Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
Хэргийн индекс | 139/2021/00069/И |
Дугаар | 139/ШШ2021/00195 |
Огноо | 2021-06-17 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 139/ШШ2021/00195
2021 оны 06 сарын 17 өдөр | Дугаар 139/ШШ2021/00195 | Дундговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Хүннүгийн гудамж 13312 олимп хотхон 427-р байр 129 тоотод оршин суух, Булгачид овогт Мягмарын Нандинцэцэг /РД:ЗЕ78042407/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, 9-р байр 4-р орц 42 тоотод оршин суух Наран овогт Ишцогийн Эрдэнэцог /РД:ЗА84041819/,
Хариуцагч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, сургуулийн гудамж 16-р байрны 9 тоотод оршин суух Номч овогт Орсоогийн Мөнхжаргал /РД:ЗП77082802/ нарт холбогдох, 3743482 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганцэрэн, нэхэмжлэгч М.Нандинцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн, хариуцагч И.Эрдэнэцог, түүний өмгөөлөгч Б.Алтандөш, хариуцагч О.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч М.Нандинцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мягмар овогтой Нандинцэцэг миний бие О.Мөнхжаргал болон түүний гэр бүлийн хүн болох И.Эрдэнэцог нартай найз нөхдийн харилцаатай билээ. 2017 оны 9 сараас эхлэн энэ гэр бүл “Говьсүмбэр аймагт шинээр нүүрсний уурхай нээгдсэн, олон хүн ажиллаад маш их ашигтай байдаг гээд байна” гэх мэтээр “надаас хөрөнгө оруулаач, хамтарч бизнес хийе, мөнгө зээлээч том машин авч нүүрс зөөж орлогоо нэмэгдүүлье” гэж удаа дараа шалж гуйж байсан .... 2018 оны 01 сарын 25-нд И.Эрдэнэцог чиргүүл авч найзынхаа машинд холбож нүүрс зөөхөөр болсон тул 33 сая төгрөгийн хадгаламж барьцаалсан зээл авч өгөхийг гуйж 6 сарын хугацаанд буюу 2018 оны 07 сарын 30-ны дотор төлж дуусна гэж аман тохироо хийсэн. ... И.Эрдэнэцог тохирсон хугацаандаа миний хадгаламж барьцаалж авсан зээлийнхээ дансанд 2 удаа төлөлт хийсэн. ... Зээлийн хугацаа 2018 оны 11 сарын 08-нд дуусах байсан бөгөөд энэ хугацааны зээл зээлийн хүү болох 12612252 төгрөгийг миний хадгаламжийн данснаас гэрээний дагуу “Гялс төгрөг” ХЗХ нь уг зээлийг төлүүлсэн. Ингээд И.Эрдэнэцог нь “Гялс төгрөг” ХЗХ-ны надаас авч зээлийн үлдэгдлийг нь төлсөн 12.612.252 төгрөгнөөс надад 2018 оны 11 сарын 21-нд 7.813.000 төгрөг, 2018 оны 12 сарын 18-нд 2.000.000 төгрөгийг тус тус төлж үлдэгдэл 2.799.252 төгрөгийг төлөхгүй өдийг хүргэсэн.
Иймд зээлийн үлдэгдлийг нь барагдуулсан мөнгөнөөс түүний надад өгөөгүй үлдсэн 2.799.251 төгрөгийг хадгаламжийн хүү 944,230 төгрөгийн хамт нийт 3,743,482 төгрөг нэхэмжилж байгааг шийдвэрлэж И.Эрдэнэцог, О.Мөнхжаргал нараас гаргуулж өгнө үү.
Хариуцагч И.Эрдэнэцог шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би М.Нандинцэцэгтэй найз нөхдийн холбоотой. 2018 оны 01 дүгээр сард надад мөнгөний хэрэг гараад ойр дотны гэсэн хүмүүсээсээ түр зээлэх мөнгө байна уу гэж сурагласан. ... Би Замын-Үүдэд явж байх үед утсаар М.Нандинцэцэгтэй ярьсан. Тэгээд тэр надад 33 000 000 төгрөг зээлэхээр болсон. Тухайн үед хаанаас, яаж мөнгө гаргаж өгснийг нь би мэдээгүй. Мэдэх ч боломжгүй буюу өөр газар би явж байсан юм. Би өөрийнх нь л мөнгө гэж бодсон. Тэгээд зээлсэн 33 000 000 төгрөгөө дараах байдлаар төлсөн.
Үүнд: 1. 2018 оны 05 сарын 18-ны өдөр Гялс төгрөг ХЗХ-ийн Хаан банкны данс руу 17271700 төгрөг,
2. 2018 оны 07 сарын 10-ны өдөр Гялс төгрөг ХЗХ-ийн Хаан банкны данс руу 11573500 төгрөг,
3. 2018 оны 12 сарын 13-ны өдөр Нандинцэцэгийн 5450197440 тоот данс руу 2000000 төгрөг,
2018 оны 11 сарын 20-ны өдөр Нандинцэцэгийн 5450197440 тоот данс руу
7813000 төгрөг, нийт 38658200 төгрөг болгож төлсөн. М.Нандинцэцэг нь надад хадгаламж барьцаалж чамд мөнгө зээлж өгсөн гэдгээ анх мөнгө зээлэхэд хэлээгүй. Харин мөнгө зээлснийхээ дараа нь хэлсэн. Би М.Нандинцэцэгийг хадгаламжаа барьцаалаад зээл хийгээд өгөөч гээгүй. Тийм гэрээ ч бид хоёрын дунд байхгүй. Зээлийн гэрээг бид амаар тохиролцож хийсэн. Түүнийхээ дагуу би дээр дурдсан байдлаар М.Нандинцэцэгээс зээлсэн 33 000 000 төгрөгөө бүрэн барагдуулсан. М.Нандинцэцэг нь надад мөнгө зээлж тус болсон юм чинь гээд би 5 658 200 төгрөг нэмж өгсөн байгаа. Нэхэмжлэлд дурдаад байгаа хадгаламж барьцаалсан зээлийг би Нандинцэцэгээр хийлгээгүй. Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч О.Мөнхжаргал шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ 1. М.Нандинцэцэг бид хоёр найз нөхдийн холбоотой нь үнэн. 2. Би ажил хэргийн хувьд харилцагчдынхаа хадгаламжиндаа хэдэн төгрөгтэй байгаа талаар мэддэг байсан. Харин энэ мэдээллээ хэн нэгэн этгээдэд задлах ёсгүй. Өөрөөр хэлбэл би М.Нандинцэцэг нь хадгаламжиндаа мөнгөтэй гэж И.Эрдэнэцогд хэлж байгаагүй И.Эрдэнэцог нь өөрөө М.Нандинцэцэгтэй найз нөхдийн холбоотой. Тийм учраас тэрээр М.Нандинцэцэгээс 33 сая төгрөг зээлсэн байх Би М.Нандинцэцэг болон И.Эрдэнэцог нарын хоорондын зээлийн асуудалд огт хамаагүй. ... Иймд би М.Нандинцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагатай дээрх хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд биш тул нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч тал хариуцагч И.Эрдэнэцог, О.Мөнхжаргал нарт холбогдуулан 3743482 төгрөг /үүнээс хадгаламжаас зээлд татан төвлөрүүлсэн 2799252 төгрөг, хадгаламжийн хүүнд олгогдох байсан 944230 төгрөг/ гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч И.Эрдэнэцог анх Нандинцэцэгээс зээлж авсан мөнгөө бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж, хариуцагч О.Мөнхжаргал уг зээлийн төлбөр надад хамаарахгүй гэж тус тус маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
-Нэхэмжлэгч М.Нандинцэцэг 2018 оны 01 сарын 25 өдөр Гялс төгрөг ХЗХ-с өөрийн хадгаламжийг барьцаалж, 2018 оны 11 сарын 08 өдөр хүртэл, сарын 4.3 хувийн хүүтэйгээр 33000000 төгрөгийг зээлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. /хэргийн 5-6-р хуудас/
-Гялс төгрөг ХЗХ нь 2018 оны 01 сарын 25 өдөр нэхэмжлэгч М.Нандинцэцэгт зээлийг олгосон болох нь, нэхэмжлэгчид олгосон 33000000 төгрөгийн зээлийг хариуцагч И.Эрдэнцогд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд талуудын гаргасан тайлбараар тус тус нотлогдож байна. /хэргийн 7-9-р хуудас/
-Нэхэмжлэгч М.Нандинцэцэгийн Гялс төгрөг ХЗХ-дахь 1401902855 дугаартай данснаас 2018 оны 05 сарын 18 өдөр 17271700 төгрөг /үүнээс 5271682,19 төгрөг зээлийн хүүд, 12000017,81 төгрөг үндсэн зээлд/, 2018 оны 07 сарын 10 өдөр 11573500 төгрөг /үндсэн зээлд/, 2018 оны 11 сарын 08 өдөр 12612251,21 төгрөг /үүнээс 3185769,02 төгрөг зээлийн хүүд, 9426482,19 төгрөг үндсэн зээлд/ тус тус зээлд татан төвлөрүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримт болон талуудын шүүх хуралдааны шатанд гаргасан тайлбараар нотлогдож байна. /хэргийн 10-р хуудас/
-Нэхэмжлэгч талын 1401902855 дугаартай данснаас зээлд татан төвлөрүүлсэн нийт 41457451,11 төгрөгөөс 28845200 төгрөгийг хариуцагч И.Эрдэнэцог төлсөн болох нь шүүх хуралдааны шатанд хариуцагч талын гаргасан тайлбараар нотлогдож байна.
-Мөн хариуцагч И.Эрдэнэцог нэхэмжлэгчийн Хаан банк дахь 5450197440 тоот харилцах дансанд 2018 оны 11 сарын 20 өдөр 7813000 төгрөг, 2018 оны 12 сарын 13 өдөр 2000000 төгрөг тус тус шилжүүлсэн болох нь хариуцагч талын тайлбараар нотлогдож байна.
-Хариуцагч И.Эрдэнэцог 33000000 төгрөгийг нэхэмжлэгч талаас зээлсэн болохоо хүлээн зөвшөөрч байх боловч уг зээлийг хадгаламж барьцаалан авч өөрт нь шилжүүлснийг мэдээгүй, хадгаламж барьцаалсан зээлийг хүүг хариуцах талаар нэхэмжлэгч талтай харилцан тохиролцсон зүйл байхгүй гэж маргаж байна. Гэвч хариуцагч И.Эрдэнэцог зээлийн 28845200 төгрөгийг нэхэмжлэгчийн өмнөөс зээлд төлсөн байх тул нэхэмжлэгч талд үүссэн зээлийн эргэн төлөлтийн үүргийг хүлээн зөвшөөрсөн /И.Эрдэнэцогд зээл төлөх үүрэг үүссэн/ гэж үзлээ. Иймд хариуцагч И.Эрдэнэцогоос хадгаламж барьцаалсан зээлд М.Нандинцэцэгийн хугацаатай хадгаламжаас Гялс төгрөг ХЗХ-ны зээлд татан төвлөрүүлсэн 2799251 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хугацаатай хадгаламжид тооцогдох байсан хүүгийн ашиг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
-Нэхэмжлэгч тал хамтран хариуцагч О.Мөнхжаргалыг зээлийн 33000000 төгрөгийг хариуцагч И.Эрдэнэцогд шилжүүлэхдээ өөрийн нь зөвшөөрөлгүйгээр шилжүүлсэн, мөн зээл авч өгөхийг удаа дараа гуйсан, хариуцагч И.Эрдэнэцогтой гэр бүл бөгөөд зээлийг хамтдаа авсан, зээлийг төлөх талаар удаа дараа цахим хэлбэрээр харилцаж байсан гэх тайлбарыг хамтран хариуцагчаар татах нэхэмжлэл болон, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж байна.
-Хариуцагч О.Мөнхжаргал уг зээлийг нэхэмжлэгчийн гарын үсэг бүхий зөвшөөрөл /хүсэлт/-гүйгээр хариуцагч И.Эрдэнэцогд шилжүүлсэн /шилжүүлэг хийсэн/ болохоо шүүх хуралдааны шатанд зөвшөөрөн тайлбарлаж байна. Гэвч И.Эрдэнэцогд шилжүүлсэн 33000000 төгрөгөөс О.Мөнхжаргал хүлээн авсан, ашигласан талаархи баримт хэрэгт авагдаагүй байна.
Мөн зээлдэгчийн гарын үсэггүйгээр зээлийг бусдад шилжүүлсэн үйлдэл нь хөдөлмөрийн сахилгын асуудал бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй юм. Иймд хариуцагч О. Мөнхжаргалд 3743482 /зээлд татан төвлөрүүлсэн 2799252 төгрөг, олох байсан хүүгийн ашиг 944230 төгрөг/ төгрөгийн үүргийг хамааруулах үндэслэлгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч талаас шүүх хуралдааны шатанд гаргасан цахим нотлох баримтын эх сурвалж тодорхойгүй /хариуцагч О.Мөнхжаргалтай харилцсан болох нь нотлогдоогүй/ байх тул шинээр гаргаж өгсөн 3 хуудас баримт болон үзлэгийн тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Наран овогт Ишцогийн Эрдэнэцог /РД:ЗА84041819/-оос 2799251 /хоёр сая долоон зуун ерэн есөн мянга хоёр зуун тавин нэгэн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Нандинцэцэгт олгож, хүүгийн олох байсан ашиг 944231 /есөн зуун дөчин дөрвөн мянга хоёр зуун гучин нэгэн/ төгрөг гаргуулах хэсгийг, хариуцагч О.Мөнхжаргалаас зээлд татан төвлөрүүлсэн мөнгө болон олох байсан хүүгийн ашиг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74846 /далан дөрвөн мянга найман зуун дөчин зургаан/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Эрдэнэцогоос 59738 /тавин есөн мянг долоон зуун гучин найман/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА