Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/00463

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/00463

 

 

 

ХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2021/00006 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б Б.А нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 18 859 866 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Б.Б Б.А нар нь 2015.4.16-ны өдөр 14 000 000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай цалингийн зээлийн нөхцлөөр авсан. Зээлдэгч нар зээл 3 755 401 төгрөг, хүүд 1 600 588 төгрөг нэмэгдүүлсэн хүүд 2 554 төгрөг, нийт 5 358 543 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний хугацаа 2018.4.10-ны өдөр дуусгавар болсон боловч зээлдэгч нар гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд 2020.10.19-ний өдрийг хүртэлх хугацааны зээл 10 244 599 төгрөг, хүү 7 638 514 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 976 752 төгрөг, нийт 18 859 866 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Б нь ХБ ХХК-ийн ажилтан байсан бөгөөд 2015.4.16-ны өдөр 14 000 000 төгрөгийн цалингийн зээл авсан. Дүү Б.А хамтран зээлдэгч болсон. Гэтэл намайг 5 дугаар сард ажлаас халж хохироосон. Зээлийг 2016 оны 9 дүгээр сар хүртэл чадахаараа төлж байсан. Ажилгүй болсны дараа эдийн засагч 2 удаа гэрээр очиж зээлээ төл гэж байсан. ХБ ХХК-д 2016.3.30-ны өдөр хүүгээ зогсоож өгөөч гэсэн хүсэлт өгсөн боловч шийдвэрлэж өгөөгүй. Хариуцагч одоо жирэмсэн, өрх толгойлсон эмэгтэй. Дүү Б.А нь зээлийн төлбөрийг төлж чадахгүй, 2 хүүхэдтэй, нэг хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй. Зээлийг төлөх ямар ч боломжгүй байна, ялангуяа хүү, нэмэгдүүлсэн хүүг. Мөн нэхэмжлэгч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн

75.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Хариуцагч нар үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.

ХБ ХХК-ийн хувьд уг хөөн хэлэлцэх хугацаа нь гэрээний хугацаа 2016.3.4-ний өдөр дууссан өдрөөс тоологдоно. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч нараас шаардаагүй. Хаягтаа гэрээ байгуулсан өдрөөс хойш 2020 оны 8 сар хүртэл амьдарсаар байсан бөгөөд хариуцагч Б.Б болон Б.А нар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг биелүүлэхгүй бол нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлэх талаар хариуцагчид мэдэгдэх, эсхүл хаягтаа байхгүй бол эрэн сурвалжлах, гэрээ цуцлах, гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрх, үүрэгтэй бөгөөд энэхүү эрх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, шаардаж яваагүй, нэхэмжлэх хүсэл зориггүй байсан нь нэхэмжлэгчийн энэхүү үйлдлээс давхар харагдаж байна. Нэхэмжлэлийг шаардлага тодорхойгүй байна. Нэхэмжлэгч хариуцагчаар 2 хүн тодорхойлсон бөгөөд хариуцагч Б.Б Б.А нараас тус бүр хэдэн төгрөг гаргуулах шаардлага тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-ийг баримтлан Б.Б Б.А нараас 13 850 380 төгрөгийг гаргуулж ХБ ХХК-д олгож, 5,009,486 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжинд төлсөн 252 249 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 227 202 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: ХБ ХХК-ийн зүгээс хариуцагч нарт зээл төлөхийг шаардах, гэрээ цуцлахыг мэдэгдэх зээл төлүүлэх талаар авсан арга хэмжээ нь бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэжээ. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт үүргийг тогтоосон газар, хугацаанд зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргээ биелүүлэхийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах үүрэг хүлээлгээгүй байна.

Харин Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 зүйлд Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. гэж заасан байна. Өөрөөр хэлбэл банк зээлдэгчээс зээл төлөхийг шаардах, гэрээг цуцлах эрхтэй болохоос зээлээ төлөхийг шаардах, цуцлахыг шаардах үүрэг хуулиар хүлээгүй байна.

Үүрэг биелүүлээгүйн төлөө хариуцлага байна. Банкнаас зээлээ төлөхийг шаардсан бол хүү төлнө, шаардаагүй бол хүүг төлөхгүй гэдэг ойлголт хуульд байхгүй, мөн зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд зээлдэгчийн зээлийн гэрээг заавал цуцлах мэдэгдэл өгөх үүрэггүй.

Шүүх дээрх үндэслэлээр зээлдэгчийн зээлийн гэрээний хугацаа дуусах хүртэлх хугацааны хүүгийн төлбөрийг хангаж, хугацаа дууссанаас хойших буюу 2018.4.10-ны өдрөөс хойших хүү, нэмэгдүүлсэн хүүг хасч байгаа нь үндэслэлгүй бөгөөд банк зээлдэгчээс Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дах хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасны дагуу зээлдэгчээс зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойших зээлийн хүү, нэмэгдүлсэн хүүг нэхэмжлэх эрхтэй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ХБ ХХК нь хариуцагч Б.Б Б.А нараас 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээгээр зээл 10 244 599 төгрөг, хүү 7 638 514 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 976 752 нийт 18 859 866 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар хүү, нэмэгдүүлсэн хүүг эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 28-29/

Хариуцагч нар нь ХБ ХХК-иас 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 14 000 000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай цалингийн зээлийн нөхцөлөөр авсан болох нь гэрээ, талуудын тайлбараар тогтоогдсон. Хариуцагч Б.А нь дээрх зээлийн гэрээнд Б.Бын хамтран зээлдэгчээр оролцсон болох нь бичгийн гэрээгээр нотлогдож байна. /хх 8-9/

Гэрээний үүргийн биелэлтэд нийт 5 358 543 төгрөг төлөгдсөнөөс хариуцагч нар хамгийн сүүлд 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 499 000 төгрөгийн төлөлт хийсэн бөгөөд гэрээний хугацаа 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр дуусгавар болсон үйл баримт тогтоогдсон./хх 12/

Хариуцагч тал зээл 10 244 599 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, хүү 7 638 514 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 976 752 төгрөгийг төлбөрийн чадваргүй хүнд нөхцөлтэй байгаа тул төлөхгүй, 2015 оны 4 дүгээр сард зээл авсныхаа дараахан ажлаасаа халагдсан, хүүг зогсоолгох хүсэлт гаргахад шийдвэрлээгүй гэж тайлбарласан хэдий ч анхан шатны шүүхээс 13 850 380 төгрөг төлүүлэхээр заасанд давж заалдах гомдол гаргаагүй.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэжээ.

Хариуцагч нь цалин барьцаалсан хэрэглээний зээл авсан бөгөөд зээл авснаас сарын дараа ажлаас халагдсанаар уг зээл эргэн төлөгдөх баталгаа муутай, барьцаагүй болсон байна. /хх 35-36/

Зээлдэгч 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр зээлийн хүүг зогсоож өгөх тухай хүсэлтийг эдийн засагчаар зээлдүүлэгчид хүргүүлэхэд ХБ ХХК-ийн зүгээс түүний хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөөгүй талаар анхан шатны шүүхээс дүгнэснийг буруутгах боломжгүй.

Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.2 дах хэсэгт зааснаар гэрээ байгуулах үндэслэлийн талаар талуудын төсөөлөл буруу байсан бол түүнийг гэрээ байгуулах нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй адилтгаж үзнэ. Талууд 36 сарын хугацаанд хариуцагчийн цалинг баталгаатай байхаар тооцоолж зээл олгосон ч нөхцөл байдал өөрчлөгдсөн. Мөн хуулийн 220 дугаар зүйлийн 220.3 дах хэсэгт зааснаар талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүрэгтэй. Гэрээний 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.3-д зээлдэгчийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан бол банкны санаачилгаар гэрээг цуцалж зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардахаар талууд тохиролцжээ.

Иймд анхан шатны шүүхээс талуудын зээлийн гэрээний хугацаа дуусгавар болох 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөр тооцоолон зээлийн үлдэгдэл 10 244 599 төгрөг, гэрээний хугацааны зээлийн төлөгдөөгүй хүү 3 605 781 төгрөг, нийт 13 850 380 төгрөг төлүүлэхээр заасныг буруутгах боломжгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн 18 859 866 төгрөгийг бүрэн хангуулах хүсэлтийг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2021/00006 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дүгээр зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95 102 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Ш.ОЮУНХАНД