Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2024/00178

 

Х.Хийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2024/00711 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 210/МА2024/00711 дүгээр магадлалтай,

Х.Хийн нэхэмжлэлтэй,   

Цагаатгалын нөхөн олговор 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Аийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х.Хээс авга ах Ц.Тгийн цагаатгалын нөхөн олговорт 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2024/00711 дүгээр шийдвэрээр: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгийн нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэгч Х.Хийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 210/МА2024/00711 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2024/00711 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Г.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Х.Х нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Ц.Тгийн зээ билээ. Өөрөөр хэлбэл хэлмэгдэгч Ц.Тгийн төрсөн дүү Х.Хийн охин юм. Х.Х нь эрүүл мэндийн шалтгааны улмаас сүүжин ясаа солиулсан тул хэвтрийн дэглэмтэй, байнгын асаргаа сувилгаатай байдаг бөгөөд дэлхий нийтээр хөл хорио тогтоосон 2020 онд нэхэмжлэгч нь цар тахал болон корона вирус туссан, тухайн 2020 он 2021 онд улс даяар хөл хориотой байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлснийг Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт заасан “Шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно” гэсэн заалтын дагуу нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг улс даяар хөл хориотой, өвчтэй зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан дээр анхан болон давж заалдах шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийгээгүй хуулийг өөрөөр буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2024/00711 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 сарын 08-ны өдрийн 210/МА2024/00711 дугаартай магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн нийт шүүгчийн хуралдааны 001/ШХТ2024/00827 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Х.Хийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Аийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Аийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих үндэслэл тогтоогдов.  

7. Нэхэмжлэгч Х.Х ах Ц.Тгийн цагаатгалын нөхөн олговорт 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... Миний авга ах Ц.Т нь 1938 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 35 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47, 48 дугаар зүйлээр дээд хэмжээгээр шийтгэгдэж буудан хороох ял авсан. Хэргийг хянаад Дээд шүүхийн цэргийн коллегийн 1990 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 115 дугаар магадлалаар цагаатгасан. Нэхэмжлэгч нь ... архиваас баримт гарч ирэхгүй удсан,  цар тахлын улмаас дэлхий нийтээр хөл хорио тогтоосон, ... сүүжин ясаа солиулсан тул хэвтрийн дэглэмтэй, байнгын асаргаа сувилгаатай байдаг,  дүү хорт хавдар тусаад харж хандсаар энэ асуудлыг хөөцөлдөхөө больж хугацаа алдан 2020 оноос өмнө нэхэмжлэл гаргаж чадаагүй. ...” гэж тодорхойлсон.

8. Гуравдагч этгээд төрийг төлөөлж прокурор Б.Э нэхэмжлэлийг эс зөвшөөрч байр сууриа илэрхийлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “... Х.Х нь хэлмэгдэгчтэй төрөл садны холбоотой нь хүн амын тооллогын баримтаар тогтоогдож байх боловч Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т заасан нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш байна. Мөн нөхөн олговор гаргуулах хуульд заасан хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэж тайлбарласан байна.

9. Гуравдагч этгээд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г нэхэмжлэгчийн байр суурийг дэмжиж “... нэхэмжлэгч болон хэлмэгдэгч нар нь нэг бүлийн ах дүү болох нь хүн амын тооллогын баримтаар тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь эх Х.Хээр овоглосон нь төрсний гэрчилгээгээр харагдаж байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар нөхөн олговрыг олгохоор заасан. Нэхэмжлэгч нь хуулийн хугацаа хэтрүүлж нэхэмжлэл гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгийг шүүх тогтоовол нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжтой. Улсын дээд шүүхийн 62 дугаар тогтоолоор нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах, нөхөн олговор авах эрхтэй этгээд мөн байна. Нэхэмжлэгч нь хуулийн дагуу нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн учир сонинд зарлуулах боломжгүй болсон.” гэж тайлбар гаргажээ.

10. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба шийдвэрт “... нэхэмжлэгч нь  Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.1.3, 10.1.4-т зааснаар авга ах хэлмэгдэгч Ц.Тгийн нөхөн олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээдэд хамаарахгүй. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т заасныг зөрчиж, хугацаа хэтрүүлэн нэхэмжлэл гаргасан талаарх прокурорын тайлбар үндэслэлтэй...” гэж дүгнэсэн.

11. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн зарим дүгнэлтийг залруулж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба магадлалд “... Х.Х нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т заасан хэлмэгдэгчийн нөхөн олговрыг шаардах эрх бүхий этгээд байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн энэ талаарх дүгнэлтийг залруулна. Нэхэмжлэгч нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т заасан хугацаанд хандаагүй гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн. Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаар нэхэмжлэл гаргаагүй хугацаа алдсан  гэх боловч энэ талаарх нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. ...” гэж дүгнэсэн байна.

12. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдэл адил байх боловч холбогдох хуулийн зарим зүйл, заалтын талаарх тайлбар, хууль хэрэглээ ялгаатай байх тул энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хяналтын журмаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Тодруулбал,  Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т хэлмэгдэгчийн төрсөн эцэг эх, ах, эгч дүү, ач, зээ нь нөхөн олговрыг хүлээн авах эрх бүхий этгээдийн дараалалд хамаарахаар заасан байх ба энд дурдсан “ач, зээ” гэх ойлголтыг хэрхэн хэрэглэх талаар хоёр шатны шүүх зөрүүтэй дүгнэжээ. Анхан шатны шүүх хэлмэгдэгчийн төрсөн дүүгээс гарсан хүүхэд дээрх зүйл, заалтын “ач, зээ” гэх ойлголтод хамаарахгүй гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх Монгол Улсын дээд шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 62 дугаар тогтоолыг үндэслэн хэлмэгдэгчийн төрсөн дүү Ц.Хандсүрэнгийн хүүхэд Х.Хийг шаардах эрх бүхий этгээд гэж тайлбарласныг зөрүүтэй дүгнэлт гэж үзнэ.

13. Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь Монгол Улсын дээд шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 62 дугаар тогтоолын 9 дэх заалтыг 2002 оны 123 дугаар тогтоолоор өөрчлөн найруулж “ач, зээ” гэдэгт хэлмэгдэгчийн төрсөн буюу үрчилж авсан хүү, охины төрсөн буюу үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийн төрсөн буюу үрчилж авсан ах, эрэгтэй дүүгээс гарсан ба үрчилж авсан хүүхэд, /ач/  эсхүл төрсөн буюу үрчилж авсан эгч, эмэгтэй дүүгээс гарсан ба үрчилж авсан хүүхэд /зээ/-ийг тус тус хамааруулан ойлгохоор заасан байна. Иймд анхан шатны шүүх нэхэмжпэгч Х.Х нь нагац ах, хэлмэгдэгч Ц.Тгийн нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээдэд хамаарахгүй гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.  

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан 500,000-1,000,000 төгрөгийн нөхөх олговрыг мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасны дагуу хэлмэгдэгч амьд байгаа бол өөрөө, хэрэв нас барсан бол хуулийн 10.1.2-т заасан хэлмэгдэгчийн эхнэр буюу нөхөр, эдгээр хүмүүс байхгүй бол хуулийн 10.1.3-т зааснаар төрүүлсэн болон үрчилж авсан хүүхэд, дээрх хүмүүс байхгүй бол хуулийн 10.1.4-т зааснаар хэлмэгдэгчийн төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, ач зээ нь дарааллын дагуу шаардах эрхтэй. Иймд нөхөх олговрыг шаардах эрх бүхий этгээдийг тодорхойлсон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.

14. Харин хоёр шатны шүүх нөхөх олговор шаардах эрх бүхий этгээд нь ийнхүү шаардах эрхээ хэрэгжүүлэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн нөхцөл байдлыг зөв дүгнэжээ. Нэхэмжлэгч нөхөх олговорт 1,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2023.11.15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх ба хэлмэгдэгч Ц.Тг БНМАУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллегийн хяналтын шатны шүүхийн 1990 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн №115 дугаар магадлалаар цагаатгаж үнэмлэх олгожээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт “Нэхэмжлэл гаргах эрх нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгагдсан иргэдийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 31 -ний өдрийн дотор, энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш цагаатгагдсан иргэдийн хувьд цагаатгасан шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 жилийн хугацаанд байна.” гэж заасан байх ба нэхэмжлэгч 2020.12.31-ний өдрийн дотор нэхэмжлэл гаргаагүй шалтгаанаа архиваас баримт гарч ирэхгүй удсан,  цар тахлын улмаас дэлхий нийтээр хөл хорио тогтоосон, ... сүүжин ясаа солиулж хэвтрийн дэглэмтэй, байнгын асаргаатай байдаг, хорт хавдар туссан дүүгээ харж хандсаар энэ асуудлыг хөөцөлдөхөө больсон хэмээн тайлбарлаж байх боловч хэрэгт энэ талаар баримт огт авагдаагүй байна. Иймд хоёр шатны шүүх хугацаа хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэх үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.

15. Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2024/00711 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 210/МА2024/00711 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЦОЛМОН

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Г.АЛТАНЧИМЭГ

                                            ШҮҮГЧИД                                   Н.БАТЗОРИГ

                                                                                                  Н.БАТЧИМЭГ

                                                                                                Н.БАЯРМАА