Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 216/МА2018/00016

 

 Б.Л-н нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 134/ШШ2018/00132 дугаар шийдвэртэй, Б.Л  нэхэмжлэлтэй, “Г” ХХК -д холбогдох хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болон эзэмшлийн газрыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Б.Л давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, хэргийг 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, хариуцагчийн төлөөлөгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагчийн өмгөөлөгч Л.Х, нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ :

Нэхэмжлэгч Б.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Л миний бие Тээвэр хөгжлийн банктай гэрээ байгуулан Улсын бүртгэлийн Ү-1902000046 дугаарт бүртгэлтэй Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р баг, Нэгдсэн эмнэлгийн урд байрлах 390 м/кв талбай бүхий 7 өрөө үйлчилгээний зориулалттай 2 давхар барилга байгууламж, нэгж талбарын 4201000091 дугаартай 2.982 м/кв талбай бүхий газрыг худалдан авсан. Гэрээний дагуу төлбөрийг төлж 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн №000427286 дугаар гэрчилгээ, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр газар эзэмших эрхийн №000618824 дугаар гэрчилгээг тус тус авсан. Гэвч миний өмчлөлийн эд хөрөнгийг Г ХХКомпани өнөөдрийг хүртэл эзэмшилдээ байлгаж байгаа бөгөөд султган чөлөөлж өгөх талаар тус компанийн захирал Т.Б ярихад үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт султган чөлөөлөх боломжгүй гэсэн хариуг өгсөн болно. Миний бие Г ХХК-ийн хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р баг, Нэгдсэн эмнэлгийн урд байрлах 390 м/кв талбай бүхий 7 өрөө үйлчилгээний зориулалттай 2 давхар барилга байгууламж болон 2.982 м/кв талбай бүхий газрыг чөлөөлүүлэн авч, эзэмшиж ашиглах хүсэлтэй байх тул Г ХХК-ийн хууль бус эзэмшлээс дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б. Л нь Тээвэр хөгжлийн банктай гэрээ байгуулан Улсын бүртгэлийн Ү-1902000046 бүртгэлд бүртгүүлж Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 1 дүгээр баг Нэгдсэн эмнэлгийн урд байрлах 390 м.кв талбай бүхий 7 өрөө үйлчилгээний зориулалттай 2 давхар барилга байгууламж, мөн нэгж талбарын 4201000091 дугаар бүхий 2982 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрхийг шилжүүлэн авсан. Б.Л гэрээний дагуу төлбөр төлж 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 000427286 дугаар гэрчилгээг, газар эзэмших эрхийг мөн зохих байгууллагатай гэрээ байгуулан 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр эзэмших эрхийн 000618824 дугаар гэрчилгээг тус тус хүлээж авч, дээр дурдсан барилга болох үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, газрын эзэмшигч болсон. Тэрнээс бид Г ХХК-тай ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй. Ингээд өөрийн өмчлөл, эзэмшил бүхий үл хөдлөх эд хөрөнгө болон газар дээрээ үйл ажиллагаа явуулж, захиран зарцуулах гэтэл Г гэдэг компани манаачаа байрлуулан өөрийн эзэмшилдээ байлгаж байсан. Үүний талаар тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Т.Б гэх хүнтэй ярихад энэ үл хөдлөх хөрөнгө газрыг чөлөөлөх боломжгүй гэсэн байсан. Ийм учраас бид Г ХХК-г хариуцагчаар татаж, эдний хууль бус эзэмшлээс газар, үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Мөн яагаад гэрээний төлбөрийг А ХХК-ийн дансанд тушаасан бэ гэвэл Тээвэр хөгжлийн банкнаас тухайн үедээ тодруулахад бид шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу энэ хөрөнгийг шилжүүлж авсан учраас А ХХК-ийн төлбөрийг барагдуулах данс юмаа, банк дотроо аль дансандаа хийх нь бидний эрхийн асуудал гэж хэлээд тушаалгасан гэсэн. Б.Л бол энэ обьектийг худалдаж авахаасаа өмнө ирж үзээгүй. Гэрчилгээгээ гаргуулсныхаа дараа Тээвэр хөгжлийн банк, Б.Л нар нь 2017 оны 10 дугаар сард обьект дээр ирэхэд манаачтай, Г ХХК хууль бусаар эзэмшиж байгаа гэдгийг мэдсэн. Тийм учраас хүлээлгэж өгөх боломжгүй байдал үүсээд буцсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас нэг л удаа утсаар ярьсан, би хэн бэ гэсэн өөрийн нэрээ хэлээгүй. Г ХХК мөн үү гэсэн би мөн гэхэд надаас байраа авмаар байна гэж хэлсэн. Би мэдэхгүй энэ зүйл шүүхээр явж байгаа, эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа гэж хэлсэн. Бусдаар өгөхгүй гэж хэлээгүй. Нэхэмжлэгч талаас худал зүйл хэлж байна. Энэ байрыг манайх ашиглаагүй, манайд өмчлөх эрхийн гэрчилгээ байхгүй. Энэ хэрэг маргаан хэрээс хэтэрсэн үйлдэл. Манайх энд ирээд 14 жил болж байна. 2008-2009 он хүртэл манайх хэвийн үйл ажиллагаа явуулж ажилладаг байсан. Гэтэл Тээвэр хөгжлийн банк гарч ирээд манай ажил зогсож 10 гаруй жил шүүхээр явж байна. Эхнээсээ авахуулаад энэ маргаан худал явж байгаа. Б.Л би уулзаагүй, яриагүй би хэлсэн зүйлээ шударгаар хүлээнэ. Би нэхэмжлэлийн шаардлагаа зөв тавь, бид хууль бусаар өмчлөөгүй гэж хэлсэн. Энэ байранд манай компани манай дүүгийн компани болох А ХХК-тай түрээсийн гэрээний дагуу 2004 оноос үйл ажиллагаа явуулж байсан. 2010 онд энэ газрын нэг хэсэг нь болон тухайн барилга нь Тээвэр хөгжлийн банкинд шилжсэн учраас бид үйл ажиллагаагаа зогсоосон. 2011 онд манайх бас Тээвэр хөгжлийн банктай тусгай гэрээ хийсэн. Гэтэл тэр баримтаа гаргаж ирдэггүй. Тэгээд та нар хүлээгээд ав гэхээр авдаггүй, харах хүнгүй болсон учраас аргагүйн эрхэнд бид сэтгэл гаргаж харж байгаа. Гэхдээ хэн нэгэнтэй гэрээ байгуулж харуул хамгаалалт ажиллуулаагүй. Гэтэл Б.Л гэдэг хүн бэлнээр 400 гаран сая төгрөгөө төлчихөөд яагаад энэ хөрөнгөө хүлээж авдаггүй юм. Тэнд манай 10 граж байдаг. Гэхдээ эдний нэхээд байгаа 2982 м.кв газар дээр биш. Одоо ийм байдалтай 10 жил болж байна. Манайхаас Б.Л нэр дээрх обьектийн бүртгэлтэй холбоотой маргаан гаргаагүй. Яагаад гэвэл сая л шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ талаах мэдсэн. Ийм учраас энэ хууль бус өмчлөгч гэсэн нэхэмжлэлтэй нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бодож байна гэжээ. 

Хариуцагчийн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэргийн материалтай танилцсан. Хэргийн материалд Г ХХК-тай холбогдолтой бичиг баримт байхгүй. Нэхэмжлэл дээр Г ХХК үйл ажиллагаа явуулахгүй хааж боож байна гэж бичсэн байгаа. Энэ бол нилээн дуулиантай, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хуулийн цоорхойг ашиглаж, хуйвалдаан болсон үйл ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа гэж үзэж байна. Тийм учраас энэ хэрэгт Г ХХК-тай байгуулсан гэрээ хэлэлцээр, өгч авсан юм байхгүй. Г  ХХК үйл ажиллагаа явуулж байхдаа хөрөнгө мөнгөө гаргаад засаж, хамтарч босгосон нь үнэн, гэхдээ эзэмшигч нь өөр хүн байсан. Тухайн үед тэнд гаалийн салбар, манайх, дэлхийн зөнгийн салбар байсан, бид нар бүгдээрээ гарсан. 2010 онд Тээвэр хөгжлийн банк шилжүүлж авсан бичиг баримт хэргийн материалд байгаа. Г компанид албан ёсоор Б.Л гэдэг хүн бичиг явуулаад хандсан юм байхгүй. Т.Б захирал руу нэг өглөө бүдэг бадаг юм ярьсан гэсэн. Эцсийн эцэст Б.Л гэх хүн шүүхийн шийдвэрт ажилладаг хүн байсан юм билээ. Манай Говьсүмбэр аймгийн Газрын алба хууль зөрчиж газрыг шилжүүлж өгсөн. Дээр нь энэ газар анх олгогдож байсан хэмжээнээсээ тал нь алга болсон гэрчилгээ гарсан. Тэнд урд талд нь манай өөрийн граж, өмч хөрөнгө байгаа. Хэрвээ эд нар манайх үйл ажиллагаа явуулна гээд ирвэл бидэнд бүр ч амар, бид нар манаачийг нь буулгаад явуулна. Гэтэл тэгж нэг ч удаа яриагүй, уулзаагүй байж ийм нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Хулгай дээрмээс сэргийлэхийн тулд аргагүй эрхэнд анх манаач ажиллуулаад тодорхой мөнгө өгдөг байсан боловч сүүлийн үед өгөхөө больсон. Ерөөсөө манайхтай хөдөлмөрийн гэрээтэй, нийгмийн даатгал төлдөг хүн байхгүй. Энэ чинь цаад үзүүр нь Г ХХК, Тээвэр хөгжлийн банк, Таван толгой ХХК-тай холбоотой нилээн дуулиантай хувьцааны асуудал явж байгаа юм гэжээ.       

 Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4-т зааснаар нэхэмжлэгч Б.Л  нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р баг, Нэгдсэн эмнэлгийн урд байрлах 390 м.кв талбай бүхий 7 өрөө үйлчилгээний зориулалттай 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө болон мөн хаягт байршилтай нэгж талбарын 4201000091 дугаартай 2982 м.кв талбай бүхий газрыг хариуцагч Г ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Л улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 2 504 372 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс хойшлуулсан улсын тэмдэгтийн хураамжинд 4 550 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулж, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Л давж заалдах гомдолдоо: Б.Лминий бие Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 26-ны өдрийн 132 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Шүүх нэхэмжлэгч талын хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчин хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч тал ИХШХШТХуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д  заасан үндэслэлээр шүүх хуралдааны явцад хамтран хариуцагчаар Тээвэр хөгжлийн банк, А.Б нарыг татан оролцуулах, маргаж буй газар, үл хөдлөх эд хөрөнгөд үзлэг хийлгэх, төлбөр шилжүүлсэн талаар хариуцагч талаас маргаж байх тул нэхэмжлэгч талаас нотлох баримт гарган өгөх боломжийг олгож хугацаа олгох, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас үл хөдлөх эд хөрөнгө болон газартай холбоотой эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа эсэх талаарх лавлагаа гаргуулах тухай хүсэлтүүдийг гаргасан боловч шүүх хүсэлтийг “...шүүх хуралдааны явцад гаргаж буй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл “...дээрх хүсэлтүүдийг гаргах үндэслэл шүүх хуралдааны явцад шинээр бий болоогүй” гэж дүгнэсэн. Харин нэхэмжлэгч тал хүсэлтүүд гаргах үндэслэл нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед шинээр бий болсон гэж үзэж байна.

Учир нь хариуцагч тал шүүх хуралдааны хэлэлцүүлгийн эхэн үед ХХКомпани нэхэмжлэгч талын өмчлөл бүхий байранд эд хөрөнгөө байруулж, эзэмшил бүхий газарт манаачаа буулгасан талаар тайлбар өгсөн. Харин шүүх хуралдааны хэлэлцүүлгийн сүүл үед нэхэмжлэгч Б.Л эзэмшил бүхий газартай залгаа “Анома” ХХК-ийн газар дээр баригдсан 12 ширхэг гражийг мануулахаар манаач буулгасан, эд хөрөнгө байхгүй гэсэн зөрүүтэй тайлбарыг өгч эхэлсэн. Зөрүүтэй тайлбар гаргаж байгааг тодорхой болгох, маргааныг эцэслэн шийдвэрлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд маргаж буй газар, үл хөдлөх эд хөрөнгөнд үзлэг хийлгэх хүсэлтийг нэхэмжлэгч талаас гаргасан.

Гэтэл шүүх хүсэлтийг “...шүүх хуралдааны явцад гаргаж буй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй”, “...хүсэлтүүдийг гаргах үндэслэл шүүх хуралдааны явцад шинээр бий болоогүй” гэж үндэслэлгүйгээр буруу дүгнэн, татгалзаж нэхэмжлэгчийн  ИХШХШТХуульд заасан эрхийг зөрчсөн. Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах зорилготой шүүхээр үзлэг хийлгэх ажиллагаа гүйцэтгүүлэх эрх нэхэмжлэгч талд ИХШХШТХуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-д олгосон байхад шүүх энэхүү эрхийг эдлүүлээгүй.

Мөн нэхэмжлэгч талаас гаргасан Тээвэр хөгжлийн банк, А.Бнарыг хамртан хариуцагчаар татан оролцуулах хүсэлтийг шүүх “хүндэтгэн үзэх шалтгаангүй, хамтран хариуцагчаар татах үндэслэл шинээр бий болоогүй” гэж үзсэн. Нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж үзсэн этгээдийг нэхэмжлэгч хариуцагчаар татах эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэд хэдэн хариуцагч хамтран оролцож болно. Мөн ИХШХШТХуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Шаардлагатай гэж үзвэл шүүх шийдвэрээ гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг хамтран нэхэмжлэгч, буюу хамтран хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасан байдаг. Хуульд заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгч шаардлагатай хэмээн үзэж шүүхийн шийдвэр гарахаас өмнө дээрх хүсэлтийг гаргасан.

Нэхэмжлэгчийн энэ эрхийг хүндэтгэн үзэх шалтгаангүй гэх үндэслэлээр эдлүүлэхгүй байх эрх шүүхэд байхгүй. Тэр тусмаа шүүхийн хэлэлцүүлгийн үед хариуцагч нь хууль бусаар бусдын үл хөдлөх эд хөрөнгө, газрыг эзэмшиж буй эсэх талаар зөрүүтэй тайлбар гаргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч талд хамртан хариуцагчаар бусад этгээдийг татан оролцуулан хуульд заасан эрхээ эдлэх боломжийг шүүх олгох ёстой. Энэхүү эрхээ эдэлснээр нэхэмжлэгч тал өөрийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжтой. Гэтэл шүүх нэхэмжлэгч талын хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчин хүсэлтийг үндэслэлгүйгээр дүгнэн, татгалзан шийдвэрлэсэнд гомдолтой байна. 

2.Шүүх хэргийг бүхэлд нь болон талуудын гаргасан тайлбар, үндэслэл нөхцөлийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж шийдвэрлээгүйд гомдолтой байна. Шүүх дараах үндэслэл, нөхцөл, талуудын шүүхийн хэлэлцүүлгийн үед гаргасан тайлбарыг анхаарч үзээгүй буруу дүгнэж шийдвэрлэсэн. Үүнд: Хариуцагч ХХКомпани шүүхэд нэхэмжлэгч Б.Л үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг хууль бусаар өмчлөх эзэмших эрхийг олж авсан гэж, Тээвэр хөгжлийн банк болон Б.Л нарын хооронд үүссэн эрх зүйн харилцаа хуулийн дагуу хийгдсэн эсэх тодорхойгүй гэж маргахад шүүх дээрх тайлбар нөхцөлийг анхаарч үзээгүй. Өөрөөр хэлбэл шүүх хариуцагч ямар учраас дээрх тайлбарыг гарган, шүүхээр энэ талаарх нотлох баримтуудыг цуглуулан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байсан үйл баримтан дээр шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагад огт байхгүй, шаардлагагүй үйл баримтанд дүгнэлт өгч, нотлох баримт цуглуулан шийдвэр гаргасан. Жишээ нь нэхэмжлэгч тал хууль бусаар өмчлөх эрх олж авсан эсэх талаар шүүх “...нэхэмжлэгч нь өөрийн өмчлөх эзэмших эрхийг баримтаар нотолсон, харин хариуцагч нь нэхэмжлэгчийн нотолгоог баримтаар үгүйсгэж чадаагүй байна” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагад огт байхгүй, ойлгомжтой, шаардлагагүй үйл баримтанд дүгнэлт өгсөн. Мөн хариуцагч тал шүүхийн хэлэлцүүлгийн үед “...манайх харгалзагчаа тавиад байгаа” гэсэн тайлбарыг өгч байснаа хэлэлцүүлгийн сүүлийн үед “...манай манаач биш” гэх зэргээр зөрүүтэй тайлбар өгч байгааг тодруулаагүй, зөв дүгнээгүй. Хариуцагч талын эд хөрөнгө нь нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох 2 давхар барилга дотор байгаа гэсэн тайлбар өгч шүүхээс асуусан асуултанд хариулж байгаа нөхцөл байдлыг анхаарч үзээгүй, дүгнээгүй. Шүүх хариуцагч талын “...эд хөрөнгөө байлгаж байгаа, манаач харгалзагчаа тавиад байгаа” гэх тайлбарыг үнэлээгүй, харьцуулан дүгнээгүй мөртлөө хариуцагч талаас мөн нотлох баримтгүй зөвхөн тайлбараар гаргасан “..Т дүүгийн компани болох  Анома ХХК-ийн эзэмшлийн газар дээр 10 гражаа хулгай дээрмээс сэргийлэхийн тулд аргагүйн эрхэнд манаач ажиллуулахаар тодорхой мөнгө өгдөг байсан” гэсэн тайлбарыг үндэслэл болгон ХХК маргаан бүхий хөрөнгийг хууль бусаар эзэмшдэг гэдэг нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Гэтэл шүүх манаач хэний эзэмшлийн газар дээр байгааг тогтоох шаардлагатай байсан боловч нэхэмжлэгч талаас гаргасан үзлэг хийлгэх хүсэлтийг хангаагүй. Иймд шүүх хэргийг бүхэлд нь болон талуудын гаргасан тайлбар, үндэслэл нөхцөлийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж шийдвэрлээгүй гэж үзэж байна.

3.Шүүх хариуцагчаар татагдаагүй иргэн Т.Б гаргасан өмгөөлөгч авах хүсэлтийг ханган, шүүх хуралдааныг хойшлуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн Т үндэслэлгүйгээр оролцуулан ИХШХШТХуулийг зөрчсөнд гомдолтой байна. Шүүх иргэн Т 2018.06.13-ны өдрийн шүүх хуралдаанд оролцуулан, улмаар иргэн Т гаргасан өмгөөлөгч авах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай 416 дугаар захирамжийг гаргаж ИХШХШТХуулийг ноцтойгоор зөрчсөн. Мөн түүнчлэн хариуцагч ХХК-г итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн талаарх мэдээллийг шүүх өөрийн санаачлагаар 2018.06.20-ны өдөр 04/124 дугаар албан бичгээр Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан лавлагаа авч хэрэгт хавсарган хууль зөрчсөн. Гэтэл нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчаар ХХК-г татаж байгаа талаар маш тодорхой бичсэн бөгөөд 2018.06.13-ны өдрийн шүүх хуралдаанд энэ талаар мөн хэлж, иргэн Т нь хариуцагчийг төлөөлөх эрх бүхий этгээд гэсэн баримтаа шүүхэд гарган өгөөгүй тул шүүх хуралдаанд оролцох эрхгүй этгээд учраас ИХШХШТХуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дэх зүйлд заасны дагуу хэргийг хянан хэлэлцэх тухай хүсэлт гаргасан боловч шүүх хариуцагчаар татагдаагүй иргэн Т.Б хүсэлтийг ханган, шүүх хуралдааныг хойшлуулсан.

Шүүх нэхэмжлэлд заасан хариуцагчид нэхэмжлэлийг гардуулах, шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдэх үүрэгтэй болохоос бус хэргийн оролцогч бус иргэнд нэхэмжлэлийг гардуулах, хариуцагч болон хариуцагчийн хаяг тодорхой байхад хариуцагчийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийг тодруулах зорилгоор эрх бүхий байгууллагад хандан лавлагаа авах, хэргийн оролцогч биш этгээдийн хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг үндэслэлгүйгээр хойшлуулах зэрэг эрхийг шүүхэд хуульчилж өгөөгүй. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа ИХШХШТХуулийг удаа дараа зөрчин, хуульд заагдаагүй ажиллагааг явуулсанд гомдолтой байна.

4.Нэхэмжлэлийн үнийн дүнг буруу тодорхойлж үндэслэлгүйгээр улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч тал ИХШХШТХуулийн 57 дугаар зүйлийн 57.1 болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу зохих дансанд улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлж нэхэмжлэлийг шүүхэд өгсөн. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй болохыг дүгнэн 2018.04.27-ны өдөр Иргэний хэрэг үүсгэх тухай 292 дугаар захирамж гаргахдаа “...нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөг төлсөн” болохыг дурдсан. Мөн шүүх 2018.06.27-ны өдөр 457 дугаар захирамж гарган захирамжийн үндэслэх хэсэгтээ “... газар түүнд бэхлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул Улсын тэмдэгтийн хураамжинд дахин 70.200 төгрөгийг төлүүлэх нь хуульд нийцэхгүй” гэж дүгнэн хариуцагчаас гаргасан хүсэлтийг хангахгүй орхиж захирамжилсан мөртлөө 2018.07.17-ны өдөр гаргасан 502 дугаар захирамжийн үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад хамаарах бөгөөд ИХШХШТХуулийн 63 дугаар зүйлийн 63.1.6-д үл хөдлөх эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлж, улмаар УТХТХуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан журмын дагуу улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн байх учиртай. Гэтэл нэхэмжлэгч хуулийн 7.1.2-д зааснаар эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлөх хэмжээгээр буюу 70200 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нь хуульд нийцэхгүй байна” гэж дүгнэн улсын тэмдэгтийн хураамжийн зөрүүг төлөхийг нэхэмжлэгч талд даалгасан.

Шүүхээс гаргасан эдгээр 3 захирамжууд нь өөр хоорондоо зөрүүтэй, хуулийг өөр өөрөөр тайлбарласан улсын тэмдэгтийн хураамж төлөх болон нэхэмжлэлийн үнийн дүнг буруу тодорхойлон өөр өөр утга агуулгаар дүгнэн захирамжилсан захирамжууд бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэг мөр ойлголтоор ИХШХШТХууль болон УТХТХуулийг хэрэглээгүй. Нэхэмжлэгч тал шүүхэд үл хөдлөх эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэл огт гаргаагүй. Бусдын хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгө болон газраа чөлөөлүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Энэ 2 шаардлагууд өөр өөр утга агуулга бүхий шаардлагууд гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх зүйн аливаа маргаан шүүхээр шийдвэрлүүлэх гэж хандаагүй. Хэрэв ийм шаардлага бүхий шаардлага гаргасан бол үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлох нь үндэслэлтэй, харин хэн нэгэн этгээдийг өөрийн хөрөнгөөсөө гаргуулах утга бүхий нэхэмжлэлийн шаардлагад үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлох нь үндэслэлгүй. Эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлөх хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлөх нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Нэхэмжлэлийн үнийн дүнг буруу тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагыг эд хөрөнгө гаргуулах шаардлага хэмээн дүгнэн, үндэслэлгүйгээр улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлсэнд гомдолтой байна.

Иймд Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.07.26-ны өдрийн 132 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэлэлцүүлгийн шатанд  нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З нь хариуцагч талын шүүх хуралдаанд гаргасан тайлбартай холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар иргэн А.Бямбасүрэн, “Тээвэр хөгжлийн банк” ХХК-г тус тус татан оролцуулах, маргаж буй газар, үл хөдлөх эд хөрөнгөд үзлэг хийлгэх, ...гэсэн хүсэлтүүдийг гаргасан байна.

Анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-т зааснаар өмнө нь гаргах боломжтой байсан боловч шүүх хуралдааны явцад гаргаж буй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй, мөн шаардлагаа нотлох баримтыг шүүхээс талуудад эрх үүрэг  танилцуулж,  тайлбарлан өгсөн үеэс эхлэн цуглуулж гаргаж өгөх бололцоотой байсан, дээрх хүсэлтүүдийг гаргах үндэслэл шүүх хуралдааны явцад шинээр бий болоогүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн /хх-198/ нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй, энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан “шүүх нэхэмжлэгч талын хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн, хэргийг бүхэлд нь болон талуудын гаргасан тайлбар, үндэслэл, нөхцлийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж шийдвэрлээгүй” гэх гомдлыг  хангах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх явцад ач холбогдолтой зарим нөхцөл байдлыг тодруулах шаардлага бий болдог ба энэ зорилгоор явуулах ажиллагааг хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад ажиллагаа хэмээн хуульчлан зохицуулсан.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг, туршилт, таньж олуулах  ажиллагааг хөндлөнгийн 2-оос доошгүй гэрчийг байлцуулан, хэргийн оролцогчдыг оролцуулан хийх ажиллагаа болно.

Хэргийн нөхцөл байдал, талуудын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ...маргаж буй газар, үл хөдлөх эд хөрөнгөд үзлэг хийлгэх тухай хүсэлт нь тухайн хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдал гэж үзэхээр байх тул анхан шатны шүүх нь шүүх хуралдааныг түр завсарлуулан талуудыг байлцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасан  ажиллагааг хийх боломжтой байтал энэ ажиллагааг хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх нотлох баримт бүрдүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Иймд  хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, мөн нотлох баримт хангалттай бүрдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул нэхэмжлэгч Б.Лхасүрэнгийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсэгт дүгнэлт өгөх боломжгүйг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 508 922 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3,168.1.7-д  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 134/ШШ2018/00132 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Л давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 508 922 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг  дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ТЭГШСУУРЬ

                                                    

                                              ШҮҮГЧ                                О.ОДНЯМАА

                                                              

                                                                                          Х.БАЙГАЛМАА