Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2021/02310

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарангэрэл даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суугч С.Э- /регистрийн дугаар ЦД81091760/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоот хаягт байрлах Г ОУТББ -ын Монгол улс дахь төлөөлөгчийн газарт холбогдох

 

         Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Түвшинтөгс, хариуцагчийн төлөөлөгч М.Янжинлхам, Х.Лхагвахүү, Б.Цэндмаа, хариуцагчийн өмгөөлөгч О.Баасанхүү, гэрч А.Халиунаа, О.Гэрэлчимэг, М.Гэрэлсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.Э-, төлөөлөгч Б.Түвшинтөгс нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 032/14 тоот хөдөлмөрийн гэрээг ажил олгогч Г ОУТББ-тай байгуулж, орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн ажилтнаар орж, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж  хөтөлбөрийн зохицуулагч болсон. Ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээгээр болон хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн боловч 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/026/21 тоот тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж хөдөлмөрийн гэрээг ажил олгогч дангаар цуцалсан. Ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэг буюу аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэх үндэслэлээр гаргасан байсан. Гэвч бодит байдал дээр тус байгууллагад хуулийн дээрх заалтын аль нөхцөл бий болоогүй ба өмнөх байдлаар хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа ба харин ч шинээр ажилчид нэмж авсан байдаг. С.Э-ыг үүрэгт ажлаас чөлөөлж хууль бус тушаал гаргасан уг тушаалын талаар урьдчилж мэдэгдээгүй, түүнчлэн тушаал гарсан ажлаа хүлээлгэж өг гэж шаардаж түүний ажлыг өөр хүнд шилжүүлж өгч улмаас С.Э-ын Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах эрх нь зөрчигдөж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт ...эрх, эрх чөлөө хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргана гэжээ. Иймд С.Э-ыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажлаас халах тушаал гарсан буюу 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс эхэлж тооцон ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хэргийг шийдвэрлэх өдөр хүртэл гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв. 

 

Хариуцагч Г ОУТББ шүүхэд болон төлөөлөгч М.Янжинлхам, Х.Лхагвахүү, Б.Цэндмаа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын санхүүжилт нь өмнөх 2020 онтой харьцуулахад 30-40 хувиар багассан бөгөөд үүнээс улбаалаад байгууллагад хүний нөөцийн шилжилт, зарим орон тоог хасах болон орон тоог цөөрүүлэх шаардлага гарсан. Үүний дагуу тус байгууллагын захирлын байгууллагын стратеги төлөвлөгөө батлах, бүтцийн өөрчлөлт хийх тухай А/005/21 дугаартай тушаал болон зарим ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай А/007/21 дугаартай тушаалууд гарсан. Байгууллагын стратеги төлөвлөгөө батлах, бүтцийн өөрчлөлт хийх тухай А/005/21 дугаартай тушаалаар байгууллагын орон тооны дээд хязгаарыг 90 байхаар тогтоосон зэргээс тус байгууллагад ажилтны орон тоог хасах, ажилтны тоог цөөрүүлэх бодит нөхцөл байдал үүссэн байна. Тухайн үед тушаал гарсан өдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгууллагын хүний нөөцийн ажилтан хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдаж байгаа ажилтан тус бүрийг дуудан уулзаж уг тушаалыг танилцуулсан, мөн байгууллагын дотоод сүлжээнд ашигладаг Докс сүлжээнд тушаалуудыг хавсралтын хамт байршуулсан. Энэ нь бүх ажилчдад нээлттэй дотоод сүлжээ юм. С.Э- уг тушаалтай 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр танилцсан бөгөөд 2021 оны 02 дугаар 02-ны өдөр Г ОУТББ-ын Монгол дах төлөөлөгчийн газрын дотоод сүлжээгээр хүний нөөцийн албаны менежер Г.Нямбаярт хандан гаргасан өргөдөлдөө “...2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Захиргаа удирдлагын хэлтсээс дуудан халагдах тушаал танилцуулсан. Халагдах тушаал гаргахад хэд хэдэн үндэслэл танилцуулсан...” гэсэн байдаг. Энэхүү өргөдлөөс харвал байгууллага тус ажилтанд урьдчилж мэдэгдээгүй гэдэг нь үндэслэлгүй. Ажилтан С.Э- нь ажлаас чөлөөлөгдсөн үндэслэлээ зөвшөөрч 5,227,740 төгрөгийг авсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

 

                ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч С.Э- нь Г ОУТББ-ын Монгол улс дахь төлөөлөгчийн газарт холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч Г ОУТББ-ын Монгол улс дахь төлөөлөгчийн газар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, зарим орон тоог цөөрүүлэх шаардлага гарсан гэж маргажээ.

 

Ажил олгогч нь Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, Захирлын А005/21, А007/21 тоот тушаалыг үндэслэн Байгууллагын бүтцийн өөрчлөлт хийж, орон тоо цөөрүүлсэнтэй холбогдуулан   хөтөлбөрийн зохицуулагч С.Э-ын хөдөлмөрийн гэрээг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэсэн болох нь Г ОУТББ-ын захирлын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/026/21 тоот тушаал, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Ажил олгогч ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дах заалтад зааснаар нэг сарын өмнө мэдэгдэл хүргүүлсэн болох нь ажилтан С.Э-ын “...2021 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр халагдах тушаал танилцуулсан. Миний нөхцөл байдлыг харгалзан үзэж Г байгууллагад хэвээр үлдээж өгөхийн хүсч байна” гэх Өргөдөл /хх-84-85 тал/, Үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 79-80 тал/ “Бид өргөдөл гаргаж гарын үсэг зурсан” гэх гэрч А.Халиунаа, О.Гэрэлчимэг, М.Гэрэлсайхан нарын мэдүүлэг зэргээр нотлогдов.

 

Ажилтан С.Э-ыг 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 032/14 тоот хөдөлмөрийн гэрээгээр нутгийн хөгжлийн хөтөлбөрийн хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн ажилтнаар орж, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж  хөтөлбөрийн зохицуулагчаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажил олгогч ажиллуулж /хх-ийн 5-20 тал/ байжээ.

 

Ажил олгогч Г ОУТББ-ын Монгол улс дахь төлөөлөгчийн газрын Захирлын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А005/21 тоот  тушаалаар Г Олон улсын хамтын ажиллагааны төвөөс өгсөн байгууллагын дунд хугацааны стратеги боловсруулах тухай удирдамж, Монгол дахь төлөөлөгчийн газрын хүний нөөцийн зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хурлын шийдвэрийг  үндэслэн Ажлын хэсгийн боловсруулсан Г ОУТББ-ын үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөг /2021-2023/-г нэгдүгээр хавсралтаар, байгууллагын зохион байгуулалтын бүтцийг хоёрдугаар хавсралтаар баталж, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх, Байгууллагын орон тооны  дээд хязгаарыг 90 байхаар тогтоож шийдвэрлэсэн /хх-ийн 55-64 тал/ байх ба байгууллагын зохион байгуулалтын бүтэц хоёрдугаар хавсралтын дагуу зурагдаж, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж орон тоог цөөрүүлсэн /хх-ийн 52-55 тал/ болох нь дээрх бичгийн баримтууд, зохигчдын тайлбараар тогтоогдов.

 

Нэхэмжлэгч төлөөлөгч Б.Түвшинтөгс нь С.Э-ын оронд шинээр ажилтан авсан орон тоог цөөрүүлээгүй гэж маргаж, хариуцагч нь С.Э-ын оронд шинээр хүн аваагүй,  хөтөлбөрийн зохицуулагч М.Долгорсүрэн жирэмсний амралтаа авсан тул зар гаргаж түр ажилтан авсан гэж тайлбарлаж байх ба хариуцагчийн дээрх тайлбар нь Г ОУТББ-д ажиллаж буй даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан зэргээс /хх-ийн 229,240 тал/ харагдаж байна.

 

Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтад заасан “орон тоо цөөрүүлэх” гэдгийг ажил албан тушаалын нэг ижил орон тооноос тодорхой тоогоор багасгахыг ойлгох бөгөөд ажил олгогч нь шүүх хуралдааны үед “  хөтөлбөрийн зохицуулагч нараас нэг орон тоо цөөрүүлж 3 хүртэлх насны 2 ажилтны ажлын байрыг хэвээр үлдээж, үлдэх 3 ажилтнаас өмнөх оны эцсийн “Үйл ажиллагааны гүйцэтгэлийн түвшинг үнэлж дүгнэсэн үнэлгээг үндэслэн нийт 80,2 оноо буюу хамгийн бага үнэлгээ авсан С.Э-д мэдэгдэл хүргүүлсэн” гэж тайлбарлаж /хх-ийн 32 тал/, нэхэмжлэгч нь 80,2 оноо авсан тухайд маргаагүй тул энэ үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасны дагуу тогтоогдсон гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч С.Э-д ажлаас халагдсан тэтгэмж 5,227,740 төгрөг олгосон тухайд  тэрээр маргаагүй.

 

Ажил олгогч Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтад заасан “орон тоо цөөрүүлэх” гэх үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Г ОУТББ-ын захирлын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/026/21 тоот тушаал үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч С.Э-ын урьд эрхэлж байсан  хөтөлбөрийн зохицуулагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 10,467,192 төгрөг гаргуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Нэхэмжлэгч С.Э- нь 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт /сард 1,331,100 төгрөг:21,5=өдөрт 60,504 төгрөг х 173 өдөр/  10,467,192 төгрөгийг шаардсан тооцоолол гаргасан гэж тайлбарласан бөгөөд тооцоолол зөв байгааг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:  

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Г ОУТББ-ын Монгол улс дахь төлөөлөгчийн газарт холбогдох урьд эрхэлж байсан   хөтөлбөрийн зохицуулагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 10,467,192 төгрөг гаргуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэгч С.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтанд заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Н.НАРАНГЭРЭЛ