Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 134/ШШ2018/00133

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: О-д холбогдох

хууль бусаар олгогдсон тэтгэмж болох 2 814 600 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М, хариуцагчийн өмгөөлөгч П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Д ажиллах хугацаандаа санхүүгийн зөрчил гаргаснаар аймгийн Аудитын газрын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 18/-- тоот актаар манай байгууллагад төлбөр тавигдсан. Уг актаар тухайн үед ажиллаж байсан эрхлэгч Д нь нярав О-г туслах багш гэсэн тушаалыг 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гаргаж, нярав ажилтай хүнд туслах багшид олгогддог тэтгэмжийг хууль бусаар олгосон зөрчил тогтоогдож акт тавигдсан. Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7 а-д сум тосгон багийн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч, сургуулийн нийгмийн ажилтан,цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, сургууль, цэцэрлэгийн эмч, 43.1.7.б-д сум, тосгон багийн сургууль, цэцэрлэгийн энэ хуулийн 43.1.7.а-д зааснаас бусад багш, туслах багшид олгохоор заасан байтал Ж.Оюунцэцэг няраваар ажиллаж байж тэтгэмжийг хууль бусаар авсан байсан. 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/- тушаалаар байгууллагын орон тоо, ажилчдын цалин хөлсийг тогтоох тухай зааж О-г нярав ажилтайг тогтоосон байхад туслах багш гэсэн хуурамч орон тоог үүсгэн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/6 тоот тушаалын дагуу тэтгэмж олгосон. Аймгийн Аудитын газраас тавигдсан хууль бусаар олгогдсон 2 814 600 төгрөгийн акт төлбөрийг барагдуулах талаар Ж.Оюунцэцэгт хандаж Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандахад уг тэтгэмжийг төлж чадахгүй, төсвөөс авах ёстой мөнгийг авсан гэсэн үндэслэлээр хүлээн зөвшөөрөөгүй, эвлэрээгүй. Иймд Аудитын газрын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 18/105 тоот актаар тогтоогдсон хууль бусаар олгогдсон тэтгэмжийн мөнгө болох 2 814 600 төгрөгийг гаргуулж Аудитын газрын төрийн сан дахь орон нутгийн орлогын 2200009-- тоот дансанд оруулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн аудитын газрын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 18/1-- тоот актаар Ц няраваар ажиллаж байсан Ж.Оюунцэцэгт туслах багшид тавигдах шаардлага хангасан гэж үзээд тусламж олгосон байна. Тиймээс Ц-ийн эрхлэгч С-д үндэслэлгүй олгосон тэтгэмжийн мөнгийг төлж барагдуулна уу гэсэн акт тавьсан байгаа. Хариуцагч О нь Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-д зааснаар тэтгэмж олгох заалтад хамаарахгүй гэж үзэж байна. Тухайн заалтад нярав гэсэн ажлын байр байхгүй. Үүнийг үндэслэн аудитын газраас О нь хууль бусаар тэтгэмж авсан байна гэж дүгнэсэн. Мөн 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн хувьд хүлээн зөвшөөрсөн. Хэрэгт авагдсан баримтыг харахад О-г тус цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан гэдгийг нотлох баримт байхгүй. Аудитын акт дээр хариуцагч талаас ямар нэгэн гомдол гаргаагүй. Эрх бүхий байгууллагаас гаргасан акт нь хүчин төгөлдөр болсон тул хариуцагч үүргээ биелүүлэх үүрэгтэй. Тиймээс аудитын актаар тогтоогдсон 2 814 600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч О нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: О миний бие 2006 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 29 тоот тушаалаар нярав, туслах багшаар ажиллаж байсан нь нийгмийн даатгалын дэвтрийн тушаал шийдвэрийн бичилтээр нотлогдоно. Миний бие улсад 30 гаруй жил ажилласан ба тус Ц-д 2006 оноос хойш 10 гаруй жил тасралтгүй ажилласан, ажиллах хугацаанд үйлчлэгчээс эхлээд нярав, туслах багшийн чиг үүргийн ажлыг хийж байсныг хамт олон мэднэ. Төсвийн тухай хуульд заасны дагуу 2016 оны байгууллагын төсвийг нябо Отгончимэг, эрхлэгч С нар нь боловсруулж шат шатны байгууллагаар нь хянуулан хүргүүлж улмаар уг төсөлд Боловсролын тухай хуулийн 43.1.7-д заасан тэтгэмж авах нөхцөл шаардлага хангасан багш, туслах багш нарт олгох төсвийн төсөл боловсруулсан нь 2016 оны төсөвт багш, туслах багш нарын нэр нэрээр нь батлагдан ирсэн нь намайг туслах багш гэдгийг баталсан байдаг. Төсөв батлагдаж ирэх үед би няравын ажлыг хийж байсан нь үнэн боловч няравын ажлаар зогсохгүй шаардлагатай үед бусад ажлын чиг үүргийг ажлаас гарах хүртлээ хийж байсан. Тийм болохоор миний хөдөлмөрийг үнэлж дүгнээд тэтгэмжийг өгөхөөр төсөвт тусгасан байна гэж үзээд авсан. 2 814 600 төгрөгний тэтгэмжээс 10 хувийн суутгалыг татварт төлсөн гэж нябо Отгончимэг дансанд 2 533 100 төгрөгийг оруулсан байдаг. Хэрвээ тухайн үед С эрхлэгч ажиллаж байсан бол энэ тэтгэмжийг надад өгөх л байсан гэж би бодож авсан байхад намайг энэ тэтгэмжийн мөнгийг хулгайлж, луйвардаж авсан гэмт хэрэгтэн мэтээр ойлгож цагдаад хүртэл шалгуулж нэг ёсондоо намайг дарамталж байна гэж үзэж байгаа. ...Би тухайн тэтгэмжийг хуулийн дагуу авсан гэж бодож байгаа учраас төлөх шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.

Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц нь хариуцагч О-д холбогдуулан хууль бусаар олгогдсон тэтгэмж болох 2 814 600 төгрөгийг гаргуулж, Аудитын газрын төрийн сан дахь орон нутгийн орлогын 220000954 тоот дансанд оруулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч О нь би хуулийн дагуу тэтгэмж авсан учраас төлөхгүй хэмээн, хариуцагчийн өмгөөлөгч Н нь аудитын улсын байцаагчийн актын талаар маргахгүй харин цэцэрлэгийн эрхлэгч төрийн санг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй хэмээн тус тус тайлбарласан боловч хэрэгт хариу тайлбар, түүний үндэслэлээ нотлох баримтаа гаргаж өгөөгүй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Учир нь:

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Говьсүмбэр аймгийн Аудитын газраас 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 18/105 дугаар актаар няраваар ажиллаж байсан О багшид олгогддог тэтгэмжийг хууль бусаар олгосон гэж акт тавьж, уг төлбөрийг барагдуулах арга хэмжээ авахыг цэцэрлэгийн эрхлэгч, нягтлан бодогчид хариуцуулсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан хэмээн тодорхойлсон байна.

Тодруулбал Говьсүмбэр аймгийн Аудитын газар нь Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12-т зааснаар аудитын явцад илэрсэн төлбөр, зөрчлийг барагдуулах акт тавих, албан шаардлага өгөх, хууль тогтоомж, эрх зүйн хэм хэмжээ тогтоосон бусад шийдвэрийг боловсронгуй болгох саналыг холбогдох байгууллагад тавих бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/95 дугаар тушаалаар баталсан Төрийн аудитын байгууллагын аудитын явцад илэрсэн төлбөр, зөрчлийг барагдуулах акт тогтоох, албан шаардлага өгөхөд баримтлах журам-ын 3.1.7-д заасныг баримтлан Ц-ийн 2014-2015, 2016 оны эхний хагас жилийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, тус цэцэрлэгийн эрхлэгч, нягтлан бодогч нар нь 2016 оны төсвийн төсөл бэлтгэн Боловсрол, соёлын газарт хүргүүлэхдээ нярав О-г туслах багшийн албан тушаалд ажиллаж байгаагаар судалгааг гаргаж, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмжид 2,814.6 мянган төгрөгийг төсөвлөж батлуулсан. Гэтэл О нь тус цэцэрлэгт 2009 оноос хойш няраваар ажилласан бөгөөд уг тэтгэмжийг авах үндэслэлгүй байтал түүнд 2016 оны 02 дугаар сарын 03-нд 2,814.6 мянган төгрөгийн тэтгэмжийг олгосон байна. Энэ нь Боловсролын тухай хуулийн 43.1.7-д дараах этгээдэд 5 жил тутамд 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгох, 43.1.17.а-д сум тосгон багийн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч /сургалтын менежер/, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, сургууль, цэцэрлэгийн эмч 43.1.7.б-д сум, тосгон багийн сургууль, цэцэрлэгийн энэ хуулийн 43.1.7.а-д зааснаас бусад багш, туслах багш байна гэснийг зөрчсөн байна хэмээн төлбөр барагдуулах акт тавьж, улмаар үндэслэлгүй олгосон 2 874 600 төгрөгийг аймгийн Аудитын газрын төрийн сан дахь Орон нутгийн орлогын 220000954 тоот дансанд төвлөрүүлэх арга хэмжээг авч, биелэлтийг тус цэцэрлэгийн эрхлэгч С, нягтлан бодогч О нарт хариуцуулсан нь хэрэгт авагдсан аудитын акт, хөдөлмөрийн гэрээ, Ц эрхлэгчийн Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаал, Мөнгөн тэтгэмж олгох тухай тушаал,түүний хавсралт, Байгууллагын орон тоо, ажилчдын цалин хөлсийг тогтоох тухай тушаал, түүний хавсралт, Няравын ажлын байрны тодорхойлолт, төлбөрийн хүсэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх актанд талууд хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй тул хуулийн хүчин төгөлдөр болсон байх ба актын биелэлтийг цэцэрлэгийн эрхлэгч, нягтлан бодогчид хариуцуулсан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан Байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтан нь хяналт шалгалтын ажилд дэмжлэг туслалцаа үзүүлж, хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, хууль зөрчсөн үйл ажиллагааг зогсоох, холбогдох арга хэмжээ авах талаар тавьсан шаардлагыг биелүүлж, дүнг тогтоосон хугацаанд нь албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй гэсэн зарчимд нийцсэн байна.

Иймээс нэхэмжлэгч Ц нь аудитын актаар хүлээлгэсэн үүргийг биелүүлж, хариуцагч О-с үндэслэлгүй олгогдсон тэтгэмж 2 814 600 төгрөгийг актад дурдсан Говьсүмбэр аймгийн Аудитын газрын төрийн сан дахь Орон нутгийн орлогын 220000954 тоот дансанд төвлөрүүлэхээр шаардах эрхтэй байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т зааснаар аудитын акт буюу захиргааны шийдвэр нь хэргийн оролцогч талуудын хооронд иргэний эрх зүйн харилцааг үүсгэх үндэслэл болсон байна.

Нөгөөтэйгүүр Говьсүмбэр аймгийн Аудитын газар нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан захиргааны байгууллага болохын хувьд түүний гаргасан шийдвэрийн үндэслэлийг иргэний хэргийн шүүх хянахгүй.

Түүнчлэн актад дурдсан үйл баримтаас харахад нэхэмжлэгч Ц нь анхнаасаа төсвийн хөрөнгө болох тэтгэмжийг үндэслэлгүйгээр өөрийн байгууллагын төсөвт суулган авч, хариуцагч О шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 494 дүгээр зүйлийн 494.1-т зааснаар тэрээр үндэслэлгүй олж авсан тэтгэмж 2 814 600 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод буцаан шилжүүлэх үүрэгтэй.

Хэдийгээр хариуцагч О нь нябо Г уг тэтгэмжээс 10 хувийг суутгаж 2 533 100 төгрөгийг миний дансанд оруулсан гэсэн тайлбар гаргасан боловч энэ нь хэрэгт авагдсан Гарт олгох хүснэгт-ээр түүнд 2 814 600 төгрөгийг хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан баримтаар үгүйсгэгдэж байна.

Иймд хариуцагч О, түүний өмгөөлөгч Н нарын тайлбар үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч байгууллагыг улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 59 984 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

Хариуцагч О нь өөрийгөө эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 494 дүгээр зүйлийн 494.1-т зааснаар Ц нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч О-с хууль бусаар олгогдсон тэтгэмж 2 814 600 /хоёр сая найман зуун арван дөрвөн мянга зургаан зуун/ төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймгийн Аудитын газрын төрийн сан дахь орон нутгийн орлогын 220000954 тоот дансанд оруулсугай.

2.Нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаа зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч О-ээс улсын тэмдэгтийн хураамжинд 59 984 /тавин есөн мянга есөн зуун наян дөрвөн/ төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.НАРАНЧИМЭГ