Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
Хэргийн индекс | 184/2021/02253/И |
Дугаар | 184/ШШ2021/03090 |
Огноо | 2021-11-23 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 184/ШШ2021/03090
2021 11 23 184/ШШ2021/03090
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,
Нэхэмжлэгч: Д.Э /регистрийн дугаар: 11111111/
Нэхэмжлэгч: Д.Э /регистрийн дугаар: 11111111/
Нэхэмжлэгч: Ж.О /регистрийн дугаар: 11111111/ нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ц.Ц /регистрийн дугаар: 1111111111/ холбогдох
“2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хариуцагчийг орон сууцнаас албадан гаргуулах” тухай нэхэмжлэлтэй “Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 222222222 тоот хаягт байрлах 19.5 м.кв талбайтай 1 өрөө 29,600,000 төгрөгний үнэ бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, өмгөөлөгч Г.Т,хариуцагч Ц.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Б.О, нарийн бичгийн даргад Ц.Мядагмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Э, Д.Э, Ж.Онар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Д.Э, Д.Э бид С.Дийн төрсөн хүүхдүүд нь бөгөөд манай аав болох С.Д нь 2019 оны 11 сарын 27-ны өдөр нас барж, улсын бүртгэлийн байгууллагаас нас барсны 6629 тоот гэрчилгээг олгосон юм. Аавыг маань нас барсны дараа түүний өмчлөлд байсан үл хөдлөх эд хөрөнгийн Ү--222222дугаарт бүртгэгдсэн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 1111111 тоот хаягт байрлах 19,5 м кв талбайтай нэг өрөө орон сууцыг хууль ёсны өвлөгч болох охин Д.Э надад болон, эхнэр Ж.О, хүү Д.Э нарт эн тэнцүү хэмжээгээр өвлүүлэхээр №0013 дугаар гэрчилгээг олгосон бөгөед бид 2021 оны 05 сарын 25-ны өдөр өвлөгдөх эд хөрөнгө хуваарилах гэрээг байгуулж Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хүнс Трейдийн 48 дугаар байрны 13 тоот хаягт байрлах 19,5 м.кв талбайтай нэг өрөе орон сууцны 33,3 хувийг нь Ж.О, 33,3 Д.Э, 33,3 Д.Э нар өвлөхөөр өвлөгдөх эд хөрөнгийг хуваарилсан. Аав маань амьд сэрүүн ахуйдаа өвчний улмаас БНХАУ-руу эмчилгээнд явахаар төлөвлөж байсан боловч эмчилгээнд явж чадалгүйгээр нас барсан юм. Гэтэл оршуулгын ёслолыг нь хийж байхад манай аавын ахын хүү нь болох Ц.Ц нь аав чинь БНХАУ-руу эмчилгээнд явах зардлаа надаас зээлэхээр болж зээлээ эргэн төлөх хүртлээ баталгаа болгож өөрийн емчлөлийн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хүнс Трейдийн 48 дугаар байрны 13 тоот хаягт байрлах 19,5 м.кв талбайтай нэг өрөө орон сууцныхаа хамтран өмчлөгчөөр Ц.Ц намайг нэмэхээр болж бид 2019 оны 04 сарын 01-ний өдөр Үл хөдлөх хөрөнгийн өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах гэрээ байгуулсан гэсэн боловч зээлж авахаар тохирсон мөнгөө авч амжилгүй нас барсан болохыг хэлсэн. Бид тухайн үед энэ талаар ярилцах сөхөө байгаагүй учраас тэгээд орхичихсон байсан. Гэтэл “Нигүүлсэхүйн хүрдэн” ХЗХ-оос залгаж танай аав С.Д нь манай компанитай 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр №42/2018/93 тоот Зээлийн гэрээ байгуулж, 4 000 000 /дөрвөн сая/ төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлж авсан байсан бөгөөд зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хүнс Трейдийн 48 дугаар байрны 13 тоот хаягт байрлах 19,5 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг барьцаалсан, зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр төлөгдөөгүй байна, мөн барьцаанд тавьсан байрыг хүн түрээслэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь “Нигүүлсэхүйн хүрдэн” ХЗХ-ны зээлийн үлдэгдэл төлбөр болох 4 686 000 төгрөгийг Д.Э би 2021 оны 05 сарын 21-ний өдөр төлж, аавынхаа өр төлбөрийг барагдуулж, зээлийн барьцаанд байсан орон сууцыг чөлөөлүүлсэн. Мөн тэтгэврийн зээлийн үлдэгдэл 215 465 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хүнс Трейдийн 48 дугаар байрны 13 тоот хаягт байрлах 19,5 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны СӨХ-ны өр төлбөрийг нь Д.Э би бүрэн төлж барагдуулсан. Тэгээд байран дээр очиж үзэхэд Ц.Ц нь бидэнд мэдэгдэлгүйгээр байрны цоожны голыг нь сольчихсон биднийг оруулахгүй хууль бусаар эзэмшиж, өмчлөгч бидний өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байна. Анх Ц.Цг орон сууцны хамтран өмчлөгчөөр нэмүүлэх гэрээ байгуулсан зорилго нь эмчилгээний төлбөрөө Ц.Цгээс зээлэх, зээлийг эргүүлэн төлөх хүртэл баталгаа болгож орон сууцны хамтран өмчлөгчөөр нэмүүлэх тохиролцоо байсан. Гэтэл уг гэрээний зорилго биелэгдээгүй Ц.Ц нь манай аавд мөнгө зээлээгүй, гэрээг улсын бүртгэлийн байгууллагад ч бүртгүүлээгүй байж ийнхүү өөрийн өмчлөлийн байр мэтээр эзэмшиж, ашиглаж байгаа нь хууль ёсны өмчлөгч болох Ж.О, Д.Э, Д.Э бидний өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй бидний эрх зөрчигдсөөр байна. Бид Ц.Цг бидний өмчлөлийн байрыг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан боловч сайн дураар чөлөөлж өгөхгүй байна. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцлийг улсын бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ гэж заасан байна. Иймд Үл хөдпөх хөрөнгийн өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж хийсэн хэлцэл байх тул Иргэний хуулийн 56.1.1 дэх хэсэг, 56.1.9 дэх хэсэгт зааснаар С.Д, Ц.Ц нарын хооронд байгуулагдсан 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгийн өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хүнс Трейдийн 48 дугаар байрны 13 тоот хаягт байрлах 19,5 м.кв талбайтай нэг өрөө орон сууцнаас Ц.Цг албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З шүүхэд болон шүүхэд хуралдаанд нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад: Э.З миний бие нэхэмжлэгч нар болох Д.Э, Д.Э, Ж.Онараас 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр, 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр авсан итгэмжлэлүүдээр өөрт олгогдсон нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх эрхийн хүрээнд дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, өөрчилж байна. Д.Э, Д.Э, Ж.Онарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Цд холбогдох 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хариуцагчийг орон сууцнаас албадан гаргуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар ссарын 24-ний өдрийн 184/ШЗ2021/07879 дугаартай захиармжаар Иргэний хэрэг үүсгэсэн шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдаж буй 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг хүчин төгөлддөр буст тооцуулах нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл юм.Тиймээс хариуцагч Ц.Цг Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хүнс Трейдийн 48 дугаар байрны 13 тоот байрнаас албадан чөлөөлүүлэх болгон нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өөрчилж байна гэв.
Хариуцагч Ц.Ц шүүх болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний авга ах С.Д нь 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нас барсан. Д.Э нь эцэг С.Дийг эмнэлэгт бие нь муу хэвтэн эмчлүүлж байхад нь 2012 оны 5 сард Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 21 хорооллын 3 дугаар байрны 26 тоот орон сууцыг нь булаалцалдаж шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхийн шийдвэрээр уг байрны оногдох хэсгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийлгүүлж эцэг С.Дээс мөнгө авч байсан. Авга ах С.Д нь байраа зараад Д.Эд мөнгө өгөөд үлдсэн мөнгөөрөө орон сууц авч хүрэлцэхгүй орох орон гэргүй болсон. Авга ах маань ах дүү нараараа нэг хэсэг хэсэн амьдарч байсан ба миний эцэг С.Цбайр авахад ньтусламж болгон 6.000.000 төгрөг бусад ах дүү бид дэмжлэг туслалцаа үзүүлж байж, Сонгинохайрхан дүүрэг 20 дүгаар хороо Хүнс трейдийн 48 байр 13 тоотод байрлах 19.3 м.кв 1 өрөө Орон сууцыг худалдан авч ганцаараа амьдарч байсан. Авга ах С.Д нь намайг амьд сэрүүн байхад орон гэргүй болгосон Д.Этай эцэг охины харилцаагаа тасалсан гэж бидэнд ярьдаг байсан. Хүү Д.Э нь авга ах С.Дийн төрсөн хүү биш байсан түл СДашдэндэвийг харж хандаж байгаагүй эцгээ гэж хайрлаж хүндэлж ч байгаагүй. Эхнэр гэх Ж.Онь 2000 оноос хойш тусдаа амьдарч байсан ямарч харилцаагүй байсан тэр ч байтугай ажил явдалд нь оролцоогүй юм. Авга ах С.Д нь зүрхний өвчтэй группт мөн тархины хорт хавдар өвчтэй байсан ба байнга эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг, сувилал, амралтанд биеийг нь тэнхрүүлэх гэж ах дүү бид нар тусалж дэмжиж асарч сувилж байсан. Д.Э байрыг нь заруулж мөнгө авсанаас хойш эцэгтэйгээ ямар ч холбоогүй байсан бөгөөд эмнэлэгт хэвтэхэд нь эргэж тойрч асарч сувилж ч байгаагүй. Авга ах С.Д нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр Ц.Ц намайг Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо Хүнс трейдийн 48 байр 13 тоотод байрлах 19.5 м.кв талбай бухий 1 өрөө Орон сууцны хамтран өмчлөгчөөр нэмж оруулах хэлцэл хийлгүүлж нотариатаар баталгаажуулсан. Тухайн үед уг байраа зээл авч барьцаанд байсан тул Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлж амжаагүй байсан.Энэхүү зээлийг төлж дуусгасны дараа бүртгүүлэхээр ярьж байтал авга ах С.Д маань нас барсан. Нэхэмжлэгч Д.Э, Д.Э, Ж.Онар нь авга ах С.Дийн орон сууцыг өвлөн авах ямар ч эрхгүй хүмүүс юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Манай ах нотариатаар батлуулж өгсөн учир би энэ байрны 50 хувиар эзэмшигчээр явж байсан. Хүчинтэй байх ёстой гэж бодоод байна. Ах дүү нар нь байдаг. Э гэдэг хүн тус маргаан бүхий байранд байдаг. Талийгаачийн эгч Долгорсүрэнгийн хүү Э байгаа юм. Түрээсэлдэггүй. Орон байргүй учир тэр байранд байдаг. Нас барснаас хойш цахилгааны төлбөр төлсөн баримт байдаг. Өөрсдөө төлөөд явдаг. Би өөрөө сая корона тусаад бие муу байсан. Цоож солих шаардлага байхгүй. Зөвшилцмөөр байна гэсэн боловч хэрүүлийн үг хэлдэг. Нөхөр нь утсаа аваад ярих зүйл байхгүй гэж хэлээд ярилцдаггүй байсан гэв.
Хариуцагч Ц.Ц шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Охин болох Д.Э нь байрыг нь заруулж мөнгө авсанаас хойш эцэгтэйгээ 8-9 жил ямарч холбоогүй байсан. Авга ах С.Д нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр Ц.Ц намайг Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо Хүнс трейдийн 48 байр 13 тоотод байрлах 19.5 м.кв талбай бүхий 1 өрөө Орон сууцны хамтран өмчлөгчөөр нэмж оруулах хэлцэл хийж нотариатаар баталгаажуулсан. Тухайн үед уг байраа 4.000.000 төгрөгийн зээл авч барьцаанд байсан тул Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлж амжаагүй байсан. Энэхүү зээлийг бид төлж дуусгасны дараа бүртгүүлэхээр ярьж байтал авга ах С.Д маань нас барсан. Авга ах С.Д нь энэ байр бол ах дүү нарын минь тусламж дэмжлэгээр авсан байр тул та нарын өмч юм шүү энэ орон сууцыг өөр хэн ч булаацалдах ёсгүй юм шүү гэж захиж хэлж байсан. Тэгээд ч намайг хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлэхээр нотариатаар батлуулж гэрээслэл үлдээсэн юм. Нэхэмжлэгч Д.Э, Д.Э, Ж.Онар нь авга ах С.Дийн орон сууцыг өвлөн авах ямар ч эрхгүй хүмүүс юм. Иймд Ц.Ц намайг Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо Хүнстрейдийн 48 байр 13 тоотод байрлах 19.5 м.кв талбай бүхий 1 өрөө 29,600,000 төгрөгний үнэ бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Ц.Ц намайг Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо Хүнс трейдийн 48 байр 13 тоотод байрлах 19.5м.кв талбай бүхий 1 өрөө 29,600,000 төгрөгний үнэ бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хариуцагчийн талаас дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна. Хариуцагчийн шүүхэд гарган өгсөн хариу тайлбар болон өвлөх эрхийн гэрчилгээгээр тус өвлүүлэгчийн орон сууцанд хамгран өмчлөгчөөр нэхэмжлэгч Ц.Цг улсын бүртгэлд бүртгүүлээгүй буюу бүртгэлгүй байсан нь нотлогддог. Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1 дэх хэсэгт Хууль ёсны буюу гэрээслэлээр евлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгож хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар баг, сумын Засаг даргад гаргадаг. Энэ нь тухайн өвлөгдөж буй хөрөнгө дээр өөр өвлөгч байгаа эсэхийг шалгахын тулд ийм тусгай субьектэд хандаж тэд шалгаж өвлөх эрхийн гэрчилгээг гаргадаг. Ийм байхад хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн бүртгэл улсын бүртгэлд байхгүй байгаа нь тус этгээдийн хамтран өмчлөгч биш гэдгийг нотолж байгаа нэгэн хэлбэр байна. Иргэний хуулийн тодорхой зүйл заалтаар “Улсын бүртгэлд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгэх ёстой” гэж заасан байдгаас үзэхэд нэхэмжлэгч нь хууль зөрчсөн, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж “Үл хөдлөх хөрөнгийн өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл” нь хүчин төгөлдөр бус юм. Иймд нэхэмжлэгчийн дээрх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Э, Д.Э, Ж.Онараас хариуцагч Ц.Цд холбогдуулан “2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагчийг орон сууцнаас албадан” гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч:
“Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, хүнс трейдийн 48 байр 13 тоот хаягт байрлах 19.5 м.кв талбайтай 1 өрөө 29,600,000 төгрөгний үнэ бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ. / х х 1-3, 8, 84-85/
Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Үндсэн нэхэмжлэлийн талаар:
Нэхэмжлэгч Д.Э, Д.Э, Ж.Онар нь хариуцагч Ц.Цд холбогдуулан “2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагчийг орон сууцнаас албадан гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх явцад болон шүүх хуралдаанд:
нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдаж буй 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг хүчин төгөлдөр буст тооцуулах нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хэмээн тайлбарлаж, хариуцагч Ц.Цг Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хүнс Трейдийн 48 дугаар байрны 13 тоот байрнаас албадан чөлөөлүүлнэ“ гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан өөрчилж,
“2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагаас татгалзжээ. / хх 58/
Хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбраар : Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хүнс Трейдийн 48 дугаар байрны 13 тоот 1 өрөө орон сууц нь талийгаач С.Дийн өмчлөлийн /нэг хүний/ байр байх бөгөөд тэрээр 2019.11.28-нд нас баржээ./хх12/
Түүнчлэн нэхэмжлэгч Д.Э, Д.Э нар талийгаачийн төрсөн хүүхдүүд, Ж.Отүүний эхнэр, талийгаач нь хариуцагч Ц.Цгийн авга ах нь бөгөөд хариуцагч, талийгаач нарын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Үл хөдлөх хөрөнгийн өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл”-ийг байгуулсан болох тогтоогдов./хх 18/
Нэхэмжлэгч талаас: аав С.Дийг нас барсны дараа түүний өмчлөлд байсан үл хөдлөх эд хөрөнгийн Ү--222222дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хүнс Трейдийн 48 дугаар байрны 13 тоот хаягт байрлах 19,5 м кв талбайтай нэг өрөө орон сууцыг хууль ёсны өвлөгч болох охин Д.Э надад болон, эхнэр Ж.О, хүү Д.Э нарт эн тэнцүү хэмжээгээр өвлүүлэхээр 0013 дугаартай гэрчилгээг олгосон, бид 2021 оны 05 сарын 25-ны өдөр өвлөгдөх эд хөрөнгө хуваарилах гэрээг байгуулж 13 тоот хаягт байрлах 19,5 м.кв талбайтай нэг өрөе орон сууцны 33,3 хувийг нь Ж.Оюунчимзг, 33,3 Д.Э, 33,3 Д.Э нар өвлөхөөр өвлөгдөх эд хөрөнгийг хуваарилсан. Талийгаачийн Ц.Цтэй орон сууцны хамтран өмчлөгчөөр нэмүүлэх гэрээ байгуулсан зорилго нь эмчилгээний төлбөрөө зээлэх, зээлийг эргүүлэн төлөх хүртэл баталгаа болгож орон сууцны хамтран өмчлөгчөөр нэмүүлэх тохиролцоо байсан. Гэтэл уг гэрээний зорилго биелэгдээгүй, манай аавд мөнгө зээлээгүй, гэрээг улсын бүртгэлийн байгууллагад ч бүртгүүлээгүй байж өөрийн өмчлөлийн байр мэтээр эзэмшиж, ашиглаж байгаа нь хууль ёсны өмчлөгч бидний эрх зөрчигдөж байгаа тул Ц.Цгээс бидний өмчлөлийн байрыг чөлөөлж өгнө үү, нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдаж буй 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг хүчин төгөлддөр буст тооцуулах нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хэмээн тайлбарлаж,
хариуцагч талаас: Авга ах С.Д нь байраа зараад охин Д.Эд мөнгө өгөөд үлдсэн мөнгөөрөө орон сууц авч хүрэлцэхгүй орох орон гэргүй болсон. Авга ах маань ах дүү нараараа нэг хэсэг хэсэн амьдарч байсан, миний эцэг С.Цбайр авахад нь тусламж болгон 6.000.000 төгрөг бусад ах дүү бид дэмжлэг туслалцаа үзүүлж, Сонгинохайрхан дүүрэг 20 дүгаар хороо Хүнс трейдийн 48 байр 13 тоотод байрлах 1 өрөө орон сууцыг худалдан авч ганцаараа амьдарч байсан. Авга ах нь намайг амьд сэрүүн байхад орон гэргүй болгосон Д.Этай эцэг охины харилцаагаа тасалсан гэж бидэнд ярьдаг байсан... Авга ах С.Д нь зүрхний өвчтэй группт, мөн тархины хорт хавдар өвчтэй байсан, байнга эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг, сувилал, амралтанд биеийг нь тэнхрүүлэх гэж ах дүү бид нар тусалж дэмжиж асарч сувилж байсан.Авга ах С.Д нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр намайг Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо Хүнс трейдийн 48 байр 13 тоотод байрлах 19.5 м.кв талбай бухий 1 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр нэмж оруулах хэлцэл хийлгүүлж нотариатаар баталгаажуулсан. Тухайн үед зээл авч байр нь барьцаанд байсан тул Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлж амжаагүй, энэ зээлийг төлж дуусгасны дараа бүртгүүлэхээр ярьж байтал авга ах С.Д маань нас барсан. Авга ах С.Д нь энэ байр бол ах дүү нарын минь тусламж дэмжлэгээр авсан байр тул та нарын өмч юм шүү энэ орон сууцыг өөр хэн ч булаацалдах ёсгүй гэж захиж хэлж байсан. Тэгээд ч намайг хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлэхээр нотариатаар батлуулж гэрээслэл үлдээсэн юм. Нэхэмжлэгч Д.Э, Д.Э, Ж.Онар нь авга ах С.Дийн орон сууцыг өвлөн авах ямар ч эрхгүй хүмүүс тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ./хх 44/
Хариуцагч Цэдэвсүрэн талийгаач авга ах Дашдэндэвийг Хөх хот руу эмчилгээнд явах үед эмчилгээний төлбөр зээлдүүлэх, зээлийг төлөх хүртэл баталгаа болгож түүний өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо Хүнс трейдийн 48 байр 13 тоотод байрлах 19.5 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр нэмж оруулах хэлцэл байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн үйл баримт нотлогдсон,
С.Д нь 2019.11.28-нд нас барсан тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д “ Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй” гэж, 520.1.1-д “нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх” хууль ёсны өвлөгч байхаар, энэ хуулийн 527 дугаар зүйлийн 527.3, 528 дугаар зүйлийн 528.2-т ”Өвлөгчийн хүлээн авсан эд хөрөнгийг, өв нээгдсэн өдрөөс эхлэн өвлөгчид шилжсэн гэж үзнэ гэж... нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ” тус тус заасны дагуу түүний хүүхдүүд болох Д.Э, Д.Э, эхнэр Ж.Онар нь хууль ёсны өвлөгчид тул 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр бүртгэлийн 0013, 1908 дугаарт бүртгэж “Өвлөх эрхийн гэрчилгээ “ олгосны дагуу маргаан бүхий орон сууцыг өвлөн авчээ. /хх 6-12/
Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д “Өвлүүлэгч нас барсан өдрөөс,түүнчлэн иргэнийг нас барсан гэж зарласан бол энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан өдрөөс өв нээгдэнэ” гэж зааснаар өв нээгдсэн.
Иймээс хариуцагч Ц.Цгийн нэхэмжлэгч Д.Э, Д.Э, Ж.Онар нь авга ах С.Дийн орон сууцыг өвлөн авах ямар ч эрхгүй хүмүүс гэх тайлбар нь үндэслэлгүй болно.
Хэдийгээр дээрх хэлцэлийг хариуцагч нь талийгаачтай 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хийж нотариатчаар гэрчлүүлсэн боловч Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д “Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ” гэж зааснаар хэлцлийн дагуу Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо Хүнс трейдийн 48 байр 13 тоотод байрлах 19.5 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлээгүй байна.
Мөн хариуцагч нь тухайн үед байр зээлийн барьцаанд байсан тул үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлж амжаагүй энэ зээлийг төлж дуусгасны дараа бүртгүүлэхээр ярьж байтал авга ах С.Д маань нас барсан гэж тайлбарласан боловч хэлцэлд...энэхүү үл хөдлөх эд хөрөнгө нь битүүмжлэгдээгүй, барьцаалагдаагүй ямар нэгэн өмчлөлийн маргаангүй гэсэн ч
талийгаач С.Д нь 2018.07.26-нд “Нигүүлсэхүйн хүрдэн” ХЗХоршооноос 4,000,000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай зээлдэж, өөрийн өмчлөлийн 13 тоот орон сууцаа барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд аавыгаа нас барсны дараа нь охин Д.Эаас зээлийн үлдэгдэл төлбөрийг төлж, орон сууцыг барьцаанаас 2021.05 сард чөлөөлсөн нь хэргийн 13-17-р талд авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, Ц.Ц нь орон сууцанд хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлэх хүсэл зорилго байсан бол авга ахыгаа 2019.11.28-нд нас барсанаас хойш 2021.05 сар хүртэлх хугацаанд бүртгүүлэх боломжтой атал энэ эрхээ хэрэгжүүлээгүй.
Тиймээс нэхэмжлэгч талын талийгаач Дашдэндэвээс Ц.Цтэй орон сууцны хамтран өмчлөгчөөр нэмүүлэх хэлцэл байгуулсан зорилго нь эмчилгээний төлбөрөө зээлэх, зээлийг эргүүлэн төлөх хүртэл баталгаа болгож орон сууцны хамтран өмчлөгчөөр нэмүүлэх тохиролцоо байсан боловч уг гэрээний зорилго биелэгдээгүй, манай аавд мөнгө зээлээгүй гэх тайлбар үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Нэхэмжлэгч нараас Ц.Ц өөрийн өмчлөлийн байр мэтээр эзэмшиж, ашиглаж байгаа нь хууль ёсны өмчлөгч бидний эрх зөрчигдөж байгаа тул Ц.Цгээс бидний өмчлөлийн байрыг албадан чөлөөлүүлнэ гэсэн ба хариуцагч талаас маргаан бүхий 13 тоотод байрлах 1 өрөө орон сууцанд би байдаггүй. Оршуулгаас хойш дүү нар нь байсан, талийгаачийн эгч Д хүү Э байгаа, түрээсэлдэггүй, орон байргүй учир тэр байранд байдаг, өөрсдөө төлбөрөө төлөөд явдаг гэх хариуцагч Ц.Цгийн тайлбрыг нэхэмжлэгч тал үгүйсгэж чадаагүй.
Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо Хүнс трейдийн 48 байр 13 тоотод байрлах 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нь нэхэмжлэгч нар болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт ”Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж, 106.3 дах хэсэгт ”Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал,өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж тус тус заасны дагуу орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэгч нараас шаардах эрхтэй.
Гэвч шаардах эрх нь хариуцагчаас түүний өмчлөлийн эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа нөхцөлд хангагдах бөгөөд хариуцагч Цэдэвсүрэнг маргаан бүхий 13 тоот орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж бусдад түрээслэж байгаа гэх боловч үүнтэй холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгч нараас хууль ёсны эрх зөрчигдөж байна гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1д зааснаар нотолж чадаагүй гэж шүүх үзлээ.
Өөрөөр хэлбэл хариуцагч Ц талийгаач Д 13 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр нэмж оруулах хэлцэл байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн боловч хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлээгүй, маргаан бүхий орон сууцанд амьдарч байгаа, түрээслэсэн гэх үйл баримт тогтоогдоогүй харин байрыг бодитой эзэмшилдээ байлгаж амьдарч байгаа хүмүүс нь талийгаачийн эгч Долгорсүрэнгийн хүү Э гэгч байх тул эрхээ зөрчсөн этгээдэд холбогдуулан тухайн орон сууцыг албадан чөлөөлүүлэх шаардлага гаргах эрхтэй ба нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд хариуцагч солих хүсэлт гаргаагүй болно.
Иймээс нэхэмжлэгч талыг хариуцагчаа зөв тодорхойлж чадаагүй гэж шүүх үзсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа хэдий ч нэхэмжлэгч нараас шаардах эрхээ хэрэгжүүлэхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй дурдав.
Сөрөг шаардлагын талаар:
Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, хүнс трейдийн 48 байр 13 тоот хаягт байрлах 19.5 м.кв талбайтай 1 өрөө 29,600,000 төгрөгний үнэ бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. / хх 84-85/
Ц.Цгээс сөрөг шаардлагынхаа үндэслэлээ: авга ах С.Д нь энэ байр бол ах дүү нарын минь тусламж дэмжлэгээр авсан байр тул та нарын өмч юм шүү энэ орон сууцыг өөр хэн ч булаацалдах ёсгүй юм шүү гэж захиж хэлж байсан. Тэгээд ч намайг хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлэхээр нотариатаар батлуулж гэрээслэл үлдээсэн, нэхэмжлэгч Д.Э, Д.Э, Ж.Онар нь авга ах С.Дийн орон сууцыг өвлөн авах ямар ч эрхгүй хүмүүс гэж тайлбарлажээ.
Талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч Цэдэвсүрэн нь талийгаач авга ах Дашдэндэвийгээ Хөх хот руу эмчилгээнд явах үед эмчилгээний төлбөр зээлдүүлэх, зээлийг төлөх хүртэл баталгаа болгож түүний өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо Хүнс трейдийн 48 байр 13 тоотод байрлах 1 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр нэмж оруулах хэлцэл байгуулж нотариатаар гэрчлүүлсэн болох нь нотлогдсон, тэрээр хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлээгүй үндэслэлээ тухайн үед байр зээлийн барьцаанд байсан тул үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлж амжаагүй энэ зээлийг төлж дуусгасны дараа бүртгүүлэхээр ярьж байтал авга ах С.Д маань нас барсан гэж тайлбарлажээ.
Хэрэгт авагдсан 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хэлцэлд...энэхүү үл хөдлөх эд хөрөнгө нь битүүмжлэгдээгүй, барьцаалагдаагүй ямар нэгэн өмчлөлийн маргаангүй гэсэн атал талийгаач С.Д хэлцэл байгуулах үедээ буюу 2018 оны 07 дугаар сарын 26-нд “Нигүүлсэхүйн хүрдэн” ХЗХоршооноос 4,000,000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай зээлдэж, өөрийн өмчлөлийн 13 тоот орон сууцаа барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, түүнийг нас барсны дараа охин Д.Эаас зээлийн үлдэгдэл төлбөрийг төлж орон сууцыг барьцаанаас 2021 оны 05 дугаар сард чөлөөлсөн нь тогтоогджээ.
Хариуцагчаас зээлийг төлж дуусмагц хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлэх байсан юм бол тэрээр авга ах Д 2019 оны 11дүгээр сарын 28-нд нас барсанаас хойш 2021 оны 05 сар хүртэлх хугацаанд зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөөд хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх боломжтой байсан тул түүний тайлбар үндэслэлгүй байна. /хх13- 18/
Түүнчлэн С.Д нь 2019.11.28-нд нас барсан тул түүний хүүхдүүд болох Д.Э, Д.Э, эхнэр Ж.Онар нь хууль ёсны өвлөгчид тул хуульд заасны дагуу 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр бүртгэлийн 0013, 1908 дугаарт бүртгэгдэж “Өвлөх эрхийн гэрчилгээ “ олгосны дагуу 13 тоот 1 өрөө орон сууцыг өвлөн авсан тул хариуцагч Ц.Цгийн нэхэмжлэгч Д.Э, Д.Э, Ж.Онар нь авга ах С.Дийн орон сууцыг өвлөн авах ямар ч эрхгүй хүмүүс гэх тайлбар нь үгүйсгэгджээ. /хх6-12/
Мөн авга ах Дашдэндэв нь энэ байр бол ах дүү нарын минь тусламж дэмжлэгээр авсан байр та нарын өмч энэ орон сууцыг өөр хэн ч булаацалдах ёсгүй гэж захиж байсан гэх тайлбараа хариуцагч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй гэж шүүх үзсэн, зохигчид нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх талаар хуульд зохицуулсан.
Хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагынхаа хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж,
энэ хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй” гэж заасны дагуу хамтран өмчлөгчөөр тогтоолгохоор шаардаж, намайг хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлэхээр нотариатаар батлуулж гэрээслэл үлдээсэн хэмээн тайлбарладаг ч Иргэний хуулийн 522 дугаар зүйлийн 522.1-д” Иргэн нь хуульд зааснаар өвлөх эрхтэй буюу эрхгүй нэг буюу хэд хэдэн иргэн, түүнчлэн төр буюу хуулийн этгээдэд өөрийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь үзэмжээрээ хуваарилан гэрээсэлж болно” гэж заасан ба гэрээслэл нь гэрээслэгчийн хүсэл зоригийн илэрхийлэлд хамаарах тул нэг талын хэлцэл гэж үзнэ.
2019 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл нь...1 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлд С.Д бид харилцан тохиролцож Ц.Ц нь өөрийн хүсэлтээр хамтран өмчлөлд нэмэгдэхээр энэхүү гэрээг байгуулав...гээд үндсэн өмчлөгч С.Д, нэмэгдэж буй өмчлөгч Ц.Ц нар гарын үсэг зурж нотариатчаар гэрчлүүлсэн байгаа нь хуульд зааснаар гэрээслэлээр өвлөх эд хөрөнгөд хамаарахгүй юм.
Гэрээслэл нь хэн нэгний зөвшөөрлөөр хийгдэх хэлцэл биш бөгөөд гэрээслэлийг гагцхүү гэрээслэгч өөрөө хүсэл зоригийн дагуу бичиж үүнийг нь хөндлөнгийн этгээд болох нотариатч гэрчлэх байна./хүсэлт зоригийнхоо дагуу бичсэн эсэхэд/
Гэтэл дээрх 2019 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл биш хариуцагч Ц.Цгийн өөрийнх нь хүсэлтээр хамтран өмчлөгчөөр нэмэгдэх хүсэл зоригийн илэрхийлэл байх бөгөөд үүнийг нь өмчлөгч С.Д зөвшөөрч хэлцэл хийж гэрчлүүлсэн үйл баримт байна. /хх 18/
Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ “ гэж заасан ба хариуцагч Ц.Ц нь нь 13 тоот 1 өрөө байрыг хуульд зааснаар эзэмших эрхтэй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоогүй, тухайн байрны өмчлөгч нар нь хууль ёсны өвлөгч Д.Эхтуул,Д.Э, эхнэр Ж.Онар болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.
Өөрөөр хэлбэл 2019 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл байгуулсан ч гэсэн уг хэлцлээр талийгаач С.Дээс Ц.Цд маргаан бүхий 1 өрөө орон сууцыг хуульд зааснаар гэрээслэлээр өвлөөгүй байх тул 13 тоотод байрлах орон сууцны шударга эзэмшигч гэж үзэхгүй юм.
Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д “ Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах адил эрх эдэлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулна” гэж, 128.2-т “Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна” гэж тус тус заасан.
Хариуцагч Ц.Ц өмчлөгчөөр нэмж тогтоолгох шаардлага гаргаж буй маргаан бүхий 13 тоотод байрдах 1 өрөө орон сууц нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт” Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө” гэж заасан эд хөрөнгөд хамаарч байгаа, үүний дагуу 13 тоот орон сууц нь талийгаагчийн гэр бүлийн гишүүд болох охин Д.Э, хүү Д.Э, эхнэр У.О нарт өвлөгдөж эдгээрийн өмчлөлд шилжиж гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болжээ.
Иймд хариуцагч Ц.Цг сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа хуульд зааснаар нотолж чадаагүй гэж шүүх үзсэн тул шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд хариуцагч талаас талийгаач Д.Д эгч гэх Ж.Д гэрчээр асуулгах хүсэлт гаргахдаа орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх гээд байгаа гол шалтгааныг мэдэж байгаа, өмнө нь гэрчээр асуулгах гэсэн ч гэрч хөдөө байсан гэж тайлбарласан боловч шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэхдээ...хэргийг 2021.10.07-ны өдрөөс хойш шүүх хуралдаанаар хэлэлцүүлж байгаа бөгөөд 2021.11.09-ны өдрийн хуралдаанаар хэргийг 2021.11.23 н хүртэл хойшлуулсан энэ хугацаанд хариуцагч талаас хүсэлт гаргах боломжтой байтал энэ эрхээ хэрэгжүүлээгүй атлаа өнөөдрийн хуралдаанд гаргаж байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаангүй, тэрээр гэрчийг хөдөө орон нутагт байсан гэх боловч шүүхэд хүсэлт гаргасан тохиолдолд оршин суух газрын шүүхэд даалгавар гүйцэтгүүлэхээр /гэрчээс мэдүүлэг/ ажиллагаа хийх боломжтой байсан. Мөн гэрчийн мэдүүлэг нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж хангаагүй болохыг дурдав.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт ”нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасны дагуу шүүх үнэлэхдээ хэргийн 92-101-р талд авагдсан нотлох “ Мастер үнэлгээ” ХХК-аас 13 тоот орон сууцыг үнэлсэн үнэлгээний баримтууд хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзсэн тул үнэлээгүй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1,7.1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Эаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 328.150 төгрөгийг, хариуцагч Ц.Цгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 165.560 төгрөгийг тус тус улсын төсавт хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116,118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,109 дүгээр зүйлийн 109.1, 128 дугаар зүйлийн 128.2 дах хэсэгт заасныг баримтлан Д.Э, Д.Э, Ж.Онарын нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Цд холбогдох “Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, хүнс трейдийн 48 байр 13 тоот хаягт байрлах 19.5 м.кв талбайтай 1 өрөө орон сууцнаас албадан чөлөөлүүлэх3 тухай нэхэмжлэлийн шаардлагыг,
Ц.Цгийн нэхэмжлэлтэй Д.Э, Д.Э, Ж.Онарт холбогдох “Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, хүнс трейдийн 48 байр 13 тоот хаягт байрлах 19.5 м.кв талбайтай 1 өрөө 29.600.000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх “ тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1,7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Эаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 328.150 төгрөгийг, хариуцагч Ц.Цгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 165.560 төгрөгийг тус тус улсын төсавт хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ