Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 207/МА2023/00025

 

 

 

 

 

 

 

 

 

2023 03 20 207/МА2023/00025

 

 

П.О-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч

Э ТӨҮГ, О.Э нарт

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, шүүгч Б.О, Ерөнхий шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2022/.... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: П.О-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э ТӨҮГ, О.Э нарт холбогдох,

Э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/... дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урамшуулал 1.600.000 төгрөг гаргуулах, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэл тараасан О.Эыг уучлалт гуйхыг даалгах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-ы шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Бийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.О-Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М, хариуцагч Э ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-, О.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, нарийн бичгийн дарга Н.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.О- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

П.О- миний бие нь санхүүч, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, 1986 оноос хойш төрийн байгууллагад 35 жил, Сангийн яам буюу Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад 18 жил ажилласан туршлагатай. Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дугаар хамтарсан тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр ажилд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмын 2.5 дахь заалтын дагуу Э ХХК нь 100% Э ТӨҮГ болж өөрчлөн байгуулагдахад Дотоод хяналтын хэлтсийн орлогч даргын албан тушаалд 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн Э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/... дугаар тушаалаар томилогдон ажилласан. П.О- миний бие нь Сангийн яаманд Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын Дотоод аудит хяналт-шинжилгээ үнэлгээний хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байсан болно. П.О- миний бие нь 1986 оноос хойш төрийн байгууллагад тасралтгүй 35 жил ажиллахдаа үе үеийн удирдлага, сайд нар болон салбарын олон байгууллагатай хамтарч ажиллахдаа олон сайхан ажлуудыг үр дүнтэй гүйцэтгэж, үр бүтээл гарган хамтран ажиллаж байсныг надад олгосон итгэл, хүндэтгэл, шагнал, урамшуулал, салбарын олон нөхдийн минь харилцаа, хандлага илтгэнэ. Ажил байдлын тодорхойлолтод ч дурдсан байдаг. Дотоод аудитын гүйцэтгэлийг боловсронгуй болгох нь сэдвээр докторын судалгааны ажлыг гүйцэтгэж байгаа болно. "Д" гэсэн алсын хараатай ТӨҮГ-ыг зорин ирэхдээ Дэлхийн жишигт нийцсэн хяналтын тогтолцоог хөгжүүлэх зорилготой ирсэн. Зорилго хэрэгжсэнээр Э" ТӨҮГ-ын тухайд хяналтын сайн тогтолцоотой болох, сайн туршлагаа бусад ТӨҮГ-дад хуваалцсанаар дэлхийн жишиг хяналтын тогтолцоог Монгол Улсад нэвтрүүлж болохыг харуулахыг зорьсон юм. Энэ л хүсэл тэмүүлэл, зорилгоор хамтран нэг баг болж ажиллах Хэлтсийн дарга О.Эад ирсэн даруйдаа танилцуулаад, мэргэжлийн хүний хувьд мэдлэг өгөх бүх талын туслалцааг үзүүлж байв. Учир нь О.Э нь өөрөө уулын эдийн засагч /менежмент/ мэргэжилтэй, санхүүгийн мэргэжил эзэмшээгүй тул түүнд мэргэжил арга зүйн асуудлаар ажлаа гүйцэтгэхэд нь дэмжлэг үзүүлж байсан. Гэвч О.Э нь Дотоод хяналтын хэлтсийн үйл ажиллагааны журамд заасан хэлтсийн орлогч даргын ажиллах чиг үүргийг хэрэгжүүлэхэд саад учруулдаг, ажил сайжруулах санаачилгыг дэмждэггүй байдал нь хоёр жил үргэлжилж байна.Үүнд:1.Хэлтсийн үйл ажиллагааны журмын 5.2 дахь Хэлтсийн орлогч даргын эрх, үүргийн 5.2.5-д Үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдэд батлагдсан төлөвлөгөөний дагуу болон тухайлсан дотоод хяналтын ажлыг гүйцэтгэх багийн үйл ажиллагаанд мэргэжлийн арга зүйн удирдлагаар хангах" гэж заасан байдаг. Гэтэл Хэлтсийн дарга О.Э нь 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс хойш өнөөг хүртэл дотоод хяналтын ажлын тайланг хянуулах, мэргэжлийн арга зүйгээр хангуулах үүргийг гүйцэтгэх боломжийг олгоогүй. Үүнээс болж бүтцийн нэгжүүдийн тайлангийн хурлаар хамгийн сүүлийн байр эзэлж, хангалтгүй үнэлгээ авсан. 2.Хэлтсийн дарга О.Э нь 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хэлтсийн ажилтнуудад надтай харьцаж болохгүй, өгсөн үүрэг даалгаврыг нь биелүүлж болохгүй гэдэг чиглэл өгч ажлын хэрэгцээний зөөврийн компьютерыг авчирч өг хэмээн хашгирч загнаж, улмаар миний бие мэргэжилтэн н.Сонинбилэгт хүлээлгэн өгсөн. 3.О.Э нь 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр П.О- намайг өрөөндөө ажлаа хийгээд сууж байхад орж ирээд байгууллагаас олгосон түр оршин сууж буй байрнаас гар, байгууллагын эзэмшилд буй албан тавилгыг авчирч өг хэмээн хашгирч шаардсан. Түүнчлэн О.Э нь 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өрөөндөө ажлаа хийгээд сууж байхад өрөөний хаалгаар шагайгаад ширээгээ аваад коридорт гарч суу гэж орилсон. 4.2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хот явсан шалтгаанаа тайлбарлаж, өрөөнд нь ороход ширээнээсээ босож ирээд Эрдэнэт хотоос болон Э ТӨҮГ-с яв хэмээн хашхирч, чи юу ч мэдэхгүй, хаана ч чамайг ажилд авахгүй, тэгээд бас доктор хамгаалах гээд байгаа юм аа гэх мэтээр зохисгүй үг, үйлдлийг удаа дараа гаргаж байна. 5.Тус үйлдвэрийн дотоод хяналтыг сайжруулахад гүйцэтгэх ажил их байсан тул Үйлдвэрийн хяналтын тогтолцоог сайжруулах үүднээс бүтцийн нэгжүүдтэйгээ хамтарч ажиллах зорилгоор Ерөнхий захирлын 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/... дугаар тушаалаар ХАБЭА-н IV шатны үзлэгийн комиссын бүрэлдэхүүнд анх удаагаа манай хэлтэс орж ажиллахаар болов. Миний бие нь мэргэжлийн хүний хувьд үйлдвэрийн газрын цех, бүтцийн нэгж бүрд эрсдэлээ удирдах арга зүйн зөвлөгөөг өгч ажиллах зорилгоор комиссын бүрэлдэхүүнд орж ажилладаг. ХАБЭА-н эрсдэл буурах нөхцөлийг бүрдүүлэх, ажлын уялдаа холбоог хангаж, асуудлыг цогцоор нь харж төлөвлөж, хэрэгжүүлэх талын зааварчилгааг өгч хамтран ажилладаг. Энэ ажлын талаар 2021 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн бүтцийн нэгжүүдийн тайлангийн хурал дээр Ерөнхий захирал сайшаан хэлж байсан. Гэтэл 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Хэлтсийн дарга О.Э нь нотлох баримтгүйгээр миний нэр төрд халдан хэлтсийн албан бичгийн хэвлэмэл маягтыг ашиглан 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 123/100 дугаартай албан бичгээр ХАБЭАХ-т намайг цаашид ажиллуулахгүй байхыг мэдэгдсэн байна. 6.Монгол Улсын төсвийн 10/1-ийг бүрдүүлдэг Э"-ийн хувьд Ерөнхий захирлын шууд удирдлагад ажилладаг хяналтын нэгж нь түүнийг үнэн, зөв бодит мэдээллээр хангаж, зөв шийдвэр гаргахад туслах үүрэгтэй. Түүнчлэн чиглэл хариуцсан орлогч нарын чиг үүргийн хүрээнд буй бүтцийн нэгжүүдэд хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлснээр тэдний хоорондын итгэлцлийг бэхжүүлэх, сайжруулах ажилд зөвлөн туслах, алдаатай үйлдлийг нотолгоонд суурилж удирдлагад мэдээллэх үүрэгтэй. О.Э нь эрх мэдлийн давуу байдлыг ашиглан надаас тайлбар, тодруулга авалгүйгээр Дотоод хяналтын хэлтсийн даргын 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн .................... тоот, ................... тоот, 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 123/99 тоот албан бичгүүдэд худал, ташаа мэдээллээр удирдлагыг хангаж үндэслэлгүйгээр 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Сахилгын шийтгэл" ногдуулсан зэрэг зохисгүй үйлдлийг гаргаж байна. О.Эын энэ зохисгүй үйлдэл нь сэтгэл санааны дарамтыг үүсгэж байсан төдийгүй, сэтгэл санааны хямралаас болоод эрүүл мэндийн хувьд хохирч 2019 оны 12 сард Э"-т хэвтэн эмчлүүлсэн, амар тайван ажлаа хийх боломжгүй, тэр ч бүү хэл худал мэдээлэлд үндэслэж 35 жил ажил хөдөлмөр эрхлэхдээ анх удаа үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл хүртэл хүлээж үзлээ. Энэ ажлын байрны дарамт нь одоог хүртэл 2 жилийн турш үргэлжилж байгаа, үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл хүртэл хүлээж байгаа нь миний эрхийг ноцтой зөрчиж байгаа төдийгүй, ажил үүргээ хэвийн гүйцэтгэхэд нөлөөлж улмаар ажлын бүтээмжийг минь бууруулж байсан. Дотоод хяналтын хэлтсийн үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл, мэргэжлийн бус удирдлагын ажлын буруу арга барил, ёс суртахуунгүй байдал, хэлтсийн ажилтнуудын мэргэжлийн Ёс зүйн дүрэм-ийг мөрдөхгүй явдал, удирдах, удирдуулах ёсыг зөрчиж буй байдал, харьцаа, хандлага зэрэг нь хэлтсийн ажлын үр дүнд сөргөөр нөлөөлж, бүтцийн нэгжүүдийн 2021 оны жилийн ажлын үзүүлэлтээр манай хэлтэс хангалтгүй үнэлгээ авч сүүлийн байр эзэлсэн. Хурал 2021 оны 3 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд Э" ТӨҮГ-ын Оюу танхимд болж бүтцийн нэгжүүдийн удирдах ажилтнууд оролцсон юм. Хэлтсийн дарга О.Эын дээрх гаргаж буй Ёс зүйгүй үйлдлийг таслан зогсоож, шинэ залуучуудыг хортой соёлд суралцах явдлаас сэргийлэх зорилгоор 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр үйлдвэрийн Ёс зүйн хороонд өргөдөл гаргасан боловч хэлэлцэлгүй хугацаа алдан 2020 оны 9 сард хуралдсан. Гэвч өнөөг хүртэл Ёс зүйн хорооны шийдвэр, хурлын протокол танилцуулагдаагүй. Протоколтой танилцах хүсэлтийг Ёс зүйн хорооны дарга болон Хуулийн хэлтсийн даргад удаа дараа гаргасан боловч өнөөг хүртэл оролцогч надад танилцуулаагүй, нууж байгаа болно. Иймд О.Эын энэ үйлдлийг таслан зогсоож, цаашид өөрийн гутаагдсан нэр төр, ажил хэргийн нэр хүнд, алдар хүндийг сэргээж, уучлал гуйхыг хариуцагч О.Эад даалгаж өгнө үү. 2.Э ТӨҮГ-т холбогдуулан гаргах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие нь 2019 оны 4 сарын 30-ний өдрийн Б/... дугаартай тушаалаар ЭТӨҮГ-ын Дотоод хяналтын хэлтсийн орлогч даргын ажилд томилогдсон. Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ чин шударгаар хэрэгжүүлж ажиллаж ирсэн бөгөөд харин манай хэлтсийн даргын зүгээс миний хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон ажил, албан тушаалаа шударгаар гүйцэтгэхэд саад учруулж хэлтсийн үйл ажиллагааны журмыг байнга зөрчиж ирсэн. Уг асуудлаар миний бие Ерөнхий захиралд 2019 оны 11 сард хандаж улмаар 12 сард Ёс зүйн хороонд өргөдөл гаргасан боловч шийдвэрлэгдээгүй өдийг хүрсэн. Гэтэл 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хуваарийн дагуу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй /ХАБЭА/-н 4 дүгээр шатны үзлэг С амралт, аялал жуулчлалын цогцолбор-т явагдсан. Э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019.07.22-ний өдрийн А/... дугаар тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дотоод хяналт шалгалтын тухай журмын 1 дүгээр хавсралтад заасан Дотоод хяналтын хэлтсийн ажилтнуудын үүрэгт Дараах үндсэн чиглэлээр хяналт,шалгалтыг хийнэ гэж заахдаа:1.Бүтцийн нэгжийн зорилго, зорилтын биелэлт;2.Түүнийг биелүүлэхэд учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлсон болон үнэлсэн байдал, эрсдэлээс сэргийлэх талаар авч хэрэгжүүлсэн буюу хэрэгжүүлж буй ажлууд; З.Эрсдэлийг бууруулахад бүтцийн нэгжийн дотоод хяналтын оновчтой буюу үр дүнтэй байдал гэсэн байдаг. Түүнчлэн Дотоод хяналтын хэлтсийн үйл ажиллагааны журамд хэлтсийн орлогч даргад олгогдсон эрхийг 5.2.8-д Хэлтсийн үйл ажиллагаатай холбоотой зардлын төсвийг боловсруулан саналаа Эдийн засгийн бодлогын хэлтэст хүргүүлэх, биелэлтэд нь хяналтыг тавих, дүн шинжилгээ хийх.. гэсэн заалтыг үндэслэн ХАБЭА-н дотоод хяналтын журам"-ын Хавсралт-4-ын 17.37.3-д Эрсдлийг бууруулахад бүтцийн нэгжийн дотоод хяналтын оновчтой буюу үр дүнтэй байдал"-заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд тус цехийн хоолны үйлчилгээ эрхэлдэг онцлогтой холбогдуулан үйлчлүүлэгчийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нэг хэсэг болох хүнсний эрүүл ахуйн эрсдэлээс сэргийлэхэд анхаарч ажилласан. Ингэхдээ хэлтсүүдэд нийлүүлж буй бүтээгдэхүүний зардалд дүн шинжилгээ хийх зорилгоор зөвхөн өөрийн хэлтсийн үйлчилгээний зардлыг хэнээс авах талаар цехийн дарга И.Ж-аас асуухад эдийн засагч Б.Э-аас ав гэсний дагуу эдийн засагчаас гаргаж өгөхийг хүссэн. Цехийн эдийн засагч Б.Э-тай 2021 оны 5 сарын 25-ны өдрийн 12 цагийн үед үдийн цайндаа гарах гэж байгаад коридорт таарсан бөгөөд хэлтсийн 2019-2020 оны цехийн зардал гэж хэдэн баримт өгөөд, харин 2021 оны баримтыг О.Э дарга битгий өг гэж хэлсэн гэв. Тэр үед нь өгөлгүй яах вэ, би үзлэг шалгалт хийж байгаа шүү дээ, гаргаж өгөөрэй гэж хэлээд өгсөн баримтыг нь авч бидний яриа дууссан. Эдийн засагч Б.Э-ийн гаргаж өгсөн баримт нь үнэн, худал нь мэдэгдэхгүй, анхан шатны баримтаас зөрүүтэй, дүн шинжилгээ хийх боломжгүй, засварлаж зарим тоо, гарын үсэг бүхий хэсгийг дарсан нь баримтаар нотлогдсон. Энэ алдаатай үйлдлийг цехийн дарга н.Жаргалсайхан болон эдийн засагч Б.Э- нарт хэлж, хуурамч материал гарган өгч Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн үйлдлийг дахин гаргахгүй байхыг зөвлөсөн. Түүнчлэн тус цехэд гүйцэтгэсэн ХАБЭА-н 4 дүгээр шатны үзлэгийн хаалтын хурал дээр ч анхааруулсан. Үүнийг цехийн дарга хүлээн зөвшөөрч үзлэгийг дүгнэсэн хяналтын хуудсыг баталгаажуулсан.Миний бие нь тухайн ажил үүргийг гүйцэтгэх явцдаа хэн нэг ажилтантай маргалдаагүй, тухайн ажилтан ч надтай маргалдаагүй, миний хувьд үйлдвэрийн ажилтны ёс зүйн дүрмийн үйлдэл гаргаагүй. Ажил үүргээ хэрэгжүүлэхдээ ажлын шаардлагаар холбогдох материалыг шаардсан болохоос ажилд хамааралгүй, зүй бус шаардлага тавиагүй. Гэтэл Э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2021 оны 06 дугаар сарын 25-ний өдрийн Б/... дугаартай тушаалаар сахилгын сануулах шийтгэлийг Ерөнхий захирлын нэрээр Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч буюу Ерөнхий инженер Т.Б ногдуулсан байна. Иймээс уг тушаалыг хүчингүй болгож өгнө үү. 3.Нэхэмжлэгч П.О- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.О- би 2021 онд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхэд 2 хариуцагчтай нэхэмжлэл илгээсэн. Үүний нэг нь бол сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчин төгөлдөр бус учраас хүчингүй болгох, тус үйлдвэрт томилогдож ажиллах болсон цагаас хойш өөрөөр хэлбэл 3 жилийн хугацаанд хэлтсийн дарга О.Э гэгч нь хэлтсийн нийт ажилчдыг 2 сарын дараа бүгдийг өөрчилж, мэргэжилтнүүдийг зохион байгуулалттайгаар миний эсрэг турхируулж миний ажиллах нөхцөлийг 3 жилийн хугацаанд дотоод хэлтсийн үйл ажиллагааны журамд заасан хяналтын үйл ажиллагааг мэргэжил арга зүйгээр удирдах эрхийг 3 жилийн хугацаанд хасаж, бүлэглэн миний нэр төрийг гутаан доромжилсон. Юу гэж гутаасан бэ гэхээр ажилчдыг дарамталсан, ажил төрлийн шаардлага тавих эрхийг хасаж, ажилчдад үг хэлэх бүхэнд, ажлын зарчмын шаардлага тавих бүхэнд ажилчдыг дарамталсан гэх байдлаар ажилчидтай уулзуулахгүй байсаар 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс хойш 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хэлтсийн ажилтнуудтай огт харьцахгүй байх нөхцөлийг бүрдүүлж, миний ажиллах эрхийг хассан. Мөн түүнчлэн өрөөнд орж ирэн элдэв үгээр хэлж доромжилдог, үйлдвэрээс, өрөөнөөс Орхон аймгаас яв гэж хөөдөг, зохисгүй үйлдэл гаргадгаа нуун дарагдуулдаг энэ байдлыг ерөнхий захиралд мэдэгдүүлэх гэж ороход бүлэглэн нийлж ажилчдаа ерөнхий захирлын туслах руу явуулан захирал ажилтай байна гэдэг үгээр уулзуулахгүй байх нөхцөлийг 3 жилийн хугацаанд хийсэн. Энэ үйл ажиллагаа бол зөвхөн О.Эын үйл ажиллагаа биш тодорхой хэмжээний бүлэг удирдлагуудын хийж буй үйл ажиллагаа гэдэг нь 3 жилийн хувьд аудитор миний хувьд ч нотлогдож байгаа. Би ажилчдыг дарамталсан зүйл байхгүй энэ үйлдвэрийн төлөө ажиллах гэж ирсэн чин сэтгэлийнхээ үүднээс зарчмын шаардлага тавьж буруу хийсэн үйл ажиллагааг нь зөв болгох гэж хийсэн энэ үйл ажиллагаагаа сэргээх үүднээс О.Эыг уучлал хүсэхийг хүссэн нэхэмжлэх илгээсэн. Миний бие нь Улаанбаатар хотод Сангийн яаманд ажиллаж байгаад төрийн өмчит үйлдвэрийн газар болох тус үйлдвэрт сэлгэн ажиллуулах журмаар ажиллахаар ирсэн. Ийм учир миний гэр бүл Улаанбаатар хотод оршдог. Ингээд 5 дахь өдрийн орой гэртээ харин бүтэнсайнд орой ирдэг явуулын ажилтай байсан. Уг нөхцөл байдлын улмаас 1 дэх өдрийн өглөө ажилдаа бага зэрэг хоцорч ирэх үе ч юм уу иймэрхүү нөхцөл байдлын улмаас байнга дарамт үзүүлж байсан. Түүнчлэн худлаа ярьж сард олгодог урамшуулал хассан тохиолдол 2021 оны 6 дугаар сард болсон. Ийм учир урамшууллын шагналыг авах үүднээс 1 сарын урамшууллын 800,000 төгрөгөө нэхэмжилсэн. 3 жилийн хугацаанд тухайн үйлдвэрийн дотор нь орж ажиллаж байсныхаа хувьд дүн шинжилгээ хийж байхад дунд шатны дарга бол маш их дарамт үзүүлж байсан. Э нь хэдий Орхон аймагт байдаг боловч Монгол улсын үйлдвэр энэ үйлдвэрт аль ч аймгийн хүн ирж ажиллах эрхтэй тэгэхээр өөр аймгийн хүмүүсийг бөөрөлхөж, худлаа гүтгэх ямар ч шаардлага байхгүй ийм учраас энэ үйл ажиллагааг таслан зогсоох ийм шийдвэрийг шүүхээс Эийн хариуцагч нарт өгөх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2021 оны 06 сарын 25-ны өдрийн Б/... дугаар тушаалаар ажилтан П.О-д Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх заалт, Э ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 8.7.14 дэх заалтад тус тус зааснаар С амралт, аялал жуулчлалын цогцолборт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн VI шатны иж бүрэн үзлэг явуулахдаа ажил үүргээ гүйцэтгэж буй ажилтантай зүй бусаар харьцаж, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Нэхэмжлэгч П.О- нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн VI шатны иж бүрэн үзлэг явуулахдаа өөрт олгогдсон чиг үүргийн дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн гэж тайлбарлаж байгаа ч үйлдвэрийн газрын дүрэм, журам, ажилтны тайлбар, бусад холбогдох баримтуудаар ажилтантай зүй бусаар харилцаж, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан нь нотлогдоно. Иймд өөрт итгэмжлэгдэн олгогдсон эрхийн хүрээнд Э ТӨҮГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно гэжээ.

Нэхэмжлэгч П.О- нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Э ТӨҮГ-т холбогдох Э ТӨҮГ-ын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/... дугаартай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Дээрх Э ТӨҮГ-т холбогдох нэхэмжлэлийг би шүүхэд хандан 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гаргасан. Энэ үед маргаан бүхий Ерөнхий захирлын сануулах шийтгэл оногдуулсан тушаал нь бодитоор хэрэгжиж эхлээгүй байсан. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2021 оны 07 дугаар сарын цалин бодогдох үед надад маргаан бүхий тушаалаар сахилгын шийтгэл оногдуулсан тул үр дүнгийн урамшууллын 1 000 000 төгрөгийг олгохгүй гэж хассан, 10 дугаар сард улиралд нэг удаа олгодог 3 600 000 төгрөгийг мөн нэхэмжилнэ. Өөрөөр хэлбэл миний авах ёстой үр дүнгийн урамшуулал 1 000 000 төгрөг, улиралд нэг удаа олгогдох 3 600 000 төгрөгийг тус тус олгохгүй байна. Нэгэнт уг тушаалаар үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл оногдуулсан тул энэхүү тушаалын үр дагавар болох миний авах учиртай үр дүнгийн урамшууллын нийт 4 600 000 төгрөгийг нэхэмжлэх шаардлага үүсээд байна. Дээр дурьдсан улирлын урамшуулал 3 600 000 төгрөгийг миний бие тооцоолохдоо өмнөх жилүүдийн олгогдож байсан улиралын урамшууллын жишгийг харгалзан тооцоолсон юм. Иймд өмнө гаргасан шаардлагын хэмжээг үр дүнгийн урамшуулал 4,600,000 төгрөгийг Э ТӨҮГ-аас гаргуулахаар ихэсгэж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгөхийг хүсье. Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулаад үр дүнгийн урамшуулал ....сараас хойш бүх бүтцийн нэгжүүдэд олгогдоогүй юм байна. Иймд үр дүнгийн урамшууллаас татгалзаж, 2021 оны 6, 10 дугаар сарын урамшуулал 1 600 000 төгрөг гаргуулахаар шаардлагаа бууруулж байна. Үйлдвэрээс 800,000 төгрөгийг өгсөн тул үлдэх 800,000 төгрөгийн урамшууллыг авна гэжээ.

Хариуцагч Э ТӨҮГ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н- нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч Э ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н- би нэхэмжлэгчийн 2021 оны 10 сарын 15-ны өдөр гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг 2021 оны 10 сарын 18-ны өдөр хүлээн авч, танилцаад дараах хариуг хүргүүлж байна. Үүнд:Нэг. Ажлын үр дүнгийн урамшуулал 1 000 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд: Э ТӨҮГ-аас Дотоод хяналтын хэлтсийн орлогч дарга П.О-г С амралт, аялал жуулчлалын цогцолборт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн VI шатны иж бүрэн үзлэг явуулахдаа ажил үүргээ гүйцэтгэж буй ажилтантай зүй бусаар харьцаж, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр Ерөнхий захирлын 2021 оны 06 сарын 25-ны өдрийн Б/... дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Дээрх тушаал, Э ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 8.11 дэх заалт, Ерөнхий захирлын 2019 оны 12 сарын 30-ны өдрийн А/1204 дүгээр тушаалын №7 дугаар хавсралтаар батлагдсан Шагналын ерөнхий журам-ын 8.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн ажилтан П.О-гийн 06 сарын цалин хөлснөөс олгогдвол зохих урамшууллыг хасаж олгосон. Үйлдвэрийн газрын хэмжээнд мөрдөгддөг дүрэм, журмын хүрээнд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй үр дүнгийн урамшуулал 1 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.Хоёр. Ур чадварын нэмэгдэл 3 600 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд: Э ТӨҮГ нь ажилтны ур чадварын нэмэгдлийг улиралд нэг удаа олгодог ба ажилтан П.О-д 1, 2-р улирлын ур чадварын нэмэгдлүүдийг олгосон, харин 3-р улирлын ур чадварын нэмэгдлийг үйлдвэрийн газрын нийт ажилтнуудад олгогдоогүй байна. Э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 12 сарын 13-ны өдрийн А/.... дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Цалин хөлсний тухай журам-ын хавсралтын Ур чадварын нэмэгдэл олгох аргачлал-ын 2.8-т Ажилтан үйлдвэрлэл-технологийн болон хөдөлмөрийн сахилга бат зөрчсөн, сахилгын шийтгэл, эд хөрөнгийн хариуцлага хүлээсэн, үүрэг даалгаврыг хугацаанд нь бүрэн биелүүлээгүй, гэрээний биелэлтийн тайланг өгөөгүй тохиолдолд ажлын үр дүнг үл харгалзан бүтцийн нэгжийн удирдлагын саналыг үндэслэн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, ур чадварын нэмэгдэл олгохыг зогсооно гэж заасан. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 сарын 17-ны өдрийн Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай 43 дугаар тогтоолын 1.3 дахь заалтаар төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуй нэгж, байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг оновчтой тодорхойлж, орон тоо, чиг үүргийн давхардлыг арилгаж, төсөв, зардлыг хэмнэсэн байхаар шинэчлэх, удирдлагын цалин хөлсийг орлого, үр ашигтай нь уялдуулан, үйл ажиллагааны чиглэл, цар хүрээ, түвшин зэргийг харгалзан нэг хэлбэр, нийтлэг жишгээр ангилан тогтоодог зарчимд шилжих, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй, шагнал, урамшуулал олгохгүй байх, зочин төлөөлөгч хүлээн авах, бэлэг дурсгал (цүнх, календарь, мэндчилгээ г.м)-ын зардлыг гаргахгүй байх-аар үүрэг болгосон. Дээрх тогтоол, үйлдвэрийн газарт мөрдөгддөг дүрэм, журам, аргачлалын хүрээнд ажилтанд урамшуулал, ур чадварын нэмэгдэл олгох эсэх асуудлыг холбогдох эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр, шууд удирдлагын саналыг харгалзан шийдвэрлэж байгаа болохыг дурдах нь зүйтэй. Иймд ажилтны ажлын гүйцэтгэл, ур чадварын нэмэлт гэрээний биелэлтийг үндэслэн тодорхой шалгуур үзүүлэлт, хувь хэмжээгээр, батлагдсан аргачлалын дагуу тооцоолж, журмын дагуу олгогддог ур чадварын нэмэгдлийг үйлдвэрийн газрын нийт ажилтнуудад одоогоор олгогдоогүй байгаа тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Ажилтан П.О-д сахилгын шийтгэл оногдуулах болсон үндэслэлээ бид тушаалдаа тодорхой заасан. Үүнд хөдөлмөрийн дотоод журмын 8.7 дугаар зүйлийн 14-д зааснаар, хуулийн хэлтсийн даргын 2021 оны 6 дугаар сарын 24-ний 117/596 албан бичиг, дотоод хяналт шалгалт хэлтсийн даргын 2021 оны 6 дугаар сарын 17-ний өдрийн ...................., ..................., 2021 оны 6 дугаар сарын 18-ны 123/99 зэрэг тушаалыг үндэслэн сахилгын шийтгэл оногдуулсан. Нөхцөл байдлуудыг авч үзвэл ажилчинтай зүй бус харьцсан гэх асуудал гаргасан. Зүй бус буюу зохих ёсны бус гэх нөхцөл байдлыг дараах байдлаар авч үзсэн. Үүнд зан харилцааны хувьд ажилчинтай асуудал үүсгэсэн үү?, хууль олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд шаардлага тавьсан уу? зэргээр нөхцөл байдлыг тогтоох гэж хичээсэн. Мөн уг асуудал нь 2 ажилтны хооронд үүсэж буй асуудал учраас тогтооход төвөгтэй. Нэг талаас П.О- би тэгээгүй гээд байдаг. Нөгөө талаас Б.Э- намайг загнасан зандарсан гэх асуудлыг яриад байдаг. Тиймээс таарамжгүй харилцаа үүсэх шалтгаан нөхцөл нь юу байсан бэ гэдгийн судалхад өөрийн хяналт шалгалтын чиг үүрэгт хамааралгүй баримтыг шаардсан. П.О- нь эрсдэлийн удирдлагыг тодорхойлох чиг үүрэгтэй холбоотой хяналт шалгалтыг хэрэгжүүлсэн гэж тайлбарладаг. Эрсдэлийн удирдлагыг тогтоохдоо хүнсний аюулгүй байдлыг тогтоосон гэж ярьдаг. Хяналт шалгалтын хуудас өгдөг хуудасны дагуу шалгалтын материалтай танилцах ёстой. Хуудсан дээр юу гэж заасан байдаг вэ гэхээр асуулт хариулт хэлбэртэй аваарай тэрнээс баримт шаардах эрх байхгүй. Мөн хүнсний аюулгүй байдал тогтоосон гэж ярьдаг. Хүнсний аюулгүй байдлыг тогтооход ганц цехийн даргын кабинетын зардал, ундаа ус авсан зардал, чихэр жимс авсан зардлаар хүнсний аюулгүй байдал тогтоох бол боломжгүй. Хүнсний аюулгүй байдлыг тогтоохдоо тээвэрлэлт нь ямар байсан нөхцөл байдал нь ямар байсан, хадгалалт нь ямар байгаа зэрэг нөхцөл байдлуудаар тогтоох ёстой гэтэл энэ хүн чиг үүргийн дагуу ажиллаагүй. О.Э гэх хүнтэй таарамжгүй харилцаа үүссэний улмаас хувийн зорилгоос үүдэлтэй баримт шаардсан байхыг үгүйсгэхгүй нөхцөл байдал үүссэн. Урамшууллын мөнгөний хувьд сануулах арга хэмжээ авсантай уялдуулаад сахилгын шийтгэлгүйд тооцох хүртэл аливаа шагнал урамшуулал олгохгүй гэж заадаг. Иймд бид тушаал бол үндэслэлтэй гарсан үүнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн гэжээ.

Хариуцагч О.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг дурдсан асуудлыг тайлбарлавал хэл амаар доромжилсон, ажилчдад зүй ёсны шаардлага тавихад гутаан доромжилсон гэдэг асуудал нь гүтгэлэг юм. Хэрэгт авагдсан баримтаар 2019 онд П.О-гийн удирдлага доор ажиллаж байсан ажилчдын гомдол байдаг. Ур чадваргүй, ажил үйлдэлтэй нь холбоогүй гутаан доромжилсон байдаг үүнтэй холбоотойгоор 2019 онд нийт ажилчид О-г өөрийн хэлтсийн ажилчидтай бүдүүлэг харьцдаг зэрэг гомдлоо ёс зүйн хороонд гаргасан байдаг. Мөн С аялал жуулчны газрын ажилтан эдийн засагч Б.Э-ийн гэдэг хүнтэй зүй бус харьцсан гэдэг мэдэгдэл хүргүүлсний дагуу сахилгын шийтгэл оногдуулсантай холбоотой асуудал яригдаж байна. Б.Э-ийн нь 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн мэдэгдэлд дотоод хяналт шалгалтын албатай хамааралгүй баримтыг надаас шаардаж авсан ийм учраас дотоод хяналт шалгалтынхаа журмын дагуу арга хэмжээ авч өгнө үү гэж хүсэлтийг шалгаж үзээд зөрчил гарсан байна гэж үзэн арга хэмжээ авсан. Хүлээж байгаа үүргийн хувьд асуудал гаргаад байна гэсэн гомдлын дагуу шийдсэн. Ажиллах нөхцөл байдлыг боогдуулсан гэх асуудлын үндэслэлд нь тайлбар авмаар байна. О.Эад холбогдуулан гаргасан шаардлагаа бол 2021 оны анхан шатны шүүх хурлын өмнө татан авсан шаардлага байдаг. 2021 оны 09 дугаартай дээд шүүхийн тайлбар гарсан. Уг тайлбарт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа татан авахыг татгалзсантай адил гэж үзнэ гэдэг. Өнөөдрийн хувьд нэхэмжлэлийн шаардлагаа татан авсан гэж үзээд шүүх хурал дээр уг нэхэмжлэлийн шаардлагаа татан авсан тэгэхээр энэ асуудал дээр процессын алдаа гарсан гэж үзэж байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2022/.... дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 /1999 он/, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дахь хэсэгт заасныг баримтлан Э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Б/... дугаар тушаалыг хүчингүй болгож, хариуцагч Э ТӨҮГ-аас 800,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.О-д олгож, О.Эад холбогдох нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэл тараасан үйлдэлд уучлалт гуйхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн тушаал хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 158,750 /нэг зуун тавин найман мянга долоон зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Э ТӨҮГ-аас 93,950 /ерэн гурван мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд, 23,750 /хорин гурван мянга долоон зуун арван тавь/ төгрөгийг нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н- шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Э" ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н- би Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 12-ны өдрийн 142/ШШ2022/.... дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-т зааснаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4- т Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана гэж зохицуулсан. Гэтэл Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2022/.... дугаартай шийдвэрт хариуцагчийн тайлбар, шүүх хуралдаанд оролцсон гэрчийн мэдүүлэг, бусад нотлох баримтыг хэрхэн үнэлж байгаа талаар дурдаагүй нь хэт нэг талыг баримталсан гэж үзэхээр байх тул шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-т зааснаар шүүхийн щийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас гаргасан Ерөнхий захирлын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/... дугаартай тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л явцад илэрхийлж оролцсон. Үүнд: Нэг. Үүссэн нөхцөл байдал, тушаал гаргах үндэслэл, хариуцагч талын тайлбар: Э ТӨҮГ-ын Дотоод хяналтын хэлтсийн орлогч дарга (ажиллаж байсан) П.О- нь 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн IV шатны иж бүрэн хяналт, шалгалтын багт орж ажиллахдаа С амралт, аялал жуулчлалын цогцолборын эдийн засагч Б.Э-аас Дотоод хяналтын хэлтсийн 2019 оны 05 дугаар сараас 2021 оны 05 дугаар сарын хоорон дахь удирдлагын зардал (сүүлийн 2 жилийн кабинетын зардал)-ыг гаргахыг шаардсан. Шаардлагын дагуу С амралт, аялал жуулчлалын цогцолборын эдийн засагч Б.Э-аас 2019-2020 оны баримтуудыг гаргаж өгөхөд 2021 оны баримт гаргаж өгөхийг шаардаж, баримтыг гаргаж өгөөгүй ажилтантай албаны бус харилцаагаар буюу зүй бусаар (шаардлага биелүүлсэнгүй, би та нарыг мэдэж байна гэж зандарсан, дарамталсан байдлаар) харьцаж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн IV шатны иж бүрэн хяналт, шалгалтын ажлын чиг үүрэгт хамааралгүй (журмын дагуу бус, өөрийн ажлын чиглэлд хамааралгүй баримт шаардсан) байдаг. Энэхүү шаардлага нь хууль бус болохыг мэдсэн ажилтан Б.Э- 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Дотоод хяналтын хэлтсийн даргад хандан Мэдээлэл хүргүүлэх тухай цахим захидлыг илгээсэн. Уг цахим захидлыг үндэслэн Дотоод хяналтын хэлтсийн даргаас 2021 оны 06 дугаар сарын 17,18-ны өдрүүдэд Сахилгын шийтгэл ногдуулах тухай ...................., ................... тоот албан бичгүүдийг Ерөнхий захиралд, 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 123/99 тоот албан бичгийг Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын даргад тус тус ирүүлсэн. Дээрх мэдээлэл, ажилтны шууд удирдах ажилтны албан бичиг (илтгэх хуудас), ажилтны тайлбарт тус тус үндэслэн Хуулийн хэлтсээс үүссэн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгсний эцэст тушаал гаргах зөвшөөрөл олгож, уг зөвшөөрлийн дагуу Э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2021 оны 06 сарын 25-ны өдрийн Б/... дугаар тушаалаар ажилтан П.О-д Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх заалт. Э ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 8.7.14 дэх заалтад тус тус зааснаар С амралт, аялал жуулчлалын цогцолборт Хөдөлмөрийн аюулгүй байдал. эрүүл ахуйн VI шатны иж бүрэн үзлэг явуулахдаа ажил үүргээ гүйцэтгэж буй ажилтантай зүй бусаар харьцан зохисгүй үйлдэл гаргасан үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Сануулах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл нь Э ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журам-ын 8.10 буюу Сахилгын шийтгэл ногдуулахдаа зөрчил гаргагчийн бичгээр гаргасан тайлбар, тухайн ажилтныг шууд удирдах ажилтны илтгэх хуудсыг үнлэслэл болгоно. Сахилгын зөрчил гаргасан ажилтан тайлбар өгөхөөс татгалзах нь ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэх заалт байсан. Эрлэнэт үйлдвэр ТӨҮГ-ын хувьд бусад аж ахуй нэгжүүдээс ялгагдах нэгэн онцлог нь Хуулийн хэлтсээр хянагдаж, сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй эсэх, холбогдох баримтуудаар журмын дагуу тогтоогдож байгаа эсэхийг тус тус шалгадаг болно. Хоёр. Шүүхийн шийдвэрийн илэрхий алдаатай дүгнэлтүүд болон гэрчийн мэдүүлэг. шүүх хуралдааны явцад хэлэлцэн судлагдсан нотлох баримтын зөрүү: 2.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-т ...П.О- Хөдөлмөрийн аюулгүй байлал, эрүүл ахуйн дотоод хяналт шалгалтын тухай журмын 37-д зааны дагуу тухайн С амралт, аялал жуулчлалын цогцолборын зорилго, зорилтын биелэлт, түүнийг биелүүлэхэд учирч болзошгүй эрсдлийг тодорхойлж үнэлэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлсэн буюу хэрэгжүүлж буй ажлууд, эрсдэлийг бууруулахад бүтцийн нэгийн дотоод хяналтын оновчтой буюу үр дүнтэй байдал зэргийг шалгаж ажиллах үүрэгтэй байна. 6-т Шалгалтын явцад П.О- нь тус С амралт, аялал жуулчлалын цогцолборын хоолны үйлчилгээ эрхэлдэг онцлогтой холбогдуулан цогцолборын эдийн засагч Б.Э-аас 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Дотоод хяналтын хэлтсийн үйлчилгээний зардлыг гаргаж өгөхийг хүссэний дагуу Б.Э- 2019-2020 оны баримтыг гарган өгч, 2021 оны баримтыг Дотоод хяналтын хэлтсийн дарга О.Эрлэнэбат битгий өг гэж хэлсний дагуу өгөөгүй, үүний хариуд нь П.О- ...шаардлага биелүүлсэнгүй, би та нарыг мэдэж байна, гаргаж өгөх нь чиний үүрэг гэж Б.Э-д хэлжээ. Энэхүү үйл баримт нь гэрч Б.Э-ийн мэдүүлэг, Б.Э-ийн Дотоод хяналтын хэлтсийн дарга О.Эын цахим хаягт илгээсэн цахидлаар тогтоогдож байна, 7-т Үүний улмаас ...П.О-д Хөдөлмөрийн аюулгүй байдал, зрүүл ахуйн IV шатны иж бүрэн үзлэг явуулахдаа ажил үүргээ гүйцэтгэж буй ажилтантай зүй бусаар харьцаж, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр сануулах сануулах шийтгэл ногдуулжээ, 8-т Нэхэмжлэгч П.О-, Б.Э-д ... шаардлага биелүүлсэнгүй, би та нарыг мэдэж байна гаргаж өгөх нь чиний үүрэг гэж хэлснийг ажилтантай зүй бусаар харьцсан гэж дүгнэх боломжгүй юм. Учир нь шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр Б.Э- нь П.О-г зүй бус харьцсан талаар өөрийн ажиллаж буй ёс зүйн хороонд гомдол гарган шийдвэрлүүлсэн зүйл байдаггүй, нэхэмжлэгчийн харилцаанд одоогоор гомдсон зүйлгүй талаар мэдүүлсэн нь хөдөлмөрийн сахилгын зөрчил үйлдсэн гэж сахилгын арга хэмжээ авсан нь буруу байх тул ... тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж тус тус нөхцөл байдлыг дүгнэсэн. Гэвч нотлох баримтаар нотлогдож буй дараах асуудлуудад шүүх зөрүүтэй тайлбар хийж, хариуцагчиин тайлбар холбогдох баримтыг хэрхэн дүгнэсэн талаар тайлбарлаагүй: 1.Сахилгын зөрчил үүсэх болсон нөхцөл байдлыг шүүх судалж үзсэнгүй. Дотоод хяналтын хэлтсийн орлогч дарга (ажиллаж байсан) П.О- болон С амралт, аялал жуулчлалын цогцолборын эдийн засагч Б.Э- нарын хооронд маргаан үусэх болсон шалтгаан нь гэрч Б.Э-ийн мэдүүлэг, цахим хүсэлт, гэрч Д.М. И.Ж- болон Дотоод хяналтын хэлтсийн 2021 оны 06 дугаар сарын 17, 18-ны өдрүүдийн албан бичигт тус тус дурдсанчлан журмын бус өөрийн эрхлэх асуудлын рээлэлд хамааралгүй баримтуудыг нэхэмжлэгч П.О- нь Б.Э-аас шаардсанаас үүсэлтэй. Тухайлбал: гэрч Б.Э-ийн мэдүүлэгт: ...нэхэмжлэгч П.О-гийн шаардаж буй баримтууд нь хяналт шалгалтын чиг үүрэгт хамаарахгүй ..., цахим хүсэлтэд ...П.О- өөрийн эрхэлж буй ажил албан тушаалаа ашиглан ХАБЭА-ын хяналт шалгадтын хамрах хүрээнд хамааралгүй баримтууд гаргуулан авсан байж болзошгүй ...манай цехээс шаардсан материал нь дээрх чиг үүрэгт нийцэж байгаа эсэх нь эргэлзээтэй гэж үзэж байна" гэх мэдүүлэг, баримтууд; Гэрч И.Ж-ы мэдүүлэгт: ...Кабинетын зардлын талаар манай эдийн засагчаас шаардсаныг би сонссон. Тэр үед би юу гэж хэлсэн гэхээр манайх хөдөлмөрийн аюулгүй байддын шадгалттай холбогдолтой баримт гаргаж өгөхөд бэлэн. Харин кабинетын зардад ч юм уу. ийм зүйлсийг бид гаргаж өгч болохгүй гэж хэлсэн, ...кабинетын зардал гэдэг нь захирлууд болон цехийн дарга нарт тодорхой хэмжээний зочид төлөөлөгч ирэхэд өрөөндөө цай. сахар аваад тавих хэмжээний хэдэн төгрөг төлөвлөж тавьж өгдгийг хэлнэ ...кабинетын зардлаар хүнсний аюулгүй байдлыг шалгах боломжгүй. Хүнсний аюулгүй байдлыг эрүүл ахуйч буюу мэргэжлийн хяналтын газар шалгах эрхтэй гэж бодож байна, ...хяналт шалгалт дууссаны дараа өгсөн зөвлөмжид хүнсний эрүүл ахуй шалгасан талаар зөвлөмж хэлэгдээгүй гэж үзэж байна ... гэсэн мэдүүлэг; Дотоод хяналтын хэлтсийн даргын 2021 оны 06 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Ерөнхий захиралд хүргүүлсэн Сахилгын шийтгэл ногдуулах тухай ....................,................... тоот албан бичгүүд, Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын даргад хүргүүлсэн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 123/99 тоот албан бичигт ...ХАБЭА-ын журам зөрчин, тус хяналт шалгалтын хамрах хүрээнд хамааралгүй, санхүүгийн анхан шатны баримт шаардан авсан... гэх баримтууд; Гэрч Д.Мын мэдүүлэгт: ХАБЭА-ын хэлтэс хүнсний аюулгүй байдлыг шалгахдаа хүнс үйлдвэрлэх цехүүд дээр очиж, хүнсний эрүүл ахуйч шалгалт хийдэг. Хүнс үйлдвэрлэж байгаа газруудаас арчдас авч, бохирыг шалгах зэрэг хяналтыг мэргэжлийн хүмүүс хийдэг. ...Хүнсний аюулгүй байдлыг шалгахад кабинетийн зардал шалгахгүй. ХАБЭА-ын хяналт шалгалт явуулахын өмнө нээлтийн хурал хийдэг. Үүгээр ямар хүмүүс комиссын бүрэлдэхүүнд очиж шалгах, энэ хүмүүс нь бүгд хяналт шалгалтын хуудастай, тэнд заагдсан зүйлүүдийг л шалгана. Тэр зүйлүүдээс бусад зүйлүүдийг шалгахыг хориглодог. Жишээ нь: механикийн хүн тэр чиглэлийн зүйлээ илүү асууж, хөдөлмөрийн аюулгүй байдлын холбогдолтой зүйлсийг орхигдуулдаг байсан учир тодорхой асуулт боловсруулдаг болсон. Шалгасан, шалгуулсан хүмүүс гарын үсэг зурж, тэрийг хурал дээр авч ирээд баталгаажуулсан хуудсаараа акт, албан шаардлага хүргүүлдэг, журамд юу шалгах нь заагдсан байгаа. тухайн хуудаст байгаа зүйлүүдийг шалгах ёстой гэх мэдүүлэг; Хэргийн 19-р хуудсанд авагдсан ХАБЭА-ын хяналт, шалгалтын хуудас (хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас эх хувь баримт гэдгийг нотолсон) - Түүнд Дотоод хяналтын хэлтийн ажилтны хяналт, шалгалтын чиглэлийг тодорхойлохдоо 6. 7 дахь хэсгийг ажилчдын мэдлэг сорьсон асуулт байхаар тус тус тодорхойлсон зэрэг болно. Эдгээр баримтууд болон хариуцагчийн шүүх хуралдааны явцад гаргасан тайлбарыг шүүхээс хэрхэн үнэлж, нотлох баримтыг эргэлзээгүй хэрэгт ач холбогдолтой эсэх талаар дүгнэлтийг шүүх хийсэнгүй. 2. Гэрчийн мэдүүлгийг өнгөцөөр дүгнэж, гэрчийн мэдүүлэг, гэрчээр тухайн үед үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан зүй бусаар харьцсан үйлдлийн талаар гэрч Б.Э-ийн Дотоод хяналтын хэлтэст хандсан цахим хүсэлтэд дурдсан ... шаардлага биелүүлсэнгүй, би та нарыг мэдэж байна гэж зандарсан, дарамталсан байдлаар албан бус харилцаагаар харьцсан Гэрчээр мэдүүлсэн Б.Э-ийн 2021.11.09-ний өдөр өгсөн мэдүүлэгт ХАБЭА-н 4-р шатны хяналт, шалгалт бол санхүүтэй холбоотой хяналт шалгалт биш.... өдөр цайны цагаас орж ирээд комьпютерээ асаагаад байж байтал над руу залгасан. Чи яагаад худлаа яриад байгаа юм. Би та нарыг мэдэж байгаа шүү яагаад шалгалтын материал гаргаж өгөхгүй байгаа юм гэж ширүүн өнгө аястай ярьсан. Тэгэхээр нь би энэ хүн надтай яагаад загнасан, дайрсан байдлаар ингэж харьцаж байна. Энэ гаргаж өгсөн баримтууд нь энэ хүний чиг үүрэгт хамааралтай юу гэдэг асуудлаар хэлтсийн даргад нь цахим хүсэлт илгээсэн, ... Бид ээж охин, хамаатан садан биш албан харилцааны биш гэж үзэж байна... ... ДХХ-ийн дарга нь намайг бичиж өг гэж хэлсэн, дарамталсан зүйл байхгүй гэх мэдүүлэг, Гэрчээр мэдүүлсэн Б.Э-ийн 2022.12.12-ны өдөр өгсөн мэдүүлэгт: ...тухайн гаргаж өгөх баримт бичиг нь дотоод хяналтын материалтай холбоотой байсан учраас би эхлээд даргад нь мэдэгдэх ёстой гэж бодсон. Загнасан, дарамталсан гэдэг асуудал маань тэр өдрийн өглөө П.О- дарга манай өрөөнд орж ирээд баримт материал гаргуулъя гэсэн. 2019-2021 оны баримтыг гаргуулж авна гэсэн байх. Би 2019-2020 оны баримтыг үдээс өмнө гаргаж өгөөд цайндаа явсан. Өдөр цайны цагаас дөнгөж орж ирээд байж байхад 2021 оны баримт гаргуулъя гэсэн. Би тухайн баримтыг гаргаж өгөх боломжгүй гэхэд чи яахаараа гаргаж өгдөггүй юм та нарыг би мэдэж байгаа шүү гэж утасны цаанаас зандарсан баидалтай харьцсан. Тэгээд би ямар ч байсан хэлтсийн даргад нь мэдэгдэх ёстой гэж бодож бичгээр хэлтсийн дарга руу нь цахим хэлбэрээр явуулсан, ... өмнө дандаа ХАБ-тай холбоотой шалгалт хийдэг байсан. Миний хувьд ажлын байрны боловсруулалт, хөдөлмөрийн гэрээнд заасан тухайн ажлын байрны тодорхойлолт хэр үнэн зөв боловсруулагдаж байгаа гэх шалгалтууд хийгддэг байсан гэх мэдүүлгүүд; Дотоод хяналтын хэлтсийн орлогч дарга (ажиллаж байсан) П.О- нь Дотоод хяналтын хэлтсийн үйл ажиллагааны журмын 5.2.11-т асуудлынхаа хүрээнд мэргэжлийн болон хувийн зан чанарын байдлаар үлгэр дуурайлал үзүүлэх, захирах, захирагдах ёс, ил тод байдлыг баримталж ажиллах нь удирдлагын үүрэг байхаар, ажилтантай байгуулсан ажлын байрны тодорхойлолтын (орлогч дарга П.О-гийн) 3.1-ийн 5-т Эрхэлсэн ажлынхаа хүрээнд доод шатны ажилтнуудад мэргэжлийн болон хувийн зан чанарын байдлаар үлгэр дуурайлал үзүүлэх, 4.1-3-т Манлайлах, багаар ажиллах чадамж, хориглосон зүйлийг мэддэг, мөрддөг баих, 10.1-т Байгууллага дахь хүмүүстэй эелдэг харьцах зэрэг чадамжтай байх талаар заасан ч П.О- нь дээрх шаардлагыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлээгүй болох нь шүүхэд гаргаж өгсөн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдүүлсэн гэрчүүд болон хариуцагчийн тайлбар, бусад нотлох баримтуудаар тогтоогдоно. Шүүх ажилтнуудын хооронд үүссэн харилцааны асуудлыг шийдвэрлэж байгаа атлаа чухам яагаад дарамталсан, ширүүн өнгө аястай албан бусаар харьцсан гэх гэрчийн мэдүүлэгт үнэлэлт, дүгнэлт өгөхгүйгээр шийдвэр гаргаад байгаа нь тодорхой бус болно. Шүүхийн дүгнэлт, нотлох баримтын хоорондын зөрүү: П.О- ... шаардлага биелүүлсэнгүй, би та нарыг мэдэж байна, гаргаж өгөх нь чиний үүрэг гэж Б.Э-д хэлжээ. Энэхүү үйл баримт нь гэрч Б.Э-ийн мэдүүлэг, Б.Э-ийн Дотоод хяналтын хэлтсийн дарга О.Эын цахим хаягт илгээсэн цахидлаар тогтоогдож байна" гэж дүгнэсэн атал хэргийн 59 дүгээр хуудаст авагдсан Мэдээлэл хүргүүлэх тухай цахим хүсэлтэд ...шаардлага биелүүлсэнгүй, би та нарыг мэдэж байна гэж зандарсан, дарамталсан байдлаар албан бус харилцаагаар харьцсан гэж байгаагаас бус шүүхийн шийдвэрт дурдсан шиг гаргаж өгөх нь чиний үүрэг гэж Б.Э-д хэлсэн асуудал байгаагүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан Б.Э- нь П.О-г зүй бус харьцсан талаар өөрийн ажиллаж буй ёс зүйн хороонд гомдол гарган шийдвэрлүүлсэн зүйл байдаггүй. Нэхэмжлэгчийн харилцаанд одоогоор гомдсон зүйлгүй талаар мэдүүлсэн нь хөдөлмөриин сахилгын зөрчил үилдсэн гэж сахилгын арга хэмжээ авах нь үндэслэлгүй. Харилцаанд албан харилцаанд зандарсан, дарамталсан байдлаар албан бус хэллэгээр харилцаж болох уу? Мөн гомдол саналгүй гэснээр гэм буруугийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болох уу? Хариуцлага бодитой, гаргасан зөрчилд нийцэхээр үндэслэл бүхий байх ёстой. Э" ТӨҮГ нь Хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээ баталж, мөрдүүлэхдээ ажилтан заавал гомдолтой байх талаар зохицуулаагүй. Бид тухайн ажилтны гэм буруутай, ажил албан үүрэг (ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг)-тээ хариуцлагатай байлгах, тус аж ахуй нэгжийнхээ ажилтнуудын хөдөлмөрийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх үндсэн зорилготой. Түүнчлэн ёс зүйн хороогоор зөрчил шалган шийдвэрлэх журамтай, ёс зүйн зөрчил, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг Хөдөлмөрийн дотоод журамдаа ялган зааглаж өгсөн. Тухайлбал: Ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн тохиолдолд ажилтны гомдол, мэдээлэл, удирдах албан тушаалтны хүсэлт, хэвлэл, мэдээллийн байгууллагын мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулдаг ба Хөдөлмөрийн дотоод журамд нэрлэн заасан зөрчлийг ёс зүйн зөрчил мөн, биш гэдгийг ёс зүйн хороогоор хэлэлцэн тогтоох шаардлагагүй. Ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангуулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх журмын дагуу Ёс зүйн холбогдолтой асуудлыг шийдвэрлэдэг журамтай. Ёс зүйтэй холбогдох журмыг хэргийн материалд хавсаргасан. 5. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 17-т ...Түүнчлэн нэхэмжлэгчийн гаргаж өгсөн гэрч Г.С, Б.Э-тай ярих үедээ хийсэн аудио бичлэг, Эрсдлийн удирдлага бодлого инноваци танилцуулга зэргийг хэргийн үйл баримт болсны дараа хийсэн тул хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан гэж дүгнэх боломжгүй. Мөн гэрч И.Ж-, Б.Э-, А.Д, С.Б, Г.С, Д.М, П.Б нарын мэдүүлгийг хэрэгт ач холбогдолгүй, хамааралгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохгүй гэж дүгнэлээ гэжээ. Гэвч шүүх үндэслэх хэсгийн 6-8 дахь хэсгүүдэд Э ТӨҮГ-ыг бурууттах үндэслэлээ энэхүү гэрч Б.Э-ийн мэдүүлэгт үндэслэн дүгнээд байсан юм. Ингэхээр гэрчийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй бол юуг, ямар нотлох баримтаар үйл баримтыг дүгнэсэн нь тодорхой бус байна. Гурав. 800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:3.1. Э ТӨҮГ-аас Дотоод хяналтын хэлтсийн орлогч дарга П.О-г С амралт, аялал жуулчлалын цогцолборт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн VI шатны иж бүрэн үзлэг явуулахдаа ажил үүргээ гүйцэтгэж буй ажилтантай зүй бусаар харьцаж, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр Ерөнхий захирлын 2021 оны 06 сарын 25-ны өдрийн Б/... дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Дээрх тушаал, Э ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 8.11 дэх заалт, Ерөнхий захирлын 2019 оны 12 сарын 30-ны өдрийн А/1204 дүгээр тушаалын №7 дугаар хавсралтаар батлагдсан Шагналын ерөнхий журам-ын 8.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн ажилтан П.О-гийн 06 сарын цалин хөлснөөс олгогдвол зохих урамшууллыг хасаж олгосон. Үйлдвэрийн газрын хэмжээнд мөрдөгддөг дүрэм, журмын хүрээнд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н- нь давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох болно гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа:

П.О-гийн нэхэмжлэлтэй, Э ТӨҮГ-т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа ба тус хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан давж заалдах гомдолтой 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: 1. Нэхэмжлэгч П.О- нь санхүүгийн мэргэжилтэй, тус мэргэжлээрээ санхүүгийн хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэж, улмаар Э ТӨҮГ-ын Дотоод аудитын хэлтэст орлогч даргаар ажилладаг талаар хэрэгт хангалттай нотлох баримт авагдсан. Өөрөө хэлбэл ажил олгогчийн хувьд ажилтан П.О-г санхүүгийн мэдлэг, ур чадварын дагуу санхүүгийн хяналт шалгалттай холбоотой ажлыг гүйцэтгэдэг Дотоод аудитын хэлтэст орлогч даргаар ажлуулдаг байна. Ийнхүү уг мэргэжлийнхээ хүрээнд ХАБЭА-ын 4-р шатны үзлэг гэгч ажлыг гүйцэтгэж байхдаа санхүүгийн анхан шатны баримтыг шалгаж, өөрийн мэддэг ажлаа гүйцэтгэсэн байна. Гэтэл ажлыг хийлгэхээр ажил олгогч тушаал гаргаж томилсон /энэ талаар талууд маргаагүй/ атлаа ажлаа хийснийх нь төлөө буруутгасан байдаг. Энэ нь ажил олгогчийн шийдвэр илт үндэслэлгүйг баталаж байгаа болохоос, Б-ийн Н-НЫ хэлээд байгаа өөрийнхөө мэргэжлийн бус өөр ажлыг гүйцэтгэх ёстой гэж бичээд байгааг гомдол үндэслэлгүй баталж байна. нөгөө талаас энэ талаарх Б.Н- гомдол гаргахдаа хувийн зорилгоор уг ажлыг гүйцэтгэсэн гэсэн агуулга бүхий гомдол гаргасныг ойлгохгүй байна. Учир нь П.О- ажлаа гүйцэтгэснээр түүний хувийн ямар зорилго биелэх нь ойлгомжгүй байна. тэрээр ажилтан ажлаа хийснийхээ төлөө цалин хөлсөө л авах ёстой, гэтэл нэхэмжлэгч П.О-гийн хувьд ажлаа гүйцэтгэснийхээ төлөө сануулах шийтгэл авч, улмаар цалингаасаа хасуулсан байдаг. Ажилтан ажил гүйцэтгэж баихдаа түүний удирдлагад болон бусад хэлтсийн ажилтан зүй ёсны шаардлагыг нь эсэргүүцсэн тохиолдолд талархан хүлээн авахгүй нь ойлгомжтой. Харин ажилтны П.О-гийн хувьд ажилтан Б.Э-ийн шалгуулахаар өгөхөөс татгалзсан баримтыг түүний дарга Жаргалсайханд танилцуулах байдлаар ажлаа зохих журмын дагуу гүйцэтгэсэнг хөдөлмөрийн сахилгын зөрчил" гэж тооцож шийтгэл оногдуулсан нь илт үндэслэлгүй, хуульд заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийн шинжийг агуулаагүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Хөдөлмөрийн сахилгын зөрчлийн тухай ойлголт, ажилтнуудын хоорондын бусад ажилтнуудтай харилцахдаа баримтлах ёс зүй, харьцаа хандлагын асуудал нь өөр өөр ойлголт болохыг тэмдэглэх нь зүйтэй байна. Харин ажилтан П.О-г ажлаа зохих ёсоор гүйцэтгэхэд нь саад учруулж буй Дотоод хяналтын хэлтсийн дарга О.Э, ажилтан Б.Э- нарт шийтгэл ногдуулахгүйгээр, ажилтан П.О-д сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй гэж үзнэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д заасан сахилгын сануулах шийтгэл цалин хөлсөнд нөлөөлөхгүй байх учиртай. Гэтэл Э ТӨҮГ нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын сануулах шийтгэлийг ногдуулж улмаар ажилтны цалин хөлсийг хууль бусаар бууруулдаг буруу жишиг тогтоосныгоо хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ийнхүү гомдол гаргахдаа Үйлдвэрийн газрын хэмжээнд мөрдөгддөг дүрэм, журмын хүрээнд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 800 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно... гэсэн агуулгаар гаргасан нь илт үндэслэлгүй байна. Тодруулбал ажил олгогч ч бай, түүний төлөөлөгч ч бай хэн ч ялгаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийг баримталж үйл ажиллагаандаа мөрдөж байх учиртай байтал шууд удирдлагын эрх хэмжээ гэх ойлголтоор хөдөлмөрийн харилцаанд ялгаварлал бий болгох, үндэслэлгүйгээр цалин хөлс бууруулах зэргээр ажилтны эрхийг зөрчиж болохгүй, Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Иймээс Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2022/.... дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү. Давж заалдах гомдлыг хэлэлцэх шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч П.О- давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа:

П.О-гийн нэхэмжлэгчтэй Э ТӨҮГ-т холбогдох иргэний хэргийн хариуцагчийн төлөөлөгчийн 2023 оны 01 сарын 20-ны өдөр гаргасан давж заалдах гомдолтой 2023 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр танилцлаа. Гомдолд дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Нэг.Үүссэн нөхцөл байдал, тушаал гаргасан үндэслэл:Хөдөлмөрийн аюулгуй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 1.1.-д Энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи төрийн бодлого, үндсэн зарчмыг тодорхойлж, төрийн байгууллагын удирдлага, хяналтын тогтолцоо, ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангах, ажилтан, хөдөлмөр эрхлэгч иргэнийг эрүүл, аюулгүй бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. гэж, мөн хуулийн 3.1.1. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй гэж хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндийг хэвээр хадгалах, эрүүл, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн нийгэм, эдийн засаг, зохион байгуулалт, техник, технологи, ариун цэвэр. эрүүл ахуйн арга хэмжээ max, эмчлэх. сувилах, нөхөн сэргээх, эрсдэлээс хамгаалах үйл ажиллагааг ойлгоно гэж заасан. Мөн Э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны А/... дугаар тушаалаар батлагдсан ХАБЭА-н дотоод хяналт шалгалтын тухай журам-д зааснаар Дотоод хяналтын хэлтэс нь дараах чиглэлд ХАБЭА-н үзлэгийг явуулна гэжээ. Үүнд: а.Бүтдийн нэгжийн зорилго. зорилтын бяелэлт. б.Түүнийг биелүүлэхэд учирч болзошгүй эрсдлийг тодорхойлсон болон үнэлсэн байдал, эрсдэлээс сэргийлсэн талаар авч хэрэгжүүлсэн буюу хэрэгжүүлж буй ажлууд, в. Эрсдлийг бууруулахад бүтцийн нэгжийн дотоод хяналтын оновчтой буюу үр дүнтэй байдалд үзлэгийг гүйцэтгэж, алдаа, дутагдалд нь зөвлөмжийг өгөх гэсэн байдаг. Дотоод хяналтын хэлтсийн орлогч дарга П.О- нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн дээрх заалтууд, үйлдвэрийн ХАБЭА-н Дотоод хяналт шалгалтын тухай журам-д заасан чиглэлийн хүрээнд С амралт, аялал жуулчлалын цогцолборт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн IV шатны иж бүрэн шалгалтыг 2021 оны 5 дугаар сард явуулахдаа хэлтсийн кабинетын зардлыг гаргаж өгөхийг эдийн засагч Б.Э-д хэлж, ирүүлсэн материалд шинжилгээ хийж эрсдэлээс хамгаалах үйл ажиллагаанд зөвлөгөөг өгч хууль, эрх зүйн хэрэгжилтийг хангаж, үүргээ биелүүлж ажилласан. Дэлхий даяар цар тахал үүсэж эдийн засаг хүндэрч төрийн байгууллагууд Хэмнэлтийн горимд шилжиж ажиллах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч ТӨҮГазруудыг мөрдөж ажиллахыг даалгасан үед Дотоод хяналтын хэлтсийн дарга О.Э нь 2021 оны 3 дугаар сарын 04-ны өдөр С амралт, аялал жуулчлалын цогцолборын Русь хүнсний дэлгүүрээс 2 шил Хеннесс коньяк болон нийт 368,700.00 (Гурван зуун жаран найман мянга долоон зуун) төгрөгний үнэ бүхий хүнсний зүйлийг хэлтсийн кабинетийн зардалаас гаргаж авсан (хавтас хэрэгт баримт) нь дээрх тогтоолыг зөрчсөн үйлдэл болсон. Согтууруулах: ундаа нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйд эрсдэл учруулах бүтээгдэхүүн бөгөөд С амралт. аялал жуулчлалын цогцолборын эдийн засагч Б.Э-ийн гаргаж өгсөн материалд дээрх баримт бүртгэгдээгүй төдийгүй, С амралт, аялал жуулчлалын цогцолборын Русь хүнсний дэлгүүрийн худалдаалж буй бүтээгдэхүүний анхан шатны бүртгэлийн баримт бичиг нь баллаж, цохолсон (хавтаст хэрэгт авагдсан) байв. Үйлдвэрийн хөрөнгөнөөс согтууруулах бүтээгдэхүүнийг аваад бүртгэлд үнэн зөвөөр тусгадаггүй дутагдал ХАБЭА-н иж бүрэн шалгалтын явцад илэрч зөрчилтэйг илтгэв. Энэ нь тус С амралт, аялал, жуулчлалын цогцолборын дотоод хяналт сулыг нотлож, согтууруулах ундааг үйлдвэрийн мөнгөөр авсан нь ХАБЭА-н эрсдэлийг үүсгэж байв. Энэ үйл ажиллагааг гүйцэтгэхдээ Дотоод хяналтын хэлтсийн орлогч дарга П.О- нь Ерөнхий захирлын 2019 онд баталсан үйлдвэрийн ХАБЭА-н Дотоод хяналт, шалтгалтын журам-ын Дотоод хяналтын хэлтсийн шалгалтын чиглэлийн 3-т тусгасан Эрсдэлээ бууруулахад бүтцийн нэгжийн дотоод хяналтын оновчтой буюу үр дүнтэй байдалд үзлэгийг гүйцэтгэж. алдаа. дутагдалд нь зөвлөмжийг өгөх заалтыг хэрэгжүүлэх үүргийн хүрээнд ажилласан болно. ХАБЭА-н IV шатны шалгалт нь С амралт. аялал жуулчлалын цогцолборт 2021 оны 5 дугаар сард явагдсан, шалгалтын явцад эдийн засагч Б.Э- нь 2019-2020 оны баримтуудыг гарган өгч, 2021 оны баримтаа гаргаж өгөхөөс татгалзсан тухай хавтас хэрэгт бичигдсэн. ХАБЭА-н иж бүрэн хяналт, шалгалт нь 3 өдрийн хугацаанд хийгдэж тайлагнадаг журамтай. П.О- нь гишүүний хувьд шалгалтын үйл явцаа хугацаанд нь тайлагнахын тулд эдийн засагч Б.Э-аас шаардлагатай материалыг утсаар шаардсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичээд буй (шаардлага биелүүлсэнгуй, би та нарыг мэдэж байна гэж чанга дуугаар хэлж, дарамталсан гэдэг нь нотолгоо байхгүй, зөвхөн эдийн засагч Б.Э-ийн мэдүүлснээр л хавтас хэрэгт бичигдсэн). Мэдүүлгийн үнэн, худал нь тогтоогдоогүй, зөвхөн эдийн засагч Б.Э-ийн Дотоод хяналтын хэлтсийн дарга О.Эад илгээсэн Мэдээлэл хүргүүлэх тухай цахим захидалд дурьдсанг (хавтас хэрэгт буй)-ыг нотолгоо хэмээж ажилтантай зүй бусаар харьцсан зохисгүй үйлдэл гаргасан гээд хөдөлмөрийн сахилга зөрчсөн үйлдэл хэмээн дүгнэх боломжгүй юм. Хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөдөлмөрийн аюулгүй байдал, зрүүл ахуйн IV шатны иж бүрэн хяналт. шалгалтын ажлын чиг үүрэгт хамааралгүй журмын дагуу бус, өөрийн ажлын чиглэлд хамааралгүй баримт гэжээ. Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль болон түүнтэй нийцэж гарсан үйлдвэрийн ХАБЭА-н дотоод хяналт. шалгалтын тухай журам-д шалтгалтын явцад хамааралгүй баримтын тухай заалт үгүй болно. Түүнчлэн журамд заасан иж бүрэн хяналт, шалгалтын үед эрсдэлээс хамгаалах үйл ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаад буй хамааралгүй баримт гэдгийг ямар нэгэн хууль, эрх зүйн актаар тогтоогоогүй байхад өөрийн үзэл бодлоор нотолгоогүй, үндэслэлгүйгээр удаа дараа тайлбарладаг нь ойлгомжгүй байна. Эдийн засагч Б.Э-ийн нотолгоо үгүй Мэдээлэл хүргүүлэх тухай цахим захидлыг үндэслэн Дотоод хяналтын хэлтсийн дарга О.Э нь Дотоод хяналтын хэлтсийн орлогч дарга П.О-д Сахилгын шийтгэл ногдуулах тухай, Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай албан тоотуудыг 2021 оны 06 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд 3 удаа Ерөнхий захирал болон Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга нарт хүргүүлсэн байдаг. Энэ удаа дараагийн үйлдэл нь Дотоод хяналтын хэлтсийн орлогч дарга П.О-гийн үйлдээгүй үйлдлийг үйлдсэн болгож худал мэдээллийг удирдлагуудад удаа дараа өгч хүчин төгөлдөр бус (тайлбарыг 1.6-д бичсэн)Сахилгын шийтгэл ногдуулах шийдвэрийг гаргуулсан нь Хөдөлмөрийн сахилга зөрчсөн болгож нэр төрийг нь гутаасан үйлдлийн нотолгоо болно. 1.6. Дээрх бичгүүдийг үндэслэн Хуулийн хэлтэс дүгнэлт гаргаж сахилгын шийтгэл ногдуулах саналыг боловсруулахдаа сахилгын зөрчил гаргасан гэж үзээд буй Дотоод хяналтын хэлтсийн орлогч дарга П.О-д албан ёсоор мэдэгдээгүй нь процессын журмыг зөрчсөн төдийгүй, Дотоод хяналтын хэлтсийн орлогч дарга П.О-д Сахилгын шийтгэл ногдуулсан тушаал дахь Ерөнхий захирал Х.Б-ийн нэрийг бичээд Ерөнхий кахирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Б гарын үсэг зурсан нь шийдвэр илт хүчин төгөлдөр бусыг нотолно. Ерөнхий захирлын гарын үсэг биш гэдгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н- шүүх хурал дээр хүлээн зөвшөөрсөн тухай хавтас хэрэгт бий. Дотоод хяналтын хэлтэс нь Ерөнхий захирлын шууд удирдлагын харъяад үйл ажиллагаагаа явуулдаг нэгж бөгөөд Сахилгын зөрчил гаргасан гэж үзээд буй Дотоод хяналтын хэлтсийн орлогч дарга П.О- нь Ерөнхий захиралтай шууд гэрээ байгуулсан удирдах албан тушаалтан болно. Хоёр: Шүүхийн шийдвэрийн дүгнэлтүүд болон гэрчийн мэдүүлэг, шүүх хуралдааны явц, хэргийн нотлох баримтын талаар: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 1.1, 3.1.1, Э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны А/... дугаар тушаалаар батлагдсан ХАБЭА-н дотоод хяналт шалгалтын тухай журам-ын хүрээнд хариуцсан үүргээ биелүүлж, ХАБЭА-н IV шатны үзлэгт хамрагдсан бүтцийн нэгжийн зорилго, зорилтын биелэлтийг хангуулах, эрсдэлээс хамгаалах үйл ажиллагааг баримт нотолгоонд үндэслэн шинжилж, дүгнэн зөрчлийг арилгуулах зөвлөгөө өгч ажилласан Дотоод хяналтын хэлтсийн орлогч дарга П.О-г хөдөлмөрийн сахилга зөрчсөн" гэж үзэн хүчин төгөлдөр бус шийвэрээр (Ерөнхий захирлын нэр дээр удирдах ажилтан болох П.О-тай гэрээ байгуулаагүй Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Б гарын үсэг зурж) Сахилгын шийтгэл ногдуулсан-г үндэслэлгүй гэж үзэн Хөдөлмөрийн сахилгын зөрчлийн шинжийг агуулаагүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Нэхэмжлэгч П.О- би бээр 1986 оноос хойш Төрийн хэмээх тодотголтой байгууллагадаа 36 жил, үүнээс 18 жилд нь Монгол Улсын Сангийн Яаманд ажиллаж байгаад Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, 9.8, Монгол Улсыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дугаар хамтарсан тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам-ыг үндэслэн тус үйлдвэрийг ТӨҮГ болоход Дотоод хяналтын хэлтсийн орлогч даргаар томилогдон ажиллав. Тус үйлдвэрт ажиллах 3 жилийн хугацаанд ХАБЭА-н IV шатны үзлэгийн гишүүн болж хууль, журамд заасан үүргээ биелүүлэн ажиллахдаа зүйн төлвийн зарчмаа баримтлан ажилласан. Ажиллах хугацаандаа бүтцийн нэгжүүдийн зөрчилтэй үйл ажиллагаанд зарчмын шаардлагыг тавьж, зөрчлийг нь арилгуулж, эрсдэлийг нь бууруулж ажилласан. (ХАБЭА-н хэлтсийн дарга, гэрч Д.Мын мэдүүлэгт дурьдсан буй.) Ингэж ажиллахдаа албан тушаалдаа үлдэхийн тулд бусдад хор өгсөнгүй, худал ярьсангүй, хулгай хийсэнгүй, хуурамч дүр гаргасангүй, хэн нэгнийг хохироосонгүй, хуйвалдаанд оролцсонгүй, буруу үйлдлийг зохион байгуулсангүй, биеэ үнэлдэг соёлыг үйлдвэрт үлдээсэнгүй, ажилтан дарамталсангүй, бас худал гүтгэсэнгүй, хэн нэгний эрхийг хязгаарласангүй, хэнийг ч гомдоогоогүй, үйлдвэртээ сөрөг нөлөө үзүүлэх үйлдэл гаргаагүй, олон түмнийхээ боломжоос хувьдаа ашигласангүй, ард түмнийхээ өмнө албан хаагчийн тангарагаа биелүүлж үнэнч, шударга, зарчимтай, хараат бусаар, бие даан ажиллав. Гурван жилийн хугадаанд баялаг бүтээгч нартаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үзлэгиин үеэр эрсдэлээ удирдаж аюулгүй ажиллах талаар өргөн хийгээд зөв мэдлэгээ хуваалцсаны үр дүнд Засвар механикийн заводын Инженер. техникийн хамт олонтой хамтарч Эрсдэлийн удирдлага-Бодлогын инновац-ийг нэвтрүүлэв ( Хавтас хэрэгг Эрдэнэт " телевизээр гарсан нэвтрүүлгийн бичлэг бий). Үр дүнг нь ард түмэн, алдар, шагналыг нь Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-ы нагац эгч Э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү эрхэлсэн орлогч Д.Ү хүртэв. Харин нэхэмжлэгч, Дотоод хяналтын хэлтсийн орлогч дарга П.О-г тус үйлдвэрт томилогдон ажиллах гурван жилийн хугацаанд ажиллах эрхийг минь хасаж, худал гүтгэн доромжилж, бүлэглэн дарамталж, хөөж, хүний эрхийг зөрчсөн үйлдлийг удаа дараа гаргасан Дотоод хяналтын хэлтсийн дарга О.Э болон түүний хамсаатан нар нэхэмжлэгч П.О- намайг буруутан болгох гэж, түүнийгээ нотлохын тулд олон ч гэрч гэх ажилтанд худал үгийг заан өгч, Монгол Улсын хуулийг зөрчин бүлэглэн гүтгэж, худал мэдүүлж, үзэл бодлоо тулган нотолгоо болгох гэж субьектив үйлдлийг шүүх хуралдааны явцад хариуцагч талуудын оролцогч нар эвсэн гүйцэтгэв. Амаргүй байлаа Эт ажиллахад, Монгол төр зүтгэж буй хүндээ хатуу юм гэж Ерөнхий сайд асан Амарын хэлсэн үг бодогдов. Орхон аймагт байрлалтай ч олон түмний үйлдвэр зөв ажиллавал Монгол Улсын минь нийт ард түмэнд өлзийтэй юм даа. Э ТӨҮГазарт зөв ажилласан хүн буруутан болж, худал, хуурмаг, ёс суртахуунгүй үйлдэл гаргагч нар хождог цаг үе байлаа. Зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэгч, Монгол Улсын шилдэг Дотоод аудиторын хувьд Шүүх хурлын явцад оролцсон гэрч болон хариуцагч талынханы нотолгоогүй хэт субьектив хандлагыг шинжлээд ийнхүү тайлбарыг хүргүүлж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. ХАБЭА-н иж бүрэн хяналт, шалгалтын явцад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрсдэлийг үүсгэгч өндөр хэмтэй согтууруулах ундаа болох конъякийг Дотоод хяналтын хэлтсийн дарга О.Э авч хэрэглэсэн нь Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг зөрчсөн төдийгүй, хэмнэлтийн горим баримталж ажиллаагүй нотолгоо баримтад бий. Түүнчлэн түүнийгээ нуун далдалж, санхүүгийн анхан болон нягтлан бодох бүртгэлийн баримтын зөрчлүүдыг үүсгэсэн үйлдэл нь Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-ы нагац эгч Д.Үгийн эрхэлсэн ажлын хариуцлагагүй байдал илэрсэнд бухимдан нэхэмжлэгч П.О-г баримтыг нэхэмжилсэн гэж үндэслэлгүй буруутгаад гүтгэж буй гэж үзэж болохоор байна. Цар тахлын үед үйлдвэрийн мөнгөөр өндөр градустай согтууруулах ундааг олныг авч хэрэглэх нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйд эрсдэл үүсгэх, түүнтэй холбоотой хууль, эрх зүйг зөрчиж буй явдал гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Түүнийг нуун далдалж хуурамч баримт бүрдүүлж буй нь бүр ч ноцтой асуудал. Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн тус үйлдвэрт 2021 оны 9 дүгээр сард ажиллаад 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 4/55 дугаар зөвлөмжийн 5-ын А-д Хяналт шалгалтын явпад цугларсан мэдээлэлд тулгуурлан дүгнэхэд үйлдвэрийн ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн хүрээнд ажлын байрны дарамтад судалгаанд хамрагсадын 27.3 хувь нь өртдег гэж хариулсан байдаг. Түүнчлэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан Комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу 7 зөвлөмжийг хэрэгжүүлэхийг даалгасан бөгөөд үүнээс 2-ыг нь дурьдвал: 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт ажилтныг ажлаар хөдөлмөрийн аюулгүй ба нөхцөлөөр хангах,хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод биелүүлэх үүрэгтэй мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьс өнгө, нас, эргарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгиарлах, давуу байдал тогтоо гэж тус тус заасны дагуу хөдөлмөрлөх нөхцөлөөр хангах, ажилтнуудын ажлын гүйцэтгэлийг бодитоор үнэлж, урамшуулах, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, удирдлагын зүгээс хууль бусаар аливаа үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байхад анхаарч, шаардлагатай арга хэмжээг зохион байгуулж ажиллах, 2. Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирамжлалын баримт бичгийн хэвлэмэл хуудасны гарын үсгийн бүрдэл хэсэгт Ерөнхий захирал гэсний ард Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер гарын үсэг зурж, хүний нөөцтэй холбоотой тушаал, шийдвэр гаргасан нь албан хэрэг хөтлөлтийн журам, стандартад байх тул Засгийн газрын 2020 оны 246 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам" болон MNS 5140-2:2021 стандартын 5.17-д заасан гарын үсэг бүрдэлд албан тушаалын нэр, гарын үсэг, гарын үсгийн тайлал орох бөгөөд том үсгээр голлуулан бичнэ. Захирамжлалын баримт бичигт байгууллагын дарга гарын үсэг зурна. Байгууллагын дарга, удирдлагын эзгүйд түр үүрэг гүйцэтгэх эрх тушаалтан албан бичигт гарын үсэг зурахдаа үндсэн албан тушаалын нэр, гарын үсэг, гарын үсгийн тайллыг бичнэ гэж заасныг мөрбөж ажиллахыг зөвлөсөн нь Дотоод хяналтын хэлтсийн орлогч дарга П.О-д илт үндэслэлгүй зөрчилтэй шийдвэр гаргасанг Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүннй зөвлөмж давхар нотлож байна. 2.5. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д Сахилгын сануулах шийтгэл цалин хөлсөд нөлөөлөхгүй байх учиртай гэж заасан боловч Э ТӨҮГ нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэлийг ногдуулж улмаар ажилтны цалин хөлсийг бууруулж давхар шийтгэл оногдуулан хууль зөрчсөн үйлдлийг гаргаж буйгаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолдоо ...нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 800,000.00 (найман зуун мянган) төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. хэмээж илэрхийлжээ. Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж бүр хуулийг дээдлэн хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй. Дээрх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын дагуу 800,000.00(найман зуун мянгөн төгрөг) олгох анхан шатны шүүхийн дүгнэлт нь үндэслэлтэй болно. Иймээс Орхон аймаг дахь Сум дундын Иргэний анхан шагны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2022/.... дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү. Давж заалдах гомдлыг хэлэлцэх шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байна гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч П.О- нь хариуцагч Э ТӨҮГ-т холбогдуулан Ерөнхий захирлын 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Б/... дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урамшуулал 1.600.000 төгрөг гаргуулах, хариуцагч О.Эад холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэл тараасан үйлдэлд уучлалт гуйхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага тус тус шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7. /1999 он/, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1., 511.2. дахь хэсэгт заасныг баримтлан Э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Б/... дугаар тушаалыг хүчингүй болгож, хариуцагч Э ТӨҮГ-аас 800.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.О-д олгож, О.Эад холбогдох нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэл тараасан үйлдэлд уучлалт гуйхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

Нэхэмжлэгч П.О- нь Э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 04 дүгээр сарын 30 ны өдрийн Б/... дугаар тушаалаар дотоод хяналтын хэлтсийн орлогч даргын албан тушаалд томилогдон ажиллажээ.

Нэхэмжлэгч П.О- нь Э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Б/... дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1. дэх заалт, Э ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 8.7.14 дэх заалтыг үндэслэн С амралт, аялал жуулчлалын цогцолборт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн 4 дүгээр шатны иж бүрэн үзлэг явуулахдаа ажил үүргээ гүйцэтгэж буй ажилтантай зүй бусаар харьцаж, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр сануулах сахилгын шийтгэлийн арга хэмжээ авагджээ.

Э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/... дугаар тушаалаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дотоод хяналт шалгалтын тухай журмыг баталжээ.

Журмын 2.30-д Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх ажлын 4 дүгээр шатны хяналт шалгалтыг иж бүрэн байдлаар явуулах ба үндсэн зорилго нь тухайн бүтцийн нэгж, хэсэгт зорилтоо хэрэгжүүлэх хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, ХАБЭАМТ-н хэрэгжилтийг хангах зорилгоор бүтцийн нэгжийн дарга нарт болон хэсгийн удирдах ажилтнуудад ХАБЭА-ны ажлыг зохион байгуулахад үүсэх эрсдэл, түүнийг үнэлсэн байдал, эрсдлийг бууруулахад бүтцийн нэгжийн дотоод хяналт оновчтой эсэх, гарч буй зөрчил, дутагдлыг илрүүлэх, арилгах талаар арга зүйн туслалцаа үзүүлэхэд оршино гэж заажээ.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дотоод хяналт шалгалтын тухай журмын хавсралт 1 дугаарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх ажлын 4 дүгээр шатны хяналт шалгалтын комиссын бүрэлдэхүүн, чиг үүргийг баталсан байх ба 17-д дотоод хяналтын хэлтсийн хяналт шалгалт хийх үндсэн чиглэлийг бүтцийн нэгжийн зорилго, зорилтын биелэлт, түүнийг биелүүлэхэд учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлсон болон үнэлсэн байдал, эрсдэлээс сэргийлэх талаар авч хэрэгжүүлсэн буюу хэрэгжүүлж буй ажлууд, эрсдэлийг бууруулахад бүтцийн нэгжийн дотоод хяналтын оновчтой буюу үр дүнтэй байдал гэж заасан байна.

Нэхэмжлэгч П.О- нь 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр С амралт аялал жуучлалын цогцолборт хийсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн 4 дүгээр шатны хяналт шалгалтын бүрэлдэхүүнд орж ажиллажээ.

П.О- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дотоод хяналт шалгалтын тухай журмын 37-д заасны дагуу тухайн С амралт, аялал жуулчлалын цогцолборын зорилго, зорилтын биелэлт, түүнийг биелүүлэхэд учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлж, үнэлэх, эрсдэлээс сэргийлэх талаар авч хэрэгжүүлсэн буюу хэрэгжүүлж буй ажлууд, эрсдэлийг бууруулахад бүтцийн нэгжийн дотоод хяналтын оновчтой буюу үр дүнтэй байдал зэргийг шалгаж ажиллах үүрэгтэй байжээ.

6.Шалгалтын явцад нэхэмжлэгч П.О- нь тус С амралт, аялал жуулчлалын цогцолборын хоолны үйлчилгээ эрхэлдэг онцлогтой холбогдуулан тус байгууллагын эдийн засагч Б.Э-аас 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр дотоод хяналтын хэлтсийн үйлчилгээний зардлыг гаргаж өгөхийг хүссэний дагуу Б.Э- 2019-2020 оны баримтыг өгсөн, 2021 оны баримтыг дотоод хяналтын хэлтсийн дарга О.Э битгий өг гэж хэлсний дагуу өгөөгүй, үүний хариуд нь П.О- ...шаардлага биелүүлсэнгүй, би та нарыг мэдэж байна, гаргаж өгөх нь чиний үүрэг гэж Б.Э-д хэлжээ.

Дээрх үйлдэл нь хэрэгт авагдсан зохигчдын тайлбар болон бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

Дотоод хяналтын хэлтсийн дарга О.Э 2021 оны 6 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Ерөнхий захирал Х.Б, Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр нарт нэхэмжлэгч П.О-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах санал хүргүүлж, нэхэмжлэгч П.О-д хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж Э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/... дугаар тушаалыг хүчингүй болгож, хариуцагч Э ТӨҮГ-аас урамшуулал 800.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хариуцагч О.Эад холбогдох нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан үйлдэлд уучлалт гуйлгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н- шүүхэд ...анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна... гэх агуулгатай давж заалдсан гомдол гаргаж байгаа боловч талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан ...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх.., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-д заасан нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх, үүргээ хариуцагч нар биелүүлээгүй болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-ы шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.

Иргэдийн төлөөлөгч Т.Н шүүх хуралдаанд ... нэхэмжлэгч, хариуцагч нарын хоорондын таарамжгүй харилцааны улмаас дээрх маргаан үүссэн байна... гэж дүгнэжээ.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2022/.... дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-ы шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-ы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 93.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.У

ШҮҮГЧ Б.О

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б