Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 1090

 

186/2020/0038/Э

 

 

 

 

    2020             08            27                                        2020/ДШМ/1090

 

Д.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Батзориг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч Д.Г-ын өмгөөлөгч П.Дэлгэр,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЦТ/433 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Г-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1911023751229 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Г-,

1994 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

1995 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

1996 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2, 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1997 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 6 сар 20 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,

2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан;

 

Д.Г- нь 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Алтанбийвийн гээгдүүлсэн “I phone 7” загварын гар утсыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас 1.519.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Дашдоржийн Г-ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 30 хоногийн хорих ял болгон өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-т энэ тогтоолоор оногдуулсан 30 хоногийн хорих ял дээр Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 30 /гуч/ хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Д.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Г- давж заалдах гомдолдоо: “...би эхнэр, 3-5 насны хоёр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр маань 2019 оны 5 дугаар сард нуруу нугасны хүнд хагалгаанд орсон. Одоогоор биеийн байдлын улмаас хоёр хүүхдээ асран хамгаалж гэртээ байдаг. Би хувь хүнтэй гэрээ хийж, өдрийн түрээс төлж “Acsent” загварын автомашинаар зуслангийн чиглэлд хүн зөөж амьдралынхаа эх үүсвэр болох орлогоо олж амьдардаг бөгөөд өөрийн гэсэн хашаа, газар байхгүй, эгчийнхээ хашаанд гэр барьж амьдардаг. Сар хүр хорооноос олгодог хүнсний талоноор бараа авдаг. Ийм учир миний ар гэрийн хүнд хэцүү нөхцөл байдал, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Д.Г-ын өмгөөлөгч П.Дэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Д.Г-ын “хувийн байдлыг минь харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. ...” гэв.

 

Прокурор Б.Сод-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх шүүгдэгч Д.Г-т ял шийтгэл оногдуулахдаа хуульд заасан журмын дагуу оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Д.Г- нь 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Алтанбийвийн гээгдүүлсэн “I phone 7” загварын гар утсыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшиж, бусдад 1.519.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.Алтанбийвийн “...”Хүсэл” төв орчихоод замын эсрэг талд байх “Хаан” банкны АТМ орж хүн рүү мөнгө шилжүүлэхээр гар утсаа гаргах гэхэд байгаагүй. Би өөр хүний утаснаас залгаж үзэхэд миний гар утас холбогдох боломжгүй байсан. ...” /хх 20-21/,

иргэний нэхэмжлэгч Б.Отгончимэгээс “...Ганбаа ах надад нэг “I phone 7” загварын гар утас харуулаад “манай дүүгийн утас байгаа юм, би утсыг нь барьж байгаа болохоор ашиглаж мэдэхгүй байна, чамд гайгүй утас байна уу” гэхээр нь би өөрийнхөө “Samsung S6 edge” загварын гар утсыг үзүүлээд “I phone 7” юм чинь 60.000 төгрөг нэмээд өгсөн.  ...” /хх 18-19/,

Д.Г-ын яллагдагчаар өгсөн “…уулзвар дээр миний урд зогсож байсан машинаас нэг эмэгтэй буухдаа гар утсаа унагаахыг би харсан. Би ард нь зогсож байсан болохоор машинаасаа буугаад тэр утсыг нь аваад үзэхэд цэнэггүй унтарсан байсан. ...Тухайн үед мөнгөний хэрэг гарсан байсан болохоор байнга ордог цайны газрынхаа Отгоо гэх эмэгтэйд түүний утсаар солиод дээр нь 60.000 төгрөг авсан. ...” /хх 39-42/ гэх мэдүүлгүүд, гээгдүүлсэн эд зүйлийн үнэлгээ /хх 28-29/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 85-86/ болон анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Г-ыг эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүнд тухайн зүйл, заалтад зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, өмнөх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 30 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, учруулсан хохирлын шинж чанарт тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. 

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЦТ/433 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.ПҮРЭВСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                                    Б.БАТЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН