Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2021/00006

 

                                                                                                                                         

 

 

 

 

 

 

 

 

                                     2020         12          24

            182/ШШ2021/00006

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “ХБ” ХХК

 

Хариуцагч: Б.Б

 

Хариуцагч: Б.А

 

зээлийн гэрээний үүрэгт 18,859,866 төгрөгийг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Байгалмаа, хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.Б, Б.Анар нь 2015 оны 04 сарын 16-ны өдөр 14,000,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай цалингийн зээлийн нөхцлөөр зээлдсэн. Зээлдэгч нар үндсэн зээл 3,755,401 төгрөг, зээлийн хүүд 1,600,588 төгрөг нэмэгдүүлсэн хүүд 2,554 төгрөг, нийт 5,358,543 төгрөг төлсөн байна. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 04 сарын 10-ны өдөр дуусгавар болсон боловч зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Иймд дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 2020 оны 10 сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны үндсэн зээл 10,244,599 төгрөг, зээлийн хүү 7,638,514 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 976,752 төгрөг, нийт 18,859,866 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна. Хариуцагч Б.Б нь манай ажилтан байсан ба 2015 оны 05 сард ажлаасаа халагдаж, 2016 оны 02 сарын 10-ны өдөр сүүлийн төлөлтийг хийсэн. Түүний зээлийн гэрээтэй холбоотой энэхүү маргаан 2018 оноос тусгай актив руу шилжсэн. Хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийг хангуулахаар 2019 оны 04 сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл өгч, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан ба хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй гэв.

 

Хариуцагч нар хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Б.Б би ХБны ажилтан байсан бөгөөд 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр байгууллагаас 14 сая төгрөгийн цалингийн зээл авсан. Дүү Б.Ахамтран зээлдэгч болсон. Гэтэл ХБ намайг 05 дугаар сард нь ажлаас халж хохироосон. Би зээлийг 2016 оны 09 дүгээр сар хүртэл чадахаараа төлж байсан. Ажилгүй болсны дараа эдийн засагч 2 удаа манай гэрээр очиж зээлээ төл гэж байсан. Би 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүүгээ зогсоож өгөөч гэсэн хүсэлтийг эдийн засагчаар дамжуулж өгсөн боловч шийдвэрлэж өгөөгүй. Би одоо жирэмсэн, өрх толгойлсон эмэгтэй. Дүү Б.Азээлийг төлж чадахгүй, 2 хүүхэдтэй, нэг хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй. Бид зээлийг төлөх ямар ч боломжгүй байна, ялангуяа хүү, нэмэгдүүлсэн хүүг. Мөн нэхэмжлэгч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. Мөн иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолохоор заасан бөгөөд “ХБ” ХХК-ийн хувьд уг хөөн хэлэлцэх хугацаа нь гэрээний хугацаа 2016 оны 03 сарын 04-ний өдөр дууссан өдрөөс тоологдох боловч нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг биелүүлэхгүй байсан өдрөөс эхлэн зээлийн гэрээний шаардах эрх үүссэн үеийг иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.4 дэх хэсэгт шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс тоолно гэж заасан байна. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг биелүүлэх ёстой байсан гэрээний хавсралт болох зээл олголт, эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу үүргээ биелүүлэх талаар мэдэгдэх хуудас хүргүүлэх, гэрээг цуцлах, өөрчлөх, хуваарийн дагуу төлөхийг шаардах, төлөхгүй бол шүүхэд нэхэмжлэл гаргах, хариуцагч олдохгүй холбогдохгүй бол эрэн сурвалжлах зэрэг ажиллагааг хийх бүрэн эрхтэй байсан. Гэтэл нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардаагүй. Мөн хариуцагч нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээнд бичигдсэн хариуцагч Б.Бын хаяг болох Чингэлтэй дүүргийн 15-р хороо Жаргалантын 13-325 тоот хаягт гэрээ байгуулсан өдрөөс хойш 2020 оны 08 сар хүртэл амьдарсаар байсан бөгөөд хариуцагч Б.Б болон Б.А зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг биелүүлэхгүй бол нэхэмжлэгч “ХБ” ХХК нь гэрээний үүргээ биелүүлэх талаар хариуцагчид мэдэгдэх, эсхүл хаягтаа байхгүй бол эрэн сурвалжлах, гэрээ цуцлах, гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрх, үүрэгтэй бөгөөд энэхүү эрх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, шаардаж яваагүй, нэхэмжлэх хүсэл зориггүй байсан нь нэхэмжлэгчийн энэхүү үйлдлээс давхар харагдаж байна. Нэхэмжлэлийг шаардлага тодорхойгүй байна. Нэхэмжлэгч хариуцагчаа 2 хүнээр тодорхойлсон бөгөөд хариуцагч Б.Б, Б.А тус  бүр хэдэн төгрөг гаргуулах шаардлага тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх нэхэмжлэл, барьцаат зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад                 

 

                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10,244,599 төгрөг, зээлийн хүү 7,638,514 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 976,752 төгрөг, нийт 18,859,866 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргахдаа цалингийн зээлтэй байхад ажлаас халсан, зээлийг төлөх талаар шаардаж байгаагүй, зээлийн гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх ёсгүй гэж марган мэтгэлцэж байна.

 

            “ХБ” ХХК-д ажиллаж байсан Б.Б нь дүү Б.Ан хамт 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр №ЗГ201542278845 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж, 14,000,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай цалингийн зээлийн нөхцлөөр зээлдэн авсан байна. Зээлийн мөнгө мөн өдөртөө Б.Б, Б.А хамтын эзэмшлийн ХБ дахь 5005616665 тоот дансанд шилжиж орсон нь дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Хариуцагч 2016 оны 02 сарын 10-ны өдрөөс хойш зээлийг хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн байна. Түүнээс хойш тус дансанд орж ирсэн хариуцагчийн бараа худалдан авсан нэмэгдсэн өртгийн албан татварын буцаалтын мөнгийг нэхэмжлэгч зээлийн төлбөрт суутган авч байсан байдал харагдаж байна.

 

Зээлийн төлөлт тогтмол хийгдэхгүй байсан үед банкны эдийн засагч хариуцагч Б.Бын гэрээр 2 удаа ирсэн, 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр зээлийн хүүг зогсоож өгөх тухай хүсэлтийг эдийн засагчаар зээлдүүлэгчид хүргүүлснээ тэр тайлбарлаж байна. ХБны зүгээс түүний хүсэлтийг шийдвэрлэж хариу өгсөн байдал байхгүй байна. Ер нь  ХБны зүгээс хариуцагч нарт зээлийг төлөхийг шаардах, гэрээ цуцлахыг мэдэгдэх зэрэг зээл төлүүлэх талаар авсан арга хэмжээ бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч урьд шүүхэд хариуцагч нарт холбогдуулан 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч хаягтаа байхгүй үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаныг тайлбарлаж байна.

 

Талуудын зээлийн гэрээний хугацаа 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр дууссан ба хариуцагч нараас гэрээний хугацааны хүүг тооцон төлөгдөөгүй хэсгийг үндсэн зээлийн үлдэгдлийн хамт төлүүлэх, нэхэмжлэлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Энэ нь үндсэн зээлийн үлдэгдэл 10,244,599 төгрөг, гэрээний хугацааны зээлийн төлөгдөөгүй хүү 3,605,781 төгрөг, нийт 13,850,380 төгрөг болж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна”, 242.11-т “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж тус тус заажээ. Зээлийн мөнгийг  хариуцагч  Б.Б, Б.А өөрсдийн хамтран эзэмшдэг ХБны данс руу шилжүүлж авсан ба хэн нь хэдэн төгрөг авсныг тодорхойлох боломжгүй, нэхэмжлэгч хариуцагч нараар зээлийн өрийг хамтран хариуцуулахаар заасан тул хариуцагч нарын гүйцэтгэх үүрэг адил тэнцүү байх юм.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон  

 

                                                                                                         ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-ийг баримтлан Б.Б, Б.А 13,850,380 төгрөгийг гаргуулж “ХБ” ХХК-д олгож, 5,009,486 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжинд төлсөн 252,249 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 227,202 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ХБ” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

            

 

 

                        ДАРГАЛАГЧ                                   С. БУД