Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 13

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 08 өдөр                             Дугаар 218/МА2018/00013                                                   Сайнцагаан сум

 

    ХААН банк Дундговь салбарын нэхэмжлэлтэй

      иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Т.Бямбажав, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 06-ны өдрийн 139/ШШ2018/00140 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Хаан банк Дундговь салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ш.О хариуцагдах зээл, зээлийн хүү 2384077,86 төгрөг, нотариатын үйлчилгээний хураамж 1500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 53119 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг  хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч  Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Зандраабодь

Хариуцагч Ш.О

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн

Нарийн бичгийн дарга Г.Нямаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Хаан банкны Дундговь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ш.О нь Хаан банкны Дундговь салбараас 2016 оны 11 сарын 4-ний өдөр “Тэтгэврийн зээлийн гэрээ” байгуулан 2176011.37 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 11 сарын хугацаатай зээлсэн. Зээлээс нийт 216000 төгрөгийг төлж барагдуулсан. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээг авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй. Иймд үндсэн зээл 1992180,00 төгрөг, зээлийн хүү 358592,40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33305,46 төгрөг, нийт 2384077,86 төгрөг, нотариатын үйлчилгээний хураамж 1500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 53119 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ш.О нь Хаан банкны Дундговь салбараас 2016 оны 11 сарын 4-ний өдөр Тэтгэврийн зээлийн гэрээ байгуулан 2176011.37 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 11 сарын хугацаатай зээлсэн. Үндсэн зээлээс 183831,37 төгрөг, зээлийн хүү 32168,63 төгрөг, нийт 216000 төгрөгийг төлж барагдуулсан. Үүнээс хойш зээлийн төлөлт хийгдээгүй, хугацаа хэтэрсэн байгаа. Тийм учраас зээл, зээлийн хүү нийт 2384077,86 төгрөг, нотариатын үйлчилгээний хураамж 1500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 53119 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ш.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай Б. Б гэдэг охин маань тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг байсан. Охиныхоо тэтгэмжийн дэвтрийг барьцаалан зээл авсан. Би өөрөөр хуурамч бичиг баримт бүрдүүлэн зээл авсан юм байхгүй. Тэтгэмжийн дэвтрийг барьцаалж авсан учраас түүгээрээ зээлийн төлбөрийг төлүүлж авдаг юм гэжээ.

 

Анхан шатны шүүх:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч Ш.О /ЗЮ69032465/-ээс 2.159.897 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Дундговь салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 225.681 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53.119 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, харуицагч Ш.О 49.508  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Дундговь салбарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулсан гэрээний харилцааг буруу тодорхойлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн  нь хууль зүйн  үндэслэлгүй болсон. Учир нь 2016 оны 11 сарын 04-ний өдөр Хаан банкыг төлөөлж Дундговь тооцооны төвийн захирал Э.Х нь иргэн  Шагдар овогтой О өндөр насны тэтгэврийн зээлийн гэрээ байгуулан  2176011.37 төгрөгийг 11 сарын хугацаатайгаар олгохоор харилцан тохиролцсон байна. Зээлийн гэрээ байгуулахдаа Б.Б  тэжээгчээ алдсаны тэтгэмжийн  дэвтрийг  барьцаалсан байх бөгөөд уг зээл нь ирээдүйн тэтгэврээс эргүүлэн төлөх нөхцөл бүхий богино хугацааны хэрэглээний зээл гэдэгтэй талуудын хэн аль нь маргаагүй байна.

Нэхэмжлэгч нь Ш.О өндөр настны тэтгэврийн зээлийн гэрээ байгуулаагүй, харин тэжээгчээ алдсаны тэтгэврийн зээлийн гэрээ байгуулсан гэх боловч энэ нь нотлох баримтаар тогтоогдохгүй, нэхэмжлэлийн үндэслэл шаардлага нь тодорхойгүй байхад шүүх хариуцагчийг банкнаас мөнгө зээлсэн учир түүнийг эргүүлэн төлөх ёстой хэмээн дүгнэж хариуцагчаас зээлийн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбарыг хуульд нийцүүлсэн үнэлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Хаан банкны Дундговь салбар Ш.О үндсэн зээл 1992180,00 төгрөг, зээлийн хүү 358592,40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33305,46 төгрөг, нийт 2384077,86 төгрөг, нотариатын үйлчилгээний хураамж 1500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 53119 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй маргажээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь ХААН банкны Дундговь салбараас 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Ш.О нь тэтгэврийн зээлийн гэрээний үндсэн дээр  авсан 2,176,011.37 төгрөгийн зээлээс төлөгдөөгүй үлдэгдэл мөнгийг гаргуулах гэсэн агуулгатай байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь  тэжээгчээ алдсаны тэтгэврийн дэвтэр барьцаалж зээл авсан байхад өндөр насны тэтгэврийн зээлийн гэрээ байгуулсан нь буруу тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх байдлаар маргажээ.  

Нэхэмжлэгч ХААН банкны Дундговь салбар дээр дурдсан үйл баримтын талаар тэтгэврийн зээлийн өргөдөл / хэргийн 3 дугаар хуудас/-ийн өндөр настны тэтгэвэр гэсэн хэсэгт чеклэсэн нь / тодруулсан нь / тухайн үед зээл олгосон ажилтны хариуцлагатай холбоотой, энэ нь техникийн шинжтэй алдаа байсан гэж тайлбарлажээ.

Хариуцагчаас гэрээ байгуулж зээл авсан, төлөх ёстой болон төлөгдсөн зээлийн үнийн дүнд маргахгүй байгаа зэрэг нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбар зэрэгт  анхан шатны шүүхээс үндэслэлтэй дүгнэлт хийсэн бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь хуульд нийцсэн байна.

 

Хариуцагчийн маргааны үндэслэл болох тэжээгчээ алдсаны тэтгэмж, өндөр настны тэтгэврийн зээл хоёрын аль нь ч байсан гэсэн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох” гэрээний төрөлд хамаарах бөгөөд уг гэрээнээс үүсэх үр дагаварт чанарын ялгаа байхгүй  байна.

 Хариуцагч  өөрийн хүсэл зоригийн дагуу зээлийн гэрээг байгуулж, зээлсэн мөнгийг авч хэрэглэсэн гэдэгт маргадаггүй, энэ нөхцөл байдалд анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл, зээлийн хүүг гаргуулж, нэмэгдүүлсэн хүү буюу хохирол нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хуульд нийцсэн байна.

 

Иймд хариуцагчийн гомдлын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 06-ны өдрийн 139/ШШ2018/00140 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 3.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ                           Ш.ТӨМӨРБААТАР

                                             ШҮҮГЧИД                           Т.БЯМБАЖАВ

                                                                                            Ц.ОТГОНЦЭЦЭГ