Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 1831

 

 

М.Х-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/01859 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Х-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Э” ХХК-д холбогдох

 

Luxury-13, apartment орон сууцны захиалгын №1709, №1710, №1711, №1712, №1713, №1714, №1715 дугаар гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, гэрээнээс учирсан хохиролд 139 424 041 төгрөг гаргуулах, 2014 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн орон сууц захиалгаар барьж ашиглалтад оруулах гэрээний захиалагчийн үүрэг дуусгавар болсон болохыг тогтоолгох, 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн “Э” ХХК , М.Х нарын хооронд байгуулсан гэрээ дүгнэсэн актыг хүчингүйд тооцуулах үндсэн нэхэмжлэлтэй, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 630 500 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т, Б.Б,

Хариуцагчийн төлөөлөгч Б.Э,  

Хариуцагчийн өмгөөлөгч А.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Б.Э-той 2015 оны 9 дүгээр сард манай ахаар дамжуулж, уулзаж тухайн үед Б.Э компаниа танилцуулж, надад ямар ч асуудалгүй гэж итгүүлж чадсан. Б.Э надад 4 200 000 000 төгрөгөөр барилга барина гэж үнийн санал өгсөн. Би үнийн санал хүлээн зөвшөөрч 2014 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Б.Э-ын “Э” ХХК-тай орон сууц захиалгаар бариулж ашиглалтад өгөх гэрээ байгуулсан. Газар тэгшилтийн ажил 9 дүгээр сарын эхээр эхэлж, бетон цутгалтын ажил 9 дүгээр сарын 20-нд эхэлсэн. Тухайн үед “Э” ХХК инженер техникийн ажилтан, хөдөлмөр хамгаалалтын инженергүй байсан. Хятад 23 ажилтан, Өвөр Монгол 1 залуу байсан. Тэдгээр хүмүүстэй хэл ойлголцоход хэцүү, миний шаардлагыг тэр хүмүүс хүлээж авдаггүй. 10 дугаар сарын 30-наас хүйтний улирал эхэлж барилгын ажил зогссон. Б.Э барилга дээр мөнгө авах гэж л ирдэг байсан. Б.Э намайг гэрээнд заасан шаардлага тавихад хүлээж авдаггүй, сонсдоггүй, барилгын ажилд хариуцлагагүй хандаж байсан. 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гэрээний дагуу барилгын ажил эхлэх ёстой байсан. Би 9 дүгээр сард “Э” ХХК-д бэлнээр 400 000 000 гаруй төгрөгийн санхүүжилт хийсэн. 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр дахин 465 000 000 төгрөгийн санхүүжилт хийсэн. Барилга 1 300 000 000 төгрөг болохоос би 100 000 000 төгрөгийн илүү санхүүжилт хийсэн байсан. Тухайн үед би барилгын ажилд нийт 1 438 221 450 төгрөгийн санхүүжилт хийсэн байсан. Барилгын гүйцэтгэл 70 хувьтай байх ёстой байсан. 7 дугаар сарын 25-ны өдөр дараагийн санхүүжилт 900 000 000 төгрөг өгөхөд барилгын гүйцэтгэл 70-80 хувьтай байх ёстой байсан. Гэтэл тухайн үед барилгын ажил 41 хувьдаа ч хүрээгүй, 11 давхарт цутгалт хийгдээгүй байсан. Б.Э надад краны голын стек олдохгүй, кранаа сунгаж чадахгүй байна, мөнгө байхгүй гэдэг тайлбар өгдөг байсан. Би Б.Э-д хөрөнгө оруулалт хангалттай хийсэн, ажлаа хурдан хий гэж хэлж байсан. Б.Э мөнгө өг гэж гэрээний хугацаанаас өмнө намайг дарамталж эхэлсэн. Би 7 дугаар сарын 03-ны өдөр Б.Э-д 1 438 221 450 санхүүжилт хийгдсэн, гэрээний зөрчсөн заалтуудыг дурдаж мэдэгдэл өгсөн. “Э” ХХК инженер, техникийн ажилтан, хөдөлмөр хамгаалалтын ажилтан байхгүйгээс барилгын хэв хашмал задарч, иргэн н.Заяа, н.Эрдэнэбатын эд хөрөнгөд хохирол учруулсан. Гэтэл энэ хохирлыг хариуцагч төлж барагдуулаагүй, нэг машины төлбөр хагас дутуу төлсөн, нөгөө машины төлбөр төлөөгүй. Би энэ 2 хүний хохирлыг барагдуулж өгсөн. Ийм байдлаар барилгын ажил цаашид үргэлжилбэл хүний амь нас ч эрсдэж болзошгүй байсан. Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2, 3 удаа “Э” ХХК-д хариуцлага тооцсон. Б.Э энэ барилгыг цагдаагийн газрын ажилчдын орон сууц гэж ярьсан байсан. Тийм зүйл байхгүй, энэ барилга иргэн М.Х-ын өмчлөлийн 66 айлын орон сууц гэсэн албан ёсны тамга, тэмдэгтэй. “Э” ХХК-д 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр дахин мэдэгдэл хүргүүлсэн. Миний тооцоогоор барилга 2 050 000 000 төгрөгөөр боссон. М.Х 1 438 221 450 төгрөг өгсөн. Үүний зөрүү 600 000 000 төгрөг өгчих гэхэд нь би тийм юм байхгүй гэж маргасан. Гэтэл энэ хүн намайг дарамталж эхэлсэн. Б.Э намайг багшийн дээдийн ойролцоох хуулийн фермд дуудсан. Б.Э надад гэрээ дүгнэсэн акт өгөөд уншиж танилцуулалгүй, гарын үсэг зуруулсан. Надад гэрээ дүгнэсэн актад гарын үсэг зурахаас өөр арга байгаагүй. Хэрвээ би Б.Э-той маргалдаж явсан бол өөрөө дампуурч, надад итгэл хүлээлгэсэн олон захиалагч нарын итгэлийг эвдэх байсан. Энэ асуудал дараа дахин үүснэ гэж үзээд би актад гарын үсэг зурсан. Надад барилга хугацаанд нь хүлээлгэж өгөхөд 3 сар хүрэхгүй хугацаа байсан. Тухайн үед барилгын карказ ч дуусаагүй, захиалагч нар надаас барилгаа хугацаанд нь хүлээлгэж өгөхийг шаардаж байсан. 2016 оны 2 дугаар сард улсын комисс барилга хүлээж авахад “Э” ХХК улаан дэвтэр хөтлөөгүй, комисст танилцуулах зүйлгүй байсан. Захиалагчийн өмнөөс барилгын инженер хийж байсан М.Мартбаяр 3-4 хүний ажил хийж гүйцэтгэсэн байсан ба би М.Мартбаярт цалин өгсөн. “Э” ХХК-иас М.Мартбаярт цалин өгөөгүй. Б.Э надад “Алтай нутгийн хүчин” ХХК-иас гурвалсан гэрээгээр 1312 куб бетон авсан, “Шахмал” ХХК-д 30 000 000 төгрөг өгөхөөс үлдэгдэл төлбөр төлөгдөөгүй байна. Чи тэр асуудлыг шийдээд өгчих тэгвэл би барилгын өдөр тутмын үйл ажиллагааны улаан дэвтэрт тамга дарлаа гэж дарамталсан. Барилгын гүйцэтгэгч компанийн тамга, тэмдэг улаан дэвтэрт дараагүй бол улсын комисс барилгыг хүлээж авахгүй байсан. 1 438 221 450 төгрөг барилгын ажлын явцад гарсан тооцоо, үүнээс хойш барилгын ажил дуусах хүртэл гарсан тооцоо шинжээчийн дүгнэлтээр гарсан. Өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. Сүүлд өгсөн нэхэмжлэлийн шаардлагын тодруулгаар мөнгөн дүн багассан. Хэрвээ хариуцагч гэрээний үүргээ биелүүлж, ажлаа цаг хугацаанд нь дуусгасан бол надаас дулаан, инженер, техник, ус хэрэглээ, харуул хамгаалалтын болон бусад зардал нийт 123 243 193 төгрөгийн төлбөр гаргахгүй байсан гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...М.Х намайг үнийн санал өгөөч гэснээр би 4 400 000 000 төгрөгийн барилгын үнийн санал өгсөн. Нэхэмжлэгч талаас үнийн саналаа буулгаач гэсний дагуу би 4 200 000 000 төгрөгөөр барилга барихаар үнээ буулгасан. 2014 оны 8 дугаар сарын 30-ны өдөр М.Х, М.Хүдэрбаатар 2 надтай ирж уулзаж, М.Х тай гэрээ байгуулсан. Бодит байдал дээр М.Х-ын өгсөн мөнгөөс барилгын карказад оруулсан хөрөнгө 2 050 000 000 төгрөг болж давчихсан. Энэ талаарх анхан шатны бүх баримтыг би шүүхэд гаргаж өгсөн. Анх М.Х-тай бэлэн мөнгөөр гэрээ байгуулсан ч сүүлд бэлэн мөнгөний боломжгүй болж зарим газраас артомур зуурмаг авсан. Бартерын төлбөр 800 000 000 төгрөг болсон. Би боломж бололцоогоо ашиглаж 11 давхар хүртэл барьсан. Нэхэмжлэгчийн ярьснаар Хятад ажилчид Засгийн газрын шийдвэрээс болж Монголд хоцорч орж ирсэн. Тэр хугацаанд л барилгын ажил 14 хоног саатсан бусад барилгын ажил хэвийн хугацаандаа явж байсан. Барилгын ажлын явцад кран нэг айлын хашаа мөргөж, нэг машины цонхон дээр жижиг чулуу унасан нь үнэн. Тухайн үед 2 хүний хохирол бид нар өөрсдөө барагдуулсан. Би М.Х-д барилгын карказ дууслаа, хийгдэх ёстой ажлын 50 хувь хийгдсэн байна. Чиний өмнө өгсөн мөнгө хүрэхгүй байна, мөнгө өгөхгүй бол барилгын ажил цааш явахгүй байна гэж хэлсэн. Бид хэн хэндээ чирэгдэл учруулахгүйн тулд хуулийн ферм дээр очиж 7 байр төлбөр өгөх гэрээ байгуулж, гэрээ дүгнэсэн акт үйлдэж, нотариатаар гэрчлүүлсэн. М.Х намайг өөрөө дагаж явж, гэрээ байгуулж, гарын үсэг зурсан. М.Х-ыг айлган сүрдүүлж гэрээ байгуулж, гарын үсэг зуруулсан зүйл байхгүй. Барилгын инженер байхгүй байсан бол барилгын карказ босохгүй байсан. М.Х тухайн үед Эрүүгийн цагдаагийн газрын зохион байгуулалтай гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ажилчдаас мөнгө хурааж, надад шилжүүлэх үүрэгтэй байсан. Нэхэмжлэгч мөнгө байхгүй учраас гуйж надтай 7 гэрээ байгуулсан гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлага талуудын хооронд 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан 7 орон сууцны захиалгын гэрээ хүчин төгөлдөр эсэх, тус өдөр байгуулсан гэрээ дүгнэсэн акт хүчин төгөлдөр эсэх, хариуцагч талын гэм буруутай үйл ажиллагаанаас 129 000 000 төгрөгийн хохирол учирсан эсэх асуудал юм. Түүнээс 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр талуудын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээ, түүний дагуу гарсан зөрчлүүд өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэх асуудал биш. Талуудын хооронд 2014 оны 8 дугаар сарын 30-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, гэрээнд зааснаар 9 дүгээр сарын 03-ны өдөр барилгын ажил эхлэх ёстой байсан. Хариуцагч гэрээнд зааснаар барилгын ажил эхлүүлж, өвлийн улирал эхэлсэнтэй холбогдон 10 дугаар сард барилгын ажил зогссон. Засгийн газрын тогтоол 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр гарч, “Э” ХХК дээрх хугацаанд барилгын ажил хойшлуулж эхлүүлсэн боловч гэрээний дагуу 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүртэл барилгын ажлыг 41-70 хувьтай байлгах үүргээ гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч тал төлбөр зориулалтын бус ашигласан, чанар стандартын шаардлага хангахгүй бараа материалаар ажил гүйцэтгэсэн гэдэг. Гэрээний 4.5-д төлбөрийг зөвхөн үндэсний мөнгө тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ гэж талууд тохирсон. Гэтэл нэхэмжлэгч тал бэлэн мөнгөний төлбөрийн чадвар муу байгаагаас бараа материалаар буюу бартераар төлбөр барагдуулах санал тавьсан. Талууд барилгыг чанарын шаардлага хангасан материалаар хийсэн гэж 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гэрээ дүгнэж акт үйлдэж, улсын комисс барилгыг хүлээж авсан. Мэргэжлийн хяналтын газрын шаардлагын дагуу бид зөрчил дутагдлаа хугацаанд нь арилгаж, албан бичиг хүргүүлж байсан. Тухайн үед барилгын ажил дээр хөдөлмөр хамгааллын 2 ажилтан ажиллаж байсан. Тэдгээр хүмүүсийн хөдөлмөрийн гэрээ хавтаст хэрэгт авагдсан. Нэхэмжлэгч тал 1 435 000 000 төгрөг бэлэн, бэлэн бус өгсөн гэдэг нь шинжээчийн 2 дүгнэлт, нэхэмжлэгч талын мэдэгдэлд ч дурдсан байдаг. “Э” ХХК барилгын 12 давхар карказ дуусгасан. “Э” ХХК-ийн 12 давхар карказ хэдэн төгрөгөөр боссон талаар 2 шинжээчийн дүгнэлт гарсан. “Уран асар” ХХК 2 100 000 000 төгрөг, Барилгын хөгжлийн төв 1 900 000 000 төгрөг гэж талуудын өгсөн бодит зардалд үндэслэхгүйгээр төсвийн аргаар дүрэмд заасны дагуу жишиг үнээр тооцсон байдаг. “Э” ХХК-иас 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 800 000 000 төгрөг хэрэгтэй талаар нэхэмжлэгч талд хүргүүлэхэд нэхэмжлэгч тал гэрээ цуцлах талаар мэдэгдэл хүргүүлсэн байдаг. “Э” ХХК захиалагчийн өгсөн 1 435 000 000 төгрөг аль хэдийн зарцуулагдаж, 2 100 000 000 төгрөгийн карказ боссон. Цаашид захиалагч төлбөрийн чадваргүй болсон гэж үзээд нэхэмжлэгч талын гэрээ цуцлах саналыг хариуцагч хүлээж авсан. Орон сууцны захиалгын гэрээний дагуу карказ угсарлтын ажил гүйцэтгэсэн үлдэгдэл төлбөр 7 байраар төлөх санал анх захиалагч тал гаргасан. Хариуцагч тал барилгыг улсын комисст хүлээлгэж өгсний дараа М.Х 2016 оны 3 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. “Э” ХХК үлдэгдэл 614 000 000 төгрөгт таарсан аль давхар, аль тоотод хэдэн м.кв байр зарагдаагүй үлдсэн талаар ямар ч мэдээлэл байхгүй. 7 орон сууцны талаарх мэдээллийг анх нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн. Хариуцагч гэрээнд заасан 4 200 000 000 төгрөгийн төлбөрийн 50 хувиас илүү зардал гарч талууд 2 050 000 000 төгрөгөөр ажлаа дүгнэж, нэхэмжлэгч талаас нийт бэлэн болон бэлэн бусаар 1 435 221 450 төгрөг өгсөн байна. Үлдэгдэл 614 000 000 төгрөгийн төлбөрт 7 байр өгөхөөр захиалагч тал тохирсон. Тухайн үед талууд энэ асуудлаар гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлж гэрээ байгуулсан. “Э” ХХК , М.Х-аас үлдэгдэл төлбөрөө авахын тулд эрх, үүргээ ухамсарлаж, нэхэмжлэгчтэй 7 байраар тохирч гэрээ байгуулсан. Гэтэл нэхэмжлэгч талын ярьсан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-д заасан төөрөгдөж хэлцлийн учир холбогдлыг ойлгохгүй, талуудын хооронд хүчээр хэлцэл байгуулсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Талуудын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээний дагуу захиалагч, гүйцэтгэгчээс хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын зардал болон барилгын нийт үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх төлбөрийг гүйцэтгэгч хариуцна. Энэхүү үнийн дүн нийт төлбөрт багтсан байна гэж талууд тохирсон. Нэхэмжлэгч гэрээ цуцалснаас хойш өөр гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний төлбөр, харуул хамгаалалтын төлбөр хариуцагчаас нэхэмжилсэн. Тухайн байр бүрэн гүйцэд баригдаж дууссаны дараа харуул хамгаалалт тавих эсэх нь захиалагч таны асуудал энэ төлбөрийг яагаад гүйцэтгэгч компаниас нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгчийн гэрээ цуцалснаас үүссэн төлбөр хариуцагчийн ямар буруутай үйл ажиллагаанаас болж үүссэн нь шууд шалтгаант холбоогүй байна. Талууд гэрээ дүгнэсэн акт байгуулъя, үлдэгдэл төлбөрт 7 орон сууц өгөх саналыг захиалагч талаас гаргасан учраас талуудын гэрээ дүгнэсэн акт хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэл тогтоогдохгүй байна. Захиалагч орон сууц захиалгын төлбөр 100 хувь төлж барагдуулснаар захиалагчийн үүрэг дуусгавар болох ёстой. Иймд захиалагчийн үүрэг дуусгавар болгосныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд 7 орон сууцны гэрээний дагуу “Э” ХХК -ийг уг орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэгч эдгээр орон сууцыг аль хэдийн өөр хүмүүст худалдсан. Та нарт орон сууц өгөх боломжгүй гэж 5 гэрээ хэргийн материалд өгсөн байдаг. Нэхэмжлэгч талын гэрээний үүргээ зөрчиж байр худалдсан асуудалд бид цагдаагийн байгууллагад хандаж, эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байна. Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэгчийг эдгээр орон сууцыг захиран зарцуулахаас сэргийлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан арга хэмжээ авах хүсэлт гаргаж, 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр шүүгчийн захирамж гарч 7 орон сууцыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусах хүртэл нэхэмжлэгчийг захиран зарцуулахыг хориглосон байдаг. Гэтэл М.Х шүүгчийн захирамж гарснаас хойш 5 орон сууц худалдсан. Үлдэх 2 орон сууцыг шүүхэд нэхэмжлэл гарахаас өмнө бусдад худалдан борлуулсан байдаг. 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр талуудын хооронд байгуулсан гэрээнд заасныг дагуу үлдэгдэл төлбөр болох 614 500 000 төгрөг, М.Х, “Э” ХХК-ийн захирал Б.Энхболдоос мөнгө авсаар нийт 16 000 000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчээс гаргуулах, М.Х, Б.Энхболдоос 16 000 000 төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч, гэрээ дүгнэсэн актад энэ талаар тусгасан байдаг. М.Х-аас нийт 630 500 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: М.Х миний бие Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр дээрх өөрийн эзэмшлийн газар дээр барилга барихаар төлөвлөж, эрх бүхий байгууллагуудаас холбогдох зөвшөөрөл, зураг төсөл гаргуулсан. Барилга усралтын “Э” ХХК-ийн захирал Б.Э нь 2014 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 12 давхар бүхий үйлчилгээтэй 66 айлын орон сууцны барилгыг чанарын өндөр түвшинд хурдан шуурхай 4 200 000 000 төгрөгт барьж гүйцэтгэнэ гэж хамтран ажиллах санал тавьсныг би хүлээн авч, 2014 оны 8 дугаар сарын 30-ны өдөр №01 дугаартай орон сууц захиалгаар барьж, ашиглалтанд оруулах тухай гэрээ байгуулсан. Гүйцэтгэгч “Э” ХХК нь барилгын ажлыг гэрээгээр тохирсон хугацаандаа чанартай гүйцэтгэлтэйгээр өөрсдийн тохиролцсон төсөвтөө багтааж дуусгаж чадахгүй нь илэрхий болж орон сууц захиалагч нийт 66 иргэнийг хохироох нөхцөл бүрдсэн байсан тул барилгын захиалагч М.Х 2014 оны 8 дугаар сарын 30-ны өдөр №01 дугаартай орон сууц захиалгаар барьж ашиглалтанд оруулах тухай гэрээний 2.3, 2.4 дэх хэсэгт заасныг үндэслэн гэрээг цуцалсан. 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай албан мэдэгдэл гүйцэтгэгч “Э” ХХК-д өгсөн. 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр “Э” ХХК-ийн захирал Б.Э гэрээ дүгнэсэн акт гэж өөрсдийн бичиж бэлдсэн акт болон орон сууц захиалгын 7 гэрээнд гарын үсэг зурахыг тулган шаардсан. Хэрэв дээрх акт болон гэрээнүүдэд гарын үсэг зурахгүй бол ажилчдаа барилгаас гаргахгүй, краныг буулгахгүй гэх мэтээр сүрдүүлж ажилд саад учруулж эхэлсэн тул миний бие гэрээ цуцлах талаар мэдэгдэл өгсөн түүний хэлсэн 7 байрыг өгнө гэсэн санаа зорилгогүй ажлаа саадгүй үргэлжлүүлэх үүднээс, мөн орон сууц захиалсан 66 айлын эрх ашгийн үүднээс гарын үсэг зурсан. Захиалагч М.Х миний бие "Э" ХХК-тай 2014 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн орон сууц захиалгаар барьж, ашиглалтанд оруулах тухай гэрээ байгуулахдаа төлбөрөө хуваарийн дагуу мөнгөн төлбөрөөр хийхээр тохиролцсоноос бус байр оролцуулж төлбөр хийхээр тохироогүй, мөн “Э” ХХК нь орон сууц захиалагч бол бусад захиалагчийн нэг адил бэлэн мөнгөөр төлбөр хийх үүрэгтэй. Гэтэл ямар ч мөнгөн төлбөр төлөөгүй, барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр ийм тохиролцоо хийгээгүй байтал өөрсдийн дураар ийм гэрээ хийж албан шахалтаар гарын үсэг зуруулж авсан. “Э” ХХК нь анхнаасаа хүчин төгөлдөр бус тэрхүү гэрээ дүгнэсэн актыг үндэслэн 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр орон сууцны захиалгын №1709, №1710, №1711, №1712, №1713, №1714, №1715 дугаар гэрээнүүд нь анхнаасаа хууль зүйн ямар нэг үр дагавар үүсгэхийг хүсээгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм. Иймд 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн орон сууцны захиалгын №1709, №1710, №1711, №1712, №1713, №1714, №1715 дугаар гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцож, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3., 56.1.4., 56.1.10., 236 дугаар зүйлийн 236.1.1., 227 дугаар зүйлийн 227.1.-д зааснаар Э ХХК-нд холбогдуулан 2015.07.10-ны өдрийн орон сууц захиалгын 1709, 1710, 1711, 1712, 1713, 1714, 1715 тоот гэрээ, 2015.07.10-ны өдрийн гэрээ дүнгэсэн актыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Э ХХК-ийн гэрээний үүргээ зөрчсөн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирол 123 243 193 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, 2014.08.30-ны өдрийн орон сууц захиалгаар барьж ашиглалтанд оруулах гэрээнд заасан захиалагчийн үүрэг дуусгавар болсон болохыг тогтоолгох тухай М.Х-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар М.Х-аас 413.221.264 төгрөг гаргуулж, Э ХХК-нд олгож, үлдэх 217 278 736 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч М.Х-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 7 386 170, хариуцагч Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 338 670 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Х-аас 2 224 056 төгрөг 32 мөнгө гаргуулан хариуцагч “Э” ХХК -нд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгч М.Х-аас шинжээчийн дүгнэлтийн зардалд 4 042 500 төгрөг гаргуулан Уран асар ХХК-нд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-т зааснаар 2017.11.21-ний өдрийн 102/ШЗ2017/15481 дугаар шүүгчийн захирамж, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШЗ2017/00496 дугаар шүүгчийн захирамжууд нь мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.
 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Хариуцагч "Э" ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцлуулснаас үүссэн үр дагаврыг арилгуулах зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр шүүхэд хандахад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугээр зуйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дутуу, буруу ойлгож, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу дүгнэж, хууль буруу хэрэглэснээс шүүхийн шийдвэр нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гэрээ цуцлах үед зөвхөн карказын ажлыг гүйцэтгэхэд урьдчилсан байдлаар 1 438 221 450 төгрөгийн өртөг зарцуулагдсан тухай мэдэгдлийг "Э" ХХК-ийн захиралд бичгээр өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамж гарч миний барилгын төсөвт өртгийг бодитой тогтоолгохоор Барилгын хөгжлийн төвөөс шинжээч томилуулж ажиллуулахад хөндлөнгийн шинжээч нарын дүгнэлтээр миний бие 1,6 орчим тэрбум төгрөгийг "Э" ХХК-д бэлэн болон бартер хэлбэрээр өгч, карказын ажилд зарцуулагдсан тооцоо нь нотлох баримтаар тогтоогдсон. "Э" ХХК хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1709-1715 тоот гэрээнүүдийн дагуу 7 орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж түүнээсээ татгалзаж буй үйлдэл нь эдгээр гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг зөвшөөрсөн эс үйлдэхүй байхад шүүх үүнийг анхаараагүй. Нэгэнт хариуцагч тал эс үйлдэхүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байхад би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар баримтаар нотлох үүрэг хүлээхгүй. Гэсэн хэдий ч уг шаардлагыг баримтаар хангалттай нотолсон боловч шүүх баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу үнэлж хэргийг шийдвэрлээгүй. Барилгын ажлын гүйцэтгэлийн төсөвт өртөгийг тооцсон тооцооллыг шүүх буруу ойлгож дүгнэсэн.

Мөн талууд 12 давхар карказын угсралтанд нийт 1 438 221 450 төгрөг зарцуулагдсан талаар маргаагүй. Энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгснийг шүүх үнэлээгүй. Нөгөө талаас манай гаргаж өгсөн баримтыг няцааж маргаагүй байхад уг бичгийн баримтыг шүүх яагаад үнэлэхгүй байгаа нь ойлгомжгүй байна. "Э" XXК гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс гэрээ цуцлагдаж хохирол учирсан байхад шүүх ямар үндэслэлээр хохирлыг хэрэгсэхгүй болгож байгаа талаар шийдвэрт огт дүгнээгүй. Мөн шүүхээс “Уран асар” ХХК болон Барилгын хөгжлийн төвийг шинжээчээр томилж 12 давхарын барилгын карказын ажлын төсөвт өртөгийг тооцуулан гаргасан төсвийг дээрх 12 давхар барилгын карказ цутгалтын ажилд зарцуулагдсан төсөвт өртөг мэтээр ойлгож шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу байна. Эдгээр шинжээч нарын зохиосон төсөвт өртөг нь 12 давхарын карказ цутгалтын ажилд заавал орох төсөвт өртөг биш бөгөөд захиалагч гүйцэтгэгч нар нь энэхүү төсвийг багасгах, ихэсгэх эрхтэй байдаг онцлогийг шүүх харгалзан үзсэнгүй. Шүүхээс талуудын хооронд байгуулсан 2014 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн орон сууц захиалгаар барьж ашиглалтанд оруулах тухай 01 тоот гэрээг хүчин төгөлдөр байхад бусад гэрээ мөн хүчин төгөлдөр бус байх боломжгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Дээрх гэрээг цуцлах үндэслэлийг гэрээний 2.3, 2.4 дэх хэсгүүдэд заасан байх бөгөөд иргэн М.Х “Э” ХХК бидний хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр хэвээр байгаа талаар бид маргаагүй болохыг шүүх анхаарч үзсэнгүй.

Мөн шүүхээс дээрх гэрээнд заасанчлан М.Х нь эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалтыг үндэслэн хөлс төлөх үүрэг хүлээсэн бөгөөд энэхүү үүргээ биелүүлж "Ажил гүйцэтгэх гэрээ"-ний 4 дүгээр зүйлийн 4.2, 4.3 дахьд заасан графикт төлбөрийг цаг тухай бүр нь толж ирсэн бөгөөд гэрээний 1.8 дахь хэсэгт зааснаар “Э” ХХК нь барилгын карказ цутгалтын ажлыг төсөвгүй хийснийхээ эрсдэлийг өөрөө хүлээхээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байгааг буруу ойлгож шийдвэрлэсэн байна. Шүүхээс хариуцагч талын ажлын гүйцэтгэлтэй холбоотой ямар ч баримт гаргаж өгөөгүй байхад сөрөг нэхэмжлэлийг хангасан нь хэт нэг талыг барьсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч М.Х нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан  “Luxury-13, apartment” орон сууцны захиалгын №1709, №1710, №1711, №1712, №1713, №1714, №1715 дугаар гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, гэрээнээс учирсан хохиролд 139 424 041 төгрөг гаргуулах, 2014 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн орон сууц захиалгаар барьж ашиглалтад оруулах гэрээний захиалагчийн үүрэг дуусгавар болсон болохыг тогтоолгох, 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн “Э” ХХК , М.Х нарын хооронд байгуулсан гэрээ дүгнэсэн актыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 630 500 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар иргэний хэрэг үүсгэсэн шүүгч хэргийн оролцогчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлаж өгөх үүрэгтэй. Гэтэл 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр, мөн оны 4 дүгээр сарын 26-ны өдөр /1 дүгээр хавтасны 96, 110 дахь тал/ шүүгчийн туслах хэргийн оролцогчдод эрх, үүрэг тайлбарлаж энэ тухай баримтад гарын үсэг зурсан нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзнэ.

 

Шүүхийн захиргааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т  шүүгчийн туслах нь “хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүгчээс даалгасан ажиллагааг гүйцэтгэх” чиг үүрэгтэй байхаар заасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгч өөрөө биечлэн хэрэгжүүлэхэд хамаарахгүй. Шүүхийн захиргааны ажилтны эрх зүйн байдал, гүйцэтгэх чиг үүрэг, зохион байгуулалтын асуудлыг зохицуулсан Шүүхийн захиргааны тухай хуулийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд хамааруулан хэрэглэж үл болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу байгуулагдан хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, заавал биелүүлэх шийдвэр гаргадаг шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг шүүх гэж ойлгоно.

 

Талууд өөрсдөө бие даан баримтаа гаргаж, чөлөөтэй мэтгэлцэх зарчмаар явагдах иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийг шүүгчээс тайлбарлан өгөх нь эрхээ хэрэгжүүлэх нэг суурь нөхцөл болох бөгөөд шүүгчийн гүйцэтгэвэл зохих ажлыг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд хэргийн оролцогчийн эрх хангагдсан гэж үзэх боломжгүй юм.

           

            Түүнчлэн шүүхээс томилогдсон шинжээч нь шүүгчээс тавьсан асуултад бүрэн хариулаагүй, шинжээчийн дүгнэлтийнхээ үндэслэл болгосон санхүүгийн баримтуудыг хэргийн оролцогч нарт /нэхэмжлэгч талд/ танилцуулсан талаар хэрэгт авагдсан баримтгүй байна. 

 

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр дахин шинжилгээ хийнэ” гэж заасан. Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзвэл дээрх хуульд заасны дагуу дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулж хэргийг шийдвэрлэх боломжтой байжээ.

 

Иймд хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг ханган, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/01859 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Х-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 224 056 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ТУЯА

 

                             ШҮҮГЧИД                                      Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ