Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 433

 

 

                                                           

           

 

 

 

2020       06         04                                   2020/ШЦТ/433

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр,

Улсын яллагч Г.Анармөнх /томилолтоор/,

Шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ДГт холбогдох эрүүгийн 1911023751229 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Шүүгдэгч Боржигон овогт ДГ, Монгол Улсын иргэн, 1973 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа такси үйлчилгээнд явдаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжидийн 1 дүгээр гудамж, 19 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн наран 16-80 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд: 1994 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

- 1995 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

- 1996 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2-д зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар,

- 2006 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

- 2010 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

- 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахаар тус тус ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, ......................................................

/Холбогдсон хэргийн талаар/

Шүүгдэгч Боржигон овгийн Дашдоржийн Ганбаатар /ХН73040211/ нь 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Алтанбийвийн гээгдүүлсэн Ай фоне-7 загварын гар утсыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас 1.519.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Гаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…Би хувиараа өөрийн Аксент маркийн автомашинаараа 7 буудлаас Шарга морьт зуслангийн чиглэлд такси үйлчилгээнд явдаг юм. Би тухайн гар утсыг олсон өдрийг яг сайн санахгүй байна. Ямар ч байсан 2019 оны 08 дугаар сарын сүүлээр байх. Тэр өдөр өөрийнхөө автомашинтай хүн зөөгөөд хамгийн сүүлийн хүнээ 7 буудлаас хойш чиглэл буюу Чингэлтэй рүү хүргэж өгөөд уруудаж байтал уулзвар дээр миний урд зогсож байсан машинаас нэг эмэгтэй буухад гар утас нь газар унахыг нь би харсан. Тэр эмэгтэй гар утсаа унасаныг ерөөсөө мэдээгүй цааш яваад өөр машинд суусан санагдаж байна. Тэгээд би машинтайгаа ард нь зогсож байсан болохоор машинаасаа буугаад тэр утсыг нь аваад үзэхэд цэнэггүй унтарсан утас байсан. Тэгээд би унагаасан хүнд нь өгье гэхээр өөр машинд суугаад явсан. Би тухайн үед мөнгөний хэрэг гарсан байсан болохоор байнга ордог цайны газрынхаа Отгоо гэх эмэгтэйд түүний утсаар солиод дээр нь 60.000 төгрөг авсан. Цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй нь миний буруу ...” гэх мэдүүлэг /хх-39-42х/,

Шүүгдэгч Д.Гаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Тэр үед тэр утсыг авсан нь миний буруу. Цагдаагийн байгууллагад хандах ёстой байсан юм” гэв.

Хохирогч Б.Алтанбийвээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 18 цагийн орчимд гэрээсээ гарч 7 буудалд байх Хүсэл төв орчихоод гараад замын эсрэг талд байх Хаан банкны АТМ орж хүн рүү мөнгө шилжүүлэхээр гар утсаа гаргах гэхэд миний гар утас байгаагүй. Би өөр хүний утаснаас залгаж үзэхэд миний гар утас холбогдох боломжгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Миний алдсан гар утас I phone-7 загварын бор шаргал өнгөтэй утас байсан. Би гар утсаа 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр сайн компьютерээс 1.899.000 төгрөгөөр зээлээр худалдаж авсан. Дахин давтагдашгүй дугаар нь 353073098719271 дугаартай байсан. Эвдрэл гэмтэл, сэв зураас байхгүй цоо шинээрээ байсан ...” гэх мэдүүлэг /хх-20-21х/,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Отгончимэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 7 буудал дээр байдаг Тэрхийн эх гэх зоогийн газар тогооч ажилтай. бөгөөд миний санаж байгаагаар 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр манайд ер нь байнга орж ирдэг Ганбаа гэх нэртэй ах хоол идэх гэж орж ирсэн. Ганбаа ах өөрийнхөө хувийн машинаар 7 буудлаас зуслангийн чиглэлд хүмүүс зөөдөг юм. Тэгсэн чинь Ганбаа ах надад нэг ай фоне-7 маркийн гар утас харуулаад манай дүүгийн утас байгаа юм, би утсыг нь барьж байгаа болохоор ашиглаж мэдэхгүй байна, чамд гайгүй утас байна уу гэхээр нь би өөрийнхөө Самсунг эс-6 эдж маркийн гар утсыг харуулаад ай фоне-7 юм  чинь гээд 60.000 төгрөг утсан дээрээ нэмээд өгсөн ...“ гэх мэдүүлэг /хх-18-19х/,

Хөрөнгийн үнэлгээний тайлангууд /хх-26-29х/, 32-34х,

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-85-86х/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-81х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-58х/,

Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-60-61х, 62х, 63-65х, 69-71х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгээр шүүгдэгч Боржигон овгийн Дашдоржийн Ганбаатар /ХН73040211/ нь 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Алтанбийвийн гээгдүүлсэн Ай фоне-7 загварын гар утсыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас 1.519.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Д.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Алтанбийв нь хохирлоо бүрэн барагдуулсан, цаашид гаргах гомдол саналгүй /хх-88х/, иргэний нэхэмжлэгч Б.Отгончимэг нь 200.000 төгрөгийн хохирлоо барагдуулсан, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч Д.Гт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан болно.

Шүүгдэгч Д.Г нь урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан бөгөөд шүүгдэгч нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлджээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Гт оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 30 хоногийн хорих ял болгон өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар түүнд энэ тогтоолоор оногдуулсан 30 хоногийн хорих ял дээр Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 (гурав) жил 30 (гуч) хоногийн хорих ялаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.