Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 208/Ма2021/00027

 

С.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 148/2021/00302/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, ерөнхий шүүгч Д.Буянжаргал

Шүүгчид Б.Эрдэнэхишиг

Г.Давааренчин

 

Оролцогчид

Нэхэмжлэгч С.*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг

Хариуцагч Л.*******

ШШүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг оролцуулан, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 389 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлоор С.*******ийн нэхэмжлэлтэй Л.*******д холбогдох Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох-ыг хүссэн 148/2021/00302/И индекстэй, 1 хавтас иргэний хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* овогтой ******* миний бие 2008 онд ******* овогтой *******тай танилцан улмаар 2009 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлтийн №******* тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 2009 оны 07 дугаар сарын 23-ны өдөр охин Б.******* төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2013 оноос салж тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин маань 2015 он хүртэл *******ын *******ын төрсөн эгч *******ын *******ын асрамжид байж байгаад 2015-аас 2021 оны одоог хүртэл миний бие *******ын *******ийн асрамжид амьдарч байгаа. Одоо бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин Б.*******г миний асрамжид үлдээж өгнө үү гэжээ.

 Хариуцагч анхан шатны шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ...Миний бие С.*******тэй 2009 онд гэрлэлтийн ******* тоот баталгаагаар бүртгүүлж, гэр бүл болж 2009 онд охин Б.******* мэндэлсэн. Бид зан харьцааны таарамжгүй байдлаас шалтгаалж цаашид хамтран амьдрах боломжгүй болж, 2013 оноос одоог хүртэл тусдаа амьдрах болсон. Охин 6 нас хүртэл миний өөрийн асрамжид өсч торнисон. 2016 онд охиныг 1 дүгээр ангид элсэн орох үеэр би Дархан-Уул аймагт ажиллаж байсан учраас охиныг эцгийн асрамжид өгсөн байсан. Ингээд 2017 онд Аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хуралд ажилд орж, Сүхбаатар суманд суурьшин амьдарснаас хойш охин маань амралтын өдрөөрөө гэртээ ирдэг байсан. 2020 оны 11-р сараас хойш миний өөрийн асрамжид байгаа. С.*******ийн нэхэмжлэлийн шаардлага болох гэрлэлт цуцлуулах асуудлыг хүлээн зөвшөөрч байна. Харин охин Б.*******г өөрийн асрамжид үлдээж, тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 389 дугаартай шийдвэрээр:

1.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д зааснаар *******ын *******, *******ын ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар насанд хүрээгүй охин Б.*******г эх Л.*******ын асрамжид хэвээр үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2009 оны 07-р сарын 23-нд охин Б.*******г 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр эцэг *******ын *******өөс сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар хариуцагчаас гаргуулах тэтгэлгийг мөнгөн хэлбэрээр гаргуулсугай.

6.Зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч С.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.*******аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар С.*******өөс нэг жилийн хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох тэмдэгтийн хураамжид 34,416 төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.

9.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар гэрлэлт цуцласан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улсын бүртгэл хариуцсан ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай... гэж, тус тус зааж зохигчид түүний өмгөөлөгч хуульд заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 сарын 19-ны өдрийн 389 дугаартай шийдвэрийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2 заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэх шаардлагыг хангаагүй гэж үзэж гомдол гаргаж байна.

1.Шүүх хуралдаанд миний бие биечлэн оролцоно хэзээ шүүх хуралдаан болох вэ, би хөдөө томилолтоор явах гэж байгаа талаар хэлэхэд болоогүй байгаа гэж хэлсэн боловч намайг томилолтоор хөдөө явж байхад шүүх хуралд онлайнаар оролц гэж шүүхийн туслах хэлсэн. Шүүх хуралдааны явц надад үнэхээр ойлгогдоогүй шүүгчийн болон ******* нарын ярьж байгаа зүйл тасалдаад сонсогдохгүй ямар ч байсан гэрлэлтийг цуцалсан, охиныг ээжид нь өгсөн талаар яригдсан. Шүүх хуралдаанд онлайнаар оролцох явц хэргийн зохигч нарын эрхийг хохироох асуудал гарч байгаад гомдолтой байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 131-р зүйлийн 131.2 зааснаар шүүх хуралдааны хойшлуулж болох байсан шүүх хуралдаан үргэлжилж би хэлэх ярих зүйлээ ярьж чадаагүйд гомдолтой байна.

Нэхэмжлэгч миний бие охин *******гаа асран хамгаалж өдий зэрэгт хүргэсэн. Ээж ******* нь охин бид хоёрыг орихоод өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болоод түүнээсээ нэг хүү төрүүлсэн байдаг. 2020 оны 10 сараас миний бие өвдөж 12 сард бөөрний дутагдлын улмаас бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орсон. Энэ үедээ охиноо харж хамгаалж байхыг ээж *******аас хүсэж охиноо ээжид нь үлдээсэн юм. Ингээд эмнэлгээс гарч биеэ тэнхрүүлж, охины хичээл орохгүй байсан учраас охин бид хоёр дээр ирэн очин байсан ээжтэй нь дотно байлгах зорилготой байсан юм.

Би охиноо ээжтэйгээ байна гэсэн мэдүүлгийг уншиж үзээгүй харин шийдвэр дээр тусгасныг уншаад охинтойгоо холбогдоход ээж намайг ээжтэйгээ хамт байна гэж хэл тэгэхгүй бол би чиний ээж биш, хэзээ ч чиний ээж болохгүй гэж хэлсэн болохоор би тэгж хэлсэн ааваа та намайг тэгж хэлсэн гэж гомдож байна уу би тань дээрээ очмоор байна гэж хэлсэн юм. Ингээд дөнгөж өсөж торниж ухаан суух гэж байгаа хүүхдийг дарамталж элдэв асуудал зааж өгч охины сэтгэл санаанд сэв суулгах нь эх хүнд баймааргүй асуудал гэж бодож байна. Энэ нь хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байгаа үйлдэл юм. Миний охиныг гэрийн ажил хийх, хүүхэд харуулах ажилд ашиглаж, хичээл номонд нь анхаарал хандуулахгүй байгаа гэж охин надад хэлсэн.

2.Шүүх хүүхдийн саналыг харгалзан үзсэн гэж тодорхойлж байгаа нь бодит амьдралтай нийцэхгүй нөхцөл байдал юм. Би охиноо өөрийн асрамжид авна. Хүүхэд

дасаагүй, зохицоогүй газар, хүний дарамтанд амьдрах нь охины минь ирээдүйг бүрхэгдүүлж улмаар эрх ашигт нь муугаар нөлөөлөх , буруу ташаа муу муухай зүйлийг сурч, ганцаардлын байдалд орох вий гэхээс эмээж байна. Миний охин ямар хөөрхөн цоглог охин билээ одоо аавтайгаа ярихаараа нэг л гунигтай, үгээ зөөсөн байдлаар гутрангуй байдалтай байгаад байгаа мэдрэмж надад төрж байна.

Мэргэжлийн хүүхдийн эрхийг хамгаалсан байгууллагын шинжээч нарын дүгнэлтээр аав ******* миний асрамжид охин ******* өсөх нь тохиромжтой гэсэн байгааг харгалзаж үзэх ёстой гэж бодож байна.

3.Шүүх хариуцагч ******* шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаагүй байхад хүүхдийг ээжийн асрамжид үлдээж, надаас тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй шийдвэр болсон. Шүүх хэргийн зохигчдоос гаргаагүй шаардлагыг дур мэдэн шийдвэрлэсэн гэж үзэж байна. Тиймээс шүүхийн шийдвэр үндэслэлгүй гаргасан гэж үзэж байна.

4.Ээж ******* нь сүүлд төрүүлсэн хүүгээ харуулах гэж охиноо өөртөө авч байгаа. Ер бол ******* хүнийг асрах сэтгэл зүрх дутмаг, муу ярьж байгаа зүйл биш, охиныг минь хувцас хунараа угаалгах гэж халуун тогтоотой буцалсан халуун усыг зөөлгөж 2021 оны 07 сарын 05-ны өдөр хөлийг нь халуун усанд түлсэн. Энэ үедээ чи охиноо ав, асар би чадахгүй байна гэж хэлж над дээр авчирч өгч байсан хөлийг нь зүгээр болохоор өөр рүүгээ татаж авсан. Эцсийн дүнд миний охиныг гарынхаа үзүүрт зарах гэж шүүхэд очиж асуугдах үед нь үг зааж өгч мэдүүлэг өгүүлсэн байна.

Үнэн сэтгэлээсээ миний охин аавтайгаа л байх дуртай миний амин эрдэнэ юм даа. Сайн ээжтэй байсан бол би сэтгэл амар байх сан. Тийм биш болохоор нь сэтгэл өвдөж байна. Иймд Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь шүүхэд гэрлэлт цуцлуулж, охиноо өөрийн асрамжид авах шаардлага гаргасан. Гэтэл шүүх хариуцагчийг шүүхэд ямар нэгэн сөрөг нэхэмжлэл гаргаагүй байхад хүүхдийг түүний асрамжид үлдээж улмаар нэхэмжлэгчээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагаас хальсан шийдвэр гаргасан. Мөн хэрэгт авагдсан баримт болох Сэлэнгэ аймгийн Гэр бүл залуучуудын хөгжлийн газрын шинжээчийн дүгнэлтэд хүүхэд аавдаа илүү харилцаа хандлагатай байгаа талаар дүгнэлт гаргасан байхад тус дүгнэлтийг харгалзан үзээгүй, хүүхдийн сэтгэлзүйг харгалзан үзэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байх тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нэхэмжлэлийн шаардлагаас хальж хэргийг шийдвэрлэсэн тул хүүхдийг эцгийн асрамжид үлдээхээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1. ...Шүүх хэргийг үндэслэл бүхий шийдвэрлэсэн гэж миний бие үзэж байна. Нэхэмжлэгч С.******* нь гэртэй үргэлж таагүй харилцаа үүсгэдэг, охин бид хоёрт анхаарал хандуулдаггүй, харддаг, хэл амаар доромжилдог, би маш их сэтгэлийн дарамттай амьдардаг байсан. Хэрэв тухайн үед тусдаа амьдраагүй байсан бол энэ гэр бүлийн харьцаа хүчирхийллийн хэлбэрт орох байсан.

Намайг өөр гэр бүлийн харьцаатай болж охиноо хаяад явсан гэж байгаад үнэхээр их гайхаж байна. Бид хоёрыг тусдаа амьдарч эхлэхэд охин минь 4 настай байсан. Би охинтойгоо 2 жил орчим эгчийнхээ хүүхдийг нь харж амьдарсан. 2014 оны намар би Дархан-Уул аймагт төрийн албанд ажиллахаар болж охиныг аргагүй эрхэнд эмээд нь үлдээсэн. Би 2018 оны 07 дугаар сард аймгийн ИТХ-ын Ажлын албанд ажилд орж Төрийн албан хаагчдын 120 айлын орон сууцанд орохоор гэрээ хийж 2020 оны 07 дугаар сард байрандаа нүүж орсон. Ерөнхийдөө шинэ байранд орсноос хойш охин ээж, дүү хоёртойгоо хамт байгаа.

1,2,3,4 ангиудыг эмээ нь төгсгөсөн. Харин 5 анги төгсөн жил буюу 2019 оны 01 сард ковид гарч хичээлийг нь хийлгэж чадахгүй гэх шалтгаанаар охиныг надад авчирсан 09 сар хүртэл миний асрамжид байсан. 2020 оны 11 сард охин минь ээж рүүгээ залгасан ... Ээжээ би дүү та хоёртойгоо хамт амьдармаар байна, аав хөдөө явчихсан, өвөө архи уугаад муухай үгээр хэлсэн... гэж хэлсэн би шууд очоод л охиноо бүх хувцас, хичээлийн хэрэглэлүүдийг нь бүгдийг нь аваад гэртээ ирсэн.

Би охиноо 5, 6 дугаар ангийг онц дүнтэй бүрэн төгсгөсөн, миний охин аавтайгаа байх хугацаанд хагас, бүтэнсайн өдрийн амралтын өдрүүд, улирлын болон зуны амралтуудад үргэлж ээжтэйгээ хамт байсан байхад Гэрийн ажил хийх, хүүхэд харуулах ажилд ашиглаж, хичээл номонд нь анхаарал хандуулдаггүй гэж бичсэн нь үнэхээр харамсалтай байна.

2.Урьд нь бид хоёр охиныхоо талаар ярилцаж байсан. ******* өөрөө ч гэсэн өсвөр насны охин хүүхэд ээж дээрээ байвал илүү дээр гэж хэлж байсан. Намайг тэтгэмжийн асуудал ярьснаас хойш л тэтгэмж тогтоолгохгүйгээр охиноо ав, хэзээ ч би чамд мөнгө өгөхгүй, би хүнтэй суувал эхнэр хүүхдээ юугаар тэжээх юм гэж хэлсэн байдаг. С.******* охиныг өөрийн асрамжид үлдээх шалтгаан нь хүүхдийн тэтгэмж өгөхгүй байх л асуудал байгаа. Охиныг С.******* өөрийн асрамжид байлгах шийдвэр гарсан ч охин эмээгийндээ очихгүй гэдгийг би сайн мэдэж байна. Миний өөрийн эрх ашгийн төлөө ашиглаж байгаа нь ******* өөрөө юм.

Би цаашид энэ хүнээс тэтгэмж тогтоолгоно гэхгүй зүгээр л охин үрээ насанд хүртэл нь өөрийн асрамжид байлгахыг хүсэж байна.

Миний охин дүүдээ дэндүү их дассаныг С.******* өөрөө сайн мэдэж байгаа. Миний хоёр хүүхэд миний хэвлийгээс төрсөн, гэтэл охины дүү биш битгий хүний хүүхэд хар гэж хэлж байгаад үнэхээр хэлэх ч үг олдохгүй юм даа учрыг ойлгохгүй жаахан охины минь сэтгэл зүйд нөлөөлөх үгсийг хэлж гунигтай гутрангуй байдалтай болгож байгаа нь С.******* өөрөө юм. Ээжтэйгээ сүүлийн 2,6 жил гаран амьдарч байгаа хүүхдийг дасаагүй газар байгаа гэж ярих өрөөсгөл ойлголт.

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраар хөндлөнгийн дүгнэлт гаргуулахаар миний бие хүсэлт өгсөн байдаг. Учир нь ******* өөрийн гэсэн орон гэргүй, ээж, аавындаа амьдардаг. Өвөө нь болох ******* нь архины хамааралтай, өөрөө хөдөө байнга томилолтоор явдаг, анхаарал халамж дутмаг зэрэг нөхцөл байдалд тулгуурлан дүгнэлт гаргана гэдэгт итгэж байсан. Гэтэл энэ бүгдийг анхаарч үзээгүй, ядаж ангийн багштай нь ч уулзалт хийхгүйгээр аавтай байлгах дүгнэлт гаргасан үнэн зөв дүгнэлт биш гэж үзэж байна.

Ийм үндэслэлгүй эх, үрийн нандин холбоог өөрийн эрх ашгийн төлөө гутаан үр хүүхдээ дарамталсан мэт ямар ч үндэслэлгүй худал зүйлийг санаанаасаа зохион бичиж гомдол гаргасан С.*******өд үнэхээр их гомдож байна. 2 хүүхдийнхээ төлөө би мэргэжилтэй, төрийн ажилтай, өөрийн гэсэн орон байртай, нийгэмд эзлэх байр суурьтай болсон. Ирээдүйд үр хүүхдүүд минь ээжээрээ бахархаж амьдраасай л гэж хүсдэг гэв.

 ҮНДЭСЛЭХ нь:

 Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна гэж үзлээ.

 Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Л.*******д холбогдуулж гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрч, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдийг эх Л.*******ын асрамжид үлдээхээр шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Нэхэмжлэгч давж заалдах гомдлынхоо үндэслэлийг шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлд дурьдаагүй байхад хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн нь шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж хэргийг шийдвэрлэн нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж тайлбарлажээ.

 Хэргийг судлан үзвэл: Гэрлэгчид хамтын амьдралын явцад хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2013 оноос хойш тусдаа амьдарч байгаа, гэрлэгчдийн хэн аль нь цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэсэн үндэслэлээр гэрлэлтээ цуцлуулах хүсэлт гаргасан, гэрлэлт цуцлуулах талаар хэн аль нь маргаагүй байна.

Харин гэрлэгчдийн дундаас 2009 оны 07 сарын 23-ны өдөр төрсөн охин Б.*******г гэрлэгчдийн хэн аль нь өөрийн асрамжид авах талаар маргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын хүсэлтээр Сэлэнгэ аймгийн Гэр бүл залуучуудын хөгжлийн газрыг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулжээ.

Нэхэмжлэгч нь хүүхэд эхээсээ илүү эцэгтээ ээнэгшин дассан, өөрийн асрамжид авахад хүүхдийн эрх зөрчигдөхгүй гэсэн дүгнэлт хөндлөнгийн байгууллагаас гарсан байхад шүүх тухайн байдлыг харгалзаагүй гэж тайлбарлаж байгаа боловч хүүхдийн асрамж тогтооход хүүхдийн ая тухтай амьдрах нөхцөл болон хүүхдийн өөрийн саналыг харгалзан үзэх нь зүйтэй бөгөөд анхан шатны шүүхээс энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хүүхдийг эх Л.*******ын асрамжид үлдээхээр шийдвэрлэсэн нь хүүхдийн эрх ашгийг зөрчөөгүй байна гэж үзлээ.

Гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалснаар хүүхдийн асрамж, тэтгэлэг буюу асран хамгаалалтын болон тэжээн тэтгэх харилцааг үүсгэдэг.

Хэдийгээр нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй боловч Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан хүүхдийн эрхийг хангах талаар эцэг эх адил үүрэг хүлээнэ. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаар эцэг, эх тусдаа амьдрах, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг хуулийн 10.1-т заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлага гаргаагүй ч гэсэн хүүхдийн эрхийг хамгаалах үүднээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй бөгөөд гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан тусгай зохицуулсан журмын дагуу явагддаг болохыг тайлбарлах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан тул эцэг С.******* болон эх Л.******* нар нь хүүхдүүдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг хэвээр байх төдийгүй,  эцгийн үүргээ биелүүлэхэд саад учруулахгүй байхыг эх  Л.*******д анхааруулах нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 389 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

  

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

 Г.ДАВААРЕНЧИН