Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00264

 

 

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00264

 

С.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2021/02310 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Э-ын хариуцагч Г-т холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Я, Х.Л, хариуцагчийн өмгөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

          1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 032/14 тоот хөдөлмөрийн гэрээг ажил олгогч Г-тай байгуулж, орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн ажилтнаар орж, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж Чингэлтэй орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн зохицуулагч болсон. Ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээгээр болон хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн боловч 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/026/21 тоот тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж хөдөлмөрийн гэрээг ажил олгогч дангаар цуцалсан. Ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэг буюу аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэх үндэслэлээр гаргасан байсан. Гэвч бодит байдал дээр тус байгууллагад хуулийн дээрх заалтын аль нөхцөл бий болоогүй ба өмнөх байдлаар хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа ба харин ч шинээр ажилчид нэмж авсан байдаг. С.Э-ыг үүрэгт ажлаас чөлөөлж хууль бус тушаал гаргасан уг тушаалын талаар урьдчилж мэдэгдээгүй, түүнчлэн тушаал гарсан ажлаа хүлээлгэж өг гэж шаардаж түүний ажлыг өөр хүнд шилжүүлж өгч улмаас С.Э-ын Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах эрх нь зөрчигдөж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт ...эрх, эрх чөлөө хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргана гэжээ. Иймд С.Э-ыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажлаас халах тушаал гарсан буюу 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс эхэлж тооцон ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хэргийг шийдвэрлэх өдөр хүртэл гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

          2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Г-ын санхүүжилт нь өмнөх 2020 онтой харьцуулахад 30-40 хувиар багассан бөгөөд үүнээс улбаалаад байгууллагад хүний нөөцийн шилжилт, зарим орон тоог хасах болон орон тоог цөөрүүлэх шаардлага гарсан. Үүний дагуу тус байгууллагын захирлын байгууллагын стратеги төлөвлөгөө батлах, бүтцийн өөрчлөлт хийх тухай А/005/21 дугаартай тушаал болон зарим ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай А/007/21 дугаартай тушаалууд гарсан. Байгууллагын стратеги төлөвлөгөө батлах, бүтцийн өөрчлөлт хийх тухай А/005/21 дугаартай тушаалаар байгууллагын орон тооны дээд хязгаарыг 90 байхаар тогтоосон зэргээс тус байгууллагад ажилтны орон тоог хасах, ажилтны тоог цөөрүүлэх бодит нөхцөл байдал үүссэн байна. Тухайн үед тушаал гарсан өдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгууллагын хүний нөөцийн ажилтан хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдаж байгаа ажилтан тус бүрийг дуудан уулзаж уг тушаалыг танилцуулсан, мөн байгууллагын дотоод сүлжээнд ашигладаг Докс сүлжээнд тушаалуудыг хавсралтын хамт байршуулсан. Энэ нь бүх ажилчдад нээлттэй дотоод сүлжээ юм. С.Э уг тушаалтай 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр танилцсан бөгөөд 2021 оны 02 дугаар 02-ны өдөр Г-ын дотоод сүлжээгээр хүний нөөцийн албаны менежер Г.Н-т хандан гаргасан өргөдөлдөө ...2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Захиргаа удирдлагын хэлтсээс дуудан халагдах тушаал танилцуулсан. Халагдах тушаал гаргахад хэд хэдэн үндэслэл танилцуулсан... гэсэн байдаг. Энэхүү өргөдлөөс харвал байгууллага тус ажилтанд урьдчилж мэдэгдээгүй гэдэг нь үндэслэлгүй гэжээ.

 

          3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Г-т холбогдох урьд эрхэлж байсан Чингэлтэй орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн зохицуулагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 10,467,192 төгрөг гаргуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэгч С.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтанд заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

          4а. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хариуцагч байгууллага орон тоо цөөрүүлсэн гэж маргасан боловч С.Э-ыг ажлаас 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр чөлөөлсөн атлаа 5 хоногийн дараа буюу 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Алтанцэцэгийг нэхэмжлэлийн ажиллаж байсан орон тоо нь дээрх авсан үйл баримтын талаар зөв дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, ажилтнаа орон тоогүй гэж халсан атлаа шинээр ажилтан авсан нь үндэслэлгүй.

          4б.С.Э-ын ажиллаж байсан орон тоо нь 5 байсныг 4 болгосон гэх боловч бусад ажилтнаас ямар шалгуураар С.Э-ыг орон тоо цомхтгогдсон болох нь тодорхойгүй, шүүх энэ талаар дүгнэлт хийхгүй орхигдуулсан.

          4в.Шүүх хариуцагчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөх тохиолдолд хуульд заасан 1 сарын өмнө мэдэгдэх ёстой зохицуулалтын талаар шүүх буруу дүгнэлт өгсөн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

          5. Хариуцагч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгчид огт мэдэгдэхгүйгээр ажлаас халж, ажил албан тушаалыг нь өөр хүнд өгсөн асуудал байхгүй. Ажил олгогч нь ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасны дагуу 1 сарын өмнө мэдэгдсэн. Энэ юугаар нотлогддог юм бэ гэхээр 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгууллагын хүний нөөцийн ажилтан, хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж байгаа ажилтан тус бүрийг дуудан уулзаж уг тушаалыг танилцуулсан. Мөн байгууллагын дотоод сүлжээнд ашигладаг докс сүлжээнд тушаалуудыг хавсралтын хамт байршуулсан. Энэ нь бүх ажилтанд нээлттэй дотоод сүлжээ байдаг. Нэхэмжлэгч нь уг тушаалтай 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр танилцсан бөгөөд 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр байгууллагын хүний нөөцийн менежер н.Нямбаярт хандан тушаалыг цуцалж өгнө үү гэсэн агуулгатай өргөдлийг гаргасан. Энэ нь хавтаст хэргийн 84-85 дугаар талд баримтаар тогтоогддог. Мөн энэхүү өргөдлөөс харвал байгууллага тус ажилтанд урьдчилж мэдэгдээгүй гэдэг нь бол үндэслэлгүй бөгөөд хавтаст хэргийн 79-80 дугаар талд авагдсан үзлэгээр мөн тогтоогддог. Мөн хөдөлмөрийн гэрээг туслах ажилтнуудад олгох байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 6.3-д заасны дагуу ажилтан тус бүрт 1-3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор олгоно гэж заасны дагуу С.Э-д 2074 ам.доллар буюу 6 сая төгрөг орчим буцалтгүй тусламж олгосон байдаг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. С.Э ажилдаа буцаж орох сонирхолтой байсан бол тус мөнгийг авахгүй гэж маргах байсан ч тус тэтгэмжийг авснаар тухайн ажилдаа эргэж орох ямар ч сонирхолгүй байсан гэдэг нь харагдаж байгаа. 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Г-д С.Э нь миний бие орон тооны цомхотголд хөдөлмөрийн маргаан хийхгүй болно гэж өөрийн гарын үсгээ зураад өргөдөл гаргасан байдаг нь хэрэгт баримтаар авагдсан. Иймд С.Э-ын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж, гомдолд заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

          Нэхэмжлэгч С.Э нь хариуцагч Г-т холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь эрх зөрчсөнийг мэдсэн буюу мэдэх боломжтой өдрөөс 3 сарын дотор Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дах хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолдог бөгөөд шаардах эрх нь зөрчигдсөн эсхүл эрх зөрчигдсөнөө мэдсэн үеэс үүсэх тул нэхэмжлэгч нь нэг сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргасныг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.

          3. Нэхэмжлэгч С.Э нь 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс Г-ын орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн ажилтнаар ажиллаж байсныг хариуцагч байгууллагын захирлын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/026/21 тоот тушаалаар  ажлаас чөлөөлсөн үйл баримт тогтоогдсон байна. /хх-ийн 4 дэх тал/

 

          4. Хариуцагч байгууллага нь 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/026/21 тоот тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дахь заалт болон тус компанийн захирлын А/005/21, А/007/21 тоот тушаалыг  баримталж “ажил олгогчийн зүгээс байгууллагад бүтцийн өөрчлөлт хийж, орон тоо цөөрүүлсэнтэй холбогдуулж ажилтан С.Э тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан” гэх үндэслэл заажээ.

 

          5. Хариуцагч Г-ын захирлын байгууллагын стратеги төлөвлөгөө батлах, бүтцийн өөрчлөлт хийх тухай 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Г-ын үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө /2021-2023/-г нэгдүгээр хавсралтаар, байгууллагын зохион байгуулалтын бүтцийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталж, ажилтны орон тоог цөөрүүлэн байгууллагын орон тооны дээд хязгаарыг 90 байхаар тогтоож шийдвэрлэсэн бөгөөд тус байгууллагын зохион байгуулалтын бүтэц хоёрдугаар хавсралтаар батлагдаж, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж орон тоог цөөрүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон тул хариуцагч байгууллагын дээрх тушаалыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.                             /1хх55-62 дахь тал/

 

          Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа нэг сарын өмнө мэдэгдэхээр тус тус зохицуулсан.

 

          Хариуцагч байгууллага нь бүтцийн өөрчлөлт хийж зохион байгуулалт өөрчилсөнтэй холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр зарим ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай А/007/21 тоот тушаал гаргаж, уг тушаалын хавсралтаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж буй 14 ажилтны нэрсийг гаргасан байна. /1хх-58-59/

 

          Хэргийн 1 дүгээр хавтасны 79-89 дэх талд авагдсан үзлэг хийсэн тэмдэглэлээр С.Э нь 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өөрийн и-мэйл хаягаас хариуцагч байгууллагын ажилтан Г.Н-ын и-мэйл хаягт “... 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр... халагдсан тушаал танилцуулсан... нөхцөл байдлыг харгалзан үзэж байгуулагад хэвээр үлдээж өгнө үү” гэх агуулга бүхий өргөдлийг илгээсэн үйл баримт тогтоогдсон.

 

          Иймд “...тушаалын талаар урьдчилж мэдэгдээгүй... хуульд заасан нэг сарын өмнө мэдэгдэх зохицуулалтын талаар шүүх буруу дүгнэлт өгсөн...” гэсэн агуулгатай нэхэмжлэгчийн тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй болно./4в/

 

               6. Хэргийн 1 дүгээр хавтасны 112-139 дүгээр тал дахь Г-ын Хөдөлмөрийн дотоод журмын 3.4.9-д Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасны дагуу орон тоо хасах, ажилтны тоог цөөрүүлэх тохиолдолд эхний ээлжинд мэргэшил, дадлага туршлагатай, хөдөлмөрийн бүтээмж давуу ажилладаг ажилтныг ажил албан тушаалд авч үлдэх зарчмыг баримтлахаар заасан байх ба хариуцагч байгууллага нь “хөдөлмөрийн дотоод журам”-д заасны дагуу “Чингэлтэй орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн зохицуулагч нараас нэг орон тоо цөөрүүлж 3 хүртэлх насны 2 ажилтны ажлын байрыг хэвээр үлдээж, үлдэх 3 ажилтнаас өмнөх оны эцсийн Үйл ажиллагааны гүйцэтгэлийн түвшинг дүгнэсэн үнэлгээг үндэслэн нийт 80,2 оноо буюу хамгийн бага үнэлгээ авсан С.Э-д мэдэгдэл хүргүүлсэн” гэж тайлбарласан.

           

          Хариуцагч нь ажлын гүйцэтгэлийн түвшинг  үндэслэн Хөдөлмөрийн дотоод журмын 3.4.9-д заасны дагуу нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлснийг буруутгахгүй. Учир нь нэхэмжлэгч нь ажлын үнэлгээг бусад ажилтнаас доогуур байгаагүй гэж маргасан боловч уг байдлаа баримтаар нотлоогүй. Иймд энэ талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. /4б/

 

          7. Анхан шатны шүүх талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан дүгнэж С.Э тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан орон тоо цөөрүүлсэн үндэслэлээр цуцласан Г-ын захирлын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/026/21 тоот тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн нь зөв байна.

         

          Нэхэмжлэгч С.Э-ын урьд эрхэлж байсан Чингэлтэй орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн зохицуулагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 10,467,192 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлтэй.

 

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хариуцагч байгууллага орон тоо цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр 2021 оны 02 дугаар сарын 26-ны  өдөр нэхэмжлэгч С.Э-ыг ажлаас чөлөөлсөн атлаа 5 хоногийн дараа буюу 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчийн ажиллаж байсан орон тоон дээр А-г ажилд авсан” талаар шүүх зөв дүгнээгүй гэх тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

          Учир нь ажилтан Д.А-г шинээр орон тоо бий болгож аваагүй, тус байгууллагад ажиллаж байсан, мөн ажилтан Д.А-г нэхэмжлэгчийн ажиллаж байсан “Чингэлтэй Орон Нутгийн Хөгжлийн Хөтөлбөрийн Хүүхэд Ивээн Тэтгэх хөтөлбөрийн зохицуулагч”-ийн орон тоонд бус харин Тахилт Орон Нутгийн Хөгжлийн Хөтөлбөрийн Орон нутгийн хөгжлийн зохицуулагчийн орон тоонд сэлгэн томилсон үйл баримт хариуцагчийн тайлбар болон хэргийн 1 дүгээр хавтасны 206-250, хэргийн 2 дугаар хавтасны 1-43 дугаар тал дахь Гүүд нэйборс ОУТББ-ын захирлын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Б/048/21 тоот тушаал, 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/116/21 тоот тушаал, 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Д.А-тэй байгуулсан хөдөлмөрийн  гэрээ, Г-ын 2020-2021 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан зэрэг баримтуудаар тогтоогджээ.

         

          Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “бүтцийн өөрчлөлт хийсэн гэсэн атлаа шинээр ажилтан авсан” тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

          Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2021/02310 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          А.МӨНХЗУЛ

                                                                       

                                     ШҮҮГЧИД                                          Д.НЯМБАЗАР

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ