Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2021/01472

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: А К  ХХК -ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:  Ч Б  ХХК -д холбогдох

 

412,507,257 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Түвшинтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дундын дансанд байгаа үлдэгдэл төлбөр болох 223,729,033 төгрөгийг гаргуулах, Ерөнхий боловсролын сургуулийн барилга гүйцэтгэх явцад Ч Б  ХХК-аас мөнгөн гүйлгээг саатуулсны улмаас Говь финанс ББСБ ХХК-аас 250,000,00 төгрөгийн зээл авсан, хариуцагч талаас нийт 342,575,170 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 106,357,000 төгрөг болсон бөгөөд үүнээс 51-50 УАР улсын дугаартай лексус РХ 450 маркийн автомашиныг 54,622,222 төгрөгт тооцож өгсөн байдаг. 72-91 УБП улсын дугаартай автомашиныг 31,000,000 төгрөгт тооцож шилжүүлсэн. Говь финанс ББСБ ХХК-д төлөх ёстой 106,357,000 төгрөгөөс 2 дээрх машиныг хохиролд тооцуулаад үлдэгдэл 20,734,778 төгрөгийг мөнгөн байдлаар гаргуулж өгнө үү. Мөн Т.Должинсүрэн, н.Түвшинбаатар, Боломж Фон ББСБ ХХК-аас авсан зээлийн хүүнд төлөх 12,489,137 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү ” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хариуцагч талын зүгээс дансны хуулгыг гаргаж өгсөн. Нэхэмжлэгч өөрийнхөө данснаас зарлагын гүйлгээ хийж холбогдох машиныг Ч Б  ХХК-ийн харилцагчаас худалдаж авсан тухай баримтууд хэрэгт авагдсан байгаа. Харилцагч өөрийнхөө данснаас гуравдагч этгээд рүү мөнгө шилжүүлсэн, үүндээ тооцуулж гуравдагч этгээдээс машин авсан үйл баримт харагдана. Дээрх үйл баримтад Ч Б  ХХК оролцсон зүйл байхгүй. Нэхэмжлэгч тал нь Ч Б  ХХК-аас ихэнх мөнгөө авчихсан, одоо хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь дансны хуулгаар харагдана. Нэхэмжлэгч өөрийнхөө зээлийг төлөөгүй нь манай Ч Б  ХХК-тай хамааралгүй. Боломж фон ББСБ ХХК-аас болон гуравдагч этгээдээс авсан зээлүүд нь барилгын ажилд зарцуулагдсан эсэх, гэм хор учруулсан талаар шүүхийн шийдвэр байгаа эсэх нь тогтоогдоогүй.

Нэхэмжлэгч нь Боломж фон ББСБ ХХК-аас авсан зээлийнхээ хүүг манай банкнаас нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй байна. Боловсрол, соёл шинжлэх ухааны яаманд ажилладаг н.Энх-Амгалан гэх хүн юу хийдгийг нь мэдэхгүй байна, гэхдээ бид үүнийг цагдаагийн байгууллагаар тусад нь шалгуулна. Сангийн яамнаас мөнгө олгох боломжгүй гэх хариу ирсэн байхад нэхэмжлэгч талаас олгох ёстой гээд зүтгээд байгааг нь ойлгохгүй байна. Сангийн яамнаас ирсэн албан бичигт төсвийн захиран зарцуулах мөнгийг тодорхой зааж өгсөн. А К  ХХК өөрсдөө барилгаа дутуу барьсан атлаа дараа нь дутуу барьсан барилгын мөнгийг банкнаас гаргуулах шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Манай зүгээс дансны хуулга гаргаж үзүүлсэн. Нэхэмжлэгч тал нь үлдэгдэл мөнгө манай банкнаас ирж авах боломж нь нээлттэй. Үлдэгдэл мөнгөнөөс өөр өгөх мөнгө байхгүй. Ердийн журмаар шийдвэрлэгддэг асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлэх гээд байгааг нь ойлгохгүй байна” гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А К  ХХК нь хариуцагч Ч Б  ХХК-д холбогдуулан 412,507,257 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг 69,932,004 төгрөгөөр багасгаж, 342,575,170 төгрөг шаардсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагч нь харилцах дансанд байсан бүх мөнгийг төлсөн, одоо төлөх төлбөргүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Урьдчилгаа төлбөрийн баталгааны гэрээ” байгуулагдаж, уг гэрээний дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас зарласан Төв аймгийн Бүрэн сумын бага сургуулийн барилгын ажлын санхүүжилт 662,566,040 төгрөгийг тусгай дансанд байршуулан барьцаалуулж, тэргүүн ээлжинд үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхийг банкинд олгож, гүйцэтгэлээр санхүүжүүлэх үүргийг тус тус хүлээжээ. /нэгдүгээр ХХ- ийн 51-53 дахь тал/

 

Дээрхи гэрээ нь Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1-д зааснаар баталгааны гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь “...Төв аймгийн Бүрэн сумын дунд сургуулийн барилгын тендерт шалгарч, БСШУСЯ-тай гэрээ байгуулж, Ч Б ны дансанд эхний санхүүжилт 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр авсан. Уг хугацаанаас хойш харилцах дансанд байршсан мөнгө маань олгохгүй удаашруулж, улмаар Говь финанс ББСБ-аас авсан зээлээ төлөх боломжгүй болж, хүү төлж хохирсоор ирлээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 259,838,878 төгрөгийг төлсөн. Одоо Төв аймгийн Бүрэн сумын дунд сургуулийн барилгын үлдэгдэл санхүүжилт 223,729,033 төгрөг, Говь финанс ББСБ-аас авсан зээлийн хүүг хохиролд тооцож 106,357,000 төгрөг, Боломж фонд ББСБ болон иргэн Должинсүрэн, Түвшинбаатар нараас авсан зээлийн хүү 12,489,137 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, хариуцагч нь “...Төв аймгийн Бүрэн сумын дунд сургуулийн барилгын үлдэгдэл санхүүжилт 223,729,033 төгрөг нь Сангийн яамны гүйцэтгэлээр олгодог мөнгө тул Ч Б  олгох боломжгүй, түүнчлэн Говь финанс ББСБ болон бусдаас авсан зээлийн хүүг төлөх үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Манай банкнаас авсан мөнгөөрөө зээлийн хүүг огт төлөөгүй. Одоо төлөх төлбөргүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж  нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлийг тус тус тайлбарласан.

 

Нэг: Төв аймгийн Бүрэн сумын дунд сургуулийн барилгын үлдэгдэл санхүүжилт 223,729,033 төгрөгийн талаар.

 

Төв аймгийн Бүрэн сумын бага сургуулийн барилгын ажлын санхүүжилт 662,566,040 төгрөг байршсан бөгөөд уг мөнгөнөөс Монгол Улсын Сангийн яамнаас 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 9/1360 тоот албан бичгээр “...178,999,075 төгрөгийн баталгааг чөлөөлсөн,” мөн тус яамны 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 9/4039 тоот албан бичгээр “...259,383,878 төгрөгийн баталгааг чөлөөлсөн” болох нь баримтаар тогтоогдож байна. /нэгдүгээр ХХ-ийн 43, 44 дэх тал/

 

Хариуцагчийн төлөөлөгч нь “...уг мөнгөний үлдэгдэл баталгааг бид шууд гаргах боломжгүй, Сангийн яамнаас гүйцэтгэлээр санхүүжүүлэх үүрэгтэй” гэж маргасан.

 

Боловсрол, шинжлэх ухааны яамны 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12/2522 тоот албан бичигт “...Баталгааны хугацаанд банкны үйл ажиллагаа нь доголдон гүйцэтгэлийн санхүүжилтийг тухай бүрд нь гаргаж өгөөгүйгээс тус сургууль ашиглалтад ороогүй байна. Баталгааны гэрээний хугацаа дууссан ч банкны зүгээс үлдэгдэл 223,729,033 төгрөгийн санхүүжилтийг олгоогүй байна. Энэхүү санхүүжилт нь “А К ” ХХК-тай байгуулсан гэрээний санхүүжилт мөн тул чөлөөлж, гүйцэтгэгч компанид олгоход татгалзах зүйлгүй болно” гэж дурдсан байна.

 

Шүүх нэхэмжлэгч А К  ХХК нь тус мөнгийг шаардах эрхтэй эсэхийг тодруулах зорилгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар Сангийн яамнаас тодруулга авахад 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 9/3322 тоот албан бичгээр “...Төсвийн тухай хууль, Сангийн сайдын 2019 оны 282 дугаар тушаалаар батлагдсан “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх санхүүжүүлэх, хянах, тайлагнах журам”-ын дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний санхүүжилтийг барилга угсралтын ажлын гүйцэтгэлд үндэслэн олгодог тул дээрхи ажлын үлдэгдэл 223,728,087 төгрөгийн баталгааг зөвхөн ажлын гүйцэтгэлээр чөлөөлөх боломжтой байна” гэжээ.

 

Нэхэмжлэгч нь Төв аймгийн Бүрэн сумын бага сургуулийн барилгын ажлын санхүүжилтийн үлдэгдэл төлбөр 223,728,087 төгрөгийн баталгааг Ч Б наас шаардаж эрхгүй бөгөөд Төв аймгийн Бүрэн сумын бага сургуулийн барилгын ажлын гүйцэтгэлийг Сангийн яаманд тайлагнаж, чөлөөлүүлэх нь зүйтэй байна.

 

Иймд, дээрхи үндэслэлээр Бүрэн сумын бага сургуулийн барилгын ажлын санхүүжилтийн үлдэгдэл төлбөр 223,728,087 төгрөгийн баталгааг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь Төсвийн тухай хууль, Сангийн сайдын 2019 оны 282 дугаар тушаалаар батлагдсан “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх санхүүжүүлэх, хянах, тайлагнах журам”-ын дагуу ажлын гүйцэтгэлээр Сангийн яамнаас баталгааны үлдэгдэл төлбөрийг чөлөөлүүлсэн тохиолдолд шаардахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Гэрээний улмаас учирсан хохирол 118,846,137 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

 

Нэхэмжлэгч нь 54,622,222 төгрөгт тооцсон 51-50 УАР улсын дугаартай Лексус 450 RX маркийн автомашин, болон 31,000,000 төгрөгт тооцсон 72-91 УБП улсын дугаартай ВМW Х-3 маркийн автомашиныг хохиролд тооцуулан, үлдэх 20,734,778 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч нь “үндсэн төлбөрийг бүрэн төлсөн маргаангүй, харин гэрээний улмаас учирсан хохирол 106,357,000 төгрөг гаргуулна” гэж нэхэмжлэлийн шаардлага тодруулсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Уг шаардлага нь анх нэхэмжлэл гаргахад нэг шаардлага байсан тул шүүх хуралдааныг хойшлуулах шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Нэхэмжлэгч нь “...Төв аймгийн Бүрэн сумын дунд сургуулийн барилгын ажлын санхүүжилтийг саатуулсны улмаас Говь финанс ББСБ-аас авсан зээлийн хүүг хохиролд тооцож 106,357,000 төгрөг, Боломж фонд ББСБ болон иргэн Должинсүрэн, Түвшинбаатар нараас авсан зээлийн хүү 12,489,137 төгрөгийг төлөх боломжгүй болсон. Хэрэв санхүүжилтийг хугацаанд нь төлсөн бол дээрхи хэмжээний хохирол хүлээхгүй байсан” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан.

 

Нэхэмжлэгч А К  ХХК нь Говь финанс ББСБ-тай 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 200,000,000 төгрөгийг нэг сарын 3 хувийн хүүтэйгээр зээлж, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нэмэлт гэрээ байгуулсан, мөн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Зээлийн нэмэлт гэрээг тус тус байгуулсан байна.

 

Мөн, 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Боломж фонд ББСБ-аас 60,000,000 төгрөгийг нэг сарын 3,2 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн болох нь баримтаар тогтоогдож байна.

 

Хариуцагч Ч Б  ХХК нь Говь финанс ББСБ-д 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ЗГ/159 дүгээр албан бичгээр “...Тус ББСБ-ын зээлдэгч А К  ХХК-ийн бэлэн бус шилжүүлгийн хүсэлт нь Ч Б  ХХК-ийн Монгол банк дахь дансны төлбөр тооцооны системийн доголдлоос хамаарч хийгдээгүй нь үнэн болно. Дээрхи асуудлыг Монгол банкинд хүргүүлэн засварлуулахаар ажиллаж байгаа тул хэвийн болмогц нэн даруй холбогдох гүйлгээг танай байгууллагын дансанд шилжүүлэхийг үүргээр мэдэгдэж байна”, мөн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ЗГ/181 дүгээр  албан бичгээр “...Говь финанс ББСБ-ын зээлдэгч А К  ХХК-ийн бэлэн бус шилжүүлгийн хүсэлтийг гүйцэтгэхэд Ч Б  ХХК-ийн түр зуурын санхүүгийн хүндрэл үүссэн тул бидний зүгээс төлбөр гүйцэтгэх тал дээр арга хэмжээ авахаар эрчимтэй ажиллаж байна. Манай үйл ажиллагаа хэвийн болмогц холбогдох гүйлгээг танай байгууллагын дансанд шилжүүлэх болохыг үүргээ мэдэгдэж байна” гэх албан бичгийг илгээсэн байна. /нэгдүгээр ХХК-ийн 46, 47 дахь тал/

 

Түүнчлэн, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр А К  ХХК-д “...танай байгууллагын төлбөр тооцоог санхүүжилт олгосон даруй бүхэл үнийн дүнгээр хийж гүйцэтгэхийг үүгээр мэдэгдэж байхын сацуу төлбөр тооцооны үйл ажиллагаа доголдож байгаад хүлцэл өчье” гэж дурджээ.

 

Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1-д “Банкны баталгааны гэрээгээр банк нь үүрэг гүйцэтгүүлэгчийн бичгээр тавьсан шаардлагаар үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс мөнгөн төлбөрийг гүйцэтгэх, үүрэг гүйцэтгэгч нь баталгаа гаргагч банкинд төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж, 227 дугаар зүйлийн 227.3-д “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж тус тус заажээ.

 

Ч Б  ХХК нь үүрэг гүйцэтгүүлэгчийн бичгээр тавьсан шаардлагаар үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс мөнгөн төлбөрийг гүйцэтгэх үүрэгтэй атлаа түр зуурын санхүүгийн хүндрэл үүссэний улмаас А К  ХХК-ийн баталгааны мөнгийг олгоогүй хугацаа хожимдуулан олгосон болох нь баримтаар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Говь финанс ББСБ-аас авсан бүх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд шүүх баталгааны мөнгийг олгоогүй хожимдуулсан хугацааны зээлийн хүүг шаардах эрхтэй гэж үзэв.

 

Говь финанс ББСБ-аас 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хүртэл хуримтлагдсан хугацааны хүү 100,393,600 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,819,400 төгрөг гэж тооцсон /нэгдүгээр ХХ-ийн 154 дүгээр тал/ бөгөөд  2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 9/4039 тоот албан бичигт дурдсан 259,383,878 төгрөгийн баталгааг чөлөөлсөн хугацаанаас хойш 7 сарын хугацаанд тасалдсан болох нь зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна.

 

А К  ХХК болон Говь финанс ББСБ-тай 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Зээлийн нэмэлт гэрээний хавсралт /нэгдүгээр хх-ийн 50 дахь тал/-д заасан зээлийн үлдэгдэл төлбөр 198,892,800 төгрөгөөс нэг сарын 3 хувиар хүү тооцоход 5,966,784 төгрөг болж байгаа бөгөөд нийт 7 сарын хүү 41,767,488 төгрөгийг хохирол гэж үзэж хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдэх 64,589,512 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Харин, 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Боломж фонд ББСБ-аас 60,000,000 төгрөгийг нэг сарын 3,2 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн мөнгийг иргэн Б.Гантогоо зээлсэн бөгөөд нэхэмжлэгч А К  ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулагдсан гэх үйл баримт баримтаар тогтоогдохгүй байна.

 

Мөн, иргэн Должинсүрэн, Түвшинбаатар нараас мөнгө зээлсэн гэж тайлбарлах боловч хэдэн төгрөг, ямар хугацаагаар зээлсэн нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...12,489,137 төгрөгийн задаргааг сайн тайлбарлаж мэдэхгүй байна” гэх нөхцөл байдлаас үзэхэд гэрээний улмаас учирсан хохирол гэж үзэх боломжгүй тул 12,489,137 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд, хариуцагч Ч Б  ХХК-аас гэрээний улмаас учирсан хохиролд 41,767,488 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А К  ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 300,807,682 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1, 457 дугаар зүйлийн 457.1, 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар хариуцагч Ч Б  ХХК-аас гэрээний улмаас учирсан хохиролд 41,767,488 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А К  ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 300,807,682 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,908,502 улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч Б  ХХК-аас 366,787 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А К  ХХК-д олгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ЭНХБАЯР