Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 10

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 13 өдөр                             Дугаар 218/МА2018/00010                                                   Сайнцагаан сум

 

М.Өнөрбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Т.Бямбажав, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 06-ны өдрийн 139/ШШ2018/00064 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч  М.Ө-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дундговь аймгийн Статистикийн хэлтэст  хариуцагдах ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, томилолт, жолоочийн ажил хавсран гүйцэтгэсэн  цалин нийт 1140000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг  хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүгч  Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Өнөрбаяр, хариуцагчийн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар, нарийн бичгийн дарга М.Лхагвасүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч М.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дундговь аймгийн Статистикийн хэлтсийн даргын 2016 оны 7 сарын 28-ны өдрийн Б/10 тоот тушаалаар ажилд орж, улмаар ажиллаж байх хугацаанд 2016 оны 12 сарын 29-нд Үндэсний статистикийн хорооноос албанд “Старикс” машин өгсөн. Үүнээс хойш уг машиныг миний нэр дээр шилжүүлэн жолоочийн ажил гүйцэтгэсэн. 2017 оны 1 сараас эхлэн судалгааны ажилд томилогдон ажиллаж 1 сарын томилолтын 192000 төгрөг авах байснаас 50 хувь болох 96000 төгрөгийг өгдөг байсан. Намайг удаа дараа өөрийн хүсэлтээр ажлаа өг, хүсэлтээ бичиж ир гэж шахаж шаардаж байсаар 2017 оны 11 сарын 6-ны өдрийн Б/03 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Ажил хавсран гүйцэтгэсэн цалин 30000 төгрөгийг бүрэн олгодоггүй, 20000 төгрөгийг олгож байсан. Иймд Статистикийн хэлтсийн даргын 2017 оны 11 сарын 6-ны өдрийн Б/03 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, томилолт, жолоочийн ажил хавсран гүйцэтгэсэн цалин нийт 1140000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

Хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 9 сард үүрэгт ажлаа хүлээн авсан. М.Ө  нь 2015 оны 7 сард орсон байгаа. Энэ хүн болохоор ажил үүргийн хуваарийн дагуу Худалдааны мэдээ, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын болон Цагдаагийн газрын мэдээг аймгийн мэдээ, тайланг аймгийн нийгмийн эдийн засгийн танилцуулгад оруулах үүрэгтэй байдаг. Ажлаа хийж байх хугацаандаа мэдээ, тайланг буруу гаргадаг, дээд байгууллагаас энэ хүний талаар асуулга тавьж байсан. Статистик тоо мэдээ бол маш ач холбогдолтой, буруу гаргаж болдоггүй. Энэ асуудлыг хамт олны хурлаар удаа дараа сануулсан боловч алдаа дутагдал гаргасаар л байсан. Тэгээд 2017 оны 11 сарын 1-нээс ямар ч шалтгаангүйгээр ажлаа таслаад алга болсон учраас 11 сарын 6-ны өдөр тушаал гарган ажлаас нь чөлөөлсөн. Миний бие байгууллагын урирдлагын хувьд томилолтоор явж, ирж байгааг хянаж байдаг, энэ хүн 16 хоногийн томилолт авч яваад 5 хоног л явж ирдэг. Томилолтын олгосон мөнгөнөөс зөрүүг кассд оруулж байгууллагын засвар үйлчилгээнд зарцуулдаг байсан. Энэ нь няравын тооцооноос гарч ирсэн байгаа. Ажил хавсран ажиллахад төсвийн хүрэлцээнээс хамааран сар бүр 30000 төгрөгийн нэмэгдэл олгоно гэсэн байгаа. Төсвийн хүрэлцээ муу байдаг учраас кассаасаа сар бүр ажилчиддаа 20000 төгрөгийн нэмэгдэл олгож байсан. Энэ хүн бол ажлын хариуцлагаа сайжруулъя гэхээсээ мөнгө төгрөгний асуудал ярьдаг. Дээр нь багаар ажиллах ямар ч чадвар байхгүй хүн. Тийм учраас ажлаас нь чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

 

Анхан шатны шүүх:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Ө-ыг Дундговь аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн гэрээт ажилтны ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д тус тус зааснаар Дундговь аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэс /дарга Б.Э/-ээс ажилгүй байсан хугацааны олговор 1343900 /нэг сая гурван зуун дөчин гурван мянга есөн зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Ө-т олгож, 

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар 80000 /наян мянган/ төгрөгийг Дундговь аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсээс гаргуулан нэхэмжлэгч М.Ө-т олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч М.Ө-т олгох олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлж, энэ тухай нэхэмжлэгч М.Ө-ын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Дундговь аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэст үүрэг болгож,

Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Дундговь аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн даргын 2017 оны 11 сарын 6-ны өдрийн Б/03 тоот тушаалыг хүчингүй болгуулах, 1060000 төгрөг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31910 /гучин нэгэн мянга есөн зуун арван/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дундговь аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсээс 107918 /нэг зуун долоон мянга есөн зуун арван найман/ төгрөгийг гаргуулан 4550 /дөрвөн мянга таван зуун тавин/ төгрөгийг нэхэмжлэгч М.Ө-т олгож, 103368 /зуун гурван мянга гурван зуун жаран найман/ төгрөгийг  төвсийн орлогод тус тус оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Э давж заалдах гомдолдоо:  Шүүхээс М.Ө-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ: Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлд зааснаар “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэжээ. Эндээс харахад цалин хөлсөнд ээлжийн амралтын олговор олгохгүй байна. Дундаж цалин хөлс тооцох журмын 7-н б-д зааснаар ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцохоор байна. Нэхэмжлэгч нь 2017 оны 9 сард ээлжийн амралтаа эдэлсэн байх бөгөөд энэ хугацаанд авсан ээлжийн амралтын олговроос сарын дундаж цалин хөлс тооцох боломжгүй байна. Иймд нэхэмжлэгчид 2017 оны 7, 8, 10 сард олгосон цалин хөлснөөс  сарын дундаж цалинг тооцоход нэг сарын дундаж цалин хөлс нь 447800 төгрөг болно. Нэхэмжлэгч М.Ө-ын 2017 оны 11 сарын 06-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл 3 сарын хугацаанд ажилгүй байсан байх тул энэ хугацаанд тооцогдох олговор  1343900 төгрөг болж байна. Нэхэмжлэгч М.Ө-т энэхүү олговрыг хариуцагчаас гаргуулан олгуулах нь зүйтэй гэсэн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.Үүнд:

1.ҮСХ-ны Тамгын газрын даргын 2016 оны 10 сарын 25-ны өдрийн А/12 тоот тушаалаар гэрээт ажилтны үндсэн цалинг 414000 төгрөгөөр тогтоосон учраас нэхэмжлэгчийн үндсэн цалинг 447800 төгрөг гэж буруу тогтоосон бөгөөд нэг сарын зөрүү болох 33800 төгрөг, нийт 3 сарын 101400 төгрөг хасуулж гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч М.Ө нь Дундговь аймгийн Засаг даргын дэргэдэх  Статистикийн хэлтсийн даргын 2017 оны 11 сарын 6-ны өдрийн Б/03 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, томилолт, жолоочийн ажил хавсран гүйцэтгэсэн цалин нийт 1140000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагыг гаргасан,

Хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Дундговь аймгийн Засаг даргын дэргэдэх  Статистикийн хэлтэс 2017 оны 01 сарын 02-ны өдөр М.Ө-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, түүнийг гэрээт ажилтны албан тушаалд томилж, мөн гэрээний 4.3-т зааснаар жолоочийн ажил хавсарсны нэмэгдэл 30000 төгрөгийг олгохоор заасан байна.

Тус байгууллагын дарга Б.Э 2017 оны 11 сарын 06-ны өдөр Б/03 тоот тушаалаар хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний заалтуудыг үндэслэн М.Ө-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

Ажил олгогчийн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон шалтгаан нь ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг ажилтан биелүүлдэггүй, ажил тасалсан гэх үндэслэлүүд байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан  зөрчил нь нотлогдон тогтоогдсон байх талаар хуульд заасан.

Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан аль зөрчлийг ажилтан гаргасан талаар ажил олгогч нотлоогүй, хуулийн дээрх зохицуулалтанд нийцүүлж тушаал шийдвэрээ гаргаагүй байдалд анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл нь уг хуулийн 40 дүгээр зүйлийн аль тохирох хэсэгт нийцсэн байх, өөрөөр хэлбэл ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлөх тушаалыг хуульд нийцүүлж гаргаагүй байдал нь ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэл болсон гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

 

 Ажил олгогч давж заалдах шатны шүүхэд цалин хөлсийг буруу олгосон гэж гомдол гаргасан байх бөгөөд анхан шатны шүүх Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д заасны дагуу 2017 цалин хөлсийг тооцон гаргасан нь үндэслэлтэй байх бөгөөд хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу жолоочийн ажил хавсран гүйцэтгэсний хөлсийг нэмж тооцон гаргасан байх тул хариуцагчийн цалин хөлсний талаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 -т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 06-ны өдрийн 139/ШШ2018/00064 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Ш.ТӨМӨРБААТАР

  ШҮҮГЧИД                               Т.БЯМБАЖАВ

                                                       Ц.ОТГОНЦЭЦЭГ