Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 30

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн “А” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг, Мандлын 7-3 тоотод оршин суух Дугант овогт Дамдиндоржийн Тунгалагийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 12 сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 сарын 27-ны өдөр 139/2017/00010/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Тунгалаг, нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Д.Тунгалаг шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1962 онд төрсөн. Улсад 24 жил ажилласан. Үүнээс 1981 оны 07 сарын 01-нээс 1982 онд Дундговь аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн хүүхдийн барааны дэлгүүрт худалдагч, 1982-1984 онд хүнсний өөртөө үйлчлэх дэлгүүрт худалдагч, 1984-1986 онд шинээр зохион байгуулагдсан хүнсний өөртөө үйлчлэх төв дэлгүүрт ахлах худалдагч, 1986-1991 онд гутал бэлэн хувцасны ахлах худалдагч, 1991 оны 10 сарын 15-наас 1994 оны 01 сарын 26 хүртэл Аж ахуйн нэгжийн зохион байгуулалт өөрчлөгдсөн тул “Тулга” хоршоонд худалдагч, 1994 оны 01 сарын 26-наас 1995 оны 01 сарын 01-н хүртэл “Баян-Уул” компанид нярав зэрэг ажлуудыг хийж байсан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч зөрчилтэй тул хамт ажиллаж байсан хүмүүсийн мэдүүлэг, үйлдвэрчний эвлэлийн батлах, ажлын төлөвлөгөөний биелэлт зэргийг үндэслэн 1981 оны 07 сарын 01-нээс 1995 оны 01 сарын 01-нийг хүртэл, Дундговь аймгийн Худалдаа бэлтгэлийн трест, “Тулга” хоршоо, “Баян-Уул” ББХК-нд худалдагч, няраваар тус тус ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Хүсэлт гаргагч Д.Тунгалаг нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.

            Д.Тунгалаг нь Дундговь аймгийн Худалдаа нийтийн хоолны трестэд хүүхдийн барааны худалдагчаар, хүнсний өөртөө үйлчлэх дэлгүүрийн худалдагчаар, хүнсний өөртөө үйлчлэх төв дэлгүүрийн ахлах худалдагчаар, гутал бэлэн хувцасны дэлгүүрийн ахлах худалдагчаар 1981 оны 07 сарын 05-наас 1991 оны 10 сарын 15-н хүртэл, Дундговь аймгийн “Тулга” ББХХоршоонд худалдагчаар 1991 оны 10 сарын 16-наас 1994 оны 01 сарын 26-нийг хүртэл худалдагчаар, Дундговь аймгийн “Баян-Уул” ББХК-нд 1994 оны 01 сарын 27-ноос 1995 оны 01 сарын 01-н хүртэл няраваар тус тус ажиллаж байсан болох нь:  

           Дундговь аймгийн архивын тасгийн 2016 оны 12 сарын 13-ны өдрийн 267 тоот тодорхойлолт,          

           Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2016 оны 12 сарын 20-ны өдрийн 08/610 тоот албан бичиг,

           Д.Тунгалагийн Худалдааны техникийн сургуулиас олгосон, 1981 оны 07 сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

           Д.Тунгалагийн сүүлийн 10 жилийн төлөвлөгөөний биелэлтийн судалгаа /1981-1990 он/,

           Д.Тунгалагийн №451937 дугаартай Монголын Үйлдвэрчний Эвлэлийн гишүүний бат илэрхийлэх,

           Д.Тунгалагийн 1981 оны 12 сарын 13-ны өдрийн “Диплом”, 1986 оны 12 сарын 3-ны өдрийн мэргэжлийн уралдааны “Аваргын үнэмлэх”, 1988 оны 01 сарын 28-ны өдрийн “Аваргын үнэмлэх”, 1987, 1989, 1991 онуудад авч байсан “Баярын бичиг”, 1991 оны Монголын хэрэглээний хоршоодын төв холбооны “Хүндэт үнэмлэх”,

           Гэрч  Х.Мөнх-Эрдэний “...Намайг 1986 онд сургууль төгсөж ирээд Дундговь аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд худалдагчаар ажилд ороход Д.Тунгалаг нь худалдагчаар ажиллаж байсан. Яг хэдэн онд ажилд орсон талаар мэдэхгүй. Тус Худалдаа бэлтгэлийн анги 1991 онд “Тулга” ББХХоршоо болсон юм. Тэр үед бид хамт ажиллаж байсан. 1994 он хүртэл хамт ажиллаад Д.Тунгалаг нь “Баян-Уул” компани руу шилжсэн. Д.Тунгалаг нь Худалдааны тэргүүн зэрэг шагнал авч байсан” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Төгсийн “...Д.Тунгалаг нь 1982 онд сургуулиа төгсөөд Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажилд орсон. 1991 онд тус Худалдаа бэлтгэлийн анги “Тулга” хоршоо болоход Д.Тунгалаг худалдагчаар ажиллаж л байсан. 1995 он хүртэл худалдагчаар ажилласан. Бид хоёр 10-н жилдээ нэг анги байсан юм. Д.Тунгалаг намайг 1983 онд Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажилд ороход ажиллаж байсан. Хамт ажиллаж байсан учраас мэднэ. Д.Тунгалаг ахлах худалдагч байсан. Худалдааны тэргүүн зэрэг шагнал авч байсан” гэх мэдүүлэг,

Гэрч Л.Хишигнямын “...Д.Тунгалаг нь 1981 онд сургуулиа төгсөөд Худалдаа бэлтгэлийн ангийн Хүүхдийн хувцасны тасагт ажилд орсон. 1982 оноос эхлээд хүнсний өөртөө үйлчлэх дэлгүүрт надтай хамт ажилласан. 1986 он хүртэл хамт ажилласан. Би 1986 онд өөр дэлгүүр лүү шилжсэн юм. 1995 он хүртэл худалдагчаар ажилласан. Д.Тунгалаг 2, 3 жил болоод л өөртөө үйлчлэх дэлгүүрийн ахлагч болж байсан. Сайн ажилладаг хүүхэд байсан. Сүүлд худалдааны тэргүүн авч байсан” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

             1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Дугант овогт Дамдиндоржийн Тунгалаг /ЗЮ62021062/-ийн Дундговь аймгийн Худалдаа нийтийн хоолны трестэд 1981 оны 07 сарын 05-наас 1991 оны 10 сарын 15-н хүртэл хүүхдийн барааны худалдагч, хүнсний өөртөө үйлчлэх дэлгүүрийн худалдагч, хүнсний өөртөө үйлчлэх төв дэлгүүрийн ахлах худалдагч, гутал бэлэн хувцасны дэлгүүрийн ахлах худалдагчаар, “Тулга” ББХХоршоонд 1991 оны 10 сарын 16-наас 1994 оны 01 сарын 26-ныг дуустал худалдагчаар, Дундговь аймгийн “Баян-Уул” ББХК-нд 1994 оны 01 сарын 27-ноос 1995 оны 01 сарын 01-н хүртэл няраваар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.  

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Тунгалагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ