Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 38

 

Р.Х, Б.О, Ц.Г

      нарт холбогдох хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолтой, Р.Х, Б.О. Ц.Г нарт холбогдох, 203500010078 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Б.Лхагважав, шүүгдэгч Б.О нарын давж заалдах журмаар гаргасан гомдлуудыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа, прокурор А.Анхбаяр, шүүгдэгч О, түүний өмгөөлөгч Д.Бунжаа, шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Б.Лхагважав нар оролцов.

Монгол улсын иргэн, 1997 оны 06 дугаар сарын 17-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, мал малладаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ам бүл 2, эцгийн хамт Увс аймгийн Тэс сумын .. оршин суух, Б овогт Р-ийн Х /РД:.../,

Монгол Улсын иргэн, 1999 оны 09 дугаар сарын 02-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, эгчийн хамт Увс аймгийн Тэс сумын .. оршин суух Т овогт Б-ийн О /РД:.../,

Монгол Улсын иргэн, 1998 оны 03 дугаар сарын 10-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Увс аймгийн Зүүнговь сумын ...оршин суух /РД:../, Борлууд овогтой Цэрэнгийн Гантогтох

Шүүгдэгч Р.Х, Б.О нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрлах “Гоулд” рестораны урд талын замын эсрэг талд байрлах сааданд 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 21 цагийн үед иргэн Б.Дамирангийн 1.000.000 төгрөгийг хүч хэрэглэн дээрэмдсэн,

мөн иргэн Б.Д-гийн эд хөрөнгийг дээрэмдэх явцдаа түүнийг бүлэглэн зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Р.Х, Б.О нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны орой Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрлах “Гоулд” ресторанд хамт үйлчлүүлж байсан хохирогч Ц.Г-ын түрийвчнээс Хаан банкны виза картыг авч Цагдаагийн газрын өмнө байрлах бэлэн мөнгөний машинаас 310.000 төгрөг хулгайлсан,

шүүгдэгч Р.Х, Ц.Г нар нь бүлэглэн Увс аймгийн Тэс сумын 6 дугаар багийн 019 тоотод байрлах иргэн Ж.Чиндалайгийн хашаанаас 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө тус хашаанд байсан иргэн С.Дамжингийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн, улсын дугааргүй, Мустанг-5 загварын мотоциклыг хулгайлж, 1.105.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргүүдэд холбогдсон байна.

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Борлууд овогт Рагчаагийн Хг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэм хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай,

- Шүүгдэгч Тайж овогт Бат-Эрдэнийн Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэм хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай,

Шүүгдэгч Б овогт Ц-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Р.Х-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 /хоёр/ жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 10 /арав/ сар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 400 дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

- Шүүгдэгч Б. О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 8 сар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 400 дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

- Шүүгдэгч Ц.Г-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 6 сар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2.4 дэх хэсгүүдэд заасныг журамлан шүүгдэгч Р.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 10 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жил хорих ялд нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 10 сар хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2.4 дэх хэсгүүдэд заасныг журамлан шүүгдэгч Б.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 8 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жил ялд нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг  2 жил 8 сар хорих ялаар тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т заасныг баримтлан шүүгдэгч Р.Х, Б.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ял эдэлж дууссан өдрөөс эхлэн эдлүүлэхээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан шүүгдэгч Р.Х-гээс 220.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Дамиранд олгож,

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Г, Б.О нараас гаргуулах хохиролгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3-т заасныг баримтлан шүүгдэгч Р.Х, Б.О нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 634.750 төгрөгийг шүүгдэгч Р.Хгээс, 655.000 төгрөгийг шүүгдэгч Б.О тус тус хурааж, хохирогч Б.Дамиранд учирсан хохирлын 220.000 төгрөгийг нөхөн төлүүлж, үлдэх хэсгийг улсын орлого болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д заасныг баримтлан  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий CD-ийг хэрэгт үлдээж, 2 ширхэг дугуй, 20.250 төгрөгийг тус тус улсын орлогод оруулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Б.Лхагважав нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 99 дүгээр Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Ц.Г-од оногдуулсан 6 /зургаа/ сар хорих ялыг хөнгөрүүлэх хэд хэдэн үндэслэл байгааг анхаарч үзнэ үү. 1. Ц.Г хулгайн гэмт хэрэг үйлдсэн талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлж гэм буруугаа хүлээсэн.

2. Тэрээр мөрдөн байцаалтын үед гэм буруугаа хүлээн зөвшөөрч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн.

3. Мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2.000.000 төгрөгөөр Мустанг-5 мотоциклийг биет байдлаар хохирогч Дамжинд худалдан авч өгсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаа арилгасан.

4. Ц.Г урьд нь хэрэгт холбогдож байгаагүй, анх удаа эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон, хувь хүнийхээ хувьд төлөв даруй зантай, чөлөөт бөхөөр барилддаг, аймаг улсад түрүүлж байсан, хүүхэд байхдаа үндэсний бөхөөр хичээлгэж байсан, одоо сумын харцага цолтой, аав ээжийн хамт мал маллаж амьдардаг юм.

Иймд миний үйлчүүлэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа гэмт хэрэгт холбогдсон үеэсээ ойлгож гэмшиж, үнэн зөв мэдүүлэг өгч, гэмт хэргийн улмаас учрүулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан 6 /зургаа/ сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр найз Р.Хтэй хамт явж байгаад согтууруулах ундаа хэрэглэснээсээ болж, болчимгүй үйлдэл гаргасан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Иймд надад анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. Миний ээж хүнд өвчтэй тул Улаанбаатар хот руу мэс засалд орохоор явах болсон. Энэ нөхцөл байдлыг минь харгалзаж үзнэ үү” гэв.

 

Шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч Д.Бунжаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд 99 дүгээр шийтгэх тогтоолоор Б.От 2 жил 8 сарын хорих ял оногдуулсан. Шүүгдэгч Ц.О-ын ээж нь ходоодны хавдар өвчний улмаас Улаанбаатар хотод эмчлэгдэж байгаа бөгөөд аав нь зүрхний өвчтэй хүн байдаг. Мөн шүүгдэгч Б.О нь 2020 оны 8 дугаар сард гэр бүрж, хуримаа хийх гэж байсан. Иймд эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзээд шүүгдэгч Б.От оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Анхбаяр: “Анхан шатны шүүхээс Ц.Г, Б.О, Р.Х нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Б.О, Ц.Г, Р.Х нарт хорих ял оногдуулж, хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд уг шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Шийтгэх тогтоолдоо Б.О, Р.Х, Ц.Г нарт ямар учраас хорих ял оногдуулж, ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэснээ тодорхой тайлбарласан. Мөн шүүгдэгч Р.Х, Б.О нарт хорих ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан зарим гэмт хэрэгт нь хорих ялын доод хэмжээг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэсэн. Иймд Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.О болон шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Б.Лхагважав нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Б.Лхагважав, шүүгдэгч Б.О нарын гаргасан гомдлуудыг тус тус үндэслэн Р.Х, Б.О, Ц.Г нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий болсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Р.Х, Б.О нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 21 цагийн орчим Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрлах “Гоулд” рестораны урд талын замын эсрэг талд байрлах сааданд хохирогч Б.Дамирангийн өмдний халаасанд байсан 1.000.000 төгрөгийг хүч хэрэглэн дээрэмдэж авсан,

мөн шүүгдэгч Р.Х, Б.О нар нь хохирогч Б.Дамирангийн эд зүйлийг дээрэмдэж авахдаа бүлэглэн Б.Дамирангийн толгой руу цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Р.Х, Б.О нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны орой Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрлах “Гоулд “ ресторанд хамт үйлчлүүлж байсан хохирогч Ц.Гантулгын түрийвчнээс Хаан банкны виза картыг авч Цагдаагийн газрын өмнө байрлах бэлэн мөнгөний машинаас 310.000 төгрөг хулгайлсан,

шүүгдэгч Р.Х, Ц.Г нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны шөнө Увс аймгийн Тэс сумын 6 дугаар багийн 019 тоотод байрлах Ж.Чиндалайгийн хашаанаас хохирогч С.Дамжингийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн, улсын дугааргүй, Мустанг-5 загварын мотоциклыг хулгайлж, 1.105.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай нь хохирогч Б.Дамиран, Ц.Гантулга, С.Дамжин, гэрч Ц.Ариунболор, А.Мөнхжаргал, Б.Хосбаяр, Г.Энхмаа, Ц.Батзул, Ж.Чиндалай, Б.Цэрэннадмид, Ж.Баяраа, Н.Цэдэнбалжир нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэгсдийн бүртгэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Увс аймаг дахь Цагдаагийн газрын урд байрлах хаан банкны АТМ-ын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, мотоциклын дугуйнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Увс аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 112 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон ба энэ талаар  дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрэлх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасанд нийцсэн байна.

Түүнчлэн анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Р.Х, Б.О нарын үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсгээр, шүүгдэгч Ц.Гын үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Б.Лхагважав нарын “анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгон гэмшиж хохирол төлбөрөө төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногуулахгүйгээр тэнсэж өгнө үү“ гэх гомдлын хувьд:

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар хорих ял оногуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг шүүхэд хуулиар олгосон. Шүүх дээрх заалтыг хэрэглэхдээ дээрхи нөхцөл байдлыг харгалзан үзэхийн сацуу эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэх учиртай.

Анхан шатны шүүх Ц.Год эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, тухайн хэрэгт оногдуулж болох ялаас хорих ялыг сонгож, уг  ялын хамгийн доод хэмжээ буюу зургаан сар хорих ял оногдуулсан нь гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэм бурууд тохирсон байх бөгөөд бусдын өмч хөрөнгийг бүлэглэн хулгайлж буй гэм буруутай үйлдэлд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь  гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх талаархи эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Оын “шүүхээс оногдуулсан хорих ялаас хасаж өгнө үү” гэх гомдлын хувьд:

Шүүгдэгч Б.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гурван гэмт хэргийг санаатай үйлдсэн ба шүүх шүүгдэгч Б.Оын гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэг тус бүрийн нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, тухайн зүйл, хэсгүүдэд заасан ялын хэмжээний дотор тус тус ял шийтгэж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэх, мөн зарим ялыг тусад нь эдлүүлэх замаар нийт эдлэх хорих ялын хэмжээг хоёр жил найман сараар тогтоож шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон байна.

Шүүгдэгчийн хорих ялын хэмжээг хөнгөрүүлэх талаарх гомдлыг судлан үзэхэд, хорих ялыг хөнгөрүүлэх хуульд заасан үндэслэлээ тодорхойлоогүй, гомдолд дурьдсан үндэслэлүүд нь нотлох баримтанд тулгуурлаагүй, уг ялыг хөнгөрүүлэн тогтоох нөхцөл байдал, хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялын хэмжээ, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх асуудлын талаар гаргасан шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Б.Лхагважав, шүүгдэгч Б.О нарын давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Ц.Г, Б.О, Р.Х нарын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүртэл тус тус цагдан хоригдсон 57 хоногийг тус тус ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Б.Лхагважав, шүүгдэгч Б.О нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Р.Х, Б.О, Ц.Г нарын 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 57 /тавин долоо/ хоногийг тус тус ял эдлэх хугацаанд оруулан  тооцсугай.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.ЖАМБАЛСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                                                 Л.АЛТАН

 

                                                                                                Н.МӨНХЖАРГАЛ