Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/00159

 

 

 

 

 

                      ХХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                            иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2021/03734 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ХХБ ХХК-ийн хариуцагч Ч.Гт холбогдуулан гаргасан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чинзориг, хариуцагч Ч.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: ...89 тоот орон сууцыг хариуцагч Ч.Гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлнэ.

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: ЮБЭП ХХК 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ХХБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, үүргийн гүйцэтгэлд ....таун хотхоны 71, 72, 73 тоот орон сууцнуудыг барьцаалсан. ЮБЭП ХХКгэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй учир банк барьцааны хөрөнгүүдийн өмчлөх эрхийг шилжүүлж авсан. Банк уг орон сууцнуудыг О.Өшилжүүлж авсан. Банк Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу орон сууцны шударга өмчлөгч мөн.  Ч.Гийн хүүхэд, нөхрийн нийгмийн даатгал хүрэхгүй байгаа учраас зээл гарах магадлал бага талаар ярьсан. Хаппи таун хотхон банкны зээлийн эх үүсвэрээр баригдсан учраас оршин суугч нарт зээл олгох боломжтой. 2020 оны 6 дугаар сард Улаанбаатар хотын банк нь Худалдаа хөгжлийн банктай нэгдэж, тус банкны өр төлбөр зээлүүд Худалдаа хөгжлийн банканд шилжсэн. Хариуцагчийн өгсөн 25,000,000 төгрөг Худалдаа хөгжлийн банкны дансанд ороогүй. Хариуцагч тусдаа Ш.М асуудлаа шийдвэрлүүлэх нь зүйтэй гэжээ.

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад: “ЮБЭ проперти” ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр орон сууц худалдан авах гэрээг байгуулж тус компанийн борлуултын менежер н.Мөнгөнцэцэгт байрны урьдчилгаа төлбөрт 15,000,000 төгрөг бэлнээр өгсөн. 2019 оны 03 дугаар сард 71-р байрны 89 тоот 2 өрөө байранд амьдарч эхэлсэн. Байрны урьдчилгаа төлбөрийг өгч, үлдэгдэл төлбөрт 8 хувийн зээлийн гэрээг Улаанбаатар банктай байгуулахаар тохиролцсон байсан. Гэтэл тус компани өрөндөө Худалдаа хөгжлийн банкинд тус байрыг шилжүүлснийг 2019 оны 09 дүгээр сард мэдсэн. “ЮБЭ проперти”  ХХК-аас 15,000,000 төгрөгийг авч нэхэмжлэгчид шилжүүлэх гэсэн боловч компанийн менежер н.Мөнгөнцэцэг уг мөнгийг хаашаа хийсэн нь тодорхой бус байсан. Тухайн үед Улаанбаатар банкны эдийн засагчтай байнга уулзаж зээл гарахгүй байгаа талаар тодруулахад энэ талаар мэдэгдээгүй. О.Өтай байгуулсан гэрээ дуусгавар болоогүй, цуцлагдаагүй байхад байрнаас албадан гаргуулах шаардлага гаргаж байгаа ойлгохгүй байна гэжээ.

 3. Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХБ ХХК-ийн хариуцагч Ч.Гт холбогдуулан гаргасан  89 тоот 2 өрөө орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чинзоригийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хэрэгсэхгүй болгож, Ч.Гийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлж өгнө үү.

4.1 ЮБЭП ХХКзээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул зээлийн барьцаанд барьцаалсан ... 71,72,73 дугаар байрны орон сууцнуудын өмчлөх эрхийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр банкны өмчлөлд шилжүүлсэн. Банкны өмчлөлд шилжсэн орон сууцнууд дунд хариуцагчийн оршин сууж байгаа Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15-р хороолол /13342/, 71 дүгээр байрны 89 тоот орон сууц багтсан.

Шүүх хариуцагчийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан хууль бус эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй, мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. 2018 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрх шилжүүлэх гэрээний дагуу орон сууцны өмчлөх эрх банкны өмчлөлд шилжсэн. Хариуцагч 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр орон сууц худалдан авах гэрээ байгуулж тухай үедээ тус компаний борлуулалтын менежер Б.Мөнгөнцэцэгт байрны урьдчилгаа төлбөрт 15,000,000 төгрөгийг бэлнээр өгч, 2019 оны 03 сард компанийн 71-р байрны 89 тоот 2 өрөө байранд амьдарсан гэж тайлбарладаг. Орон сууц худалдах, худалдан авах гэрээний 4.2-т “уг орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь худалдагдаагүй, барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй, хөлслүүлээгүй, түрээслүүлээгүй болно” гэж заасан.  Гэтэл зээлдэгч ЮБЭП ХХКнь 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Худалдаа, хөгжлийн банктай зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг байгуулж .....71,72,73-н тоот орон сууцны барилгуудыг барьцаалж, үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан. ЮБЭП ХХКболон иргэн Ч.Г нарын хооронд байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээг дээрх үндэслэлээр хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй. Банк 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлдэгчид зээлээ судлуулах, мөнгөө төлөх бүрэн боломжийг олгосон боловч одоог хүртэл банкны өмчлөлийн орон сууцанд хууль бусаар оршин сууж, банкны эрх ашгийг хохироож байна гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: 2018 оны 3 дугаар сард “ЮБЭ проперти” ХХК-д 25,000,000 төгрөгийн урьдчилгаа өгч, О.Ө, н.Мөнгөнцэцэг нартай гэрээ байгуулсан. Үлдэгдэл төлбөрийг төлөхийн тулд “Улаанбаатар банк” ХХК-нд зээлийн материал бүрдүүлж өгсөн. ХХБ ХХК-аас 93,000,000 төгрөгийн урьдчилгаа 10 хувийн төлбөрийг банкинд байршуулаад зээлд хамрагдаж болно гэж хэлсэн учраас 7,000,000 төгрөгийг банкинд байршуулсан. Хил хаагдсаны улмаас орлогогүй болж үлдэгдэл төлбөрөө өгч чадаагүй гэжээ.

ХЯНАВАЛ:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзсэн болно.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч ХХБ ХХК хариуцагч Ч.Гт холбогдуулан ....таун хотхоны 71-р байрны 89 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

1. Хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ, өмчлөх эрхийн гэрчилгээ, талуудын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдсон байна.

ЮБЭП ХХК2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч ХХБ ХХК-аас дуусаагүй барилга санхүүжүүлэх зориулалтаар 48,725,000,000 төгрөг зээлдэн авч, маргаан бүхий ....таун хотхоны 71-р байрны 89 тоот орон сууцыг оролцуулан барьцааны гэрээнд нэрлэн заасан орон сууцны зориулалттай барилгуудыг барьцаалсан байна. Улмаар нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр О.Өтай байгуулсан банкны зээлийн өр төлбөрт тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээгээр “ЮБЭ проперти” ХХК-ийн зээлийн гэрээний өр төлбөрт барьцааны гэрээнд жагсааж бичсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг шилжүүлэн авч, төлбөр төлөгчийн зээлийн өр төлбөрийг төлөгдсөнд тооцсон байна. Нэхэмжлэгч нь тус орон сууцны өмчлөгчөөр 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр бүртгэгджээ. /хх9-19/

2. Хариуцагч Ч.Гийн “89 тоот орон сууцыг “ЮБЭ проперти”” ХХК-тай байгуулсан худалдах худалдан авах гэрээгээр худалдан авч, урьдчилгаа төлбөрт 25,000,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг банкны зээлээр төлөхөөр судлуулсан, банканд урьдчилгаа төлбөрт 7,000,000 төгрөг байршуулсан. Тус компанитай байгуулсан гэрээний үүрэг дуусгавар болоогүй байхад орон сууцнаас албадан гаргуулах үндэслэлгүй” гэх татгалзлыг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Хэдийгээр хууль ёсны өмчлөгч нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөлийн зүйлээ бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй боловч нөгөө талын эзэмшил нь хууль бус байх ёстой. Өөрөөр хэлбэл, эзэмших эрхээ алдсан шударга бус эзэмшигч байх урьдчилсан нөхцөл хангагдсан байх шаардлагатай.

Хэрэгт хариуцагч Ч.Г, О.Ө нарын хооронд 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан маргаан бүхий орон сууцыг 130,927,500 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ авагдсан байна.  /хх30/

Хариуцагч нь “ЮБЭ проперти”  ХХК-д орон сууцны урьдчилгаа төлбөрт 25,000,000 төгрөг, ХХБ ХХК-д 7,000,000 төгрөг тус тус төлсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон. Хэргийн 31 дүгээр тал дахь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс харахад дээрх гэрээг байгуулах үед тус орон сууцны өмчлөгчөөр О.Ө бүртгэлтэй байжээ.

Иймд хариуцагч нь орон сууцыг хууль ёсны өмчлөгчөөс нь худалдан авч, гэрээний дагуу эзэмшиж, ашиглаж байх тул Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар шударга эзэмшигч гэж үзнэ. Мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй. О.Өтай байгуулсан дээрх гэрээний үүрэг дуусгавар болсон, цуцлагдсан талаар баримтгүй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах урьдчилсан нөхцөл бүрдээгүй байх тул  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

3. Нэхэмжлэгч нь ЮБЭП ХХКмаргаан бүхий орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалсан атлаа 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний 4.2-т “уг орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь худалдагдаагүй, барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй, хөлслүүлээгүй, түрээслүүлээгүй болно” гэж заасан нь уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй гэх давж заалдах гомдол гаргасан.

Хариуцагч Ч.Г, О.Ө нарын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний 4.2-т “уг орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь худалдагдаагүй, барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй, хөлслүүлээгүй, түрээслүүлээгүй болно” гэж заасан боловч уг гэрээг байгуулах үед орон сууцны хууль ёсны өмчлөгч нь О.Ө байсан ба энэхүү гэрээний харилцаа дуусгавар болсон, гэрээг цуцалсан баримтгүй байхад хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй.

Дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2021/03734 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                  ШҮҮГЧИД                                   Д.ЦОГТСАЙХАН

                                                                                            А.МӨНХЗУЛ