Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2021/02269

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: хаягт байрлах, Е ХХК-ийн  нэхэмжлэлтэй

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуур 8 гудамж 110 тоот хаягт оршин суугч, /регистрийн дугаар ШЖ88031406/, Боржигин овогт Алтангэрэлийн Жавзмаад холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 3,785,676 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Ганбилэг, хариуцагч А.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Е ХХК шүүхэд болон төлөөлөгч П.Ганбилэг шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч А.Ж нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ЗГ1009180090 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 24 сарын хугацаатай сарын 2.9 хувийн хүүтэй, MITSUBUSHI COLT маркийн УБВ улсын дугаартай автомашины эзэмших эрхийг манай компанийн нэр дээр шилжүүлэн зээлдэгч унаж явах нөхцөлтэй барьцаалж 7,500,000 төгрөг зээлсэн. Зээлдэгч А.Ж зээл, хүүгээ төлөөгүй зээлийн гэрээний хугацааг 207 хоног хэтрүүлсэн. Зээлдэгч А.Ж нь үндсэн зээл 7,500,000 төгрөгөөс 5,058,207 төгрөг төлж, 2,441,793 төгрөг төлөөгүй, үндсэн хүү 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл 731 хоногийн үндсэн хүү 3,295,382 төгрөг төлөхөөс 3,113,793 төгрөг төлж үлдэх 181,589 төгрөг төлөөгүй, алданги 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл зээлээ төлөөгүй гэрээний хугацааг 207 хоног хэтрүүлсэн алданги нийт 1,479,971 төгрөг төлөхөөс 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх 62 хоногийн зээлийн гэрээний дагуу 0,3 хувийн алданги 454,174 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх 145 хоногийн 0,2 хувийн алданги 780,120 төгрөг нийт 1,162,294 төгрөг төлөөгүй байна. Иймд зээлдэгч А.Жгаас үндсэн зээлийн үлдэгдэл 2,441,793 төгрөг, үндсэн хүү 181,589 төгрөг, алданги 1,162,294 төгрөг нийт 3,785,676 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч А.Ж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Е ХХК нь алданги 1,162,294 төгрөгөөс татгалзвал эвлэрэх боломжтой. MITSUBUSHI COLT маркийн УБВ улсын дугаартай автомашин осолд орж ашиглах боломжгүй болсон талаар зээлдүүлэгчид мэдэгдсэн. Нийт зээлийн төлбөрт 8,172,000 төгрөг төлсөн бөгөөд зээл зээлийн хүүг төлсөн. Е ХХК-д 2 удаа хүсэлт бичиж өгсөн гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

         

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Е ХХК нь хариуцагч А.Жд холбогдуулан зээлийн үлдэгдэл 2,441,793 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 181,589 төгрөг, алданги 1,162,294 төгрөг нийт 3,785,676 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж зээл, хүү алдангид 3,785,676 төгрөг гаргуулах үндэслэлтэй. Зээлдэгч нь гэрээний үүргээ  зөрчиж 207 хоног хэтрүүлсэн. MITSUBUSHI COLT маркийн УБВ улсын дугаартай автомашин осолд орж ашиглах боломжгүй болсон гэж тайлбарлав.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, УБВ улсын дугаартай автомашин осолд орж ашиглах боломжгүй болсон, зээлийн төлбөрт 8,172,000 төгрөг төлсөн гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Е ХХК нь хариуцагч А.Жтай 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 7,500,000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, сарын 2,9 хувийн хүүтэй, зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацаагаа зөрчвөл зээлдүүлэгчид хугацаандаа төлөөгүй хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгтэй нийцсэн байна.

 

Хариуцагч А.Ж нь үндсэн зээлийн гэрээний үүрэгт 7,500,000 төгрөг, зээлийн нэг сарын хүүгийн төлбөрт 21,452 төгрөгийг төлөх, зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацаагаа зөрчвөл зээлдүүлэгчид хугацаандаа төлөөгүй хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх алданги төлөх үүрэгтэй байжээ.

 

Хариуцагч А.Ж зээлийн төлбөрт 8,172,000 төгрөг төлсөн гэрээний үүргээ биелүүлсэн гэж  мэтгэлцэж байгаа  боловч талууд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 7,500,000 төгрөг, хүүгийн төлбөрт 3,036,310.37 төгрөг нийт 10,536,310.37 төгрөг төлөхөөр тохиролцсон болох нь Зээл, зээлийн хүүг буцаан төлөх хуваарь /хх-ийн 6 тал/ нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байх тул зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэхгүй.

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй гэж заажээ.

Талуудын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ЗГ1009180090 тоот барьцааны гэрээ байгуулж MITSUBUSHI COLT маркийн УБВ улсын дугаартай автомашиныг барьцаалсан байх ба нэхэмжлэгч нь дээрх автомашин осолд орж ашиглах боломжгүй болсон гэж тайлбарлаж байх ба энэ үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т заасны дагуу тогтоогдсон гэж үзлээ.  

Нэхэмжлэгч Е ХХК нь “Барьцаат зээлийн үйлчилгээ”-ний чиглэлтэй компани болох нь Улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, Е ХХК-ийн 9 дүгээр салбарын дарга Х.Нямбаяр зээлийн гэрээ байгуулах эрх бүхий этгээд болох нь салбарын гэрчилгээ, тус гэрчилгээнд даргаар Х.Нямбаярыг бүртгэсэн бүртгэл зэрэг бичгийн баримтаар тогтоогдов.

Нэхэмжлэгч Е ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд “гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хамтран ажиллах түншлэлийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн гэрээг шүүхэд ирүүлж, нэхэмжлэгчийн хүсэлтээр Дүүргийн Засаг даргатай байгуулсан барьцаат зээлийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, уг гэрээ сунгагдсан талаарх баримтыг гаргуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч дээрх баримт байхгүй тул шүүхэд гаргаж өгөх боломжгүй” гэж мэтгэлцэж байна.

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1 дэх хэсэгт Барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцно” гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч нь алданги, хүүг хасч тооцсон байх ба тооцооллын тухайд хариуцагч маргаагүй.

Хариуцагч А.Жгаас үндсэн зээлийн үлдэгдэл 2,441,793 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 181,589 төгрөгийг, зээлийн гэрээний 3.4-д зааснаар гүйцэтгээгүй үүрэг 2,626,382 төгрөгт алданги тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар алдангид 1,162,294  төгрөг  нийт 3,785,676 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

          ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 232 дугаар зүйлийн 232,6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Жгаас 3,785,676 /гурван сая долоон зуун наян таван мянга зургаан зуун далан зургаа/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Е ХХК-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,521 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Жгаас 75,521 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Е ХХК-нд олгосугай.

 

3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Н.НАРАНГЭРЭЛ