Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/01808

 

 

Д ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2021/02280 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д ХХК-ийн хариуцагч Ц.Д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт болон бусад зардалд нийт 2 375 783 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ц.Дтай 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 2 800 000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, 180 хоногийн хугацаатай зээлсэн. Ц.Д нь үндсэн зээлийн төлбөрт 1 679 950 төгрөг төлж, үлдэх 1 120 050 төгрөгийг төлөөгүй байна. Иймд Ц.Д үндсэн зээлийн төлбөрт 1 120 050 төгрөг, 2 сарын хүү 156 808 төгрөг, алданги 560 025 төгрөг, шатахууны зардал 450 000 төгрөг, нотариатын зардалд 16 600 төгрөг, шуудангийн зардалд 2 100 төгрөг, эрэн сурвалжлах улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, нийт 2 375 783 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.  

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт: Д ХХК-тай 2015 онд зээлийн гэрээ байгуулж 2015 онд зээлээ төлж ямар нэгэн өр төлбөргүй болсон. Ийм учраас Д ХХК-ийн гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байна. 2015 оноос 2021 оны 2 сар хүртэл Д ХХК-иас надтай ямар нэгэн утсаар ярьсан, мэдэгдсэн, мэдэгдэх хуудас өгсөн зүйл байхгүй гэжээ.

Шүүх:  Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Дс 1 919 483 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 456 300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Дд ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52 962 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ц.Д улсын тэмдэгтийн хураамжид 45 662 төгрөгийг гаргуулж Д ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Миний бие Д ХХК-тай 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Харин 2015 оны 11 дүгээр сард Д ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Л зээлээ төлж ямар нэгэн өр төлбөргүй гэсэн албан бичиг гаргаж өгсөн. Д ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2015 оноос 2021 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд тус компаниас надтай ямар нэгэн байдлаар утсаар болон мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн зүйл огт байхгүй болно. Тухайн асуудлаас хойш 6-7 жил өнгөрч байгаа ба зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан болно. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхээс хууль буруу хэрэглэсэн байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус гэрээний хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс буюу 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасны дагуу 3 жилийн хугацааг тоолох ба гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр дуусгавар болсон. Д ХХК нь 2015 оноос 2021 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд иргэн Ц.Д ямар нэгэн мэдэгдэх хуудас, утсаар холбогдсон, хэлж мэдэгдсэн зүйл огт байхгүй бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй. Харин 6-7 жил болсны дараа буюу зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш буюу 2 жил 6 сар гаруйн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Тус компанийн гүйцэтгэх захирал А.Л нь 2015 оны 11 дүгээр сард Ямар нэгэн гомдол санал байхгүй гэх албан бичиг хийж өгсөн байна. Энэ талаарх баримт бичгийг Д ХХК нь гаргаж өгөөгүй. Мөн төлөөлөгч Б.Баттуяа нь Би 2019 оны 12 дугаар сард тус байгууллагад ажилд орсон тухайн үед энэ байгууллагад ажиллаж байгаагүй, би мэдэхгүй гэх өмгөөлөгч миний бие анхан шатны шүүх хуралд зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул иргэний хэргийг хэрэгсэхгүй болгуулах байр суурьнаас хандаж байсан. Иргэн Ц.Д оршин суугаа хаяг нь Улсын бүртгэлийн газрын лавлагаа болон бусад холбогдох баримт бичгүүдээр тогтоогдсон байхад хаягтаа байдаггүй гэх үндэслэлгүй юм. Мөн харъяаллын бус Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд хандаж иргэний хэрэг үүсгэсэн нь буруу, хууль ноцтой зөрчсөн болно. Анхан шатны шүүх зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад хууль буруу хэрэглэж шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д ХХК хариуцагч Ц.Д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд нийт 2 375 783 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Шүүхээс гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэл муутай болжээ.

Хариуцагч Ц.Д 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч Д ХХК-аас 2 800 000 төгрөг, сард 7 хувийн хүүтэй, 180 хоногийн хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлд 32-79 УНР улсын дугаартай тоёота приус маркийн автомашиныг барьцаалсан байна.

Нэхэмжлэгчид дээрх гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрх 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн үүссэн байх бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр дуусжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2020/01917 дугаар шүүхийн шийдвэрээр Ц.Д эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоолгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд тэрээр тус шүүхийн шүүгчийн хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШЗ2020/05687 дугаар шүүгчийн захирамжийг үндэслэл болгосон байна. /хх.81/ Дээр дурьдсан шийдвэр, захирамжийг үндэслэн нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэх боломжгүй.

Тодруулбал, Нэхэмжлэгчээс 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс өмнө хариуцагчаас зээлийн төлбөрийг шаардаж байсан, хөөн хэлэлцэх хугацаа хуульд заасан үндэслэлээр тасалдсан гэх баримтыг гаргаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2021/02280 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1, 286 дугаар зүйлийн 286.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Д ХХК-ийн хариуцагч Ц.Д холбогдуулан гаргасан 2 375 783 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52 962 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

А.МӨНХЗУЛ