Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/01798

 

 

 

 

 

 

 

 

 

“Е Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй                                                                                  иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Байгалмаа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 21-ний өдрийн 182/ШШ2021/02269 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Е Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Ж-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 3,785,676 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

  1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: Зээлдэгч А.Ж- 2018 оны 11 сарын 28-ны өдөр ЗГ1009180090 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 24 сарын хугацаатай сарын 2.9 хувийн хүүтэй, Мицубиши колт /Mitsubishi Colt/ маркийн 43-57 УБВ улсын дугаартай автомашины эзэмших эрхийг компанийн нэр дээр шилжүүлэн зээлдэгч унаж явах нөхцөлтэй барьцаалж, 7,500,000 төгрөг зээлж авсан боловч зээл, хүүгээ төлөлгүй зээлийн гэрээний хугацааг 207 хоног хэтрүүлсэн. А.Ж- нь үндсэн зээлээс 2,441,793 төгрөг, үндсэн хүүгээс 181,589 төгрөгийг тус тус төлөөгүй. Иймд хариуцагч А.Ж-гаас 2020 оны 11 сарын 29-ний өдрөөс 2021 оны 01 сарын 28-ны өдөр хүртэлх 62 хоногийн алданги 0.3 хувиар тооцож 454,174 төгрөг, 2021 оны 01 сарын 29-ний өдрөөс 2021 оны 06 сарын 23-ны өдөр хүртэлх 145 хоногийн алданги 0.2 хувиар тооцож 1,162,294 төгрөг, нийт 3,785,676 төгрөг гаргуулж өгнө үү.
  2. Хариуцагч талын татгалзал, хариу тайлбарын агуулга: Мицубиши колт /Mitsubishi Colt/ маркийн 43-57 УБВ улсын дугаартай автомашин осолд орж ашиглах боломжгүй болсон талаар зээлдүүлэгчид мэдэгдсэн. Нийт зээлийн төлбөрт 8,172,000 төгрөг төлсөн бөгөөд зээл, зээлийн хүүг төлсөн. “Е Ш” ХХК-д зээлийн гэрээний хугацаа дууссантай холбоотой 2 удаа хүсэлт бичиж өгсөн ч хариу өгөөгүй. Хариу өгөхгүй болохоор Ковид-19 вирустай холбоотойгоор царцсан байх гэж бодсон. Мөн зээлдүүлэгч тусгай зөвшөөрөлгүй этгээд учир хүү, алданги зөвшөөрөхгүй.

 

  1. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Ж-гаас 3,785,676 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Е Ш” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,521 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Ж-гаас 75,521 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Е Ш” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

  1. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн зүгээс “Е Ш” ХХК-ийн зээлийн  үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэх талаар баримт гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргаж, шийдвэрлүүлсэн. Гэтэл энэ талаар баримт хэрэгт ирээгүй, захирамжийн биелэлт хангагдаагүй байхад шүүх хуралдааныг үргэлжүүлэн явуулж хэргийг шийдвэрлэсэн. Зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулдаг бөгөөд “Е Ш” ХХК нь эрх бүхий байгууллагаас авсан зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан тул талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хууль зөрчиж хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл. Миний бие 7,500,000 төгрөгийн зээл авч, 8,172,000 төгрөгийг төлж зээлээ барагдуулсан тул нэхэмжилж буй мөнгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

  1. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын хариу тайлбарын агуулга: “Е Ш” ХХК нь банк бус санхүүгийн байгууллагын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй тул тусгай зөвшөөрөл шаардагдахгүй. Иймд гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

  1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас тооцооллын алдаа гаргасан, мөн хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг үндэслэн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

  1. Нэхэмжлэгч “Е Ш” ХХК нь хариуцагч А.Ж-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 2,441,793 төгрөг, зээлийн хүү 181,589 төгрөг, алданги 1,162,294 төгрөг, нийт 3,785,676 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, зээлийн эргэн төлөлтөд нийт 8,172,000 төгрөг төлсөн бөгөөд зээлдэгч нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй этгээд учир хүү, алдангийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

  1. Талууд 2018 оны 11 сарын 28-ны өдөр ЗГ1009180090 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч “Е Ш” ХХК 7,500,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2.9 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч А.Ж- зээл, зээлийн хүүг тохирсон хуваарийн дагуу буцаан төлөх, үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тус тус харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байна. /хх-4/

          Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор А.Ж-гийн өмчлөлийн 43-57 УБВ улсын дугаартай Мицубиши колт /Mitsubishi Colt/ маркийн суудлын автомашиныг барьцаалсан үйл баримт /хх-5/ мөн тогтоогдсон боловч нэхэмжлэгч уг гэрээтэй холбоотой шаардлага гаргаагүй тул энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

 

  1. Зээлдүүлэгч “Е Ш” ХХК зээлийн гэрээний зүйл болох 7,500,000 төгрөгийг зээлдэгч А.Ж-д шилжүүлэн өгсөн нь тогтоогдсон буюу энэ үйл баримтын талаар зохигчид маргаагүй тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт тус тус зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

          Иргэний хуулийн 286 дугаар зүйлээр зохицуулагдах барьцаалан зээлдэх журмаар зээл олгох харилцаа нь тусдаа гэрээний харилцаа бус харин Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцааны нэг төрөл учир холбогдох хууль хэрэглээний өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй.

 

  1. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн үйл ажиллагааг компаниас эрхлэхэд тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагыг тогтоогоогүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй.

          Өөрөөр хэлбэл, хариуцагч “Е Ш” ХХК нь хадгаламжийн үйл ажиллагаа эрхэлдэггүй тул Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4-т заасан “банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх”-эд тусгай зөвшөөрөлтэй байх зохицуулалтад хамаарахгүй юм.

          Иймд нэхэмжлэгч “Е Ш” ХХК нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг хариуцагч А.Ж-гаас шаардах эрхтэй буюу зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хэлэлцэн тохиролцсон хүүгийн хамтаар шаардах эрхтэй.

 

  1. Зээл, зээлийн хүүг буцаан төлөх хуваарь /хх 6/, Хаан банкны 5014112363 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 46-59/ зэргээс үзвэл зээлийн мөнгөн хөрөнгийг хүүгийн хамтаар буцаан төлөх зээлдэгч А.Ж-гийн үүрэг нийт 10,536,310 төгрөг бөгөөд үүнээс нийт 8,200,000 төгрөгийг буцаан төлсөн болох нь тус тус тогтоогдож байх тул хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 2,336,310 төгрөг болж байна.

Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцох тухай талуудын тохиролцоо /Зээлийн гэрээний 3.4/ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн зохицуулалтад нийцэж байх тул нэхэмжлэгчийн шаардсан хувь хэмжээгээр алданги тооцоход 2020 оны 11 сарын 29-ний өдрөөс 2021 оны 01 сарын 28-ны өдөр хүртэлх 62 хоногийн алданги 2,336,310 × 0.3% × 62 = 434,553.66 төгрөг, 2021 оны 01 сарын 29-ний өдрөөс 2021 оны 06 сарын 23-ны өдөр хүртэлх 145 хоногийн алданги 2,336,310 × 0.2% × 145 = 677,529.9 төгрөг, нийт 1,112,084 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй байна.

Иймд хариуцагч А.Ж-гаас зээлийн гэрээний үүрэгт 2,336,310 + 1,112,084 = 3,448,394 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Е Ш” ХХК-д олгох нь зүйтэй.

 

  1. Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон тооцооллын өөрчлөлтийг оруулж, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         

  1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 21ий өдрийн 182/ШШ2021/02269 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...286 дугаар зүйлийн 286.1...” гэсний өмнө “...281 дүгээр зүйлийн 281.1, ...” гэж, “...3,785,676 /гурван сая долоон зуун наян таван мянга зургаан зуун далан зургаа/ төгрөг...” гэснийг “...3,448,394 төгрөг...” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...А.Ж-гаас 75,521 төгрөгийг...” гэснийг “...А.Ж-гаас 70,124... төгрөгийг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 11 сарын 29-ний өдөр төлсөн 75,525 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.ДАВААДОРЖ

 

                ШҮҮГЧИД                                       Д.БАЙГАЛМАА

                                             

                        Д.НЯМБАЗАР