Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2021/02309

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суугч Л.Б-ны нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: өөрийн байранд байрлах, Т ХХК-д холбогдох

2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай  нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Б-, хариуцагчийн төлөөлөгч А.Энхсанаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        

Нэхэмжлэгч Л.Б- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Т ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дөлгөөний 2018 оны 04 дүгээр сарын 26-ны Б/678 тоот тушаалаар ажлаас халагдсан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шүүхийн шийдвэр гарсан. Шүүхийн тогтоолд Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг баримтлан миний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгасан байдаг. 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхээр байгууллагадаа хандсан боловч ямар нэг шийдвэр хэрэгтэй байна гээд одоог хүртэл бичилт хийгээгүй. Ажилгүй байсан хугацааны цалингаас Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 12,000,000 төгрөг авсан. Үүнээс ажилгүй байсан 8 сард хувааж бичилт хийх үүрэгтэй гэв.

 

Хариуцагч Т ХХК шүүхэд болон төлөөлөгч А.Энхсанаа шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Л.Б- нь 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б/1022 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Хөдөлмөрийн гэрээг нь дуусгавар болгоод тухайн өдрөө Барс тооцооны төвийн захирлаар томилогдсон. 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 06 дугаар сар хүртэлх хугацааны цалинд 12,000,000 төгрөг олгохоор тохиролцсон. Л.Б-д шүүхийн шийдвэр гарснаас хойш хугацааны нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлөх үүрэг үүсээгүй бөгөөд 12,000,000 төгрөгөөс дээрх шимтгэл төлөх эсэх нь өөрийнх нь эрхэд хамаарна. Нөхөн бичилт хийх боломжгүй Нийгмийн даатгалын газраас заавал шүүхийн шийдвэр байх ёстой гэсэн зүйлийг бүртгэлийн ажилтнууд нь хэлээд байгаа гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд ньхэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ. 

Нэхэмжлэгч Л.Б- хариуцагч Т ХХК-д холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж ажилгүй байсан хугацааны цалинд авсан 12,000,000 төгрөгөөс ажилгүй байсан 8 сарын хугацаанд хувааж Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлснөөр бичилт хийх үүрэгтэй гэж тайлбарлав.

 

Хариуцагч Т ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2018/02185 дугаар шийдвэрийг биелүүлж 9,699,327 гаргуулж нэхэмжлэгч Л.Б-д олгож, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлж, холбогдох дэвтэрт нь бичилт хийсэн. Харин шүүхийн шийдвэр гарснаас хойших хугацааны нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлөх үүрэг үүсээгүй бөгөөд 12,000,000 төгрөгөөс дээрх шимтгэлийг төлөх эсэх нь даатгуулагчийн өөрийнх нь эрх гэж маргаж байна.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2018/02185 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Л.Б-г Т ХХК-д Иргэдийн банкны газрын иргэдийн банкны зээлийн судалгааны хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Т ХХК-иас 9,699,327 гаргуулж нэхэмжлэгч Л.Б-д олгож, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлж, холбогдох дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 001/ХТ2019/00535 дугаар тогтоолоор “Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2018/02185 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2501 дугаар магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй, сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх бөгөөд хариуцагч 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/1026 тоот тушаалаар ажилд томилж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн болох нь зохигчдын тайлбар, Б/1026 тоот тушаал /хх-ийн 6 тал/ зэргээр тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгч Л.Б- нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилд томилж тушаал гарсан 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаж байгаа боловч талууд 2019 оны 07 дугаар сарын 03-ны  өдрийн Б/1022 тоот тушаалаар “Иргэдийн банкны газрын Иргэдийн банкны зээлийн судалгааны хэлтсийн захирлын ажил албан тушаалд ажиллаж байсан Л.Бтай харилцан тохирсноор түүнтэй байгуулсан 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 135 тоот Хөдөлмөрийн гэрээг 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс дуусгавар болгосугай. Л.Б-д Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2018/02185 дугаар шийдвэрээр ажилгүй байсан хугацааны олговорт 9,699,327 төгрөг, анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох хүртэл ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 12,000,000 төгрөг нийт 21,699,327 төгрөгийг олгосугай. Дээрх нөхөх олговрын мөнгийг холбогдох данснаас гарган  ажилтанд олгох, нийгмийн даатгал эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийхийг Санхүү хариуцсан дэд захирал /Г.Тогтохбаатар/-д зөвшөөрсүгэй” гэж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 7 тал/

Дээрх тушаалд анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох хүртэл ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 12,000,000 төгрөг олгохоор ЛБолдсайхантай харилцан тохиролцсон байх ба хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдааны үед гаргасан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2018/02185 дугаар шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгч Л.Б-д 9,699,327 төгрөгийг олгож, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлж, холбогдох дэвтэрт нь бичилт хийсэн. Харин 12,000,000 төгрөгийн нөхөх олговроос нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлөх эсэх нь ажилтны өөрийнх нь эрх, энэ хугацааны нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлж, холбогдох дэвтэрт нь бичилт хийхээр тохиролцоогүй гэх хариуцагчийн тайлбарыг буруутгах үндэслэл тогтоогдоогүй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч 12,000,000 төгрөгийг нэг удаагийн шилжүүлгээр дансаар хүлээн авсан тухайд маргаагүй. Дээрх 12,000,000 төгрөгөөс ажилгүй байсан 8 сарын хугацааны нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлж, холбогдох дэвтэрт нь бичилт хийх талаар 2019 оны 07 дугаар сарын 03-ны  өдрийн Б/1022 тоот тушаалаар тохиролцсон гэж үзэхээргүй байна.

 

 Иймд  хариуцагч Т ХХК-д холбогдох 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай Л.Б-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Т ХХК-д холбогдох 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай Л.Б-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Н.НАРАНГЭРЭЛ