Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 218/МА2021/00013

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Н.Насанжаргал, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 139/ШШ2021/00195 тоот шийдвэртэй, *******ийн нэхэмжлэлтэй *******, ******* нарт холбогдуулан 3743482 төгрөг /үүнээс хадгаламжаас зээлд татан төвлөрүүлсэн 2799252 төгрөг, хадгаламжийн хүүд олгогдох байсан 944230 төгрөг/ гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн /онлайнаар/

Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг нар оролцов.

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* болон түүний гэр бүлийн хүн болох ******* нартай найз нөхдийн харилцаатай билээ. 2017 оны 9 сараас эхлэн энэ гэр бүл Говьсүмбэр аймагт шинээр нүүрсний уурхай нээгдсэн, олон хүн ажиллаад маш их ашигтай байдаг гээд байна гэх мэтээр надаас хөрөнгө оруулаач, хамтарч бизнес хийе, мөнгө зээлээч том машин авч нүүрс зөөж орлогоо нэмэгдүүлье гэж удаа дараа шалж гуйж байсан .... 2018 оны 01 сарын 25-нд ******* чиргүүл авч найзынхаа машинд холбож нүүрс зөөхөөр болсон тул 33 сая төгрөгийн хадгаламж барьцаалсан зээл авч өгөхийг гуйж 6 сарын хугацаанд буюу 2018 оны 07 сарын 30-ны дотор төлж дуусна гэж аман тохироо хийсэн. ... ******* тохирсон хугацаандаа миний хадгаламж барьцаалж авсан зээлийнхээ дансанд 2 удаа төлөлт хийсэн. ... Зээлийн хугацаа 2018 оны 11 сарын 08-нд дуусах байсан бөгөөд энэ хугацааны зээл зээлийн хүү болох 12612252 төгрөгийг миний хадгаламжийн данснаас гэрээний дагуу Гялс төгрөг ХЗХ нь уг зээлийг төлүүлсэн. Ингээд ******* нь Гялс төгрөг ХЗХ-ны надаас авч зээлийн үлдэгдлийг нь төлсөн 12612252 төгрөгөөс надад 2018 оны 11 сарын 21-нд 7813000 төгрөг, 2018 оны 12 сарын 18-нд 2000000 төгрөгийг тус тус төлж үлдэгдэл 2799252 төгрөгийг төлөхгүй өдийг хүргэсэн. Иймд зээлийн үлдэгдлийг нь барагдуулсан мөнгөнөөс түүний надад өгөөгүй үлдсэн 2799251 төгрөгийг хадгаламжийн хүү 944230 төгрөгийн хамт нийт 3743482 төгрөг нэхэмжилж байгааг шийдвэрлэж *******, ******* нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би *******тэй найз нөхдийн холбоотой. 2018 оны 01 дүгээр сард надад мөнгөний хэрэг гараад ойр дотны гэсэн хүмүүсээсээ түр зээлэх мөнгө байна уу гэж сурагласан. ...Би Замын-Үүдэд явж байх үед утсаар *******тэй ярьсан. Тэгээд тэр надад 33000000 төгрөг зээлэхээр болсон. Тухайн үед хаанаас, яаж мөнгө гаргаж өгснийг нь би мэдээгүй. Мэдэх ч боломжгүй буюу өөр газар явж байсан юм. Би өөрийнх нь л мөнгө гэж бодсон. Тэгээд зээлсэн 33000000 төгрөгөө дараах байдлаар төлсөн.

Үүнд: 1. 2018 оны 05 сарын 18-ны өдөр Гялс төгрөг ХЗХ-ийн Хаан банкны данс руу 17271700 төгрөг,

2.   2018 оны 07 сарын 10-ны өдөр Гялс төгрөг ХЗХ-ийн Хаан банкны данс руу 11573500 төгрөг,

3. 2018 оны 12 сарын 13-ны өдөр Нандинцэцэгийн 5450197440 тоот данс руу 2000000 төгрөг,

4. 2018 оны 11 сарын 20-ны өдөр Нандинцэцэгийн 5450197440 тоот данс руу 7813000 төгрөг, нийт 38658200 төгрөг болгож төлсөн.

******* нь надад хадгаламж барьцаалж чамд мөнгө зээлж өгсөн гэдгээ анх мөнгө зээлэхэд хэлээгүй. Харин мөнгө зээлснийхээ дараа нь хэлсэн. Би *******ийг хадгаламжаа барьцаалаад зээл хийгээд өгөөч гээгүй. Тийм гэрээ ч бид хоёрын дунд байхгүй. Зээлийн гэрээг бид амаар тохиролцож хийсэн. Түүнийхээ дагуу би дээр дурдсан байдлаар *******ээс зээлсэн 33000000 төгрөгөө бүрэн барагдуулсан. ******* нь надад мөнгө зээлж тус болсон юм чинь гээд би 5658200 төгрөг нэмж өгсөн байгаа. Нэхэмжлэлд дурдаад байгаа хадгаламж барьцаалсан зээлийг би Нандинцэцэгээр хийлгээгүй. Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* бид хоёр найз нөхдийн холбоотой нь үнэн. Би ажил хэргийн хувьд харилцагчдынхаа хадгаламжиндаа хэдэн төгрөгтэй байгаа талаар мэддэг байсан. Харин энэ мэдээллээ хэн нэгэн этгээдэд задлах ёсгүй. Өөрөөр хэлбэл би ******* нь хадгаламжиндаа мөнгөтэй гэж *******д хэлж байгаагүй. ******* нь өөрөө *******тэй найз нөхдийн холбоотой. Тийм учраас тэрээр *******ээс 33 сая төгрөг зээлсэн байх. Би ******* болон ******* нарын хоорондын зээлийн асуудалд огт хамаагүй. ...Иймд би *******ийн нэхэмжлэлийн шаардлагатай дээрх хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд биш тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Анхан шатны шүүх:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Наран овогт Ишцогийн Эрдэнэцог /РД:ЗА84041819/-оос 2799251 /хоёр сая долоон зуун ерэн есөн мянга хоёр зуун тавин нэгэн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, хүүгийн олох байсан ашиг 944231 /есөн зуун дөчин дөрвөн мянга хоёр зуун гучин нэгэн/ төгрөг гаргуулах хэсгийг, хариуцагч *******аас зээлд татан төвлөрүүлсэн мөнгө болон олох байсан хүүгийн ашиг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74846 /далан дөрвөн мянга найман зуун дөчин зургаан/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 59738 /тавин есөн мянг долоон зуун гучин найман/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй байх тул эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Нэгд. Би *******тэй найз нөхдийн холбоотой. 2018 оны 01 дүгээр сард надад мөнгөний хэрэг гараад *******тэй утсаар ярьсан. Тэгээд тэр надад 33000000 төгрөг зээлэхээр болсон. Тухайн үед хаанаас, яаж мөнгө гаргаж өгснийг нь би мэдээгүй. Мэдэх ч боломжгүй буюу өөр газар явж байсан. Би надад өгсөн 33000000 төгрөгийг түүний өөрийнх нь л мөнгө гэж бодсон. ...Хэсэг хугацааны дараа ******* нь 33000000 төгрөгийг надад зээлэхдээ хадгаламж барьцаалж зээл авч өгсөн юм байна гэдгийг мэдсэн. Ингээд би түүнд өгөх ёстой 33000000 төгрөг дээрээ нэмж 5658200 өгсөн. Гэтэл тэрээр надаас дээрх байдлаар мөнгө нэхэж шүүхэд хандсан байдаг. М.Нандинцэцэг нь нэхэмжлэлдээ 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Гялс төгрөг ХЗХ-той байгуулсан ЗГ/04122 гэрээг хавсаргасан. Энэхүү гэрээг нэг талаас Гялс төгрөг ХЗХ, нөгөө талаас нэхэмжлэгч ******* нар байгуулсан. Үүнд миний оролцоо байхгүй буюу би дээрх гэрээг байгуулаагүй. Ийм нөхцөл байдалтай байхад яагаад надаас *******т 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Гялс төгрөг ХЗХ-той байгуулсан ЗГ/04122 гэрээний тооцооллын дагуу 2799251 төгрөгийн хүүг төлүүлэхээр шүүх шийдвэрлэснийг үнэхээр ойлгохгүй байна.

Хоёрт. Шүүхийн шийдвэрт ...хариуцагч ******* нь зээлийн 28845200 төгрөгийг нэхэмжлэгчийн өмнөөс зээлд төлсөн байх тул нэхэмжлэгч талд үүссэн зээлийн эргэн төлөлтийн үүргийг хүлээн зөвшөөрсөн /*******д зээл төлөх үүрэг үүссэн/ гэж үзлээ. Хариуцагч ******* зээл, зээлийн хүүг цаг тухайд нь төлж барагдуулаагүйгээс нэхэмжлэгч тал 2799251 төгрөгийн зээл, зээлийн хүүг хадгаламжнаасаа төлсөн байна... гэж дүгнэсэн. ...Гялс төгрөгийн данс руу төлсөн 2 төлөлтөөс үндэслэн намайг шүүхээс зээл төлөх үүрэг үүссэн байна гэж үзсэн. Би Гялс төгрөгийн данс руу мөнгө хийсэн нь ямар учиртай вэ гэхээр би *******ээс мөнгөтэй болоод ямар данс руу зээлсэн мөнгөө хийх вэ гэж асуугаад хийсэн юм. Өөрөөр хэлбэл би *******ээс зээлсэн мөнгөө яаж өгөх үү гэхэд тэрээр надад өгсөн данс руу л би мөнгө хийсэн. Хэрвээ би Гялс төгрөгийн данс руу надад үүрэг үүссээн гээд мөнгө хийдэг бол сүүлийн хоёр гүйлгээг Гялс төгрөгийн данс руу л хийх байсан. Гэтэл *******ийн өөрийнх нь буюу түүний шилжүүлээрэй гэсэн данс руу би зээлсэн мөнгөө шилжүүлсэн юм. Дан ганц үүнээс дүгнэж надад *******ийн Гялс төгрөгөөс хадгаламж барьцаалж зээл авсан гэрээний үүрэг шилжих ёсгүй гэж үзэж байна. Мөн намайг зээл, зээлийн хүүг цаг тухайд нь төлж барагдуулаагүйгээс нэхэмжлэгч тал 2799251 төгрөгийн зээл, зээлийн хүүг хадгаламжнаасаа төлсөн байна, үүнийг намайг төлөх ёстой гэж дүгнэжээ. Би *******ээс 33000000 төгрөг зээлсэндээ огт маргадаггүй. *******ийн хадгаламж барьцаалсан зээлийн гэрээний үүрэг буюу тухайн зээлийн гэрээтэй холбоотой зээл, зээлийн хүү төлөх үүрэг нь ямар учраас надтай холбогдож байна вэ? Би огт Гялс төгрөгтэй зээлийн гэрээ байгуулаагүй. Мөн М.Нандинцэцэгтэй зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй. Ямар үйл баримт, юуг үндэслэж шүүх дээрх байдлаар зээл, зээлийн хүүг төлөх үүргийг надад нялзайж байгааг үнэхээр ойлгохгүй байх тул эс зөвшөөрч байна.

Гуравт. Тус хэргийг шийдвэрлэсэн шүүгч нь шүүх хуралдаанд над руу хэт дайрч, чи мөнгө *******ээс авчихаад яагаад өгөхгүй байгаа юм, М.Нандинцэцэг чамд итгээд мөнгө зээлээд байна шүү дээ гэсэн. Шүүгч энэ мэт шүүх хурапдааны шатандаа хэт нэг талыг барьж байсан. Тиймээс ч шүүхийн шийдвэрээ ингэж гаргасан гэж үзэж байна. Би шударга шүүхэд итгэдэг. Болсон зүйлийг үнэнээр нь шүүх хуралдаанд хэлэх үүргээ биелүүлсэн. Гэтэл ийнхүү шүүгч нь надтай дээрх байдлаар хандсанд би үнэхээр гайхаж байна. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэн гэж найдаж байна.

Иймд Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 195 дугаар шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянач шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул тус шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргасан хариуцагчийн гомдлыг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс танилцаад үндэслэлийг хангахгүй орхиж өгөөч гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна. Анхан шатны шүүх зөвхөн зээлийн данс руу ******* 2 удаа төлөлт хийсэн байдалд үндэслээгүй. Шүүх шийдвэрээ гаргахдаа хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбаруудыг үндэслэн шийдвэр гаргасан. *******ээс *******, Мөнхжаргал нар нь М.Мөнхжаргалын ажилладаг зээлийн байгууллага болох Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршооноос 33000000 төгрөгийг гаргах боломжтой гэдгийг мэдэж *******ийг гуйж, шалж зээл гаргуулахаар болсон. Ингээд 33000000 төгрөгийг итгэж тус болох үүднээс хадгаламж зээлийн хоршооноос авч өгсөн. ...Улаанбаатар хотод байр авах зорилгоор хадгаламжид хадгалуулж байсан мөнгөө найздаа өгч хохирсон. 33000000 төгрөгийг олгосон баримт хэргийн материалд байгаа. Олгохдоо Нандинцэцэгийн гарын үсэггүй, хүсэлт зөвшөөрөлгүйгээр *******ийн хамтран амьдрагч Мөнхжаргал нь өөрийн нөхөр болох *******ийн данс руу шилжүүлсэн баримт хавтаст хэрэгт авагдсан байдаг. 33000000 төгрөгийн зээлийн төлөх хугацаа хэтрээд 41457598 төгрөг болсон байдаг. *******ийн Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршооны зээлийн данс руу болон *******ийн данс руу хийсэн мөнгө нь 38658200 төгрөг. Үлдэгдэл 2799251 төгрөг гарч ирдэг. Мөн *******ийн зээлийн үлдэгдэл нь 12612251 төгрөг болдог. Үүнээс *******ийн данс руу 9813000 төгрөг хийсэн. Төлөөгүй үлдэгдэл 2799251 төгрөг гарч ирдэг. Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршооны ажилтан Мөнхжаргал нь хариуцагч *******той хамтран амьдраад олон жил болж байгаа талаар ******* хэлдэг. Мөнхжаргал нь *******ийн зөвшөөрөлгүйгээр хамтран амьдрагч *******ийн данс руу мөнгийг шилжүүлсэн үйлдэл нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.4, 22.1 Хадгаламж барьцаалах зээлийн гэрээний 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зээлдэгчийн дансанд шилжүүлэх ёстой зээлийг гэсэн заалтыг зөрчсөн. Зөвшөөрөлгүй шилжүүлсэн гэдгээ оролцогч нар тодорхой тайлбарласан. Мөн *******ийг 2019 оны 02 сард Солонгос улс руу явахаас өмнө зээлийн гэрээнд нөхөж гарын үсэг зуруулъя, *******ийн данс руу 33000000 төгрөгийг шилжүүлсэн баримт дээр бас гарын үсэг зуруулах хэрэгтэй байна. Ажил дээрээ байна уу? би одоо очлоо гэж хэлээд гарын үсэг зуруулж авсан байдаг. Энэ талаарх баримтыг нотлох үүднээс шүүх хуралдааны үеэр ******* өөрийн фэйсбүүк хаягт гар утсаараа нэвтэрч үзлэг хийлгэх хүсэлт гаргаж шүүх хуралдааны явцад үзлэг хийлгэсэн. Шүүх хуралдааны явцад энэ байдал нь нотлогддог. Анхан шатны шүүх эзэмшигч нь өөрөө хүсэлт гаргаад үзлэг хийлгэж байхад эх сурвалж тодорхойгүй гэж үзсэнийг эргэлзэж байгаа. Тиймээс энэ асуудал дээр мөн хадгаламж барьцаалсан зээлийн сунгалт нөхцлөөр хохирол гэж нэхэмжилсэн 2799251 төгрөгийн үлдэгдлийг хадгаламжид байсан бол 944230 төгрөгийн ашиг олох ёстой байсан гэдэг байдлаар хохирол болгож нэхэмжилсэн байгаа. Боломжтой бол шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хэргийг бүхэлд нь хянах үүднээс энэ асуудлыг анхаарч өгөөч гэж хүсэж байна. Мөн хариуцагч гомдолдоо шүүгч хэтэрхий нэг талыг барьж шийдсэн. Над руу дайрсан мэтээр гомдолдоо дурдсан байна. Энэ нь огт үндэслэлгүй зүйл. Шүүгчийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, ёс зүй зөрчсөн асуудал байхгүй. Хэргийн оролцогч талуудыг мэтгэлцүүлэх зарчмыг баримталсан. Хууль зүйн үндэслэл бүхий гомдол гаргахгүй шүүгч рүү халдаж байгаа нь зохимжгүй гэж үзэж байна. Иймд хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, өмгөөлөгчийн гаргасан олох ёстой байсан орлого гаргуулах тал дээр шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү гэсэн тайлбартай байна гэв.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглээгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан 3743482 төгрөг /үүнээс хадгаламжаас зээлд татан төвлөрүүлсэн 2799252 төгрөг, хадгаламжийн хүүд олгогдох байсан 944230 төгрөг/ төгрөг гаргуулаар нэхэмжилснийг хариуцагч ******* эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 33000000 төгрөгийг шилжүүлэн өгсөн үйл баримт хэрэгт авагдсан *******ийн хаан банкны интернэт банкны гүйлгээний баримтаар тогтоогдсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна. /хх 7-9/

Нэхэмжлэгчээс хариуцагчид мөнгө шилжсэн үндэслэлийг нэхэмжлэгч тал хариуцагч *******, ******* нар нь нүүрсний уурхай ашигтай ажилладаг, том машин авч нүүрс зөөж орлогоо нэмэгдүүлье гэх зорилгоор 33000000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээл авч өгөхийг надаас шалж гуйж 6 сарын хугацаанд буюу 2018.07.30-ны дотор төлж дуусна гэж аман тохироо хийж Гялс төгрөг ХЗХ-нд байрлах хугацаатай хадгаламжаа барьцаалж 33000000 төгрөгийн зээлийг хийж *******ийн данс руу шилжүүлсэн гэж, хариуцагч нь надад өгсөн 33000000 төгрөгийг түүний өөрийнх нь л мөнгө гэж бодсон, дараа нь ******* 33000000 төгрөгийг надад зээлэхдээ хадгаламж барьцаалж зээл авч өгсөн юм байна гэдгийг мэдээд би түүнд өгөх ёстой 33000000 төгрөг дээрээ нэмж 5658200 төгрөг өгсөн. М.Нандинцэцэг нь нэхэмжлэлдээ 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Гялс төгрөг ХЗХ-той байгуулсан ЗГ/04122 гэрээг хавсаргасан. Энэхүү гэрээг нэг талаас Гялс төгрөг ХЗХ, нөгөө талаас нэхэмжлэгч ******* нар байгуулсан. Үүнд миний оролцоо байхгүй буюу би дээрх гэрээг байгуулаагүй. Би *******ийг хадгаламжаа барьцаалаад зээл хийгээд өгөөч гээгүй гэж тайлбарлаж байна.

Хэргийн 10 дугаар талд авагдсан нэхэмжлэгч *******ийн Гялс төгрөг ХЗХ дахь 1401902855 дугаартай данснаас 2018 оны 05 сарын 18-ны өдөр 17271700 төгрөг /үүнээс 5271682,19 төгрөг зээлийн хүүд, 12000017,81 төгрөг үндсэн зээлд/, 2018 оны 07 сарын 10-ны өдөр 11573500 төгрөг /үндсэн зээлд/, 2018 оны 11 сарын 08-ны өдөр 12612251,21 төгрөг /үүнээс 3185769,02 төгрөг зээлийн хүүд, 9426482,19 төгрөг үндсэн зээлд/ тус тус зээлд татан төвлөрүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримт болон талуудын шүүх хуралдааны шатанд гаргасан тайлбараар нотлогдсон, үүнд хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Анхан шатны шүүх *******оос Гялс төгрөг ХЗХ-ны зээлд татан төвлөрүүлсэн 2799251 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хугацаатай хадгаламжид тооцогдох байсан хүүгийн ашиг 944230 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан Бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийн зохицуулалтыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж хуульчилсан. Мөнгө шилжүүлэх үед ******* нь *******д өр төлбөрийн үүрэг байсан гэдэг нь нотлогдоогүй байхад анхан шатны шүүхийн ийнхүү дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэв.

Хариуцагчийн тайлбарт: Би *******тэй найз нөхдийн холбоотой. 2018 оны 01 дүгээр сард надад мөнгөний хэрэг гараад ойр дотны гэсэн хүмүүсээсээ түр зээлэх мөнгө байна уу гэж сурагласан. ...Би Замын-Үүдэд явж байх үед утсаар *******тэй ярьсан. Тэгээд тэр надад 33000000 төгрөг зээлэхээр болсон. ..., ... ******* нь надад хадгаламж барьцаалж мөнгө зээлж өгсөн гэдгээ анх мөнгө зээлэхэд хэлээгүй. Харин мөнгө зээлснийхээ дараа нь хэлсэн. Би *******ийг хадгаламжаа барьцаалаад зээл хийгээд өгөөч гээгүй. ... гэж тайлбарласан байх боловч хадгаламж зээлийн хоршооноос авсан зээлийг авах сонирхолгүй байсан бол уг зээлийг ашиглахгүйгээр буцаагаад өгөх эрх байсан. Энэхүү эрхийг нь хязгаарласан, зөрчсөн гэх нэхэмжлэгчийн үйлдэл тогтоогдоогүй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасны дагуу *******д мөнгийг буцаан өгөх үүрэг үүссэн байна.

Талуудын хооронд бичгийн гэрээ байхгүй хэдий ч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу буюу мөнгөн хөрөнгө шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно.

******* нь Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршооноос өөрийн хадгаламжаа барьцаалан 33000000 төгрөгийг зээлж, *******д зээлдүүлсэн тохиолдолд тус хадгаламж зээлийн хоршоонд төлсөн зээл, зээлийн хүү, өөрт учирсан хохирлоо Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахар шаардах эрхтэй гэх заалтын дагуу *******оос гаргуулан авахаар шаардсан нь хуульд нийцнэ.

Энэхүү нөхцөл байдалд анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ ******* зээл, зээлийн хүүг цаг тухайд нь төлж барагдуулаагүйгээс нэхэмжлэгч тал 2799251 төгрөгийн зээл, зээлийн хүүг хадгаламжаасаа төлсөн байна. Иймд хариуцагч *******оос Гялс төгрөг ХЗХ-ны зээлд татан төвлөрүүлсэн 2799251 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэсэн нь үндэслэл бүхий байна.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. ... гэсний дагуу М.Эрдэнэцогын өмнөөс хадгаламж зээлийн хоршоонд төлсөн мөнгө, өөрт учирсан хохирол зэрэг нь гэрээний үүрэгтэй холбоотой гарсан *******т учирсан гэм хор гэж тайлбарлах нь ч хууль зөрчихгүй юм.

Тогтоогдоогүй үйл баримт буюу ирээдүйд гарах хохирлын асуудлыг хожим нь нэхэмжлэх эрхийг шүүхээс хязгаарласан, хассан зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас олох байсан хүүгийн ашиг 944230 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдлийг үндэслэлтэй гэж үзэв.

Иймд талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон шүүхийн дүгнэлт, шийдэлд ийнхүү өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 139/ШШ2021/00195 тоот шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дүгээр заалтын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 гэснийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 гэж өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсгийг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59738 /тавин есөн мянга долоон зуун гучин найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

4.    Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Ш.ТӨМӨРБААТАР

ШҮҮГЧИД Н.НАСАНЖАРГАЛ

Ц.ОТГОНЦЭЦЭГ