Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 99

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Хохирогч: Б.Д,

Шүүгдэгчийн нарын өмгөөлөгч: Д.Бунжаа, М.Мөнхөө, Б.Лхагважав,

Шүүгдэгч: Р.Х, Б.О, Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.АнхБс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Р-ийн Х, Т овогт Б-ийн О, Б овогт Ц-ийн Г нарт холбогдох эрүүгийн 2035000310078 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 23 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хөдөө мал малладаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ам бүл 2, эцгийн хамт Увс аймгийн -р багт оршин суух Б овогт Р-ийн Х,

Монгол Улсын иргэн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, эгчийн хамт Увс аймгийн р багт оршин суух Т овогт Б-ийн О.

Монгол Улсын иргэн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хөдөө мал малладаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Увс аймгийн -р багт оршин суух /РД:ОО98031012/, Б овогт Ц-ийн Г гэв.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Р.Х, Б.О нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрлах “Гоулд” рестораны урд талын замын эсрэг талд байрлах сааданд 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 21 цагийн үед иргэн Б.Д-гийн 1.000.000 төгрөгийг хүч хэрэглэн дээрэмдсэн,

Мөн иргэн Б.Д-гийн эд хөрөнгийг дээрэмдэх явцдаа түүнийг бүлэглэн зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Яллагдагч Р.Х, Б.О нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны орой Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрлах “Гоулд” ресторанд хамт үйлчлүүлж байсан хохирогч Ц.Г-ын түрийвчнээс Хаан банкны виза картыг авч Цагдаагийн газрын өмнө байрлах бэлэн мөнгөний машинаас 310.000 төгрөг хулгайлсан,

Яллагдагч Р.Х, Ц.Г нар нь бүлэглэн Увс аймгийн Тэс сумын 6 дугаар багийн 019 тоотод байрлах иргэн Ж.Чгийн Хашаанаас 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө тус хашаанд байсан иргэн С.Дгийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугааргүй Мустанг-5 загварын мотоциклыг хулгайлж 1.105.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Р.Х Б.О, Ц.Г нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

I. Р.Х, Б.О нарыг  бусдын эд хөрөгийг хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Р.Х, Б.О нар нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 21 цагийн үед Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрлах “Гоулд” рестораны урд талын замын эсрэг талд байрлах сааданд иргэн Б.Дгийн 1.000.000 төгрөгийг хүч хэрэглэн дээрэмдсэн болох нь:

1. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн I хавтасны 7-11, 12-14-р тал/,

2. Яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэгсдийн бүртгэл / хх-ийн I хавтасны 35-р тал/,

3. Хохирогч Б.Дгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багийн нутагт ээж, дүүгийн хамт мал маллаж амьдардаг юм. Би 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр найз Гантулгын хамт машинтай Улаангом суманд ирсэн юм. 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр манай найз Гантулга над руу залгаад бид хоёр Улаангом сумын “Тунгалаг Тамир” гэх ресторанд орж дуу дуулсан юм. Тэгж байтал манай нутгийн М, Х гэх хоёр хүн ирээд надаас малын мөнгө гээд 50.000 төгрөг авсан юм. Надад 1.600.000 төгрөг байсан юм. Манай найз Г бид хоёр Тунгалаг тамир ресторанд 2 шил архи уугаад гарсан бөгөөд тэндээсээ Улаангом сумын 7-р багт байрлах Гоулд ресторан орсон юм. Тэгээд бид хоёр 1 шил архи, тус бүр нэг нэг пиво аваад түүнийгээ уучихаад гараад тооцоо хийх гэж байтал гаднаас үл таних 3 залуу орж ирсэн юм. Тэгээд би тооцоо хийх гээд 20.000 төгрөг гаргаж ирээд хариулт хэрэггүй гэж хэлээд байж байтал гаднаас орж ирсэн 3 залуугийн нэг залуу нь “чи ямар баян нөхөр вэ, манай ширээнд суучих” тэгээд бид хоёр хэрүүл маргаан хэрэггүй гээд тэдгээр залуучуудтай хамт суугаад архи, пиво авч өгсөн юм. Бид нар хамт суугаад архи, пиво зэргийг ууж дууссаны дараа Гантулга бид хоёр гараад явсан тэгтэл миний араас гарч ирээд чи байж бай л даа хамт байя гэж хэлээд татсан. Манай найз Гантулга гараад такси аваад би харьлаа гээд яваад өгсөн юм. Тэгээд би “Гоулд” рестораны урд байдаг хар зам гараад явж байтал “Гоулд” ресторанд хамт байсан 3 залуугийн 2 нь араас ирээд эхлээд Б.О нь намайг намайг хавирч унагаасан. Дараа нь “ямар том пизда вэ” гэж хэлээд гараараа миний толгой хэсэгт аль нэг нь цохисон. Тэгээд би газарт унахад нөгөө хажууд нь дагаж явсан нэг залуу нь миний баруун талын өмдний халаасанд байсан 1.000.000 төгрөгийг авсан бөгөөд дахин миний цээж хэсэгт өшиглөчихөөд яваад өгсөн. Тэгэхэд миний толгойноос цус гарсан байсан ба миний баруун хөмсөгний дээд талаас мөн цус гарсан юм. Би босоод танихгүй нэг такси аваад тэр үл таних 3 залууг Улаангом сумын буудлуудаар хайгаад олоогүй. Тэгээд би Нэгдсэн эмнэлэгт очоод цус гарсан хэсэгтээ оёдол тавиулсан юм. Дараа нь харьж амраад өглөө нь цагдаа дээр ирж гомдол гаргасан юм. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан ба тэр 3 залуу ч гэсэн согтуу байсан. Тэд нар өөрсдийгөө Тэс суманд амьдардаг гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтасны 49-50, 51-52-р тал/,

4. Гэрч Ц.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2020 оны 01 дүгээр сарын 20-ны орой манай нутгийн Б.Д гэх найзтайгаа хамт Улаангом сумын Тунгалаг тамир гэх ресторан, караокед орж дуулсан юм. Тэгж байтал манай нутгийн 2 ах ирээд Б.Дгаас 1 малын мөнгө аваад явсан. Б.Д бид хоёр “Тунгалаг тамир” ресторанд 2 шил архи уугаад гарсан. Гараад Улаангом сумын 7 дугаар багт байрлах “Гоулд” ресторан руу орсон юм. Тэгээд бид хоёр нэг нэг 0,5 литрийн хэмжээтэй пиво, нэг шил архи авсан юм. Тэгээд би виза картаа аваад карт уншуулдаг текэнд тооцоо хийгээд зогсож байтал манай найз Б.Д халааснааасаа нэлээн зузаан мөнгөн дэвсгэрт гаргаж ирээд тооцоо хийсэн. Тэр үед гаднаас үл таних 3 залуу орж ирсэн бөгөөд тэдгээр 3 залуу Б.Д-тай маргалдах гээд байсан юм. Тэгээд манай ширээний хажууд сууж байгаад бид нар хамт суусан. Тэд хэлэхдээ бид нар Увс аймгийн Тэс суманд амьдардаг гэж хэлж байсан. Тэгээд би согтсон болохоор гараад явчихсан. Манай найз Б.Д гадаа тэд нартай маргалдаад үлдсэн. ...Манай найз Б.Д өмднийхөө баруун талаын халааснаас хар тортой дан 10.000 төгрөгийн дэвсгэртүүд бололтой боодолтой мөнгө байсныг мал худалдаж авах ёстой мөнгө гэж надад үзүүлж байсан юм. ...Би өөрийн виза картаа хулгайд алдсан болохыг мэдээд цагдаагийн байгууллага дээр ирэхэд Б.Д бас ирчихсэн байсан бөгөөд хөмсөгний хэсэгт оёдол тавиулсан талаараа хэлээд нөгөө 3 залуугийн хоёр залуу нь намайг зодоод хар өнгийн ууттай  1  сая төгрөгийг аваад явчихлаа гэж хэлсэн. Өмнөх өдөр нь Б.Д-гийн биеийн нүүрний хэсэгт ямар нэг гэмтэл байгаагүй. Намайг явсны дараа Б.Д нь бусдад зодуулж дээрэмдүүлсэн байх. ...Тухайн орой Б.Д бид хоёр хамт явж байхад тэрээр надад хэдэн төгрөгтэй явж байгаагаа хэлээгүй, мал цуглуулж авах ёстой мөнгө гэж хэлсэн. Маамуу, бид хоёр мөнгө өгөөд мал авах 1 сая төгрөг үлдлээ гэж хэлж байсан. Мөн тооцоо хийхдээ мал авахаар үлдсэн мөнгөнөөс өөр мөнгөөр төлбөрөө Гоулд бааранд байхад хийсэн бөгөөд боодолтой мөнгө нь 10.000 төгрөгийн дэвсгэрт бүхий 1 боодол мөнгө байсан. Түүнээс тусдаа Б.Д-д задгай 20.000 төгрөгийн дэвсгэрттэй ойролцоогоор 400.000-500.000 төгрөг бэлэн задгай мөнгө байсан бөгөөд түүнээс тооцоогоо хийж байсан.” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтасны 56-57, 58-59-р тал/,

5. Гэрч Ц.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Улаангом сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Гоулд” ресторанд бармен ажилтай. 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ажил дээрээ байж байтал манай сумын Ц.Г гэх залуу хажуудаа манай сумын Б.Д гэх ах нар орж ирсэн юм. Тэр 2 согтуу орж ирсэн бөгөөд манай 02 дугаартай ширээнд суусан. Тэр хоёр нэг нэг пиво захиалж ууж байгаад нэг харахад хажуугийн ширээний 3 залуутай нэгдээд хамт нэг ширээнд суучихсан байсан. Тэгээд Б.Д ах Тэс сумын гэсэн 3 залуутай маргалдаад байсан. Тооцоо хийхэд Ц.Г ах босож ирээд Хаан банкны картаа өгөөд 17.500 төгрөгөөр нэг уншуулсан. Б.Д ах өмднийхөө халааснаас нэлээн зузаан 20.000 төгрөгийн дэвсгэртүүд гаргаж ирээд 30.000 төгрөгийн тооцоо өгсөн. Тэгж байхад нь Тэс сумын 3 залуу хажууд нь байсан. Тэгээд жаахан сууж байгаад тооцоогоо хийгээд бүгд хамт гараад явсан сууж ба тэд нар сууж байх хугацаандаа гарч ороод байсан. Би байнгын хоёр тийш явж тооцоо хийдэг тул болсон зарим асуудлыг мэдэхгүй байна. ...Б.Д болон Тэс сумын гэх залууучууд сууж байсан өрөөнийхөө гадна маргалдсан.  Тэгээд би тэд нарт энд маргалдаж болохгүй гэж хэлээд “Гоулд” пабаас гаргасан. ...Хэсэг хугацааны дараа Б.Д гаднаас орж ирээд зодуулчихлаа гэж хэлсэн бөгөөд нүд нь хавдчихсан байдалтай байсан. Тэс сумын гаралтай 2 залууг хайгаад яваад байсан. Сая та нар хамт гарсан биздээ, түүнээс хойш орж ирээгүй гэхэд заза гэж хэлчихээд гараад явсан. Б.Д, Ц.Г нар манай пабаар үйлчлүүлэхээр ирж байхад Б.Дгийн нүүрний хэсэгт ямар нэгэн гэмтэл байгаагүй. Манайхаас гарч явчихаад буцаад Тэс сумын 3 залууг хайж орж ирэх үед түүний хөмсөг нүд нь хөхөрч хавдсан байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтасны 60-61, 62-63-р тал/,

6. Гэрч А.М-ын мөрдөн байцаалтын шатанд “Би 2020 оны 01 дүгээр сарын 20-ны орой ойролцоогоор 19 цагийн үед байх цагийг тодорхой сайн мэдэхгүй байна. Миний 90750923 гар утасны дугаар руу 80898926 дугаараас над руу яриад “чи Гоулд ресторанд хүрээд ир, Р.Х согтуу байна” гэж хэлсэн. “Гоулд” караоке барны хаалгаар ороод чигээрээ яваад зүүн талын өрөөнд Б.О, Хүрлээ нар сууж байсан. Би ороод хажууд нь суухад 2 шил 0,5 литрийн Соёрхол нэртэй архийг уугаад дуусгасан байдалтай шил нь байсан. Мөн 4 лааз пиво уучихсан байсан. Намайг очиход их согтсон байдалтай байсан. Б.О төлбөр тооцоо хийхээр тухайн өрөөнөөс ганцаараа гарсан ба текний хэсэгт Б.Д гэгчтэй хамт явсан залуутай маргалдсан ба хоорондоо хэрэлдэж маргалдаад байхаар нь би үйлчлэгч охинтой хамт тэд нарыг салгасан. Түүний дараа Б.Д, Б.О нар Гоулд барнаас хоёулаа гараад явсан. Түүний араас удалгүй Р.Х, Гантулга гэх залуу нар гараад явсан ба би худалдагч охинтой хамт зогсож байсан. Ойролцоогоор 20 минутын дараа Б.О, Б.Д, Хүрлээ нар хоорондоо эвлэрсэн байдалтай орж ирсэн. Бид нар нэг өрөөнд орж хоорондоо юм яриад сууж байтал үйлчлэгч охин Б.Д, Ц.Г нарыг төлбөр тооцоогоо хий гэж хэлсэн. Тэгэхээр нь Ц.Г түрийвчээ гаргахад Б.О түүний түрийвчийг авчихсан. Тэр үед Ц.Г төлбөр төлөх гэж байгаа юм уу гэж асууж байсан шиг санагдаж байна. Тэгээд бармен охины хажууд очоод Ц.Гд Б.О түрийвчийг нь өгч байсан. Б.Д тэд нар Их наяд оръё гээд бид нар бүгдээрээ “Гоулд” ресторанаас гарахад үүдний хэсэгт Б.Оын ах Хосоо гэгч нь Отгонбаярыг авахаар ирсэн байсан. Тэр үед Отгонбаяр би картнаас мөнгө авна, та хоёр явж бай, А.Мын гэрийн гадна очоод хүлээж бай, удахгүй араас чинь очно гэж хэлсэн. Тэгээд Хосбаяр ах бид хоёр Бэлбулагийн баруун талын таксины зогсоол дээрээс цагаан өнгийн Аксент загварын автомашин буюу таксинд суугаад тус аймгийн 3-р багийн нутагт байрлах 64 айлын орон сууцны гадна очоод Р.Х, Б.О нарыг хүлээгээд зогсож байтал удалгүй 10 орчим минутын дараа бид нарын араас таксидаад ирсэн. ...Тэгээд Б.Оын төрсөн ах Хосбаяр гэгч нь өөрийн төрсөн дүү Б.Оыг аваад гэртээ харихаар явсан. Би Р.Хтэй хамт гэр рүүгээ ороод унтсан.” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтасны 68-69-р тал/,

7. Гэрч Б.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2020 оны 01 дүгээр сарын 20-ны орой би ойролцоогоор 21 цаг өнгөрч байхад байх, би өөрийн төрсөн дүү болох Б.О-тай гар утсаар ярихад “Гоулд” караоке паб-д байгаа талаараа хэлсэн бөгөөд цаана нь баахан хүмүүс шуугилдаад байхаар нь би гэртээ очиж амар гэж хэлчихээд явж очихоор болоод тус аймгийн Улаангом сумын 4-р багт байдаг Лхагва ахын гэрээс гараад такси бариад төв таксины зогсоол дээр очоод таксинаасаа буугаад “Гоулд” пабын үүдний хэсэгт очиход урдаас Б.О, Р.Х, М гэх хүүхэд нар 2 залуутай маргалдаад гараад ирсэн бөгөөд юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй. Тооцооноос болж маргалдсан юм шиг байсан. Би тэдэнд хандаж та нар больцгоо, битгий маргалдаад бай гэж хэлчихээд Мөөжиг /А.М/ гэх 10 жилийн хүүхэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхаар нь чи яахаараа “Гоулд” пабад орж, архи ууж явж байдаг билээ гээд гэрт нь хүргэж өгөхөөр дагуулаад явахаар болсон. “Гоулд” барнаас гарч ирсэн 2 залуу Бэлбулаг төвийн баруун талд байрлах Артагийн хөшөөний тийшээ явсан бөгөөд араас нь Б.О алхаад явсан, араас нь Р.Х гэгч нь гүйчихсэн. Би М гэгчийн хамтаар Андууд төвийн урд талын замаас такси бариад Мөөжиг гэгчийн гэр рүү яваад тэднийд очиход Мөөжиг гэгчийн дүү нь хоол хийчихсэн байсан бөгөөд хоолноос идээд байж байхад Р.Х, Б.О нар гаднаас орж ирсэн. Би тэд нарыг та нар зодоон хийгээгүй биздээ гэхэд тийм юм болоогүй гэж хэлсэн. Б.От надтай хамт 4 зам руу явъя гэхэд явахгүй, Улиасны хэвд Тугаа гэгчийн гэрт очиж хононо, хоол идчихээд явлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би Увс аймгийн Улаангом сумын 4-р багийн нутагт байрлах ах Л-ийн гэр рүү яваад тэднийд очоод амарчихсан. Б.О хаана хоносон талаар би сайн мэдэхгүй байна. Надад сүүлд хэлэхдээ Мөөжиг гэгчийн гэрт хоносон гэж хэлсэн. Маргааш нь Тэс сум руу явах автомашинд Р.Х-гийн хамтаар сууж байхад Р.Х-г танихгүй 2 залуу ирээд аваад явсан бөгөөд юу болсон талаар асуухад өчигдөр шөнө хүн зодож, дээрэмдсэн гэж хэлсэн. Тэгж Б.О, Р.Х нарыг хүн зодсон талаар мэдсэн юм. .....” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтасны 181-182-р тал/,

8. Шүүгдэгч Б.О-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 20-ны орой би өөрийн найз Р.Х-тэй уулзахаар өдөр гар утсаар орйо 20 цагийн үед тус аймгийн Улаангом сумын 7-р багийн нутагт байрлах “Гоулд” караоке ресторанд Р.Х-гийн хамтаар ороод 0,5 литрийн лаазтай пиво тус бүр нэг ширхгийг авч хэрэглэсэн. Би тооцоо хийж байхад Увс аймгийн Түргэн сумын Б.Д гэх залуу өмдний халааснаасаа 5.000, 10.000, 20.000 төгрөгийн дэвсгэртүүд гаргаж ирсэн бөгөөд үүнээс ав гээд 20.000 төгрөгийг дэвсгэртийг тооцоо хийж байсан охин руу шидсэн. Тэгэхээр нь би Б.Д-д “чи ямар баян юм бэ” гэж хэлсэн бөгөөд түүнтэй бага зэрэг маргалдсан. Тухайн үед А.М ирчихсэн байсан бөгөөд Б.Д, Ц.Г, Р.Х бид нар хамт сууж байгаад пиво авахаар текний хэсэг рүү гарсан. Тэгээд буцаад ороод ирэхэд Б.Д, Р.Х нар байхгүй байсан. Р.Х, Б.Д нар бие засах газарт орж хоорондоо маргалдсан юм шиг байсан. Б.Д буцаж өрөө рүү орж ирэхдээ танай найз Р.Х намайг 2 удаа ташсан, намайг зодчихлоо гэж хэлсэн. Бид нар өрөөндөө хамт сууж байгаад Ц.Г, Б.Д нар түрүүлж гарч явсан. Р.Х Б.Д руу дайраад зодох гээд байсан. А.М, Р.Х бид 3 араас нь гарахад “Гоулд” рестораны үүдний хэсэгт манай төрсөн ах Б.Хосбаяр ирчихсэн байсан ба Б.Хосбаяр, А.М хоёрыг хүлээж бай гэхэд тэр хоёр А.М-ын гэр рүү такси бариад явчихсан. Б.Д нь “Гоулд” рестораны урд талын замын эсрэгт талын сааданд байсан бөгөөд найз Ц.Г нь явчихсан байсан. Р.Х бид хоёр Б.Д байсан газарт очоод жаахан маргалдаад би Б.Д-тай зодолдоод хавирч унагаахад Р.Х толгой руу нь нэг удаа өшиглөсөн. Тэр үед би Б.Д-гийн нимгэн куртикны зүүн талын халаасанд байсан 120.000 төгрөгийг авсан. Тэгээд Р.Х бид хоёр АТМ ороод Ц.Г надад карт өгсөн ба түүний виза картнаас мөнгө аваад Р.Х-д 150.000 төгрөг өгсөн. Ц.Г-ын виза картнаас мөнгө авсан үйлдлийг цагдаагийн албан хаагч нар шалгаад шийдвэрлэсэн. Р.Х тухайн орой нэлээн согтсон байсан. Би өөрөө бас согуу байсан юм. Тэгээд бид хоёр А.М-ын гэрт очиж хоносон. Намайг Б.Д-гийн халааснаас мөнгө авч байхад хичнээн төгрөг байсан эсэхийг мэдэхгүй, халааснаас ямар нэг зүйл унасан эсэхийг анзаарч хараагүй. Б.Д-гийн 1.000.000 төгрөгийг төлж өгнө. Ийм хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 113-114-р тал/,

9. Шүүгдэгч Р.-Хгийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Завхан аймгийн Завхантэс суманд ажлаар явж байгаад Увс аймгийн Улаангом суманд ирсэн байхад Б.О над руу залгаад “хөгшин нь аймагт байна, хоёулаа Тэс сум руу хамт явъя” гэж хэлээд орой нь уулзахаар болсон. Б.О бид хоёр ярилцаж байгаад 20-21 цагийн үед байх “Гоулд” ресторан пабын гадна уулзаад дотогш орж суугаад 0,5 литрийн лаазтай пиво тус бүр нэг ширхгийг авч уусан. Бид хоёрын хажуу талын өрөөнд Б.Д гэх залуу найзынхаа хамтаар байж байсан бөгөөд би 0,5 литрийн пивог ууж дуусаад бие засах газарт байж байхад Б.Д гэх залуу Ц.Г-ын хамтаар бие засах газар орж ирээд бид нар танилцсан ба би та нар завтай бол манай өрөөнд орж ирээд хамт суухгүй юу гэж хэлсэн. Тэр 2 залуу манай өрөөнд ороод ирсэн. Бид 4 хамт сууж байхад над руу А.М залгасан бөгөөд “та хаана байна” гэхээр нь би байгаа газраа хэлээд “хүрээд ир” гэж хэлсэн. Тэр 2 залуу манай өрөөнд орж ирэхээр нь мөн Сэнгүр нэртэй пиво захиалж авч уугаад бид нар хоорондоо танилцаж, ярилцсан. Удалгүй А.М бас хүрээд ирсэн. Бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд согтох үед Б.Д гэгч нь “муусайн баядууд” гэж хэл амаар доромжлоод байхаар нь би Б.Дг “Гоулд” рестораны бие засах газар руу оруулаад 2 удаа зүүн талын хацар руу нь гараараа алгадсан. Түүний дараагаар бид хоёр эвлэрээд буцаад өрөөндөө орж ирээд сууж байгаад бид нар “Гоулд” ресторанаас гарсан. “Гоулд” ресторанаас гарснаас хойш юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Гадуур алхаж байгаад АТМ-ээс мөнгө авсанаа санаж байна. АТМ-ээс авсан мөнгөнөөс 150.000 төгрөгийг Б.О надад өгсөн. А.М нь Б.О-ын ах Б.Х-тай хамт түрүүлээд явсан. Б.О надад хоёулаа АТМ орчихоод араас нь очъё гэж хэлээд хамт үлдсэн. Б.Х-тай “Гоулд” рестораны гадна ирсэн юм байх тодорхой сайн санахгүй байна. Тухайн өдөр “Гоулд” ресторанаас гараад болсон үйл явдлыг санахгүй байна. Б.О-аас сүүлд асуухад “Б.Д гэгчийг сааданд цохиж, байхад би халааснаас нь 120.000 төгрөг авсан” гэж надад өөрөө хэлсэн. “Надад ямар учиртай мөнгө өгсөн, хэний виза карт юм гэхэд Ц.Г надад өөрийнхөө виза картаа надад өгсөн байсан” гэж хэлсэн. Б.Д-г дээрэмдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 1.000.000 төгрөгийг нь төлж өгнө. Надад одоохондоо бэлэн мөнгө байхгүй учраас төлөх хугацаа хэрэгтэй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 123-124-р тал/-үүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг илээр хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр  авсанаар төгсдөг үндсэн шижтэйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т хуульчдагдсан бол “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол...” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т тодорхойлжээ.

Шүүгдэгч Р.Х, Б.О нарын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 21 цагийн үед Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрлах “Гоулд” рестораны урд талын замын эсрэг талд байрлах сааданд хохирогч Б.Д-г зодож, улмаар 1.000.000 төгрөгийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан байхаас гадна дээрэмдэх гэмт хэрэгт шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлдэгддэг онцлогтой гэмт хэрэг тул шүүгдэгч нарыг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тодорхойлсон бөгөөд шүүгдэгч Р.Х, Б.О нар нь санаатайгаар нэгдэж энэ гэмт хэргийг үйлдсэн тул прокуророос дээрх заалтыг журамлан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Р.Х, Б.О нарыг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 21 цагийн үед Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрлах “Гоулд” рестораны урд талын замын эсрэг талд байрлах сааданд хүч хэрэглэн довтолж хохирогч Б.Д-гийн 1.000.000 төгрөгийг дээрэмдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх гэмт үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Р.Х, Б.О нар болон тэдний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

II. Шүүгдэгч Р.Х, Б.О нарыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Р.Х, Б.О нар нь 2020 оны 01 дүгээр сарын 20-нд  хохирогч Ц.Г-ын Хаан банкны виза картыг ашиглан бэлэн мөнгөний машинаас 310.000 төгрөг авсан болох нь:

1. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн I-р хавтасны 168, 169-171-р тал/,

2. Увс аймаг дахь Цагдаагийн газрын урд байрлах Хаан банкны АТМ-ын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн I-р хавтасны 1882-183, 184-р тал/,

3. Депосит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн I-р хавтасны 187-р тал/

4. Хохирогч Ц.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Б.Д бид хоёр Тунгалаг тамир ресторанд 2 шил архи уугаад гарсан бөгөөд гараад Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Гоулд” ресторанд орж нэг нэг 0,5 литрийн хэмжээтэй пиво, 1 шил архи захиалж авсан юм. Тэгээд би хулгайд алдсан “Хаан банк”-ны виза картаа гаргаад тооцоо хийхээр карт уншуулдаг текний хэсэгт зогсож байтал гаднаас үл таних 3 залуу орж ирээд манай ширээний хажууд суусан. Тэдгээр 3 залуу манай ширээнд ирж, хамтдаа нэг ширээнд сууцгаая, танилцъя гэсэн хэрнээ нэрээ хэлэхгүй суугаад байсан юм. Тэр 3 залуу хэлэхдээ бид нар Увс аймгийн Тэс суманд амьдардаг гэж хэлсэн. Тэгээд Б.Д бид хоёр гарах гэтэл Б.Д-тай хэрэлдээд байсан. Тэгээд бид хоёр тэр 3 залуутай хамт сууж байгаад гараад явах гэтэл гадна гараад бас маргаад байсан. Би такси аваад гэр рүүгээ явчихсан. Тэгээд орой гэрт очоод байж байтал миний төрсөн дүү Ц.Б над руу залгаад таны Хаан банкны виза картнаас мөнгө гараад байна гэж хэлсэн. Би түрийвчээ гаргаад картаа харах гэтэл миний карт байхгүй байсан. Маргааш нь Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Би тухайн үед тооцоо хийж байхдаа нууц кодоо чангаар хэлсэн ба гаднаас орж ирсэн 3 залуу мэдсэн. Миний картны нууц код цээжлэхэд амархан тоо байсан юм.  Энэ талаар “Гоулд” рестораны зөөгч охин мэдэж байгаа. Тэр 3 залуу намайг тэврээд найз гээд байсан юм. ...Надад учирсан хохирлыг Б.О гэгч нь бэлэн мөнгөөр төлж барагдуулсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтасны 204, 206, 207-р тал/,

5. гэрч Ц.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...тэгээд тэд нар хамт суучихсан байсан ба тооцоо хийхэд Ц.Г ах босож ирээд Хаан банкны виза картаа өгөөд 17.500 төгрөг нэг уншуулсан. Тэгж уншуулж байхад нь Тэс сумын 3 залуу хажууд нь байсан. ...Ц.Г ах согтуу Хаан банкны картаа гаргаж ирж тооцоо хийхдээ миний картын нууц код дөрвөн тэг амархан шүү гээд хамт суусан Тэс сумын 3 залууд хэлээд байсан. ...Би Тэс сумын гэх залуу Гантулгын түрийвч авч “Гоулд” ресторанаас авч гарсан болохыг мэдэхгүй байна. Би Э-г 3-р өрөөнөөс дуудахаар ороход Энхмаа Тэс сумын гэх хар өнгийн малгайтай цамцтай эрэгтэйд чи тэр хүний /Ц.Г-ын / түрийвчийг өгсөн юм уу гэж асуусан. Тэгэхээр нь би түрийвчийг нь авчихсан юм уу гэхэд Энхмаа “тийм” энэ тэрний /Ц.Г руу заагаад/ түрийвчийг булаагаад авчихсан авчихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи яагаад хүний түрийвч авдаг юм, буцаагаад өг гэхэд тэр малгайтай цамцтай залуу “чи юугаа ч мэдэхгүй байж, дуугүй бай гэж хэлсэн. Тэгж байтал үйлчлүүлэгч нар тооцоо хийнэ гэхээр нь би гараад явчихсан.”  гэх мэдүүлэг /хх-ийн I-р хавтасны 213-214, 215-216-р тал/,

6. гэрч Г.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ...Тэд нар манай “Гоулд” пабнаас гараад буцаж орж ирсний дараа найзууд болчихсон хамт 3 дугаарын өрөөнд орж суусан. Тэгээд миний санаж байгаагаар 4 ширхэг 0,5 литрийн хэмжээтэй пиво авсан. Түүний дараагаар намайг дуудаад тэд нар 6 ширхэг пиво авъя гэхээр нь би өгөхгүй гэж бодоод байж байгаад тооцоо хэн хийх юм гэхэд анх 3 дугаарын өрөөнд суусан махлагдуу хар өнгийн цүнх, хар өнгийн малгайтай цамцтай залуу манай найз хийнэ гэхэд Түргэн сумын гэх хоёр залуугийн өндөр залуу нь надад виза картаа гаргаж өгөөд үүнээс ав пин код нь дөрвөн тэг, наана чинь зөндөө мөнгө байгаа гэж хэлэхээр нь би наадахаа түрийвч рүүгээ хий гэхэд хийгээд надад өгөхөөр нь би аваад гарахдаа надаас аваарай гэж хэлээд түрийвчийг нь авахад миний виза карт барьсан гарыг анх 3 дугаарын өрөөнд суусан хар өнгийн цүнхтэй, хар өнгийн малгайтай цамцтай махлагдуу залуу бариад “чи яахаараа авдаг юм” гэж хэлсэн. Түрийвчний эзэн гэх залуу их согтсон. Гэтэл түрийвчийг авсан гэх залуу түрийвчийг авсаны дараа ганцаараа гараад явчихсан. Түүний араас ямар нэгэн хүн гарсан эсэхийг анзаарч хараагүй. Гараад нэлээн удаж байгаад 20-30 минутын дараа орж ирээд түрийвчийг эзэнд нь буцаагаад өгсөн. Би түрийвчийг авч ирж өгсөн юм уу гэж асуухад “авчраад өгчихлөө” гэж над руу их дуугаар хэлсэн. Би түрийвчний эзнээс “чиний түрийвчийг авч ирж өгсөн үү” гэж асуухад согтууруулах ундааны зүйл хэрэглээд нэлээн согтсон байсан болохоор мэдэхгүй гэж хариулсан... гэх мэдүүлэг / хх-ийн I-р хавтасны 219-220-р тал/,

7. гэрч Ц.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр би гэртээ байхад манай төрсөн ах Ц.Г согтуу над руу залгасан яриад би виза картаа гээчихлээ, би өөрөө Улаангом сумын 1-р багийн нутагт эмээгийн гэрт байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн гар утаснаас төрсөн ах Б-ын Хаан банкны дансыг шалгахад данснаас нь мөнгө гарсан. Хамгийн сүүлд АТМ-ээс мөнгө авсан байсан бөгөөд түүний өмнө нь “Гоулд” гэсэн бичиглэлтэй зарлага хийгдсэн... Нийт Гоулд пабаас гүйлгээ хийсний дараагаар 310.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн I-р хавтасны 225-р тал/,

 8. Шүүгдэгч Б.О-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Голд пабд сууж байхдаа Г-ын тооцоо хийхээр зөөгчид өгсөн картыг  би авчихсан юм. Р.Х бид хоёр АТМ ороод Ц.Г-ын картаар мөнгө аваад Р.Х-д 150.000 төгрөг өгсөн. Ц.Г-ын виза картнаас мөнгө авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Ийм хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 113-114-р тал/,

9. Шүүгдэгч Р.Х-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гоулд ресторанаас гарснаас хойш юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Гадуур алхаж байгаад АТМ-ээс мөнгө авсанаа санаж байна. АТМ-ээс авсан мөнгөнөөс 150.000 төгрөгийг Б.О надад өгсөн. Б.О надад хоёулаа АТМ орж мөнгө авъя гэхээр нь Цагдаагийн газрын хажуугийн АТМ орж мөнгө авсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 123-124-р тал/-үүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууц далд аргаар авсан үйлдлийг  хулгайлах гэмт хэрэг гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд тодорхойлсон байна.

Энэ зүйлийн тайлбарт “Бага бус хэмжээ”-ний хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” гэж,  мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж  тус тус тодорхойлсон байна.

Шүүгдэгч Б.О, Р.Х нарын бэлэн мөнгөний машин /АТМ/-аас авсан 310.000 төгрөг “бага хэмжээний хохирол”-оос илүү байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан байхаас гадна дээрэмдэх гэмт хэрэгт шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлдэгддэг онцлогтой гэмт хэрэг тул шүүгдэгч нарыг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тодорхойлсон бөгөөд шүүгдэгч Р.Х, Б.О нар нь санаатайгаар нэгдэж энэ гэмт хэргийг үйлдсэн тул прокуророос дээрх заалтыг журамлан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.О, Р.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.О, Р.Х нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

III. Шүүгдэгч Р.Х, Ц.Г нарыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Р.Х, Ц.Г нар нь 2019 оны 4 дүгээр сарын 25-аас 26-нд шилжих шөнө Увс аймгийн Тэс сумын 6 дугаар багийн 019 тоотод байрлах иргэн Ж.Ч-гийн хашаанаас хохирогч С.Д-гийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугааргүй Мустанг-5 загварын мотоциклийг авсан болох нь:

1. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн II-р хавтасны 20, 21-22-р тал/,

2. Мотоцикл хаясан гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн II-р хавтасны 23, 24-р тал/,

3. Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, /хх-ийн II-р хавтасны 27-р тал/,

4. Мотоциклын дугуйнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн II-р хавтасны 28-29-р тал, 30-р тал/,

5. Хохирогч С.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би Увс аймгийн Тэс сумын 9 дүгээр багийн нутаг Шар модон гэх нэртэй газарт эхнэр Ц -ын хамтаар мал маллаж амьдардаг. Би 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 14 цагийн орчимд өөрийнхөө Мустанг-5 загварын мотоциклоо унаад сумын төвд орж ирээд авга дүү Ч-гийн хашаанд очсон. Намайг тэдний хашаанд очиход бэргэн эгч Ц ганцаараа байсан ба  мотоциклоо Чгийн гарааш руу хийх гэтэл цоожтой байхаар нь “Чг ирэхээр миний мотоциклыг гарааш руу хийчих гэж хэлээрэй” гээд Ц эгчид захичихаад би тэдний хашаанаас гарч үйлчилгээний машинд сууж аймгийн төв рүү явсан. Улаангом суманд эмчилгээ хийлгэж байгаад 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 19 цагийн орчимд үйлчилгээний машинд суугаад сумандаа ирсэн. Тухайн үед орой болчихсон байсан болохоор мотоциклоо авч чадаагүй, шууд гэр рүүгээ явсан. Би 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр гэртээ байж байтал 06 цагийн орчимд бэргэн эгч Ц миний гар утас руу залгаад “шөнө чиний мотоциклыг хулгайлаад явчихсан байна. Мотоциклыг чинь Ц, Ч, Б нар хайхаар гарсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би сумын төв рүү орох унаа хайж байгаад 12 цагийн орчимд сумын төв рүү орж ирээд Ч-гийн хашаанд очиход тэдний гэрт Ц, Ч, Б, Ц нар байсан. Тэд нар “шөнө хүн хашаа давж орж ирээд модон амбаарын хажуу талд байсан чиний мотоциклыг авч явсан байна. Бид нар мотоцикль дуугарах чимээгээр сэрсэн ба Ч-г гэрээс гаргасан буцаж орж ирэхдээ Ч баруун тал руу мотоцикл явж байна гэж хэлээд орж ирсэн. Бид нар мөрийг нь дагаж яваад төв зам руу оруулаад алдчихлаа” гэж хэлсэн. Одоо миний санаж буйгаар 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 12 цагийн орчимд сумын төвд байж байтал Ц ах миний гар утас руу залгаад “уулзъя” гэж хэлсэн. Бид хоёр сумын төвийн захад уулзсан ба бид хоёр мэнд ус мэдээд юм ярьж байх үеэр Ц ах “чиний мотоциклыг миний хүү Ц.Г, Р-ийн хүү Х нар хулгайлж авсан байна. Тэр хоёр хулгайлж авсан мотоциклоо хойд түнгийн захад нууж байгаад алдчихсан байна. Ах нь чиний хохирлыг барагдуулж өгье. Надад тус болоод цагдаад битгий мэдэгд, хэд хоногийн дараа ах нь чамд мотоцикл авч өгье” гэж гуйхаар нь би зөвшөөрсөн. Би 2019 оны 5 дугаар сарын эхээр би хөдөө гэртээ байж байтал Ц ах над руу залгаад “сумын төв рүү ороод ир, ах нь чиний мотоциклын мөнгийг Цгийнд үлдээчихлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би сумын төв рүү орж ирээд Ц-ийн дэлгүүр дээр очиход Ц ах байсан ба “чи мотоциклоо сонгоод ав” гэж хэлэхээр нь Цгийн дэлгүүрт зарагдаж байсан хүрэн өнгийн Мустанг-5 загварын мотоциклыг би авсан. Тухайн үед Ц ах “чиний хохирол гомдлыг би барагдуулчихсан юм чинь чи цагдаагийн газарт битгий ханд” гэж захиад надаас салж явсан. Би хулгайд алдсан өөрийнхөө Мустанг-5 загварын мотоциклоо 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн орчимд Увс аймгийн Улаангом сумаас 1.700.000 төгрөгөөр худалдан авч байсан. Уг мотоциклыг худалдан авч байсан тооцооны баримт надад байхгүй. ...Одоо надад Ц.Г, Р.Х нараас нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй” гэх мэдүүлэг / хх-ийн II-р хавтасны 33-34-р тал/,

6. гэрч Ж.Ч-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 23 цагийн орчимд өөрийнхөө ажлыг дуусгаад Тэс сумын 6 дугаар баг 019 тоот хашаанд байх гэртээ очсон ба оройн хоолоо идчихээд 00 цагийн орчимд орондоо ороод унтсан юм. Унтаж байтал хаалга дугарах чимээ гарч сэрсэн ба “хүн орж ирж байна гэж бодоод хэсэг хугацаанд хэвтсэн боловч гэрийн хаалга хүн татахгүй болохоор нь гутлаа өмсөөд гэрээс гарахад хашаан дотор ямар нэгэн хүн байгаагүй. Хашааны урд талаар хүн яваад зөрөх шиг болохоор нь хашаанаасаа гарахад хоёр хүн мотоцикл түрж яваа харагдсан. Төд удалгүй түрж явсан мотоциклыг асаагаад нэг нь унаад явсан. Харин нөгөө хүн нь миний хажуугаар гүйгээд зөрсөн. Тэгэхээр нь гэр рүүгээ орох гэж байтал мотоцикл асах чимээ гарсан ба мотоциклын гэрэл асаад над руу ойртож ирэхээр нь зогсоох гэсэн боловч зогсохгүйгээр давхиад зөрсөн ба гэр рүүгээ буцаж ороод болсон үйл явдлын талаар ээж Цад хэлэхэд “Дамжин хэд хоногийн өмнө манай амбаарын хажуу талын түлээ хийдэг саравчинд мотоцикл хийж байсан, би чамд хэлж гарааш руу хийлгэх гэж байгаад мартсан байна. Тэр хүний мотоцикл байна уу гараад үзчих” гэж хэлэхээр нь би гэрээс гараад түлээний саравчинд очиж үзэхэд мотоцикл байгаагүй. Тэгэхээр нь буцаж гэр рүүгээ ороод энэ талаар ээж Ц-д хэлэхэд “С.Д-гийн мотоцикл алга болчихсон байна. Одоо хайж олохгүй бол болохгүй” гэж хэлэхээр нь би хамаатны айлууд болох Б, Ц нарын гэрт очиж мотоцикл алга болсон тухай хэлсэн. Тэр хоёр хувцсаа өмсөж намайг дагаж манай хашаанд ирсэн ба бид 3 үүр цайтал буюу 07 цаг хүртэл хуагцаанд манай хашаанаас гарч явсан мотоциклын болон гутлын мөрийг дагаж яваад төв зам руу оруулаад алдсан юм. С.Д ахын мотоцикл хулгайлагдсан хэрэгт би өөрийнхөө мэдэж байгаа зүйлсээ нэг бүрчлэн ярьлаа...” гэх мэдүүлэг / хх-ийн II-р хавтасны 38-39-р тал/,

7. гэрч Б.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би 2019 оны 4 дүгээр сарын 25-ны шөнө 00 цагийн орчимд орондоо ороод унтаж амарсан. Унтаж байтал хүү Ж.Ч сэрээгээд “сая хашааны хаалга дугарах чимээгээр би сэрээд манайд хүн ирж байгаа юм байна гэж бодоод хэсэг хүлээж хэвтсэн боловч гэрийн хаалга хүн татахгүй болохоор нь гутлаа өмсөөд гэрээс гарахад хашаан дотор ямар нэгэн хүн байгаагүй. Хашааны урд талаар хүн яваад зөрөх шиг болохоор нь хашаанаасаа гарахад хоёр хүн мотоцикл түрж яваа харагдсан. Төд удалгүй түрж явсан мотоциклыг асаагаад нэг нь унаад явсан. Харин нөгөө хүн нь миний хажуугаар гүйгээд зөрсөн. Тэгэхээр нь гэр рүүгээ орох гэж байтал мотоцикл асах чимээ гарсан ба мотоциклын гэрэл асаад над руу ойртож ирэхээр нь зогсоох гэсэн боловч зогсохгүйгээр давхиад зөрсөн. Манай хашаанаас л мотоцикл түлхэж гаргах шиг боллоо” гэж хэлэхэд нь би хэд хоногийн өмнө дүү С.Д манай хашаанд мотоциклоо үлдээгээд явсныг санаад “чи гараад түлээний саравчинд ямар нэгэн мотоцикл байна уу гэдгийг харчихаад ир гэхэд хүү Ж.Ч гэрээс гарч яваад удалгүй буцаж орж ирээд “Түлээний саравчинд мотоцикл байхгүй байна” гэж хэлэхээр нь би “С.Д ахын чинь мотоцикл алга болчихсон байна, хайж олохгүй бол болохгүй. С.Д ах чинь мотоциклоо үлдээхдээ чамд хэлээд гараашдаа хийчих гэж захисан юм. Би чамд хэлэхээ мартсан байна гэж хэлэхэд хүү Ж.Ч хувцсаа өмсөөд гэрээс гарч явсан. Хүү Ж.Ч гэрээс гарч явсны дараа хэсэг хэвтэж байгаад би унтчихсан байсан ба 08 цагийн үед сэрэхэд хүү Ж.Ч унтаж байсан. Хүүгээ сэрээгээд юу болсон талаар асуухад “Ц, Б нарын хамтаар хашаанаас гарч явсан мөрийг нь дагаж яваад төв зам руу оруулаад алдчихсан” гэж хэлсэн. С.Д нь 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Мустанг-5 загварын хүрэн өнгийн мотоцикл авч ирж тавьсан...” гэх мэдүүлэг  / хх-ийн II-р хавтасны 42-43-р тал/,

8. гэрч Ж.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ Тэгээд бид гурав хашаанаас гарч явсан мотоциклын болон гутлын мөрийг дагаж яваад төв зам хүргээд алдсан. Тухайн үед Ж.Ч ахын хашаанд үүссэн гутлын мөртэй ижил төстэй гутал өмссөн 2 хүн болох Р.Х, Ц.Г нартай бид нар уулзаж ярилцсан. Тэр хоёр “бид хоёр тэр мотоциклыг хулгайлж аваагүй” гэж хэсэг эсэргүүцэж байгаад хулгайлж авсан гэдгээ хүлээсэн ба надад хандан “мотоцикл хаясан газар руу таны машинаар яваад ирье” гэж хэлэхээр нь би тэр хоёрыг өөрийнхөө машинд суулгаад сумын төвөөс хойд зүг рүү явсан. Би Р.Х, Ц.Г хоёрын заасан газарт очсон боловч хулгайлагдсан мотоцикл байгаагүй, мөн тэр хоёр мотоцикл хаясан гэх газраа тодорхой зааж чадахгүй байсан. Тухайн цаг хугацаанаас хойш С.Д ахын мотоциклыг би хайж сураглаж яваагүй...” гэх мэдүүлэг  / хх-ийн II-р хавтасны 44-45-р тал/,

9. гэрч Н.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Тэдний түлээний амбаарын хажуу талын саравчинд байсан мотоциклыг хашааны жижиг хаалгаар түлхэж гарсан мотоциклын болон гутлын мөр байсан. Хашаанаас гарсан мөрийг дагаж явж үзэхэд ертөнцийн зүгээр зүүн тийш явсан байсан ба уг мөрийг дагаж явсаар “Баавгай” гэх нэртэй дэлгүүрийн ойролцоо явж очоод орчин тойрныг ажиглаад байж байтал гэрэлгүй мотоцикл бензин колонкийн хажуугаар гараад ертөнцийн зүгээр зүүн зүгт буюу хөдөөний зам руу явж харагдсан. Тэгэхээр нь гэр рүүгээ явж өөрийнхөө машиныг авч Ж.Чгийн гэрийн гадна очсон. Тухайн үед тэр гэрлээ асаагаагүй явж байсан мотоциклыг араас явж чадаагүй юм. Ж.Ч, Б бид гурав хашааны гадна болон дотор талд үүссэн мөрнүүдийг нягталж үзэхэд хашаа давж ороод мотоциклыг авч гарсан дүр зурагтай байсан. Хашаа давж орсон гутлын мөрийг дагаж явахад Ж.Ч-гийн ойролцоо байх Хишгээ нэртэй айлын хашаа руу орсон байхаар нь Хишгээтэй уулзаж тухайн гутлын мөртэй ямар хүн гэрт нь ирсэн талаар асуухад хар Р-ийн хүү Х өчигдөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 19 цагийн орчимд манайхаар орж ирээд гарсан гэж хэлсэн. Би Р.Х-г хайж байгаад хүн ноолуур өгнө гэхээр нь өөрийнхөө хашаанд очоод ноолуур аваад зогсож байтал Б “нөгөө хоёр залууг олчихлоо” гэж хэлэхээр нь би ноолуураа авчихаад Ж.Ч-гийн хашаанд очиход Р.Х, Ц.Г хоёр модон дээр сууж байсан. Тэр хоёртой Б юм ярьсан зогсож байхаар нь би очоод “Залуучууд юу хийгээд яваад байгаа юм бэ, та нарын явсан мөрөөр бид нар явж үзлээ, одоо үнэнээ хэл” гэж асууж шалгаахад Ц.Г, Р.Х хоёрын Ц.Г нь түрүүлж хэлсэн ба мотоцикл авсан гэдгээ ерөнхий байдлаар тойруулж хэлсэн...” гэх мэдүүлэг / хх-ийн II-р хавтасны 46-47-р тал/,

10. Шүүгдэгч Р.Х-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ ...Би тоглолт үзээд байж байхад Ц.Г 21-22 цагийн үед сумын төвд ирсэн. Ц.Г бид хоёр гадуур явж 2 ширхэг 2 литрийн хэмжээтэй савтай пиво аваад Ц.Г бид хоёр сумын төвийн урд талд хорооллоос зайдуу гарч суугаад уусан. Пиво уучихаад одоо харьж амарцгаая гэж хэлээд бид хоёр хамт явж байхад Ж.Ч-н хашааны хаалга онгорхой байсан бөгөөд бид хоёр мотоциклоо Ч-гийн хашаанаас нэлээн хол зайтай газар унтраагаад хашааны дотор үүдний хэсэгт мотоцикл байхаар нь Ц.Г бид хоёр ярилцаж байгаад тухайн мотоциклыг түлхэж гаргаад үүдний хэсгээс нь холдуулж байгаад маниулыг нь гишгэхэд мотоцикл асчихсан. Тэгээд би өөрийн мотоцикл байсан газраасаа мотоциклоо асааж унаад Ц.Г-ын араас яваад тухайн мотоциклыг сумаас хойшоо гаргаад хогийн цэгийн хажууд очоод миний мотоциклд байсан 19х17 –той 1 ширхэг түлхүүрээр хоёр дугуйг нь тайлчихаад, мотоциклыг /хоёр дугуйнаас бусад хэсэг/ өндөр түнгэ дотор нуусан юм. Бид хоёр сумын төв рүү буцаж Б гэх айлын гэрт очиж хоносон. Маргааш өглөө нь Б ахын гэрт гадуур мотоцикл алга болчихсон гэж ярьж байна гэхээр нь би Ц.Г-той ярилцаад мотоциклыг буцааж хүргэж өгөхөөр болоод миний мотоциклоор Ц.Г бид хоёр мотоцикл хаясан газар очиход мотоцикл байхгүй байсан. Харин мотоциклын дугуй хаясан газраа байсан. Ц.Г бид хоёр хоорондоо ярилцаад зогсож байтал Ж.Б гэх залуу гар утсаар яриад уулзъя гэсэн. Тэгэхээр нь бид хоёр Б-ай очиж уулзахад “та хоёр мотоциклыг авсан, мотоциклыг аваад хаана хаясан юм, хамт очъё гэхээр нь бид хоёр Бгийн хамтаар мотоциклын рам хаясан гэх газрыг харуулаад “энд хаясан юм, хаясан газар байхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд бид нар буцаад Б-гийн гэрт очоод байж байтал мотоциклын эзэн Д гэгч нь ирсэн бөгөөд “залуучууд та нар ямар хэрэггүй зүйл хийдэг юм бэ” гэхэд Ц.Г “бид хоёр нэгэнт ийм зүйл болсон учир хохирлыг тань төлж өгнө” гэхэд Дамжин ах хохирол төлөөд өг, тэгвэл надад та нарт гомдол, санал байхгүй гэж хэлсэн. Тэгээд Ц.Г бид хоёр Ц.Гын төрсөн аав Ц-г дуудсан бөгөөд Ц ах хөдөөнөөс машинтайгаа орж ирээд Д ах бид нар хамт уулзсан. Ц ах Ц-тай уулзаад ноолуур өгөөд ноолуураас 2 сая төгрөг Д-д өгөхөөр болсон. Сүүлд Ц ах ноолуураа Ц-д хүргэж өгөөд Д-д шинэ мотоцикл авч өгсөн байсан. ....Мотоциклыг хулгайлахдаа би араас нь түлхээд Ц.Г мотоциклын рулийг бариад жолоодож явсан. Бид хоёр хашаанаас холдуулж байгаад Ц.Г мотоцикл жолоодоод би ард нь суугаад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн II-р хавтасны 85-86, 88-р тал/,

11. Шүүгдэгч Ц.Г-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр би тус аймгийн Тэс сумын 11-р багийн нутгаас өөрийн найз Р.Х-тэй хамт тус сумын төвд тоглолт үзэхээр Р.Х гийн мотоциклтой орсон. Бид нар ойролцоогоор 10-11 цагийн үед сумын төв рүү орсон бөгөөд манай дүү Гантөгс цэргийн албанд явах гээд цээж зургийг нь аймгийн төв рүү явуулах шаардлага гараад орой нь буцаад гэр рүү Р.Х-гийн эзэмшлийн хөх өнгийн Мустанг-5 загварын мотоциклтой яваад гэртээ очоод дүүгийн цээж зургийг аваад буцаад сумын төв рүү яваад орой нь сумын төв орсон. Намайг сумын төв ороход тоглолт тарчихсан байсан юм. Ойролцоогоор 21 цагийн үед сумын төв рүү орсон гэж бодож байна. Сумын төв ороод Р.Х-тэй уулзаад дэлгүүр орж, 2 ширхэг 2 литрийн савтай пиво худалдаж аваад сумын зах руу гараад бид хоёр пиво уусан. Бид хоёр тухайн үед Р.Х-гийн хүрэн өнгийн Мустанг-5 загварын мотоциклтой явж байсан бөгөөд сумын төв рүү явах замдаа Ч-гийн хашааны хажуугаар өнгөрч явахад хашаан хаалга онгорхой байсан бөгөөд тэдний хашаанд мотоцикл байсан. Р.Х бид хоёр тэдний хашаанд байсан мотоциклыг авахаар болоод мотоциклоо хашааны хаалганаас холхон тавиад бид хоёр явганаар алхаад Ч-гийн хашааны дотор талын хэсэгт байсан мотоциклыг хашаанаас түлхэж гаргаад хашаанаас холдуулаад маниулыг нь гишгэхэд асчихсан. Тэгээд би тухайн мотоциклыг унаад Р.Х өөрийнхөө мотоциклыг авахаар явсан. Бид хоёр сумын төвийн хойд талын хэсэгт уулзаад уг хулгайлсан мотоциклыг хогийн цэгийн ард талд Түнгэ дотор хүргээд хаячихсан. Р.Х-гийн мотоциклд байсан түлхүүрүүдээс 17х19 1 ширхэг түлхүүр хэрэглэсэн бөгөөд тухайн түлхүүрээр мотоциклын 2 ширхэг дугуйг тайлж авсан юмаа. Дугуйг тусад нь өөр газарт нуусан. Мотоциклын түлхүүрийг тухайн мотоцикл байсан газарт үлдээсэн бөгөөд дараа нь ирж буцаж дугуйгаа бооно гэж бодсон. Түүний дараагаар Р.Х бид хоёр Р.Х-гийн мотоциклтой манай нагац ах Б-ийн хашаанд ойролцоогоор 04 цаг 30 минутын үед ирээд тэднийд орж унтсан. Маргааш өглөө нь Б ахын гэрт гадуур мотоцикл алга болчихсон гэж ярьж байна гэхээр нь би Р.Х-тэй ярилцаад мотоциклыг буцааж хүргэж өгөхөөр болоод Р.Х-гийн мотоциклоор бид хоёр мотоцикл хаясан газар очиход мотоцикл байхгүй байсан. Харин мотоциклын дугуй хаясан газраа байсан. Р.Х бид хоёр хоорондоо ярилцаад зогсож байтал Ж.Б гэх залуу Р.Х рүү залгаж яриад уулзъя гэсэн. Тэгэхээр нь бид хоёр Бтай очиж уулзахад “та хоёр мотоциклыг авсан, мотоциклыг аваад хаана хаясан юм гэсэн ба бид хоёрыг мотоцикл авсан талаар мэдчихсэн байсан. Бид хоёр болсон үйл явдлыг хэлээд Бгийн хамтаар мотоциклын рам хаясан гэх газрыг харуулаад “энд хаясан юм, хаясан газар байхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд бид нар буцаад Бгийн гэрт очоод байж байтал мотоциклын эзэн Д гэгч нь ирсэн бөгөөд “залуучууд та нар ямар хэрэггүй зүйл хийдэг юм бэ” гэхэд Р.Х бид хоёр “танд шинэ мотоцикл авч өгье” гэж хэлсэн. Д ах аавтай чинь уулзана гэж хэлсэн ба би өөрийн төрсөн аав Ц-г дуудсан бөгөөд аав хөдөөнөөс машинтайгаа орж ирээд Д ах бид нар хамт уулзсан. Аав Д ахтай уулзаад хохирлыг чинь барагдуулж өгнө гэж хэлсэн. Удалгүй хэд хоногийн дараа Дамжин ахад шинэ Мустанг-5 загварын мотоцикл авч өгсөн. ...Бид хоёр тухайн мотоциклыг хулгайлж авах санаа зорилгогүй явж байсан бөгөөд тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн согтуу байсан. Мөн Чгийн хашааны хаалга онгорхой, хашаан дотор мотоцикл байхаар нь авчихсан. Тухайн мотоциклын дугуйг аваад өөр мотоцикл сэлбэж ашиглах гэж байсан. Одоо Р.Х бид хоёр авсан тухайн мотоциклын хоёр ширхэг дугуй надад байгаа. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж, харамсаж байна гэх мэдүүлэг /хх-ийн II-р хавтасны 95-96-р тал/-үүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууц далд аргаар авсан үйлдлийг  хулгайлах гэмт хэрэг гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд тодорхойлсон байх  бөгөөд шүүгдэгч Р.Х, Ц.Г нарын хохирогч С.Д-гийн мотоциклийг шөнийн цагаар нууц далд /хүнд мэдэгдэхгүйгээр/ аргаар авсан үйлдэл нь үйлдэл нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна.

Энэ зүйлийн тайлбарт “Бага бус хэмжээ”-ний хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” гэж,  мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж  тус тус тодорхойлсон байна.

Шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 37 дугаартай “Увс аймгийн Тэс суманд 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар “Мустанг-5” загварын мотоциклийн зах зээлийн үнэ 1.105.000 /нэг сая нэг зуун таван мянга/ төгрөгийн үнэтэй байжээ” гэх дүгнэлтээр шүүгдэгч нарын хулгайлсан хохирогч С.Д-гийн  “Мустанг-5” загварын мотоцикль 1.105.000 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдож байгаа бөгөөд  “бага хэмжээний хохирол”-оос илүү байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан байхаас гадна дээрэмдэх гэмт хэрэгт шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлдэгддэг онцлогтой гэмт хэрэг тул шүүгдэгч нарыг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тодорхойлсон бөгөөд шүүгдэгч Р.Х, Ц.Г нар нь санаатайгаар нэгдэж энэ гэмт хэргийг үйлдсэн тул прокуророос дээрх заалтыг журамлан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Р.Х, Ц.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Р.Х, Ц.Г нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.

IV. Шүүгдэгч Р.Х, Б.О нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Р.Х, Б.О нар бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 21-нд хохирогч Б.Дг зодсон болох нь:

1. Хохирогч Б.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Бид нар хамт суугаад архи, пиво зэргийг ууж дууссаны дараа Гантулга бид хоёр гараад манай найз Гантулга гараад такси аваад би харьлаа гээд яваад өгсөн юм. Тэгээд би “Гоулд” рестораны урд байдаг хар зам гараад явж байтал “Гоулд” ресторанд хамт байсан 3 залуугийн 2 нь араас ирээд эхлээд Б.О нь намайг намайг хавирч унагаасан. Дараа нь “ямар том пизда вэ” гэж хэлээд гараараа миний толгой хэсэгт аль нэг нь цохисон. Тэгээд би газарт унахад нөгөө хажууд нь дагаж явсан нэг залуу нь миний баруун талын өмдний халаасанд байсан 1.000.000 төгрөгийг авсан бөгөөд дахин миний цээж хэсэгт өшиглөчихөөд яваад өгсөн. Тэгэхэд миний толгойноос цус гарсан байсан ба миний баруун хөмсөгний дээд талаас мөн цус гарсан юм. Би Нэгдсэн эмнэлэгт очоод цус гарсан хэсэгтээ оёдол тавиулсан юм. Дараа нь харьж амраад өглөө нь цагдаа дээр ирж гомдол гаргасан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн I-р хавтасны 49-50-р тал/,

2. Гэрч Ц.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Тэр үед гаднаас үл таних 3 залуу орж ирсэн бөгөөд тэдгээр 3 залуу Б.Д-тай маргалдах гээд байсан юм. Тэгээд манай ширээний хажууд сууж байгаад бид нар хамт суусан. Тэд хэлэхдээ бид нар Увс аймгийн Тэс суманд амьдардаг гэж хэлж байсан. Тэгээд би согтсон болохоор гараад явчихсан. Манай найз Б.Д гадаа тэд нартай маргалдаад үлдсэн. Би өөрийн виза картаа хулгайд алдсан болохыг мэдээд цагдаагийн байгууллага дээр ирэхэд Б.Д бас ирчихсэн байсан бөгөөд хөмсөгний хэсэгт оёдол тавиулсан талаараа хэлээд нөгөө 3 залуугийн хоёр залуу нь намайг зодоод хар өнгийн ууттай  1  сая төгрөгийг аваад явчихлаа гэж хэлсэн. Өмнөх өдөр нь Б.Д-гийн биеийн нүүрний хэсэгт ямар нэг гэмтэл байгаагүй. Намайг явсны дараа Б.Д нь бусдад зодуулж дээрэмдүүлсэн байх...” гэх мэдүүлэг / хх-ийн I-р хавтасны 56-57-р тал/,

3. Гэрч Ц.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Хэсэг хугацааны дараа Б.Д гаднаас орж ирээд зодуулчихлаа гэж хэлсэн бөгөөд нүд нь хавдчихсан байдалтай байсан. Тэс сумын гаралтай 2 залууг хайгаад яваад байсан. Сая та нар хамт гарсан биздээ, түүнээс хойш орж ирээгүй гэхэд заза гэж хэлчихээд гараад явсан. Б.Д, Ц.Г нар манай пабаар үйлчлүүлэхээр ирж байхад Б.Д-гийн нүүрний хэсэгт ямар нэгэн гэмтэл байгаагүй. Манайхаас гарч явчихаад буцаад Тэс сумын 3 залууг хайж орж ирэх үед түүний хөмсөг нүд нь хөхөрч хавдсан байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтасны 62-63-р тал/,

4. Гэрч Б.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Маргааш нь Тэс сум руу явах автомашинд Р.Х-гийн хамтаар сууж байхад Р.Х-г танихгүй 2 залуу ирээд аваад явсан бөгөөд юу болсон талаар асуухад өчигдөр шөнө хүн зодож, дээрэмдсэн гэж хэлсэн. Тэгж Б.О, Р.Х нарыг хүн зодсон талаар мэдсэн юм...” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтасны 182-р тал/,

5. Шүүгдэгч Б.О-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Р.Х, Б.Д нар бие засах газарт орж хоорондоо маргалдсан юм шиг байсан. Б.Д буцаж өрөө рүү орж ирэхдээ танай найз Р.Х намайг 2 удаа ташсан, намайг зодчихлоо гэж хэлсэн. Бид нар өрөөндөө хамт сууж байгаад Ц.Г, Б.Д нар түрүүлж гарч явсан. Р.Х Б.Д руу дайраад зодох гээд байсан. А.М, Р.Х бид 3 араас нь гарахад “Гоулд” рестораны үүдний хэсэгт манай төрсөн ах Б.Х ирчихсэн байсан ба Б.Х, А.М хоёрыг хүлээж бай гэхэд тэр хоёр А.М-ын гэр рүү такси бариад явчихсан. Б.Д нь “Гоулд” рестораны урд талын замын эсрэгт талын сааданд байсан бөгөөд найз Ц.Г нь явчихсан байсан. Р.Х бид хоёр Б.Д байсан газарт очоод жаахан маргалдаад би Б.Д-тай зодолдоод хавирч унагаахад Р.Х толгой руу нь нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 113-114-р тал/,

6. Шүүгдэгч Р.Х-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн “...Удалгүй А.М бас хүрээд ирсэн. Бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд согтох үед Б.Д гэгч нь “муусайн баядууд” гэж хэл амаар доромжлоод байхаар нь би Б.Дг “Гоулд” рестораны бие засах газар руу оруулаад 2 удаа зүүн талын хацар руу нь гараараа алгадсан. Түүний дараагаар бид хоёр эвлэрээд буцаад өрөөндөө орж ирээд сууж байгаад бид нар “Гоулд” ресторанаас гарсан. “Гоулд” ресторанаас гарснаас хойш юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Гадуур алхаж байгаад АТМ-ээс мөнгө авсанаа санаж байна. АТМ-ээс авсан мөнгөнөөс 150.000 төгрөгийг Б.О надад өгсөн. А.М нь Б.О-ын ах Б.Х-тай хамт түрүүлээд явсан. Б.О надад хоёулаа АТМ орчихоод араас нь очъё гэж хэлээд хамт үлдсэн. Б.Хосбаяр “Гоулд” рестораны гадна ирсэн юм байх тодорхой сайн санахгүй байна. Тухайн өдөр “Гоулд” ресторанаас гараад болсон үйл явдлыг санахгүй байна. Б.О-аас сүүлд асуухад “Б.Д гэгчийг сааданд цохиж, байхад би халааснаас нь 120.000 төгрөг авсан” гэж надад өөрөө хэлсэн....” гэх мэдүүлэг / хх-ийн I-р хавтасны 123-124-р тал/-үүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 112 дугаартай “Иргэн Б.Д-гийн биед баруун хөмсөгний дээр дээрх 2 см хэмжээтэй язарсан шарх, баруун нүдний эвэрлэгт цус харвалт, баруун хацарт 0.9х0.5 см хэмжээтэй зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Хөмсөгний язарсан шарх нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах гэмтэл учир Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт / хх-ийн I хавтасны 95-р тал/ -ээр шүүгдэгч Р.Х, Б.О нар нь хохирогч Б.Дг  зодсоны улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг иш татаж заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт “бүлэглэж үйлдсэн бол...” гэж заасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тодорхойлсон бөгөөд шүүгдэгч Р.Х, Б.О нар нь санаатайгаар нэгдэж энэ гэмт хэргийг үйлдсэн тул бүлэглэж энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Р.Х, Б.О нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Р.Х, Б.О нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Р.Х, Б.О нар нь хохирогч Б.Дгаас 1.000.000 төгрөг дээрэмдсэн, хохирогч Ц.Г-ас 310.000 төгрөг хулгайлсан, хохирогч Б.Дгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,  шүүгдэгч Р.Х, Ц.Г нар нь хохирогч С.Д-гийн мустанг-5 загварын мотоциклийг хулгайлж 1.105.000 төгрөгийн хохиррлыг тус тус учруулсан болох нь  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Р.Х, Б.О нар хохирогч Ц.Г-д 310.000 төгрөг, шүүгдэгч Р.Х, Ц.Г нар хохирогч С.Д-д 1.105.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлсөн болох нь хохирорч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Гэм буруугийн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Д өөрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотойгоор хохирол нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн тул  1.000.000 төгрөгийг шүүгдэгч Р.Х, Б.О нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч Б.О өөрт ногдох 500.000 төгрөгийг төлсөн, шүүгдэгч Р.Х өөрт ногдох 500.000 төгрөгөөс 280.000 төгрөгийг төлсөн болох нь шүүхийн эрүүгийн хариуцлагын хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Б.Д-гийн мэдүүлгээр тогтоогдсон тул Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан шүүгдэгч Р.Х-гээс 220.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Д-д олгох нь зүйтэй байна.

2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Р.Х, Б.О, Ц.Г нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.О-ын хувийн зан байдлын талаар гэрч С.Б-ий өгсөн: “Б.О нь 1999 онд төрсөн, миний отгон хүү юм. Би өөрийн хүү Б.Оыг гэмт хэрэг зөрчилд холбогдож болохгүй талаар үргэлж захиж, хэлдэг байсан. Хүү Б.О нь эхнэр бид хоёртой хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, Б.О нь Тэс сумын сургуульд суралцаж байгаад 9-р анги төгсөөд Улаангом Политехник коллежид суралцаж, сантехникч мэргэжлээр төгссөн. Зан байдлын хувьд төлөв даруухан зантай, ажилсаг, тусархуу, эелдэг боловсон зантай хүүхэд юм. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тами татдаггүй, урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй. Түүний нэр дээр одоогоор ямар нэгэн эд хөрөнгө байхгүй. Бие эрүүл мэндийн хувьд эрүүл чийрэг, биеийн хөгжил хэвийн. Уг нь даруухан хүүхэд бөгөөд хүн дагаж яваад хэрэгт холбогдсон гэж бодож байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн I-р хавтасны 237-238-р тал/,

Шүүгдэгч Ц.Гын хувийн зан байдлын талаар гэрч Д.Г-ийн өгсөн: “...Ц.Г нь айлын 3 дахь хүүхэд бөгөөд тусдаа гараагүй, аав, ээжийн хамтаар мал маллаж амьдардаг. Би авга дүү Ц.Г-ыг хүүхэд байх цагаас нь мэддэг бөгөөд төлөв даруухан зантай, хүний үгнээс гардаггүй, даруухан, тайван дөлгөөхөн зантай, чөлөөт бөхөөр барилддаг, аймаг, улсад түрүүлж байсан хүүхэд юм. Мөн хүүхэд байхдаа үндэсний бөхөөр барилдаж байсан, одоо сумын харцага цолтой. Ц.Г цэцэрлэгээр хүмүүжээгүй шууд сургуульд орсон ба Тэс сумын ахлах сургуулийн 12-р ангийг сурч төгсөөд Завхан аймгийн Завхан тэс сумын Хилийн цэргийн ангид 1 жилийн цэргийн алба хаагаад ирсэн бөгөөд түүнээс хойш түүнээс хойш гэртээ аав, ээждээ туслаад мал маллаж амьдарч байна. Тэрээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаггүй, ямар нэгэн муу зуршилгүй. Урьд өмнө нь хэрэгт зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн II-р хавтасны 52-53-р тал/,

Шүүгдэгч Р.Х-гийн хувийн байдлын талаар гэрч Ж.Б-ын өгсөн: ...Р.Х нь манай авга дүү бөгөөд Р-гийн 3 дахь хүүхэд нь юм. 1997 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн. Р.Х нь дээрээ хоёр эгчтэй айлын отгон хүүхэд юм. Р.Х гэгчийн аав Р нь гэмт хэрэг үйлдээд Хүрлээг төрөөд удаагүй байхад шоронд явсан бөгөөд Х-гийн ээж С нь 3 хүүхдийнхээ хамтаар амьдарч байсан. Р нь 2017 онд шоронгоос суллагдсан бөгөөд түүнийг суллагдсаны дараагаар Р.Х-гийн ээж С нь өвчний улмаас нас барсан. Р.Х нь хагас өнчин хүүхэд юм. Р.Х нь хүүхэд байхдаа их төлөв даруухан зантай, ажилсаг, тусархуу хүүхэд байсан. Хичээлд суралцаж байгаад гарчихсан. Миний бодлоор 3-р анги төгссөн байх. Боловсролгүй, мэргэжилгүй, одоогоор Тэс сумын 11-р багт өөрийн аав Р-гийн хамтаар байнга оршин суудаг. Р.Х нь Улаанбаатар хотод Налайхад хугацаат цэргийн албыг 1 жилийн хугацаагаар хаагаад ирсэн. Р.Х одоогоор зан байдлын хувьд тайван дөлгөөхөн зантай, даруухан, үг дуу цөөтэй, ажилсаг тусархуу, эелдэг боловсон зантай, хүний хэлсэн үгийг биелүүлдэг, хүний үгнээс гардаггүй, буруу найз нөхөдтэй холбогдоод гэмт хэрэгт холбогдож болзошгүй. Урьд өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй. Эрүүл чийрэг биетэй....” гэх мэдүүлэг /хх-ийн II-р хавтасны 54-55-р тал/ хэрэгт авагджээ.

Шүүгдэгч нар урьд өмнө нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь хавтаст хэргийн 240, 241-р талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.О, Ц.Г нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч Р.Х-д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,

шүүгдэгч Р.Х, Б.О нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл бүлэглэж үйлдсэн” гэх ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон,

Шүүгдэгч Ц.Г-т ял оногдуулахад  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “... бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн” гэх ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Р.Х-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2  жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 10 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 8 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Шүүгдэгч Ц.Год Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 6 сар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Р.Х, Б.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг, хууль тогтоогч тухайн гэмт хэрэгт нь хорих ял оногдуулахгүйгээр тогтоосон байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргүүдэд оногдуулсан хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 3-д “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж заасан тул шүүгдэгч Р.Х, Б.О нарын хохирогч Б.Д-г дээрэмдэж олсон орлого 1.000.000 төгрөг, хохирогч Ц.Гантулгын виза картнаас хулгайлсан 310.000 төгрөгийг нийт 1.310.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч Р.Хгээс 634.750 төгрөгийг, шүүгдэгч Б.О-аас 655.000 төгрөгийг тус тус хурааж, хохирогч Б.Д-д учирсан хохирлын 220.000 төгрөгийг нөхөн төлүүлж, үлдэх хэсгийг улсын орлого болгох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Р.Х, Ц.Г нарын хулгайлсан мотоцикль олдоогүй тул уг мотоциклийн үнийг хурааж улсын орлого болгох үндэслэлтгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий CD-ийг хэрэгт үлдээж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн мотоциклын 2 ширхэг дугуй, 20.250 төгрөгийг тус тус улсын орлого болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Р.Х, Б.О, Ц.Г нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О, Ц.Г нараас гаргуулах хохиролгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нв зүйтэй.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Р-ийн Х-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бус эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэм хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч Т овогт Б-ийн О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бус эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэм хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай,

- Шүүгдэгч Б овогт Цгийн Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бус эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Р.Х-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 /хоёр/ жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 10 /арав/ сар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 400 дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

- Шүүгдэгч Б.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 8 сар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 400 дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

- Шүүгдэгч Ц.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 6 сар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2.4 дэх хэсгүүдэд заасныг журамлан шүүгдэгч Р.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 10 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жил хорих ялд нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 10 сар хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2.4 дэх хэсгүүдэд заасныг журамлан шүүгдэгч Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 8 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жил ялд нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг  2 жил 8 сар хорих ялаар тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т заасныг баримтлан шүүгдэгч Р.Х, Б.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ял эдэлж дууссан өдрөөс эхлэн эдлүүлэхээр тогтоож, нийтэд тустай ажлыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан шүүгдэгч Р.Х-ээс 220.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Д-д олгосугай.

7. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Г, Б.О нараас гаргуулах хохиролгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3-т заасныг баримтлан шүүгдэгч Р.Х, Б.О нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 634.750 төгрөгийг шүүгдэгч Р.Х-гээс, 655.000 төгрөгийг шүүгдэгч Б.О тус тус хурааж, хохирогч Б.Д-д учирсан хохиролын 220.000 төгрөгийг нөхөн төлүүлж, үлдэх хэсгийг улсын орлого болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д заасныг баримтлан  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий CD-ийг хэрэгт үлдээж, 2 ширхэг дугуй, 20250 төгрөгийг тус тус улсын орлогод оруулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Х, Б.О, Ц.Г нарт өмнө авсан хувийн батлгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Б.ГАНСҮХ