. Ер нь бол хамт нэг гэрт ороод амьдарсан хугацаа байхгүй. 2013 оноос ямар ч харилцаагүй тусдаа байцгаасан. Гэр бүл цуцлах асуудлыг хүлээн зөвшөөрч байна. Харин охиноо бол би өөр дээрээ авах хүсэлтэй байна. Охин минь ч гэсэн надтай амьдрах хүсэлтэй. 2019 оны 01 сараас хойш охин минь миний асрамжид байсан. Одоо хүртэл надтай цуг амьдарч байна. Урьд нь бид хоёр охиныхоо талаар ярилцаж байсан. ******* өөрөө ч гэсэн өсвөр насны охин хүүхэд ээж дээрээ байвал илүү дээр гэж хэлж байсан. Би өөрөө төрийн албан хаагчдын байранд орон сууц зээлээр авсан. Охины тэтгэмжийн асуудлыг *******тэй ярилцсан. ******* ярилцаж байхдаа ...тэтгэмж өгөхгүйгээр чамд охиноо өгье... гэж байсан. Би өөрөө зээлтэй учир тэтгэмж бол надад хэрэгтэй байсан. Цаашдаа бол *******тэй хамтран амьдрах боломжгүй. Би 2017 онд хүү төрүүлсэн. Тэр хүнтэйгээ бас амьдарч чадаагүй. Одоо бол хоёр хүүхэдтэйгээ цуг амьдрах хүсэлтэй байна. Тусдаа амьдрах болсноос хойш охин маань миний асрамжид байсан. Охин минь 1 дүгээр ангид орох жил би өөр газар ажиллаж, айлд амьдардаг байсан болохоор зайлшгүй аавд нь үлдээх хэрэгтэй болсон. Би одоо өөрийн гэсэн орон байртай болсон учир охиноо өөр дээрээ авсан. Би хоёр хүүхдээ хамт өсгөвөл дээр байх гэж бодож байгаа. Хамгийн гол асуудал нь аав дээр нь үлдээвэл өсвөр насны охин хүүхдийг ойлгохгүй, хамт ярилцаж чадахгүй. Аав дээрээ нь байлгаж байгаад 2019 онд охиноо өөр дээрээ авахад миний охин ааш зангийн хувьд эвдэрсэн байсан. Охины минь ангийн багш над руу удаа дараа залгаж байсан. Багш нь хэлэхдээ *******аа охиноо өөрийнхөө асрамжид авах хэрэгтэй байна. Хичээл номын давтуулахгүй бол хэцүү байна. Яг аав дээрээ байхгүй. Аавынхаа дүүгийнд амьдраад байх шиг байна гэж утсаар ярьж байсан. Тэгээд тэрнээс хойш охинтойгоо хамт амьдарч байна... гэх.

 

Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаж

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч С.******* нь Л.*******д холбогдуулан Гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Зохигчид нь 2008 онд танилцан, хамт амьдарч байгаад 2009 онд гэрлэлтээ батлуулан, хамт амьдрах хугацаанд 2009 оны 07-р сарын 23-нд охин Б.******* төрсөн, хүүхэд 2013 оноос хойш эхийн, 2015-2020 онд эцгийн, 2020 оны 11-р сараас хойш эхийн асрамжид байгаа болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан С.*******, Л.******* нарын гэр бүл болсныг 2009 оны 08-р сарын 06-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 171 дүгээрт бүртгэж, № 0076058, Г-171 дугаартай олгосон Гэрлэлтийн баталгааны хуулбар, охин Б.*******гийн №0000513765, Г-317 дугаартай төрсний гэрчилгээний хуулбарууд зэрэг баримтуудаар нотлогдож байна.

С.*******, Л.******* нар нь гэрлэлт цуцлуулах асуудлаар 2021 оны 05-р сарын 20-нд Сэлэнгэ аймгийн Сум дундын иргэний хэргийн шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид хандаж байсан боловч эвлэрлийн ажиллагаа амжилтгүй болсон байна.

Хариуцагч Л.******* нь 2021 оны 06-р сарын 17-нд шүүхэд ...С.*******ийн нэхэмжлэлийн шаардлага болох гэрлэлт цуцлуулах асуудлыг хүлээн зөвшөөрч байна. Харин охин Б.*******г өөрийн асрамжид үлдээж, тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна... гэх тайлбар гаргаж, мөн ...хүүхдийн асрамжийн талаар маргаж байгаа тул хөндлөнгийн байгууллагаар дүгнэлт гаргуулах хүсэлт гаргаснаар шүүхээс Сэлэнгэ аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрыг шинжээчээр томилон, тус төвөөс 2021 оны 06-р сарын 30-нд ...Иймээс аав С.*******ийг охин Б.*******гийн хууль ёсны асран хамгаалагчаар тогтоовол хүүхдийн эрх зөрчигдөхгүй... гэсэн дүгнэлт гаргасан хэдий боловч Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д Хүүхэд 7 ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд хүүхдийн саналыг харгалзан үзнэ гэснээр 2009 оны 07-р сарын 23-нд төрсөн одоо 12 настай охин Б.*******гийн ...ээжтэйгээ, дүүтэйгээ амьдарна. Уг нь аавтайгаа ч амьдарсан зүгээр л дээ, гэхдээ ээжтэйгээ байна...зүгээр л ээжтэйгээ дүүтэйгээ хамт амьдаръя... гэх саналыг харгалзан үзэж охин Б.*******г эхийн асрамжид үлдээж, хуульд зааснаар эцэг С.*******өөс тэтгэлэг гаргуулан, зохигчдын гэрлэлтийг цуцалж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг, эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, санаагаа илэрхийлэх эрхтэй гэх, мөн Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээнэ гэж заасан байх тул зохигчид нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл чийрэг бойжуулах, сурч боловсрох... зэрэгт нэгэн адил үүрэг хүлээж, эрх эдлэх тул насанд хүрээгүй охин Б.*******г хүссэн цагт нь төрсөн эцэгтэй нь уулзуулах, хүүхдийн санал бодлыг нь сонсох, эцэг, эх хэн алин нь хүүхдээ харж асрах, тэжээн тэтгэхэд нь саад болохгүй байхыг зохигчидод анхааруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасан тогтмол хугацаанд төлөгдөх ...тэтгэлэг... шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих үнийн дүнгээр С.*******өөс улсын тэмдэгтийн хураамж нөхөн гаргуулж төсвийн орлого болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 125 дугаар зүйлийн 125.1, 132 дугаар зүйлийн 132.6 -д заасныг удирдлага болгон Тогтоох нь:

 

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д зааснаар *******ын *******, *******ын ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар насанд хүрээгүй охин Б.*******г эх Л.*******ын асрамжид хэвээр үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2009 оны 07-р сарын 23-нд охин Б.*******г 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр эцэг *******ын *******өөс сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар хариуцагчаас гаргуулах тэтгэлгийг мөнгөн хэлбэрээр гаргуулсугай.

6. Зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч С.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.*******аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар С.*******өөс нэг жилийн хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох тэмдэгтийн хураамжид 34,416 төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар гэрлэлт цуцласан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улсын бүртгэл хариуцсан ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ