Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2021/00795

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б овогт Х М

Нэхэмжлэгч: Б овогт В Г нарын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б овгийн О Х холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээ гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ч нар оролцов.  

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.М, В.Г нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Х.М, В.Г бид нар өөрсдийн эзэмшлийн Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг, 11 хороолол Г хэсэгт 95 тоот хаягтай, 184304304600260 нэгж талбарын дугаартай 374 м.кв газрыг О овогтой Х 2015 оны 06 дугаар 25-ны өдөр газар эзэмшүүлэх эрх шилжүүлэн өгч, уг газрын төлбөрт хамтран ажиллах гэрээний дагуу О.Х нь бид нарт уг газарт баригдах 40 айлын орон сууцны 2 давхарт 9 тоот 2 өрөө 46.82 м2 хэмжээтэй орон сууцыг ашиглалтанд оруулж, үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон. Х.М би 2017 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр 3 дугаартай “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ”-г О.Х байгуулсан ба ‘Тазар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу үүргээ ёсчлон биелүүлсэн, харин О.Х гэрээний дагуу хүлээсэн үүргээ гүйцэт биелүүлээгүй буюу өнөөдрийг хүртэл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөөгүй байна. Х.М би О.Х барьсан Метлл таун хотхоны 2 давхрын 9 тоот байранд одоог хүртэл амьдарч байгаа, эзэмшигч нь юм. О.Х нь барилгаа ашиглалтанд оруулсны дараа надад орон сууцны гэрчилгээг гаргаж өгөөгүй ба захиалагч нартайгаа ярилцахгүйгээр орон сууцны барилгаа Төрийн банкны барьцаанд тавьсан байна. Тэгсэн мөртлөө зарагдаагүй орон сууцнуудаа бартерын байр, зарагдсан байр гэж худал хэлж банкнаас чөлөөлөн авч худалдаалсан. О.Х нь гэрээний үүргийн дагуу орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа тул Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг, 11 хороолол 80 дугаар байрны 2 давхарын 9 тоот 2 өрөө байрны өмчлөгчөөр Х.М намайг тогтоож, О.Х уг 2 өрөө байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг миний нэр дээр гаргуулахыг даалгаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч О.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Х.М нэхэмжлэлтэй холбогдох асуудалд 2022 оны 2-р улиралд багтаан байрны үл хөдлөхийн гэрчилгээг гаргаж өгөх боломжтой. Үүнээс наана гаргаж өгөх боломжгүй байна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.М, В.Г нар нь хариуцагч О.Х холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээ гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Х.М хариуцагч О.Х нарын хооронд 2017 оны 04 дүгээр  сарын 11-ний өдөр орон сууц захиалан бариулах тухай гэрээ, нэхэмжлэгч В.Г хариуцагч О.Х нарын хооронд 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хамтран ажиллах тухай гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ тус тус байгуулагдсан байна.

2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хамтран ажиллах тухай гэрээгээр В.Г өөрийн эзэмшлийн 374м2 газрыг О.Хишигжаргалд шилжүүлж хөрөнгө оруулалт хийх, О.Х барьсан орон сууцны барилгаас 46-48 м2 2 өрөө байрыг шилжүүлэн өгөхөөр тохирч, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр В.Г өөрийн эзэмшлийн Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 11 дүгээр хороолол Г хэсэг 95 тоот хаягт байрлах 374м2 газрыг О.Х шилжүүлэн өгөхөөр,

2017 оны 04 дүгээр  сарын 11-ний өдөр орон сууц захиалан бариулах тухай гэрээгээр гүйцэтгэгч О.Х нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багийн Г хэсэгт байрлах 40-н айлын орон сууцны 9 тоот 46.82 м.кв талбай 2  өрөө орон сууцыг 2017 оны 4 дүгээр улиралд барьж ашиглалтанд оруулан захиалагч Х.М хүлээлгэн өгөх, захиалагч Х.М орон сууцны үнэ 84 276 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байна.

Дээрхи гэрээнүүдийн дагуу нэхэмжлэгч Х.М, В.Г нар хариуцагч О.Х Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 11 дүгээр хороолол Г хэсэг 95 тоот хаягт байрлах 374м2 газрыг шилжүүлэн өгсөн, газрын төлбөрт хариуцагч О.Х Х.М  эзэмшилд Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багийн Г хэсэгт байрлах 40-н айлын орон сууцны 9 тоот 46.82 м.кв талбай 2  өрөө орон сууцыг шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдсон байна.

Зохигчдын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар худалдах, худалдан авах гэрээ нь бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний үүрэгт хамаарах тул О.Х нь Х.М, В.Гнарт 2 орон сууцыг шилжүүлэх, өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэгтэй.

Нэхэмжлэгч Х.М, В.Г нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багийн Г хэсэгт байрлах 40-н айлын орон сууцны 9 тоот 46.82 м.кв талбай 2  өрөө орон сууцны үнэ болох  84 276 000 төгрөгийг газар шилжүүлэн өгснөөр төлж дуусгасан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр нотлогдож байгаа бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн.

Хариуцагч нь дээрхи орон сууцыг бодитойгоор Х.М, В.Г нарт шилжүүлсэн боловч өмчлөх эрхийг шилжүүлээгүй, уг орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж,  уг орон сууцыг барьцаалж Төрийн банк ХХК-иас 800 000 000 төгрөгийн зээлийг авсан болох нь 12/18/-18 тоот зээлийн гэрээ, 12/18-19 тоот барьцааны гэрээ, 000597760 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна.

Худалдагч О.Х нь худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууцны үнийг шилжүүлэн авсан учраас биет байдлыг доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагч Х.М өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.

Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэн, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэв.

Хариуцагч О.Х шүүх хуралдааны тов өгсөн боловч хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр хуралдаанд ирээгүй, хариуцагчийн өмгөөлөгч хэргийг өөрийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн тул нэхэмжлэгчийн саналыг харгалзан үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-д заасныг баримтлан хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.М Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багийн 11 дүгээр хороолол Г гудамж 80 дугаар байрны 09 тоот 46.82 м.кв талбай 2  өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, дээрхи орон сууцын өмчлөх эрхийн гэрчилгээг Х.М өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч О.Х даалгасугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
  3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Р.ҮҮРИЙНТУЯА