Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 142/ШШ2021/01068

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн, шүүгч Б.Дэлгэрцэцэг, нарын бүрэлдэхүүтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч овогт П О нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ЭҮ ТӨҮГ Ерөнхий захирлын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/860 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урамшуулал 1 600 000 төгрөг гаргуулах,

-нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэл тараасан О.Э уучлалт гуйхыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г, М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, гэрч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ч нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “П.О миний бие нь Санхүүч, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, 1986 оноос хойш Төрийн байгууллагад 35 жил, Сангийн яам буюу Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад 18 жил ажилласан туршлагатай. Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр ажилд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын 2.5 дахь заалтын дагуу “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь 100% “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болж өөрчлөн байгуулагдахад Дотоод хяналтын хэлтсийн орлогч даргын албан тушаалд 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 04 сарын 30-ны өдрийн Б/542 дугаар тушаалаар томилогдон ажилласан. П.О миний бие нь Сангийн яаманд Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын Дотоод аудит хяналт-шинжилгээ үнэлгээний хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байсан болно. П.О миний бие нь 1986 оноос хойш төрийн байгууллагад тасралтгүй 35 жил ажиллахдаа үе үеийн удирдлага, сайд нар болон салбарын олон байгууллагатай хамтарч ажиллахдаа олон сайхан ажлуудыг үр дүнтэй гүйцэтгэж, үр бүтээл гарган хамтран ажиллаж байсныг надад олгосон итгэл, хүндэтгэл, шагнал, урамшуулал, салбарын олон нөхдийн минь харилцаа, хандлага илтгэнэ. Ажил байдлын тодорхойлолтод ч дурдсан байдаг. Миний бие нь дотоод аудитын мэргэжлийн хүний хувьд мэдлэг боловсролоо байнга дээшлүүлдэг бөгөөд ажиллах хугацааны судалгаанд үндэслэн “Дотоод аудитын гүйцэтгэлийг боловсронгуй болгох нь” сэдвээр докторын судалгааны ажлыг гүйцэтгэж байгаа болно. "Дэлхийн жишиг Монголын бахархал" гэсэн алсын хараатай ТӨҮГ-ыг зорин ирэхдээ Дэлхийн жишигт нийцсэн хяналтын тогтолцоог хөгжүүлэх зорилготой ирсэн. Зорилго хэрэгжсэнээр “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын тухайд хяналтын сайн тогтолцоотой болох, сайн туршлагаа бусад ТӨҮГ-дад хуваалцсанаар дэлхийн жишиг хяналтын тогтолцоог Монгол Улсад нэвтрүүлж болохыг харуулахыг зорьсон юм. Энэ л хүсэл тэмүүлэл, зорилгоор хамтран нэг баг болж ажиллах Хэлтсийн дарга О.Э ирсэн даруйдаа танилцуулаад, мэргэжлийн хүний хувьд мэдлэг өгөх бүх талын туслалцааг үзүүлж байв. Учир нь О.Э нь өөрөө уулын эдийн засагч /менежмент/ мэргэжилтэй, санхүүгийн мэргэжил эзэмшээгүй тул түүнд мэргэжил арга зүйн асуудлаар ажлаа гүйцэтгэхэд нь дэмжлэг үзүүлж байсан. Гэвч О.Э нь мэргэжлийн чиг баримжаа багаас гадна удирдлагын арга барил муутай, удирдах ажилтны ёс зүйгүй, мэргэжлийн ёс зүйг баримталдаггүй. Үүний нэг жишээ нь гэхэд зөвхөн миний хувьд Дотоод хяналтын хэлтсийн үйл ажиллагааны журамд заасан хэлтсийн орлогч даргын ажиллах чиг үүргийг хэрэгжүүлэхэд саад учруулдаг, ажил сайжруулах санаачилгыг дэмждэггүй байдал нь хоёр жил үргэлжилж байна.Үүнд:

1.“Хэлтсийн үйл ажиллагааны журам“-ын 5.2 дахь Хэлтсийн орлогч даргын эрх, үүргийн 5.2.5-д “Үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдэд батлагдсан төлөвлөгөөний дагуу болон     тухайлсан дотоод хяналтын ажлыг гүйцэтгэх багын үйл ажиллагаанд мэргэжлийн арга зүйн удирдлагаар хангах" гэж заасан байдаг. Гэтэл Хэлтсийн дарга О.Э нь 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс хойш өнөөг хүртэл дотоод хяналтын ажлын тайланг хянуулах, мэргэжлийн арга зүйгээр хангуулах үүргийг гүйцэтгэх боломжийг олгоогүй. Үүнээс болж бүтцийн нэгжүүдийн тайлангийн хурлаар хамгийн сүүлийн байр эзэлж, хангалтгүй үнэлгээ авсан. П.О миний бие нь мэргэжлийн байгууллага болох Монголын Мэргэшсэн нягтлан бодогчдын институт /ММНБИ/-ын 2018 оны “Шилдэг Дотоод аудитор болж, тус институтээс олгодог эрхэм шагналын “Дотоод аудитор” номинацын анхдагч нь болсон. Хэрэв хэлтсийн ажилд бүрэн оролцож уг мэргэжлийн ур чадвараа ашиглан ажилласан бол ийм муу үзүүлэлттэй тус хэлтэс үнэлэгдэхгүй байсан болов уу.

2. Хэлтсийн дарга О.Э нь 2019 оны 08дугаар сарын 16-ны өдөр хэлтсийн ажилтнуудад надтай харьцаж болохгүй, өгсөн үүрэг даалгаврыг нь биелүүлж болохгүй гэдэг чиглэл өгч ажлын хэрэгцээний зөөврийн компьютерыг авчирч өг хэмээн хашхирч загнаж, улмаар миний бие мэргэжилтэн н.С хүлээлгэн өгсөн.

3. О.Э нь 2019 оны 10 сарын 9-ны өдөр П.О намайг өрөөндөө ажлаа хийгээд сууж байхад орж ирээд байгууллагаас олгосон түр оршин сууж буй байрнаас гар, байгууллагын эзэмшилд буй албан тавилгыг авчирч өг хэмээн хашхирч шаардсан,

4. Түүнчлэн О.Э нь 2019 оны 10 сарын 22-ны өдөр өрөөндөө ажлаа хийгээд сууж байхад өрөөний хаалгаар шагайгаад ширээгээ аваад коридорт гарч суу гэж орилсон.

5. 2021 оны 06 сарын 16-ны өдөр Улаанбаатар хот явсан шалтгаанаа тайлбарлаж, өрөөнд нь ороход ширээнээсээ босож ирээд Эрдэнэт хотоос болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-с яв хэмээн хашхирч, чи юу ч мэдэхгүй, хаана ч чамайг ажилд авахгүй, тэгээд бас доктор хамгаалах гээд байгаа юм аа гэх мэтээр зохисгүй үг, үйлдлийг удаа дараа гаргаж байна.

6. Тус үйлдвэрийн дотоод хяналтыг сайжруулахад гүйцэтгэх ажил их байсан тул Үйлдвэрийн хяналтын тогтолцоог сайжруулах үүднээс бүтцийн нэгжүүдтэйгээ хамтарч ажиллах зорилгоор Ерөнхий захирлын 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/662 дугаар тушаалаар ХАБЭА-н IV шатны үзлэгийн комиссын бүрэлдэхүүнд анх удаагаа манай хэлтэс орж ажиллахаар болов. Миний бие нь мэргэжлийн хүний хувьд үйлдвэрийн газрын цех, бүтцийн нэгж бүрд эрсдэлээ удирдах арга зүйн зөвлөгөөг өгч ажиллах зорилгоор комиссын бүрэлдэхүүнд орж ажилладаг. ХАБЭА-н эрсдэл буурах нөхцөлийг бүрдүүлэх, ажлын уялдаа холбоог хангаж, асуудлыг цогцоор нь харж төлөвлөж, хэрэгжүүлэх талын зааварчилгааг өгч хамтран ажилладаг. Энэ ажлын талаар 2021 оны 3 сарын 7-ны өдрийн бүтцийн нэгжүүдийн тайлангийн хурал дээр Ерөнхий захирал сайшаан хэлж байсан. Гэтэл 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Хэлтсийн дарга О.Э нь нотлох баримтгүйгээр миний нэр төрд халдан хэлтсийн албан бичгийн хэвлэмэл маягтыг ашиглан 2021 оны О6 дугаар сарын 18-ны өдрийн 123/100 дугаартай албан бичгээр ХАБЭАХ-т намайг цаашид ажиллуулахгүй байхыг мэдэгдсэн байна.

7.Монгол Улсын төсвийн 10/1-ийг бүрдүүлдэг “Эрдэнэт үйлдвэр"-ийн хувьд Ерөнхий захирлын шууд удирдлагад ажилладаг хяналтын нэгж нь түүнийг үнэн, зөв бодит мэдээллээр хангаж, зөв шийдвэр гаргахад туслах үүрэгтэй. Түүнчлэн чиглэл хариуцсан орлогч нарын чиг үүргийн хүрээнд буй бүтцийн нэгжүүдэд хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлснээр тэдний хоорондын итгэлцлийг бэхжүүлэх, сайжруулах ажилд зөвлөн туслах, алдаатай үйлдлийг нотолгоонд суурилж удирдлагад мэдээлэх үүрэгтэй. О.Э нь эрх мэдлийн давуу байдлыг ашиглан надаас тайлбар, тодруулга авалгүйгээр Дотоод хяналтын хэлтсийн даргын 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 123/97 тоот, 123/101 тоот, 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 123/99 тоот албан бичгүүдэд худал, ташаа мэдээллээр удирдлагыг хангаж үндэслэлгүйгээр 2021 оны 06 сарын 25-ний өдөр “Сахилгын шийтгэл" ногдуулсан зэрэг зохисгүй үйлдлийг гаргаж байна. О.Э энэ зохисгүй үйлдэл нь сэтгэл санааны дарамтыг үүсгэж байсан төдийгүй, сэтгэл санааны хямралаас болоод эрүүл мэндийн хувьд хохирч 2019 оны 12 сард “Эрдэнэт Сувиллын цогцолбор"-т хэвтэн эмчлүүлсэн, амар тайван ажлаа хийх боломжгүй, тэр ч бүү хэл худал мэдээлэлд үндэслэж 35 жил ажил хөдөлмөр эрхлэхдээ анх удаа үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл хүртэл хүлээж үзлээ. Энэ ажлын байрны дарамт нь одоог хүртэл 2 жилийн турш үргэлжилж байгаа, үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл хүртэл хүлээж байгаа нь миний эрхийг ноцтой зөрчиж байгаа төдийгүй, ажил үүргээ хэвийн гүйцэтгэхэд нөлөөлж улмаар ажлын бүтээмжийг минь бууруулж байна. Дотоод хяналтын хэлтсийн үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл, мэргэжлийн бус удирдлагын ажлын буруу арга барил, ёс суртахуунгүй байдал, хэлтсийн ажилтнуудын мэргэжлийн “Ёс зүйн дүрэм“-ийг мөрдөхгүй явдал, удирдах, удирдуулах ёсыг зөрчиж буй байдал, харьцаа, хандлага зэрэг нь хэлтсийн ажлын үр дүнд сөргөөр нөлөөлж, бүтцийн нэгжүүдийн 2021 оны жилийн ажлын үзүүлэлтээр манай хэлтэс хангалтгүй үнэлгээ авч сүүлийн байр эзэллээ. Хурал 2021 оны 03 сарын 6-7-ны өдрүүдэд “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын “Оюу танхим”-д болж бүтцийн нэгжүүдийн удирдах ажилтнууд оролцсон юм. Хэлтсийн дарга О.Э дээрх гаргаж буй Ёс зүйгүй үйлдлийг таслан зогсоож, шинэ залуучуудыг хортой соёлд суралцах явдлаас сэргийлэх зорилгоор 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр үйлдвэрийн “Ёс зүйн хороо“-нд өргөдөл гаргасан боловч хэлэлцэлгүй хугацаа алдан 2020 оны 09 сард хуралдсан. Гэвч өнөөг хүртэл Ёс зүйн хорооны шийдвэр, хурлын протокол танилцуулагдаагүй. Протоколтой танилцах хүсэлтийг Ёс зүйн хорооны дарга болон Хуулийн хэлтсийн даргад удаа дараа гаргасан боловч өнөөг хүртэл оролцогч надад танилцуулаагүй, нууж байгаа болно. Иймд О.Э энэ үйлдлийг таслан зогсоож, цаашид өөрийн гутаагдсан нэр төр, ажил хэргийн нэр хүнд, алдар хүндийг сэргээж, уучлал гуйхыг хариуцагч О.Э даалгаж өгнө үү.

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т холбогдуулан гаргах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие нь 2019 оны 04 сарын 30-ний өдрийн Б/542 дугаартай тушаалаар “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-ын Дотоод хяналтын хэлтсийн орлогч даргын ажилд томилогдсон. Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ чин шударгаар хэрэгжүүлж ажиллаж ирсэн бөгөөд харин манай хэлтсийн даргын зүгээс миний хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон ажил, албан тушаалаа шударгаар гүйцэтгэхэд саад учруулж хэлтсийн үйл ажиллагааны журмыг байнга зөрчиж ирсэн. Уг асуудлаар миний бие Ерөнхий захиралд 2019 оны 11 сард хандаж улмаар 12 сард Ёс зүйн хороонд өргөдөл гаргасан боловч шийдвэрлэгдээгүй өдийг хүрсэн. Гэтэл 2021 оны 05 дугаар сарын 25-ний өдөр хуваарийн дагуу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй/ХАБЭА/-н 4 дүгээр шатны үзлэг “Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолбор”-т явагдсан. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019.07.22-ний өдрийн А/662 дугаар тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дотоод хяналт шалгалтын тухай” журмын 1 дүгээр хавсралтад заасан Дотоод хяналтын хэлтсийн ажилтнуудын үүрэгт “Дараах үндсэн чиглэлээр хяналт, шалгалтыг хийнэ” гэж заахдаа:

1.Бүтцийн нэгжийн зорилго, зорилтын биелэлт;

2.Түүнийг биелүүлэхэд учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлсон болон үнэлсэн байдал, эрсдэлээс сэргийлэх талаар авч хэрэгжүүлсэн буюу хэрэгжүүлж буй ажлууд;

З.Эрсдэлийг бууруулахад бүтцийн нэгжийн дотоод хяналтын оновчтой буюу үр дүнтэй байдал” гэсэн байдаг. Түүнчлэн Дотоод хяналтын хэлтсийн үйл ажиллагааны журамд хэлтсийн орлогч даргад олгогдсон эрхийг 5.2.8-д “Хэлтсийн үйл ажиллагаатай холбоотой зардлын төсвийг боловсруулан саналаа Эдийн засгийн бодлогын хэлтэст хүргүүлэх, биелэлтэд нь хяналтыг тавих, дүн шинжилгээ хийх.. гэсэн заалтыг үндэслэн “ХАБЭА-н дотоод хяналтын журам"-ын Хавсралт-4-ын 17.37.3”-д “Эрсдэлийг бууруулахад бүтцийн нэгжийн дотоод хяналтын оновчтой буюу үр дүнтэй байдал"-заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд тус цехийн хоолны үйлчилгээ эрхэлдэг онцлогтой холбогдуулан үйлчлүүлэгчийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нэг хэсэг болох хүнсний эрүүл ахуйн эрсдэлээс сэргийлэхэд анхаарч ажилласан. Ингэхдээ хэлтсүүдэд нийлүүлж буй бүтээгдэхүүний зардалд дүн шинжилгээ хийх зорилгоор зөвхөн өөрийн хэлтсийн үйлчилгээний зардлыг хэнээс авах талаар цехийн дарга И.Ж асуухад эдийн засагч Б.Э ав гэсний дагуу эдийн засагчаас гаргаж өгөхийг хүссэн. Цехийн эдийн засагч Б.Э 2021 оны 05 сарын 25-ны өдрийн 12 цагийн үед үдийн цайндаа гарах гэж байгаад коридорт таарсан бөгөөд хэлтсийн 2019-2020 оны цехийн зардал гэж хэдэн баримт өгөөд, харин 2021 оны баримтыг О.Э дарга битгий өг гэж хэлсэн гэв. Тэр үед нь өгөлгүй яах вэ, би үзлэг шалгалт хийж байгаа шүү дээ, гаргаж өгөөрэй гэж хэлээд өгсөн баримтыг нь авч бидний яриа дууссан. Эдийн засагч Б.Э гаргаж өгсөн баримт нь үнэн, худал нь мэдэгдэхгүй, анхан шатны баримтаас зөрүүтэй, дүн шинжилгээ хийх боломжгүй, засварлаж зарим тоо, гарын үсэг бүхий хэсгийг дарсан нь баримтаар нотлогдсон. Энэ алдаатай үйлдлийг цехийн дарга н.Ж болон эдийн засагч Б.Э нарт хэлж, хуурамч материал гарган өгч Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн үйлдлийг дахин гаргахгүй байхыг зөвлөсөн. Түүнчлэн тус цехэд гүйцэтгэсэн ХАБЭА-н 4 дүгээр шатны үзлэгийн хаалтын хурал дээр ч анхааруулсан. Үүнийг цехийн дарга хүлээн зөвшөөрч үзлэгийг дүгнэсэн хяналтын хуудсыг баталгаажуулсан. Миний бие нь тухайн ажил үүргийг гүйцэтгэх явцдаа хэн нэг ажилтантай маргалдаагүй, тухайн ажилтан ч надтай маргалдаагүй, миний хувьд үйлдвэрийн ажилтны ёс зүйн дүрмийн үйлдэл гаргаагүй. Ажил үүргээ хэрэгжүүлэхдээ ажлын шаардлагаар холбогдох материалыг шаардсан болохоос ажилд хамааралгүй, зүй бус шаардлага тавиагүй. Гэтэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2021 оны 06 дугаар сарын 25-ний өдрийн Б/860 дугаартай тушаалаар сахилгын сануулах шийтгэлийг Ерөнхий захирлын нэрээр Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч буюу Ерөнхий инженер Т.Б ногдуулсан байна. Иймээс уг тушаалыг хүчингүй болгож өгнө үү.”

Хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Б.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2021 оны 06 сарын 25-ны өдрийн Б/860 дугаар тушаалаар ажилтан П.О Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх заалт, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 8.7.14 дэх заалтад тус тус зааснаар “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн VI шатны иж бүрэн үзлэг явуулахдаа ажил үүргээ гүйцэтгэж буй ажилтантай зүй бусаар харьцаж, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Нэхэмжлэгч П.О нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн VI шатны иж бүрэн үзлэг явуулахдаа өөрт олгогдсон чиг үүргийн дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн гэж тайлбарлаж байгаа ч үйлдвэрийн газрын дүрэм, журам, ажилтны тайлбар, бусад холбогдох баримтуудаар ажилтантай зүй бусаар харилцаж, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан нь нотлогдоно. Иймд өөрт итгэмжлэгдэн олгогдсон эрхийн хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ- т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно.” гэжээ.

Нэхэмжлэгч П.О нэмэгдүүлсэн болон татгалзсан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Тус шүүхэд хандан миний бие П.О нь “Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэл тараасан О.Э уучлалт гуйхыг даалгах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/860 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасан.

Энэхүү нэхэмжлэлийг гаргахдаа тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн хариуцагчаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг, нэр төр сэргээлгэхтэй холбоотой нэхэмжлэлийн хариуцагчаар О.Э тус тус тодорхойлсон. Нэхэмжлэгч би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийнхээ хүрээнд Хүний эрхийн үндэсний комисст хандсан учраас О.Э холбогдох нэхэмжлэлийн шаардлага болох “Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэл тараасан О.Э уучлалт гуйхыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

Харин “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/860 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Дээрх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдох нэхэмжлэлийг би шүүхэд хандан 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гаргасан. Энэ үед маргаан бүхий Ерөнхий захирлын сануулах шийтгэл оногдуулсан тушаал нь бодитоор хэрэгжиж эхлээгүй байсан. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2021 оны 07 дугаар сарын цалин бодогдох үед надад маргаан бүхий тушаалаар сахилгын шийтгэл оногдуулсан тул үр дүнгийн урамшууллын 1 000 000 төгрөгийг олгохгүй гэж хассан, 10 дугаар сард улиралд нэг удаа олгодог 3 600 000 төгрөгийг мөн одоогоор байна. Өөрөөр хэлбэл миний авах ёстой үр дүнгийн урамшуулал 1 000 000 төгрөг, улиралд нэг удаа олгогдох 3 600 000 төгрөгийг тус тус олгохгүй байна. Нэгэнт уг тушаалаар үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл оногдуулсан тул энэхүү тушаалын үр дагавар болох миний авах учиртай үр дүнгийн урамшууллын нийт 4 600 000 төгрөгийг нэхэмжлэх шаардлага үүсээд байна. Дээр дурьдсан улиралын урамшуулал 3 600 000 төгрөгийг миний бие тооцоолохдоо өмнөх жилүүдийн олгогдож байсан улиралын урамшууллын жишгийг харгалзан тооцоолсон юм.

Иймд өмнө гаргасан шаардлагын хэмжээг үр дүнгийн урамшуулал 4 600 000 төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас гаргуулахаар ихэсгэж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэв.

Нэхэмжлэгч П.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”...Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулаад үр дүнгийн урамшуулал ....сараас хойш бүх бүтцийн нэгжүүдэд олгогдоогүй юм байна. Иймд үр дүнгийн урамшууллаас татгалзаж, 2021 оны 6, 10 дугаар сарын урамшуулал 1 600 000 төгрөг гаргуулахаар шаардлагаа бууруулж байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа: “Хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н би нэхэмжлэгчийн 2021 оны 10 сарын 15-ны өдөр гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг 2021 оны 10 сарын 18-ны өдөр хүлээн авч, танилцаад дараах хариуг хүргүүлж байна. Үүнд:

Нэг. Ажлын үр дүнгийн урамшуулал 1 000 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас Дотоод хяналтын хэлтсийн орлогч дарга П.О “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн VI шатны иж бүрэн үзлэг явуулахдаа ажил үүргээ гүйцэтгэж буй ажилтантай зүй бусаар харьцаж, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр Ерөнхий захирлын 2021 оны 06 сарын 25-ны өдрийн Б/860 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Дээрх тушаал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 8.11 дэх заалт, Ерөнхий захирлын 2019 оны 12 сарын 30-ны өдрийн А/1204 дүгээр тушаалын №7 дугаар хавсралтаар батлагдсан “Шагналын ерөнхий журам”-ын 8.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн ажилтан П.О 06 сарын цалин хөлснөөс олгогдвол зохих урамшууллыг хасаж олгосон. Үйлдвэрийн газрын хэмжээнд мөрдөгддөг дүрэм, журмын хүрээнд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй үр дүнгийн урамшуулал 1 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Хоёр. Ур чадварын нэмэгдэл 3 600 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь ажилтны ур чадварын нэмэгдлийг улиралд нэг удаа олгодог ба ажилтан П.О 1, 2-р улирлын ур чадварын нэмэгдлүүдийг олгосон, харин 3-р улирлын ур чадварын нэмэгдлийг үйлдвэрийн газрын нийт ажилтнуудад олгогдоогүй байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 12 сарын 13-ны өдрийн А/1147 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Цалин хөлсний тухай журам”-ын хавсралт “Ур чадварын нэмэгдэл олгох аргачлал”-ын 2.8-т “Ажилтан үйлдвэрлэл-технологийн болон хөдөлмөрийн сахилга бат зөрчсөн, сахилгын шийтгэл, эд хөрөнгийн хариуцлага хүлээсэн, үүрэг даалгаврыг хугацаанд нь бүрэн биелүүлээгүй, гэрээний биелэлтийн тайланг өгөөгүй тохиолдолд ажлын үр дүнг үл харгалзан бүтцийн нэгжийн удирдлагын саналыг үндэслэн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, ур чадварын нэмэгдэл олгохыг зогсооно” гэж заасан. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 сарын 17-ны өдрийн “Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоолын 1.3 дахь заалтаар “төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуй нэгж, байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг оновчтой тодорхойлж, орон тоо, чиг үүргийн давхардлыг арилгаж, төсөв, зардлыг хэмнэсэн байхаар шинэчлэх, удирдлагын цалин хөлсийг орлого, үр ашигтай нь уялдуулан, үйл ажиллагааны чиглэл, цар хүрээ, түвшин зэргийг харгалзан нэг хэлбэр, нийтлэг жишгээр ангилан тогтоодог зарчимд шилжих, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй, шагнал, урамшуулал олгохгүй байх, зочин төлөөлөгч хүлээн авах, бэлэг дурсгал (цүнх, календарь, мэндчилгээ г.м)-ын зардлыг гаргахгүй байх”-аар үүрэг болгосон. Дээрх тогтоол, үйлдвэрийн газарт мөрдөгддөг дүрэм, журам, аргачлалын хүрээнд ажилтанд урамшуулал, ур чадварын нэмэгдэл олгох эсэх асуудлыг холбогдох эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр, шууд удирдлагын саналыг харгалзан шийдвэрлэж байгаа болохыг дурдах нь зүйтэй. Иймд ажилтны ажлын гүйцэтгэл, ур чадварын нэмэлт гэрээний биелэлтийг үндэслэн тодорхой шалгуур үзүүлэлт, хувь хэмжээгээр, батлагдсан аргачлалын дагуу тооцоолж, журмын дагуу олгогддог ур чадварын нэмэгдлийг үйлдвэрийн газрын нийт ажилтнуудад одоогоор олгогдоогүй байгаа тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.О нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдуулан Ерөнхий захирлын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/860 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урамшуулал 1 600 000 төгрөг гаргуулах,

Хариуцагч О.Э холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэл тараасан үйлдэлд уучлалт гуйхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч П.О хариуцагч О.Э холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/860 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/860 дугаар тушаалаар П.О Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх заалт, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 8.7.14 дэх заалтыг үндэслэн “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн VI шатны иж бүрэн үзлэг явуулахдаа ажил үүргээ гүйцэтгэж буй ажилтантай зүй бусаар харьцаж, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/662 дугаар тушаалаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дотоод хяналт шалгалтын тухай журмыг баталсан байна.

Журмын 2.30-д Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх ажлын IV шатны хяналт шалгалтыг иж бүрэн байдлаар явуулах ба үндсэн зорилго нь тухайн бүтцийн нэгж, хэсэг зорилтоо хэрэгжүүлэх хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, ХАБЭАМТ-н хэрэгжилтийг хангах зорилгоор бүтцийн нэгжийн дарга нарт болон хэсгийн удирдах ажилтнуудад ХАБЭА-н ажлыг зохион байгуулахад үүсэх эрсдэл, түүнийг үнэлсэн байдал, эрсдэлийг бууруулахад бүтцийн нэгжийн дотоод хяналт оновчтой эсэх, гарч буй зөрчил, дутагдлыг илрүүлэх, арилгах талаар арга зүйн туслалцаа үзүүлэхэд оршино гэжээ.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дотоод хяналт шалгалтын тухай журмын хавсралт №1-р Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх ажлын IV шатны хяналт шалгалтын комиссын бүрэлдэхүүн, чиг үүргийг баталсан байх ба 17-д Дотоод хяналтын хэлтсийн хяналт шалгалт хийх үндсэн чиглэлийг бүтцийн нэгжийн зорилго, зорилтын биелэлт, түүнийг биелүүлэхэд учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлсон болон үнэлсэн байдал, эрсдэлээс сэргийлэх талаар авч хэрэгжүүлсэн буюу хэрэгжүүлж буй ажлууд, эрсдэлийг бууруулахад бүтцийн нэгжийн дотоод хяналтын оновчтой буюу үр дүнтэй байдал гэж заасан байна.

Нэхэмжлэгч П.О 2021 оны 05 дугаар сарын 25-ний өдөр Сэлэнгэ амралт аялал жуучлалын цогцолборт хийсэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн IV шатны             хяналт шалгалтын бүрэлдэхүүнд орж ажилласан байна.

П.О Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дотоод хяналт шалгалтын тухай журмын 37-д заасны дагуу тухайн “Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолбор”-ын зорилго, зорилтын биелэлт, түүнийг биелүүлэхэд учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлж, үнэлэх, эрсдэлээс сэргийлэх талаар авч хэрэгжүүлсэн буюу хэрэгжүүлж буй ажлууд, эрсдэлийг бууруулахад бүтцийн нэгжийн дотоод хяналтын оновчтой буюу үр дүнтэй байдал зэргийг шалгаж ажиллах үүрэгтэй байсан байна.

Шалгалтын явцад П.О нь тус “Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолбор”-ын хоолны үйлчилгээ эрхэлдэг онцлогтой холбогдуулан цогцолборын эдийн засагч Б.Э 2021 оны 05 дугаар сарын 25-ний өдөр Дотоод хяналтын хэлтсийн үйлчилгээний зардлыг гаргаж өгөхийг хүссэний дагуу Б.Э 2019-2020 оны баримтыг өгсөн, 2021 оны баримтыг Дотоод хяналтын хэлтсийн дарга О.Э “битгий өг” гэж хэлсний дагуу өгөөгүй, үүний хариуд нь П.О “...шаардлага биелүүлсэнгүй, би та нарыг мэдэж байна, гаргаж өгөх нь чиний үүрэг” гэж Б.Э хэлжээ.

Энэхүү үйл баримт нь гэрч Б.Э мэдүүлэг, Б.Э Дотоод хяналтын хэлтсийн дарга О.Э цахим хаягт илгээсэн захидалаар тогтоогдож байна.

Б.Э илгээсэн дээрхи цахим захидалыг үндэслэн Дотоод хяналтын хэлтсийн дарга О.Э 2021 оны 06 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Ерөнхий захирал Х.Б, Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.О нарт П.О байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах санал хүргүүлсэн нь 123/97, 123/99 тоот албан бичгүүдээр батлагдаж байна.

Ийнхүү Ерөнхий захирлын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/860 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх заалт, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 8.7.14 дэх заалтыг үндэслэн П.О Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн VI шатны иж бүрэн үзлэг явуулахдаа ажил үүргээ гүйцэтгэж буй ажилтантай зүй бусаар харьцаж, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 8.7.-д Хөдөлмөрийн сахилгын дор дурьдсан зөрчил гаргасан ажилтанд сануулах сахилгын шийтгэл ногдуулна. Үүнд:  8.7.14-т “...ажил үүргээ гүйцэтгэж буй ажилтантай зүй бусаар харьцан зохисгүй үйлдэл гаргасан бол” гэж заажээ.

Нэхэмжлэгч П.О Б.Э “...шаардлага биелүүлсэнгүй, би та нарыг мэдэж байна, гаргаж өгөх нь чиний үүрэг” гэж хэлснийг ажилтантай зүй бусаар харьцсан гэж үзэж дүгнэх боломжгүй, энэ нь хөдөлмөрийн сахилга зөрчсөн үйлдэл биш, түүнд сахилгын арга хэмжээ авсан нь буруу байх тул “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/860 дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч П.О нэхэмжлэлтэй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд О.Э болон Ёс зүйн хороонд гаргасан хүсэлтүүд нь хэрэгт ач холбогдолгүй, хамааралгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж дүгнэлээ.

Түүнчлэн нэхэмжлэгчийн Б.Э болон н.Ж нартай ярих үедээ хийсэн аудио бичлэг нь хэргийн үйл баримт болсоны дараа хийгдсэн тул хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан гэж дүгнэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч П.О үр дүнгийн болон улиралын урамшуулал 4 600 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүх хуралдаанд ур чадварын нэмэгдэл 3 000 000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, улирлын урамшуулал 1 600 000 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжиж оролцсон.

Нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй гэж шүүх дүгнэж, дээрхи сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул уг тушаалыг үндэслэн ажилтны урамшууллыг хасч тооцсон нь мөн үндэслэлгүй юм.

Иймд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын эдийн засгийн хэлтсийн “...П.О нь 2021 оны 06 дугаар сард нийт ажиллавал зохих 160 цагаас гүйцэтгэлээр 128 цаг ажилласан бөгөөд тухайн ажилласан цагт ногдох урамшууллын хэмжээ тооцооллоор 800 000 төгрөг байсан байна” гэсэн албан тоот, нэхэмжлэгчийн цалингаас улирлын урамшуулал 1 000 000 төгрөг суутгасан зэргийг харгалзан үзэж хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 1 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 600 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн тушаал хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх нэхэмжлэл бөгөөд тэрээр О.Э холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул энэ шаардлагад төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-с нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн 1 000 000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 28 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 70 200 төгрөг гаргуулан төрийн санд оруулж, нэхэмжлэгчийн төлсөн 88 550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заав.

Томилогдсон иргэдийн төлөөлөгч Увс аймагт явж байгаа үндэслэлээр шүүх хуралдаанд ирээгүй ба зохигчид иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8.-д заасныг баримтлан иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118, 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :   

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7.-д заасныг баримтлан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/860 дугаар тушаалыг хүчингүй болгож, хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-с 1 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.О олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 600 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч П.О хариуцагч О.Э холбогдуулан гаргасан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэл тараасан үйлдэлдээ уучлалт гуйхыг О.Э даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158 750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-с 28 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 70 200 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.   

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Р.ҮҮРИЙНТУЯА

                                              ШҮҮГЧИД                                 Б.БЯМБАСҮРЭН

                                                                                    Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ