Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2022/00048

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2022/00048

 

 

З СӨХ--ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2021/02264 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч З СӨХ--ны хариуцагч Б.А-т холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 1 032 231 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, түүний өмгөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З СӨХ- нь 2007 оны 5 дугаар сарын 04-ний өдөр үүсгэн байгуулагдсан. Тус байрны өмчлөгч Б.А- нь 2019 оны 6 сараас хойш 2021 оны 6 сарыг дуустал хугацааны СӨХ-ны төлбөр төлөөгүй тул сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээний төлбөрт 1 032 231 төгрөг гаргуулна. СӨХ нь 2019 оны 6 дугаар сарын төлбөр дээр амьтан гэж 15 000 төгрөг бичсэн нь өмнөх сарын нохой байлгасан төлбөрийг нийтэд нь бичсэн. Харин 2019 оны 7 дугаар сарын төлбөр дээр амьтан гэж 3 300 төгрөг бичсэн нь тооцооллын зөрүү бөгөөд бусад саруудад амьтан гэж тогтмол 5 000 төгрөг авдаг гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй байна. З СӨХ- нь 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нийт оршин суугчдад 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн СӨХ-ны төлбөрт өөрчлөлт оруулсан болохыг мэдэгдсэн хууль бус шаардлагыг тавьсан. Тодруулбал айл өрхүүдийн өрөөний м.кв-ын зөрүү ялгаагүй буюу 2 давхар хүртэлх айлууд сард тогтмол 20 000 төгрөг, 2 давхраас дээшхи давхрын айлууд сард 26 000 төгрөг болгон өөрийн дураар аашилж төлбөрийг бууруулсан мэтээр хууль бус үйлдэл гаргасан. Өөрөөр хэлбэл, Иргэний хууль болон НЗОСБДӨЭХТ хуульд заасны дагуу бүх гишүүдийн хурлаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээний төлбөрийг хэлэлцэн тогтоох байтал өөрөө эрх мэдлээ урвуулан ашиглан СӨХ-ны төлбөрийг тогтоосон нь хууль зөрчсөн байна. Дээрх хууль бус мэдэгдлээ хүргүүлсний дараа эхний 1, 2 сард өөрийн тогтоосон үнээр аваад 3 дах сараас төлбөрийг дахин өөрсдийн дураар нэмж өөрт олгогдоогүй эрхийг эдэлсэн хууль бус үйлдлээ үргэлжлүүлсээр байна. Мөн холбооны санхүүгийн анхан шатны баримт бичиг, тамга зэргийг гарын үсэггүй бүрдүүлсэн бөгөөд С.Б-, нягтлан нар СӨХ-ны данснаас гүйлгээ хийхдээ өөрийн хувийн дансаар оруулж зарлага гаргаж байгаа нь юунд зарцуулагдаж байгаа нь мэдэгдэхгүй ил тод биш байна. З СӨХ--ны гүйцэтгэх захирал С.Б- нь өнөөдрийг хүртэл улирал бүрийн санхүүгийн тайлангаа оршин суугчдад тайлагнаагүй ба жилд хоёроос доошгүй удаа удирдах болон хяналтын зөвлөлдөө ажлаа танилцуулах үүрэгтэй. З СӨХ--ны хяналтын зөвлөлийн гишүүдэд 2019 оны 2 сараас хойш СӨХ-ны санхүүгийн тайланг танилцуулахыг шаардахад танилцуулахгүй гэж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхээс зайлсхийсэн. Оршин суугчдын өгсөн төлбөр хэрхэн зарцуулагдаж байгаа нь мэдэгдэхгүй байх тул оршин суугч бид СӨХ-ны санхүүгийн тайланг шалган тодруулсны эцэст төлбөр төлөх үүргээ хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. СӨХ-ны гүйцэтгэх захирал, нягтлан нар нь байцаагчийн ажил болон бусад орон тоог хэмнэн давхар гүйцэтгэж байгаа бөгөөд хавсран гүйцэтгэж буй ажлын цалингийнхаа хэдэн хувиар нэмэгдэл цалин авдаг нь тодорхойгүй байх тул тодруулах нь зүйтэй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.А-ээс 1 032 231 /нэг сая гучин хоёр мянга хоёр зуун гучин нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З СӨХ--нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч З СӨХ--ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29 350 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А-ээс улсын тэмдэгтийн хураамжид 29 350 төгрөгийг гаргуулж З СӨХ--нд олгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасны дагуу зохих ёсоор үнэн зөвөөр үнэлээгүй, улмаар хэргийн үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийхдээ талуудын шүүхэд, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартай харьцуулах, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй.

З СӨХ--ны төлбөрийг тогтоохдоо Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дах хэсэгт ... Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ... гэж заасны дагуу тогтоох байтал нэхэмжлэгч 3урагт СӨХ нь уг хуулийг зөрчиж, 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 04 тоот удирдах зөвлөл хуралдан тогтоосон нь хуульд нийцэхгүй байхад шүүх дээрх хуулийн заалтыг огт хэрэглэлгүй, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй. З СӨХ--ны гишүүд нь Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хасбаатарын гудамж, 43 дугаар байрны сууц өмчлөгчид бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь 72 тоотын СӨХ-ны төлбөр гэх 1 032 231 төгрөгийг шаардаж байгаа гэж хариуцагч талаас ойлгосон. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт З СӨХ--ны гишүүдийг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол 8 дугаар байрны сууц өмчлөгчид хэмээн тодорхойлоод байгаа нь ойлгомжгүй. Нэхэмжлэгч тал хариуцагчаас СӨХ-ны төлбөрийг сарын хэдэн төгрөгөөр тооцон нэхэмжилж байгааг тодорхойлж чадаагүй. Шүүх өөрийн санаачилгаар СӨХ-ны төлбөрийг нэг сарын 45 617 төгрөг гэж өөрөө тодорхойлсон /тооцооллын хувьд зөрүүтэй 45.617x25 сар=1 140 425 төгрөг гэх мэт/. Мөн нэг сарын төлбөр 45 617 төгрөг юм бол тухайн сар бүрийн хураамжийг тогтоохдоо З СӨХ--ны бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн дийлэнх олонхын саналаар хүлээн зөвшөөрч, бүх гишүүдийн хурлын тогтоол гарч улмаар үүнийг удирдах зөвлөл батлах хуулийн зохицуулалттай гэж хариуцагч талаас дэлгэрэнгүй тайлбар хийж байхад удирдах зөвлөл СӨХ-ны төлбөрийг тогтоосон нь хуульд нийцсэн, үндэслэлтэй хэмээн шийдвэрлэж байгаа нь шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв хуульд нийцсэн эсэхийг шалгах үүргээ хэрэгжүүлээгүй.

Мөн СӨХ-ны төлбөр ямар нэгэн байдлаар байнга хэлбэлзэх боломжгүй, сар бүр тогтмол байх ёстой. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан Төрийн банк ХХК-ийн дансны хуулгаар сар болгон өөр буюу амьтан /нохой/, мөн ковид-19 өвчний улмаас дулааныг хөнгөлсөн байхад нэмж тооцож авсан, нэг сарын хэдэн төгрөг нь мэдэгдэхгүй хууль бусаар СӨХ-ны төлбөрийг шаардаж байхад шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн нягтлан үзэж үнэлээгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хэрэгт Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 05/2807 тоот албан бичиг авагдсан ч шүүх тус нотлох баримтын агуулгыг ойлгоогүй, буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь тус албан бичигт З СӨХ- нь 4 төрлийн зөрчил дутагдалтай байгаа бөгөөд үүнийгээ засах арга хэмжээ авахыг анхааруулсан. Тус албан бичгээс хэрэгт хамааралтай байх 2 агуулгыг огт анхаарч үзээгүй. Үүнд:

1. З СӨХ- нь 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн оршин суугчдын бүх гишүүдийн хурлаар удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд сонгогдсон С.Б-ыг холбооны гүйцэтгэх захирлаар сонгосон байна.

2. Холбооны удирдах зөвлөл, хяналтын зөвлөл нь хурал зохион байгуулсан байдал, хурлын тэмдэглэл, хурлаас гарсан шийдвэр, холбогдох баримт бичгийн бүрдлийг дутуу хангасан, бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэх асуудлыг удирдах зөвлөлөөр шийдвэр гаргасан, оршин суугчдад санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг албан ёсоор танилцуулаагүй байна.

Дээрх зөрчлүүд илэрсэн байгааг хянаж шалган тогтоон, сануулж, засах талаар албан бичгийг өгсөн. С.Б-ыг захирлын ажилд томилох тухай удирдах зөвлөлийн шийдвэрийг үзвэл тус тогтоолд ...Ажилд томилсонтой холбогдуулан 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хурлын шийдвэрт удирдах зөвлөлийн гишүүнээр С.Б-ыг томилсон шийдвэрийг хүчингүй болгосугай... /бүх гишүүдийн хурлын тогтоолыг удирдах зөвлөл болгож шийдвэрлэсэн/ гэж бичигдсэнийг харж болохоор байгаа юм. Энэ мэтчилэн хуулиар огт олгогдоогүй эрх эдэлж, үндэслэлгүй СӨХ-ны төлбөр нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой. Шүүхээс нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх захирлыг томилсон удирдах зөвлөлийн тогтоол нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг зөрчөөгүй харин ч хуульд нийцсэн тухай шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарласан тухай дурдах нь зүйтэй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч З СӨХ- нь хариуцагч Б.А-т холбогдуулан 2019 оны 6 дугаар сараас 2021 оны 6 дугаар сарыг хүртэлх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1 032 231 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлөх үүргийг хуулиар хүлээдэг тул нэхэмжлэгч З СӨХ- хариуцагч Б.А-ээс СӨХ-ны төлбөрийг шаардах эрхтэй.

 

Хариуцагч Б.А- Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 8 байрны 10 тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөгч ба тэрээр 2019 оны 6 дугаар сараас 2021 оны 6 дугаар сарыг хүртэлх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх 20-23/

 

Дээрх зардлыг төлөөгүй талаар хариуцагч маргадаггүй боловч С.Б- нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш, хууль бусаар сонгогдсон, бүх гишүүдийн хурлаар тариф тогтоогоогүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ тайлбарлажээ. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэг заасан журмын дагуу үнэлэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4, 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дах хэсэгт зааснаар орон сууцанд оршин суугаа өмчлөгч нь СӨХ-ны гишүүн байх, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг төлөх үүрэгтэй.

 

СӨХ-ны 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 04 тоот Удирдах зөвлөлийн хурлаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлын хэмжээг тогтоосон нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дах хэсэгт нийцэж байх ба уг хурлын ирц нь мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангажээ. /хх44-53/

 

Шүүх хариуцагч Б.А-ээс 2019 оны 6 дугаар сараас 2021 оны 6 дугаар сарыг дуустал нийт 25 сарын СӨХ-ны төлбөрт 1 032 231 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З СӨХ--нд олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2021/02264 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД