Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2021/02264

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: хаягт байрлах З сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: оршин суугч Б.А-т холбогдох

 

Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 1,032,231 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Наранцэцэг, хариуцагчийн төлөөлөгч О.Баяржаргал, түүний өмгөөлөгч Б.Гомбодорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн нар оролцов.         

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч З сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд болон төлөөлөгч Л.Наранцэцэг шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: З СӨХ нь 2007 оны 05 дугаар сарын 04-ний өдөр үүсгэн байгуулагдсан. Тус байрны өмчлөгч Б.А нь 2019 оны 06 сараас хойш 2021 оны 6 сарыг дуустал хугацааны СӨХ-ны төлбөр төлөөгүй тул сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээний төлбөрт 1,032,231 төгрөг гаргуулна. СӨХ нь 2019 оны 6 дугаар сарын төлбөр дээр амьтан гэж 15,000 төгрөг бичсэн нь өмнөх сарын нохой байлгасан төлбөрийг нийтэд нь бичсэн. Харин 2019 оны 7 дугаар сарын төлбөр дээр амьтан гэж 3,300 төгрөг бичсэн нь тооцооллын зөрүү бөгөөд бусад саруудад амьтан гэж тогтмол 5,000 төгрөг авдаг гэв.

Хариуцагч Б.Аийн төлөөлөгч О.Баяржаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй байна. З СӨХ нь 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нийт оршин суугчдад 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн СӨХ-ны төлбөрт өөрчлөлт оруулсан болохыг мэдэгдсэн хууль бус шаардлагыг тавьсан. Тодруулбал айлууд өрхүүдийн өрөөний м.кв зөрүү ялгаагүй буюу 2 давхар хүртэлх айлууд сард тогтмол 20,000 төгрөг, 2 давхраас дээших давхрын айлууд сард 26,000 төгрөг болгон өөрийн дураар аашилж төлбөрийг бууруулсан мэтээр хууль бус үйлдэл гаргасан. Өөрөөр хэлбэл бүх гишүүдийн хурлаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээний төлбөрийг хэлэлцэн тогтоох байтал өөрөө эрх мэдлээ урвуулан ашиглан СӨХ-ны төлбөрийг тогтоосон нь хууль зөрчсөн байна. Дээрх хууль бус мэдэгдлээ хүргүүлсний дараа эхний 1, 2 сард өөрийн тогтоосон үнээр аваад 3 дахь сараас төлбөрийг дахин өөрсдийн дураар нэмж өөрт олгогдоогүй эрхийг эдэлсэн. Мөн холбооны санхүүгийн анхан шатны баримт бичиг, тамга зэргийг гарын үсэггүй бүрдүүлсэн бөгөөд С.Б, нягтлан нар СӨХ-ны данснаас гүйлгээ хийхдээ өөрийн хувийн дансаар оруулж зарлага гаргаж байгаа нь юунд зарцуулагдаж байгаа нь мэдэгдэхгүй ил тод биш байна. З СӨХ-ны гүйцэтгэх захирал С.Б нь өнөөдрийг хүртэл улирал бүрийн санхүүгийн тайлангаа оршин суугчдад тайлагнаагүй. Тус СӨХ-ны гүйцэтгэх захирал, нягтлан нар нь байцаагчийн ажил болон бусад орон тоог хэмнэн давхар гүйцэтгэж байгаа бөгөөд хавсран гүйцэтгэж буй ажлын цалингийнхаа хэдэн хувиар нэмэгдэл цалин авдаг нь тодорхойгүй байна. Иймд дээрх дурдсан нөхцөл байдлаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээний төлбөр 1,061,581 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч З сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Б.Ат холбогдуулж сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээний төлбөрт 1,032,231 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж СӨХ-ны гишүүн Б.А нь 2019 оны 06 сараас хойш СӨХ-ны төлбөр төлөөгүй, тийм учраас 2021 оны 06 сарыг дуустал нийт 25 сарын СӨХ-ны төлбөрт  нэг сарын 45,617 төгрөгөөр тооцож, 1,032,231  төгрөгийг нэхэмжилж байгаа, халаалт дулааны төлбөр нэмэгдэж сар бүрийн төлбөр ялгаатай, бид уг төлбөрийг төлүүлэх талаар арга хэмжээ авч, мэдэгдэл хүргүүлж, удаа дараа шаардаж байсан гэж тайлбарлав.

Харин хариуцагч тал 2019 оны 06 сараас СӨХ-ны төлбөр төлөөгүй. Дээрх орон сууцанд Б.Аийн дүү А.Л амьдардаг бөгөөд А.Л нь З СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан тул С.Б нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш, хууль бусаар сонгогдсон, бүх гишүүдийн хурлаар тариф тогтоогоогүй болохыг мэдэж байгаа тул төлөхгүй гэж мэтгэлцсэн.

Нэхэмжлэгч З СӨХ нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/62 тоот Удирдах зөвлөлийн хурлын тогтоолоор гүйцэтгэх захирлаар С.Б-ыг томилж, үйл ажиллагаа явуулж байх бөгөөд 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 04 тоот Удирдах зөвлөлийн хурлын тогтоолоор СӨХ-ны төлбөрийг тогтоосон, тус холбооны гишүүд нь ....... байрны сууц өмчлөгчид байна.

Хариуцагч Б.А нь дээрх байрны 10 тоотод оршин суудаг, орон сууцны өмчлөгч нь байх бөгөөд энэ талаар баримтгүй боловч зохигчид маргаагүй бөгөөд Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт зааснаар З СӨХ-ны гишүүн болжээ.

Хариуцагч Б.А нь СӨХ-ны сар бүрийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй 2019 оны 06 сараас 2021 оны 06 сарыг дуустал нийт 25 сарын СӨХ-ны төлбөрт нийт 1,032,231 төгрөгийг төлөөгүй болох нь банкны дансны хуулга /хх-ийн 20-24 тал/, Төлбөрийн дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 6 тал/, нэхэмжлэгчийн тайлбар, З СӨХ-ны гэрчилгээ, Удирдах зөвлөлийн хурлын 2018 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 04 тоот тогтоол, Удирдах зөвлөлийн хурлын 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хурлын тогтоол, хурлын тэмдэглэл, Төрийн банкны дансны хуулга, мэдэгдэл зэрэг баримтуудаар тогтоогдсон.

Тиймээс нэхэмжлэгч З СӨХ, түүнийг төлөөлж гүйцэтгэх захирал С.Баатарцол  нь Иргэний хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2., Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4-т заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж, СӨХ-ны төлбөрийг шаардах эрхтэй гэж үзнэ.

Хариуцагч талаас ирүүлсэн Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 05/2807 тоот албан бичигт “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтад холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах, биелэлтэд хяналт тавих гэж заасны дагуу танай сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаанд хяналт, шалгалт явуулсан. ...З СӨХ нь 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн оршин суугчдын бүх гишүүдийн хурлаар Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд сонгогдсон С.Баатарцолыг холбооны гүйцэтгэх захирлаар сонгосон байна” гэж дүгнэжээ.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд оролцож, З СӨХ-нд үйлчилгээний төлбөрийг  хариуцагч Б.А нь төлөх үүрэгтэй.

Иймд хариуцагч Б.Аээс 2019 оны 06 сараас 2021 оны 06 сарыг дуустал нийт 25 сарын СӨХ-ны төлбөрт 1,032,231 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З СӨХ-нд олгох үндэстэй гэж үзлээ.

Хариуцагч Б.А нь СӨХ-ны цэвэрлэгээ үйлчилгээ муу, СӨХ-ны дарга нь хууль бусаар сонгогдсон, Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлд бүртгэгдсэн баримтгүй гэсэн тайлбараар СӨХ-ны сар бүрийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд энэ талаарх гомдлоо эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх боломжтой тул уг тайлбар нь татгалзлын үндэслэл болохгүй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан  хариуцагч Б.Аээс 1,032,231  /нэг сая гучин хоёр мянга хоёр зуун гучин нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З СӨХ-нд олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч З СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,350 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Аээс улсын тэмдэгтийн хураамжид 29,350  төгрөгийг гаргуулж З СӨХ-нд олгосугай.

 

3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Н.НАРАНГЭРЭЛ