Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2021/02280

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  хаягт байрлах, Д ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:  тоот хаягт оршин суугч Ц.Д-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэг, бусад зардалд нийт 2,375,783 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Баттуяа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Төмөрбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д ХХК шүүхэд болон төлөөлөгч Б.Баттуяа шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Дтай 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 2,800,000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, 180 хоногийн хугацаатай зээлсэн. Ц.Д нь үндсэн зээлийн төлбөрт 1,679,950 төгрөг төлж үлдэх 1,120,050 төгрөгийг төлөөгүй байна. Зээлдэгч Ц.Даас үндсэн зээлийн төлбөрт 1,120,050 төгрөг, 2 сарын хүү 156,808 төгрөг,  алданги 560,025 төгрөг, шатахууны зардал 450,000 төгрөг, нотариатын зардалд 16,600 төгрөг, шуудангийн зардалд 2,100 төгрөг, эрэн сурвалжлах улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг нийт 2,375,783 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Д ХХК-тай 2015 онд зээлийн гэрээ байгуулж 2015 онд зээлээ төлж ямар нэгэн өр төлбөргүй болсон. Ийм учраас Д ХХК-ийн гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байна. 2015 оноос 2021 оны 2 сар хүртэл Д ХХК-иас надтай ямар нэгэн утсаар ярьсан, мэдэгдсэн, мэдэгдэх хуудас өгсөн зүйл огт байхгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч Ц.Дд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,375,783 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, зээлдэгчид олон удаа мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч хаягтаа байхгүй гээд буцаад ирсэн тул эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоосон гэж тайлбарлав.

        

Хариуцагч Ц.Д нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, зээлээ төлж дууссан гэж маргажээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Төмөрбаатар шүүх хуралдааны үед “зээлийн барьцаанд тавьсан автомашин 2015 оны 11 дүгээр сард осолд орж, ашиглах боломжгүй болсон. Тухайн үед Д ХХК-ийн гүйцэтгэх захирал Цагдаагийн байгууллагад гомдол саналгүй тухай бичиг хийж өгсөн тул зээлдэгчийн зээлийн төлбөр дууссан гэж мэтгэлцэв.

 

Нэхэмжлэгч Д ХХК нь зээлдэгч Ц.Дтай 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 2,800,000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, 180 хоногийн хугацаатай, зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацаагаа зөрчвөл зээлдүүлэгчид хугацаандаа төлөөгүй хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгтэй нийцсэн байна.

Хариуцагч Ц.Д нь үндсэн зээлийн гэрээний үүрэгт 2,800,000 төгрөг, зээлийн нэг сарын хүүгийн төлбөрт 1,176,000 төгрөгийг төлөх, зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацаагаа зөрчвөл зээлдүүлэгчид хугацаандаа төлөөгүй хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөх үүрэгтэй байжээ.

 

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт “Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй” гэж заажээ.

 

Талуудын хооронд 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, Тоёота приус маркийн 3279 УНР улсын дугаартай автомашиныг барьцаалсан боловч 2015 оны 11 дүгээр сард дээрх автомашин осолд орж ашиглах боломжгүй болсон гэж зохигчид тайлбарлаж байх тул энэ үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасны дагуу тогтоогдсон гэж үзнэ.  

 

Нэхэмжлэгч Д ХХК нь “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ”-ний чиглэлтэй компани болох нь Улсын бүртгэлийн гэрчилгээ, гүйцэтгэх захирлаар Б.Баттуяаг бүртгэсэн бүртгэл /хх-ийн 80 тал/-тэй байна.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтад “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасан бөгөөд талуудын хооронд 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 6 сарын хугацаатай байгуулагдсан зээлийн гэрээний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр дуусчээ.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж зохицуулсан.

Хариуцагч Ц.Дд холбогдуулан нэхэмжлэгч Д ХХК-иас нэхэмжлэл гаргаж байсан нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШЗ2020/05687 дугаартай хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2020/01917 дугаар шийдвэрээр тогтоогдож байх тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхээр байна.

            Нэхэмжлэгч нь хариуцагчаас шатахууны зардал 450,000 төгрөг, нотариатын зардал 16,600 төгрөг, шуудангийн зардал 2,100 төгрөг, эрэн сурвалжлах улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг нийт 538,900 төгрөг шаардсан ба үүнээс хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2020/01917 дугаар шийдвэр /хх-ийн 81 тал/, нотариатын зардалд 12,400 төгрөг төлсөн мөнгөний тасалбар /хх-ийн 14 тал/ зэрэг баримтыг үндэслэн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул нийт 82,600 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэстэй.

 

            Харин шатахууны зардал 450,000 төгрөг, нотариатын зардал 4,200 төгрөг, шуудангийн зардал 2,100 төгрөг төлсөн гэх боловч холбогдох баримтгүй, кассын орлогын ордер гэх баримт байх боловч 450,000 төгрөгийн шатахуунаар хашаа явсан, ямар ажиллагаа хийгдсэн нь тодорхойгүй байна.

 

Иймд хариуцагч Ц.Даас үндсэн зээлийн төлбөрт 1,120,050 төгрөг, 2 сарын хүү 156,808 төгрөг, алданги 560,025 төгрөг, бусад зардал 82,600 төгрөг нийт 1,919,483 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 456,300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Хариуцагч Ц.Дд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд ирээгүй. Нэхэмжлэгч түүний эзгүйд хэрэг хянан шийдвэрлэх боломжтой гэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэх хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1, 286 дугаар зүйлийн 286.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Даас 1,919,483 /нэг сая есөн зуун арван есөн мянга дөрвөн зуун наян гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д ХХК-д олгож,  нэхэмжлэлийн шаардлагаас 456,300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,962 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Даас улсын тэмдэгтийн хураамжид 45,662 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д ХХК-д олгосугай.

 

3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Н.НАРАНГЭРЭЛ