Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2021/03734

 

 

 

 

 

 

2021 11 16

101/ШШ2021/03734

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19 хаягт оршин байрлах Худалдаа хөгжлийн банк ХХК /рд:2635534/-ийн гаргасан,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Хаппи таун хотхон 71 дүгээр байр, 89 тоот хаягт оршин суух Харчин овогт Чулуунбаатар ******* /рд:ЗЮ72111407/-т холбогдох,

Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чинзориг, хариуцагч Ч.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Юу Би Эйч проперти ХХК нь Худалдаа хөгжлийн банктай 2016 оны 5-р сарын 6-ны өдөр 1,4 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж байсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний баталгаа болгож Баянзүрх дүүргийн 5-р хороо, 13-р хороолол, Хаппи таун хотхоны 71,72,73 тоот орон сууцнуудыг хуульд заасны дагуу барьцаалж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гэрээ байгуулсан. Иймд Юу Би Эйч проперти ХХК нь зээлийн гэрээг заасан хугацаанд биелүүлээгүй учир зээлийн барьцаанд байсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг 2018 оны 10-р сарын 31-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан гэрээний дагуу өр төлбөрт тооцон Худалдаа хөгжлийн банканд шилжүүлж байсан. Үүгээр талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээ, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. Банкны өмчлөлд шилжсэн орон сууцнууд дунд харилцагчын оршин сууж байгаа 71 байрны 89 тоот орон сууц байдаг. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 165 дугаар зүйлд заасны дагуу барьцаа хөрөнгөөр тэргүүн ээлжинд үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй бөгөөд уг эрхээ хэрэгжүүлэн барьцааны зүйлийн өмчлөх эрхийг олж авсан. Худалдаа хөгжлйин банк нь дээрх орон сууцны өмчлөх эрхийг О.Өрнөхбаяр гэх хүнээс шилжүүлэн авсан. Энэ нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 т заасан эрх шилжүүлэгч нь өмчлөгч бус этгээд байсан ч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн хувьд уг эрхийг шилжүүлж байгаа этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байна. Мөн Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 заасны дагуу мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан бол түүний өмчлөх эрхийг шударгаар олж авсанд тооцно гэж заасны дагуу орон сууцны шударга өмчлөгч болж байна. Хаппи таун хотхоны 71 байрны 89 тоотод амьдарч байгаа хариуцагч Ч.*******ийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 заасны дагуу тухайн орон сууцнаас албадан чөлөөлж өгөхийг даалгаж өгнө үү.

Би Ч.*******ийн зээл судлагдаж байгаа салбартай холбогдсон. Ч.*******ийн хүү болон нөхрийн нийгмийн даатгал хүрэхгүй байгаа. Мөн Ч.*******ийн нэр дээр зээл гарах магадлал бага байгаа талаар ярьсан. Хэрэв манай талд шийдэгдлээ гэхэд бид цаашаа шийдвэр гүйцэтгэх газар руу шилжүүлэхгүйгээр зээлэнд хамруулаад явчих боломжтой байгаа. Учир нь Хаппи таун хотхон нь манай банкны зээлийн эх үүсвэрээр боссон учир бид оршин суугч нартаа зээл олгох боломжтой. 2020 оны 6-р сард Улаанбаатар хотын банк болон Худалдаа хөгжлийн банк нь нэгдсэн. Ингэснээр Улаанбаатар хотын банкинд байсан өр төлбөр зээлүүд Худалдаа хөгжлийн банк дээр ирсэн. Хариуцагчийн өгсөн 25,000,000 төгрөг худалдаа хөгжлийн банкны дансанд ороогүй. Тэгэхээр хариуцагчийн хувьд тусдаа хувиараа н.Мөнгөнцэцэгтэй асуудлаа шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Иймд, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагчийг уг орон сууцнаас албадан чөлөөлж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Юу би эйч проперти ХХК-тай 2018 оны 01 сарын 18-ны өдөр орон сууц худалдан авах гэрээ байгуулж тухай үедээ тус компаний борлуултын менежер Б.Мөнгөнцэцэгт байрны урьдчилгаа төлбөрт 15 сая төгрөгийг бэлнээр өгч гэрээ хүчин төгөлдөр болж улмаар 2019 оны 3 дугаар сард компанийн 71-р байрны 89 тоот 2 өрөө байранд орж амьдарсан. Тус компанитай харилцан тохирсноор бид урьдчилгаагаа өгөөд үлдсэн төлбөр дээр нь 8 хувь зээлийн гэрээг Улаанбаатар банктай хийж өгөхөөр тохиролцсон байсан. Гэтэл Улаанбаатар банк нь Худалдаа хөгжлийн банкинд их хэмжээний өртэй тул дээрх байр өрөнд шилжсэнийг 2019 оны 9 сард мэдсэн улмаар Юу би Эйч проперт ХХК-иас 15 сая төгрөгөө авч нэхэмжлэгч тал руу шилжүүлэх гэтэл компанийн менежер Мөнгөнцэцэг нь 15 сая төгрөгийг хашаа хийсэн нь тодорхой бус байсан. Тухайн үед Улаанбаатар банкны эдийн засагчтай байнга уулзаж яагаад зээл гарахгүй байгаа талаар уулзаж тодруулж байхад бидэнд энэ талаар огт юм хэлээгүй байж гэнэт ийм зүйл болсон.

Энэ байрыг худалдаж авахад нэхэмжлэгч тал руу байраа шилжүүлж өгсөн О.Өрнөхбаяр гэж хүний нэр дээр байрны өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байсан. Энэ хүнтэй байгуулагдсан гэрээ дуусгавар болоогүй, цуцлагдаагүй байхад Худалдаа хөгжлийн банк албадан гаргуулах шаардлага гаргаж байгаа ойлгохгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК нь хариуцагч Ч.*******т холбогдуулан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 15 дугаар хороолол 71 дүгээр байрны 89 тоот орон сууцны өмчлөгч тул өөрийн өмчлөлийн орон сууцанд хариуцагчийг хууль бусаар амьдарч байгаа гэж үзэж Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар түүний хууль бус эзэмшлээс албадан гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлсон.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК, Юу би эйч проперти ХХК нарын хооронд 2016 оны 5 сарын 06-ны №ЗГ/сс160506007-5 дугаар зээлийн гэрээ, Худалдаа хөгжлийн банк ХХК болон О.Өрнөхбаяр нарын хооронд №ЗБ/СС160506007-5-12 дугаар барьцааны гэрээ тус тус байгуулагдсан байна. /хх-ийн 10-19 дүгээр тал/

Дээрх гэрээгээр зээлдүүлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-иас Юу би эйч проперти ХХК-нд 48,725,000,000 төгрөгийг, жилийн 16.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай олгох, зээлдэгч нь зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэг хүлээсэн ба зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангах зорилгоор... Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, /13342/ хд 71 дүгээр байрны ...89... тоот орон сууцуудыг барьцаалсан байна.

Худалдаа хөгжлийн банк ХХК нь О.Өрнөхбаяртай 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ гэх гэрээг байгуулж, О.Өрнөхбаяр нь Юу би эйч проперти ХХК-ийн 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан №ЗГ/СС160506007-5 тоот зээлийн гэрээний өр төлбөрийн тодорхой хэсгийн өр төлбөрт ... үл хөдлөх хөрөнгийн 000606889 тоот гэрчилгээтэй эрхийн улсын бүртгэлийн Ү-2204078426 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 хороолол, /13342/ хд 71 дүгээр байрны ...89 тоот хаягт байршилтай (62.56 мкв) орон сууцыг 104,742,000 төгрөгөөр... тооцон банкны өмчлөлд шилжүүлэх, банк тус хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, зээлийн өр төлбөрийг барагдуулахаар харилцан тохиролцсон байна. /хх-ийн 17-19 дүгээр тал/

Энэхүү гэрээний дагуу иргэн О.Өрнөхбаяр нь Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн өмчлөлд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, /13342/ хд 71 дүгээр байрны 89, 100, 101, 102, 105, 106, 115 тоот хаягт байршилтай 432,18 мкв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлснээр, нэхэмжлэгч нь дээрх орон сууцнуудын хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204078426 дугаартай, №000681529 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна. /хх-ийн 9 дүгээр тал/

Иймд нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, /13342/ хд 71 дүгээр байрны 89 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч байх бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар бусдын хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгийг шаардах эрхтэй байна.

Энэ тохиолдолд хариуцагч нь тухайн хөрөнгийг хууль ёсны дагуу эсхүл хууль бусаар эзэмшиж байна уу гэдэгт дүгнэлт хийх нь зүйтэй байна.

Хариуцагчаас дээрх үл хөдлөх хөрөнгийг гэрээний үндсэн дээр эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд гэрээний үүрэгт 15 сая төгрөгийг Юу би эйч проперти ХХК-нд төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хариуцагч Ч.******* нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр О.Өрнөхбаяртай худалдах, худалдах авах гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, /13342/ хд 71 дүгээр байрны 89 тоот хаягт байрлах 62,56 мкв талбайтай, 2 өрөө орон сууцны үнийг төлж худалдан авахаар тохиролцсон байна. /хх-ийн 30-31 дүгээр тал/

Энэ гэрээг байгуулагдах үед дээрх үл хөдлөх хөрөнгө нь иргэн О.Өрнөхбаярын өмчлөлд байсан болох нь хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан №000806883 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээгээр нотлогдож байна. /хх-ийн 32 дугаар тал/

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй гэж, мөн Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно гэж заасан.

Мөн Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж заасан.

Тодруулбал харицагч Ч.******* нь гэрээний үндсэн дээр буюу гэрээ байгуулагдах үед хууль ёсны өмчлөгч байсан этгээдтэй гэрээ, хэлцэл байгуулсны үндсэн дээр тухайн үл хөдлөх хөрөнгийг эзэмших эрхийг олж авсан хууль ёсны эзэмшигч байна.

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК болон О.Өрнөхбаяр нарын хооронд байгуулсан гэрээний 2.1.7-д төлбөр төлөгч нь зээлийн өр төлбөрт шилжүүлж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн талаар хөлслөгч, түрээслэгч зэрэг гуравдагч этгээд байгаа эсэх талаар банкинд мэдэгдэх үүрэгтэй. Хэрэв бий бол тэдгээрийн эрхийн талаар зааж, тэдгээрт холбогдох асуудлыг хэрхэн зохицуулсныг тодорхойлох үүрэгтэй гэж зааснаар энэ үүргээ шаардах эрх нь нэхэмжлэгчид байна. Өөрөөр хэлбэл өмчлөх эрхийг гэрээний үндсэн дээр олж авч байгаа тохиолдолд эрхийн доголдолгүй хөрөнгө хүлээн авах, үүнтэй холбоотой шаардах эрх нь тухайн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ байгуулсан гэрээний талуудад байна.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээ дуусгавар болсон эсхүл түүнийг эд хөрөнгийг эзэмших эрхгүй буюу энэ эрхээ алдсан гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Иймээс хариуцагчийг тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан хууль бус эзэмшигч гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд энэ тохиолдолд мөн хуулийн 93 дугаар зүйлйин 93.1-д Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэх зарчим үйлчлэх тул нэхэмжлэгчийн хувьд шударга эзэмшигч гэж үзэх Ч.*******ийг орон сууцнаас албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэгт 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн хариуцагч Ч.*******т холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол-2 /13342/, хд 71 дүгээр байр, 89 тоот 2 өрөө орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА