Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 01

 

Х............, В............ нарын нэхэмжлэлтэй

О............д  холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 0...........дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2021/00795 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Х............, В............ нарын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: О............д холбогдох,

 

 “Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээ гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, 

Хариуцагч О............, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х............, нарийн бичгийн дарга Ө.Есүхэй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х............, В............ нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х............, В............ бид нар өөрсдийн эзэмшлийн Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг, 11 хороолол Г хэсэгт 95 тоот хаягтай, 184304304600260 нэгж талбарын дугаартай 374 м.кв газрыг Оюунцэрэн овогтой ...........д 2015 оны 06 дугаар 25-ны өдөр газар эзэмшүүлэх эрх шилжүүлэн өгч, уг газрын төлбөрт хамтран ажиллах гэрээний дагуу О............ нь бид нарт уг газарт баригдах 40 айлын орон сууцны 2 давхарт ...........тоот 2 өрөө 46.82 м2 хэмжээтэй орон сууцыг ашиглалтанд оруулж, үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон. Х............ би 2017 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр 3 дугаартай Орон сууц захиалан бариулах тухай гэрээ-г О............тай байгуулсан ба газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Хамтран ажиллах гэрээ-ний дагуу үүргээ ёсчлон биелүүлсэн, харин О............ гэрээний дагуу хүлээсэн үүргээ гүйцэт биелүүлээгүй буюу өнөөдрийг хүртэл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөөгүй байна. Х............ би О............ын барьсан ........... таун хотхоны 2 давхрын ...........тоот байранд одоог хүртэл амьдарч байгаа, эзэмшигч нь юм. О............ нь барилгаа ашиглалтанд оруулсны дараа надад орон сууцны гэрчилгээг гаргаж өгөөгүй ба захиалагч нартайгаа ярилцахгүйгээр орон сууцны барилгаа Төрийн банкны барьцаанд тавьсан байна. Тэгсэн мөртлөө зарагдаагүй орон сууцнуудаа бартерын байр, зарагдсан байр гэж худал хэлж банкнаас чөлөөлөн авч худалдаалсан. О............ нь гэрээний үүргийн дагуу орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа тул Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг, 11 хороолол ........... дугаар байрны 2 давхрын ...........тоот 2 өрөө байрны өмчлөгчөөр Х............ намайг тогтоож, О............аас уг 2 өрөө байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг миний нэр дээр гаргуулахыг даалгаж өгнө үү. гэжээ.

Хариуцагч О............ шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Х............ын нэхэмжлэлтэй холбогдох асуудалд 2022 оны 2-р улиралд багтаан байрны үл хөдлөхийн гэрчилгээг гаргаж өгөх боломжтой. Үүнээс наана гаргаж өгөх боломжгүй байна. гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 0...........дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2021/00795 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х............ыг Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багийн 11 дүгээр хороолол Г гудамж ........... дугаар байрны 0...........тоот 46.82 м.кв талбай 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, дээрх орон сууцын өмчлөх эрхийн гэрчилгээг Х............ын өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч О............д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч О............, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг нар заалдсан гомдолдоо:

Х............, В............ нар надад холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба тус хэргийг Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 0...........дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2021/00795 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг 2021 оны 11 дүгээр сарын 1-ны өдөр гардаж аваад эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэртээ Х............ нь орон сууцны үнэ 84.276.000 /наян дөрвөн сая хоёр зуун далан зургаан мянга/ төгрөгийг төлсөн гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Х............ нь надад орон сууцны мөнгө өгөөгүй болно. Зохигчдын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэснийг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. учир нь бидний хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүй бөгөөд нэхэмжлэгч нарын зүгээс газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, хамтран ажиллах гэрээ, орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдсан. Мөн нөгөө талаас уг орон сууцыг Төрийн банкны зээлийн барьцаанд байгаа ба тус зээлийг төлж дууссаны дараа уг орон сууцны өмчлөх эрхийг гэрчилгээг шилжүүлэн өгөх боломжтой. Түүнээс одоо Төрийн банк барьцаалсан байгаа орон сууцыг шууд гэрчилгээг гаргаж боломжгүй байгаа тул 2022 оны 2-р улиралд багтаан гаргаж өгөх

 

 

боломжтой талаар тайлбар өгсөн байтал нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Иймээс Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 0...........дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2021/00795 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х............ гомдлын талаар гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Х............ би хариуцагч О............ын гаргасан гомдолтой танилцаад зөвшөөрөхгүй байх тул дараах тайлбарыг гаргаж байна. Анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах худалдан авах гэрээ нь бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний үүрэгт хамаарах тул О............ нь Х............ В............ нарт орон сууцыг шилжүүлэх өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэгтэй гэж дурдсан нь зөв бөгөөд би газраа О............д худалдсан, О............ надаас авсан газрынхаа төлбөрийг төлж байгаа хэлбэр нь бид нарын амьдарч байгаа орон сууц юм. Орон сууц захиалан бариулах гэрээгээр би өөрийнхөө газрыг О............д зарж газрынхаа төлбөрт Орхон аймаг Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг Г хэсэгт байрлах 40 айлын орон сууцны ...........тоот 46.82 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барилга ашиглалтанд оруулсны дараа надад өгөхөөр тохиролцсон ийм л гэрээ байгуулагдсан тэгэхээр би газрынхаа төлбөрт орон сууцаа авчихсан одоо амьдарч байгаа нь гэрээ биелэгдсэн гэж үзэхээр байгаа юм. Би О............аас ямар нэгэн мөнгө төгрөг нэхээгүй байрныхаа бичиг баримтыг гаргуулахаар өргөдөл гаргасан, О............ ч гэсэн ерөнхийдөө миний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан. 2022 оны 2 дугаар улиралд багтаагаад гаргаад өгнө гэж тайлбар гаргасан нь миний гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа хэлбэр юм. Тэгэхээр шүүх бичиг баримт, үл хөдлөхийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл биш харин ч хариуцагчийн өгсөн хариу тайлбар, бусад нотлох баримтанд тулгуурлаж зөв дүгнэлтийг гаргасан шийдвэр байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч В............, Х............ нар шүүхэд “Орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, гэрчилгээ гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч О............ “...банкны барьцаанд гэрчилгээ  байгаа тул 2022 оны 2-р улиралд багтаан байрны үл хөдлөхийн гэрчилгээг гаргаж өгөх боломжтой. Үүнээс наана гаргаж өгөх боломжгүй байна.” гэх тайлбар гаргаж, маргажээ.

Шүүх “Орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, гэрчилгээ гаргуулах” тухай  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийн зөв тайлбарлан хэрэглэсэн, хэргийн оролцогчийн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй байна.

 Хариуцагч О............, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг нарын гаргасан давж заалдах  гомдлын үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй  байна.

Нэхэмжлэгч нь 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ний дагуу өөрийн эзэмшлийн тус сумын Хүрэн булаг багийн 11 дүгээр хороололд байрлалтай 374 м2 газрыг хариуцагчид шилжүүлсэн, 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Орон сууц бариулах гэрээний үндсэн дээр хариуцагч шинээр барьж ашиглалтанд оруулсан орон сууцны барилгаас 2 өрөө 46.82  м/кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн, О............ нь 2017 оны 12 дугаар сард маргааны үйл баримт болж буй  тус сумын 4 дүгээр баг, 11 хорооллын ........... дугаар байрны 46.82 метр талбай бүхий 82.2 хувийн гүйцэтгэлтэй 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлсэн үйл баримт тогтоогдсон ба энэ талаар талууд маргаагүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр “Орон сууц бариулах гэрээ” байгуулагдсан ба хариуцагч  ашиглалтанд орсон орон сууцнаас  46.82 м2 талбайтай 2 өрөө байрыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн байх тул зохигчдын хооронд худалдах худалдах авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “...Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ...” гэж заасны дагуу хариуцагч тал уг 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгч шилжүүлэхдээ үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлээгүйгээс  нэхэмжлэгчийн өмчлөх эрх зөрчигдсөн байна.

           Талууд  анхнаасаа  уг  2 өрөө байрны үнийн дүнг 84.276.000 төгрөгөөр тооцож, байрны төлбөрт 374 м2 газрыг шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцсон, зохигчид байрны үнийн дүнгийн талаар маргаагүй, хариуцагч хуульд заасан  үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул шүүх дээрх орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгож, гэрчилгээг Х............ын өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч О............д даалгаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

          Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч О............, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 0...........дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2021/00795 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч О............, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч О............, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11...........дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                             С.УРАНЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                                Б.БАТТӨР    

                              ШҮҮГЧ                                                                 Б.ОЮУНЦЭЦЭГ