Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/00007

 

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/00007

 

адлал

2021.12.22

Л.Б-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2021/02309 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч Л.Б-

хариуцагч ТБ- ХХК-д холбогдох

 

Ажилгүй байсан 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхсанаа, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

1.Нэхэмжлэлийн агуулга:

1.1. Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай

1.2.Нэхэмжлэлийн үндэслэл:

1.2.а) ТБ- ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/678 тоот тушаалаар ажлаас халагдсан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2018/02185 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг баримтлан Л.Б-ы нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлсэн 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхээр байгууллагадаа хандсан боловч нийгмийн даатгалын байгууллага шүүхийн шийдвэр хэрэгтэй гээд одоог хүртэл бичилт хийгээгүй.

 

2.Хариуцагчийн тайлбарын агуулга:

2.1. а) Л.Б-ы хувьд 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн ТБ- ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б/1022 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, тухайн өдрөө Барс тооцооны төвийн захирлаар томилогдсон. 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 6 дугаар сар хүртэлх хугацааны цалинд 12 000 000 төгрөг олгохоор тохиролцсон. Дээрх тушаалын 3 дахь хэсэгт эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг үүрэг болгосон. Ажил олгогчийн тушаал нь хуульд харшилсан зүйлгүй болно.

 

3. Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ТБ- ХХК-д холбогдох 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай Л.Б-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1.Анхан шатны шүүх Л.Б-ыг ажилд нь эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн. Мөн Улсын Дээд шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 00535 дугаар тогтоолоор шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Хариуцагч ТБ- ХХК нь давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан тул тухайн цаг хугацаанд ажилдаа эгүүлэн орж чадаагүй. Шүүх ТБ- ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Б/1022 тоот тушаал нь Л.Б-тай байгуулсан 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 135 тоот хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх цалин хөлсийг олгох тухай, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг тус тус даалгасан байхад шүүх энэ талаар хэрхэн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзсэн тул 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд 135 тоот хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлд тус тус заасныг анхаарч үзээгүй, энэ талаар хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгөөгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулав. Учир нь анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу хэрэглэсэн байна.

 

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 001/ХТ2019/00535 дугаар тогтоол, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2501 дугаар магадлал, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2018/02185 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Л.Б-г ТБ- ХХК-д Иргэдийн банкны газрын иргэдийн банкны зээлийн судалгааны хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлс 9 699 327 төгрөгийг хариуцагч ТБ- ХХК-аас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн ба уг шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 8-14, 39-44/

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш хариуцагч байгууллагын давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг дээд шатны шүүхээр хянан хэлэлцэн шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, улмаар хариуцагч байгууллагын захирлын 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б/1026 тоот тушаалаар нэхэмжлэгч Л.Б-ыг ажилд томилох хүртэл нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн хэвээр үргэлжилж байсан гэж үзнэ.

 

Дээрх хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан бүх хугацаа хамаарах тул нэхэмжлэгч Л.Б- нь ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсны үр дагаврыг арилгуулахаар гомдол гаргах эрхтэй.

 

Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Б/1022 тоот тушаалын 2 дахь хэсэгт ...анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох хүртэл ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 12 000 000 төгрөг, ... олгосугай гэж зааснаас гадна мөн тушаалын 3 дахь хэсэгт

 

дээрх олговрыг ажилтанд олгох, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нь бичилт хийхийг Санхүү хариуцсан дэд захиралд зөвшөөрсүгэй гэснийг анхан шатны шүүх анхаараагүй байна. /хх-ийн 7/

 

Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...нөхөн бичилт хийхийг манай талаас зөвшөөрч байгаа. Гол нь нийгмийн даатгалын газраас заавал шүүхийн шийдвэр авч ир, тэгэхгүй бол нөхөн бичилт хийхгүй гэсэн... гэсэн тайлбар гаргасан байна. /хх-ийн 34/

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул хангаж, нэхэмжлэгч Л.Б-ы 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс 12 000 000 төгрөгт зохих журмын дагуу сар тутам нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нь төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагч ТБ- ХХК-д даалгахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2021/02309 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Б-ы 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс 12 000 000 төгрөгт зохих журмын дагуу сар тутам нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нь нөхөн бичилт хийхийг хариуцагч ТБ- ХХК-д даалгасугай гэж,

2 дахь заалтын ...дурдсугай гэснийг ... дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч ТБ- ХХК-аас 70 200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Н.БАТЗОРИГ