Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01438

 

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01438

 

 

 

А К- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2021/01472 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А К- ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч Х Б-ХХК-д холбогдох банкны баталгааны гэрээний үүрэгт 412 507 257 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Бямбадорж, түүний өмгөөлөгч Ц.Түвшинтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дундын дансанд байгаа үлдэгдэл төлбөр болох 223 729 033 төгрөгийг гаргуулах, Ерөнхий боловсролын сургуулийн барилга гүйцэтгэх явцад Ч Х Б-ХХК-аас мөнгөн гүйлгээг саатуулсны улмаас Говь финанс ББСБ ХХК-аас 250 000 000 төгрөгийн зээл авч зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүд 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар зээлийн төлбөрт 106 357 000 төгрөг төлөхөөс 51-50 УАР улсын дугаартай Лексус РХ 450 маркийн автомашиныг 54 622 222 төгрөгт, 72-91 УБП улсын дугаартай автомашиныг 31 000 000 төгрөгт тооцож шилжүүлсэн, 2 дээрх автомашины үнийг хохиролд тооцно. Үлдэгдэл 20 734 778 төгрөгийг хариуцагчаас гаргуулна. Мөн Т.Должинсүрэн, н.Түвшинбаатар нар Боломж Фонд ББСБ ХХК-аас мөнгөн хөрөнгө зээлж зээлийн хүүд 12 489 137 төгрөг төлсөн. Иймд Ч Х Б-ХХК-аас дундын дансанд байгаа үлдэгдэл төлбөр 223 729 033 төгрөг, 2 автомашины үнэ 85 622 222 төгрөг /54 622 222 төгрөг + 31 000 000 төгрөг/, зээлийн үлдэгдэл төлбөр 20 734 778 төгрөг, Боломж фон ББСБ ХХК-д зээлийн хүүд төлсөн 12 489 137 төгрөг, нийт 342 575 170 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Ч Х Б-ХХК-ийн зүгээс дансны хуулгыг гаргаж өгсөн. Нэхэмжлэгч өөрийнхөө данснаас зарлагын гүйлгээ хийж холбогдох машиныг Ч Х Б-ХХК-ийн харилцагчаас худалдаж авсан тухай баримтууд хэрэгт авагдсан. Харилцагч өөрийн данснаас гуравдагч этгээдэд мөнгөн хөрөнгө шилжүүлж уг этгээдээс автомашин авсан. Энэ үйл баримтад Ч Х Б-ХХК оролцоогүй. А К- ХХК нь Ч Х Б-ХХК-аас ихэнх мөнгөн хөрөнгөө авсан. Дансанд хэдэн төгрөг байгаа нь дансны хуулгаас харагдана. А К- ХХК зээлийн төлбөрийг төлөөгүйд Ч Х Б-ХХК-тай хамааралгүй. Боломж фон ББСБ ХХК-аас болон гуравдагч этгээдээс авсан зээлүүд нь барилгын ажилд зарцуулагдсан эсэх, гэм хор учруулсан талаар шүүхийн шийдвэр байгаа эсэх нь тогтоогдоогүй. Боломж фон ББСБ ХХК-аас авсан зээлийнхээ хүүг манай банкнаас нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. н.Энх-Амгалан нь Боловсрол, соёл шинжлэх ухааны яаманд ажилдаг эсэх нь тодорхойгүй. Сангийн яамнаас мөнгөн хөрөнгө олгох боломжгүй гэх хариу ирүүлсэн. Сангийн яамнаас ирсэн албан бичигт төсвийн захиран зарцуулах мөнгийг тодорхой зааж өгсөн. А К- ХХК нь барилгаа дутуу барьсан атлаа барилгын мөнгийг банкнаас гаргуулах шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1, 457 дугаар зүйлийн 457.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч Х Б-ХХК-аас гэрээний улмаас учирсан хохиролд 41 767 488 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А К- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 300 807 682 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 908 502 улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч Х Б-ХХК-аас 366 787 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А К- ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

А К- ХХК нь 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Сангийн яамны 9/1360 дугаартай албан бичгээр 178 999 075 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг чөлөөлүүлэхийг хүсэлт гаргасны дагуу Ч Х Б-ХХК-аас 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 10 000 000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 17-27-ны өдрүүдэд 7 200 000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 151 770 000 төгрөг тус тус авч 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Ч Х Б-ХХК-аас авлагаггүй болсон. Гэтэл шүүхээс 2020 оны 4 дүгээр сарын 2 өдөр гэхэд А К- ХХК нь Говь финанс ББСБ-д 198 892 800 төгрөгийн өр төлбөртэй байна гэж дүгнэсэн атлаа Чингис хаан банк" ХХК нь тухайн өдөр нь 178 999 075 төгрөгийг төлж барагдуулж дууссаныг анхаараагүй.

Говь финанс ББСБ ХХК-аас авсан зээлээ яагаад төлөөгүй, уг зээлээс хэдэн төгрөг төлсөн талаар асуухад А К- ХХК-ийн төлөөлөгч ... Говь финанс ББСБ ХХК-д 50 000 000 төгрөг төлсөн... гэж хариулсан байна. Энэ нь А К- ХХК нь Ч Х Б-ХХК-аас авсан мөнгөн хөрөнгөө зээлийн төлбөрөө төлөх сонирхолгүй байсныг харуулж байхад шүүхээс Ч Х Б-ХХК төлөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн Сангийн яамны 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 9/4039 дугаар урьдчилгаа төлбөрийн баталгаа чөлөөлөх албан бичгээр 259 838 878 төгрөг төлөхөөс чөлөөлснийг Ч Х Б-ХХК-аас 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийт 170 гаруй сая төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гэхэд үлдсэн төлбөрийг төлж урьдчилгаа төлбөрийн баталгааг бүрэн төлж дуусгасан байна.

Ч Х Б-ХХК нь дээрх төлбөрийг төлөхдөө 2-5 хоногийн зайтай төлж байсан бөгөөд энэ хугацаанд Говь финанс ББСБ ХХК-ийн төлбөрийг зээлдэгч сайн дураараа төлөөгүй. Түүнчлэн, А К- ХХК болон Говь финанс ББСБ ХХК-тай байгуулсан зээлийн гэрээ болон зээлийн гэрээний нэмэлт гэрээний дагуу авсан зээлийн төлбөрийн хугацаа 2019 оны 12 дугаар сарын 20 өдөр дуусахаар байсан. Гэтэл А К- ХХК нь Сангийн яамнаас төлбөр чөлөөлөх бичгийг 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр авчирч 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Ч Х Б-ХХК-аас 178 999 075 төгрөгийн урьдчилгаа төлбөрийн баталгаагаа бүрэн авсан хэрнээ Говь финанс ББСБ ХХК-тай зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Мөн А К- ХХК нь 178 999 075 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр бүрэн авч дууссан атлаа Говь финанс ББСБ ХХК-тай зээлийн гэрээний нэмэлт гэрээг байгуулж өмнөх 2 гэрээний төлбөрийн хугацааг хойшлуулсан нь төлбөрийг сайн дураар төлөөгүй гэж үзэж байна. А К- ХХК нь Говь финанс ББСБ ХХК-аас авсан зээлийн төлбөрийг төлөөгүйд Ч Х Б-ХХК буруугүй.

Ч Х Б-ХХК нь урьдчилгаа төлбөрийн баталгааг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр чөлөөлснөөс хойш Говь финанс ББСБ ХХК болон А К- ХХК-тай байгуулсан гэрээний хугацаанд 170 сая төгрөг төлж дуусгасан байна. Гэтэл А К- ХХК энэ төлж дуусгасан мөнгөн хөрөнгөөс Говь финанс ББСБ ХХК-д төлөөгүй талаарх үндэслэлээ нэхэмжлэгч тайлбарлаж чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч А К- ХХК нь хариуцагч Ч Х Б-ХХК-д холбогдуулан төлбөр тооцооны болон банкны баталгааны гэрээний үүрэгт барилгын үлдэгдэл санхүүжилт 223 729 033 төгрөг, хохирол 118 846 137 төгрөг, нийт 342 575 170 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

А К- ХХК болон Ч Х Б-ХХК-ийн хооронд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Урьдчилгаа төлбөрийн баталгааны гэрээ-г 6 сарын хугацаагаар байгуулсан /1хав-51-53/, уг гэрээгээр банк нь Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас зарласан бага сургуулийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил гүйцэтгэхтэй холбогдуулан барилгын санхүүжилт 662 566 040 төгрөгийн баталгааг гаргахаар тохиролцсоноос дүгнэвэл, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1 дэх хэсэгт заасан банкны баталгааны гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Нэхэмжлэгч А К- ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, Төв аймгийн Бүрэн сумын дунд сургуулийн барилгын тендерт шалгарч, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамтай гэрээ байгуулж, эхний санхүүжилтийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Ч Х Б-ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Уг хугацаанаас хойш харилцах дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийг хугацаанд нь олгоогүйгээс Говь финанс ББСБ ХХК болон Боломж фонд ББСБ ХХК-аас мөнгөн хөрөнгө зээлж зээлийн хүү төлж хохирсон гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч А К- ХХК нь Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас зарласан бага сургуулийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн болон Ч Х Б-ХХК-д барилгын санхүүжилт 662 566 040 төгрөг байршуулсан үйл баримтын талаар талууд маргаагүй.

1. Нэхэмжлэгч А К- ХХК нь хариуцагч Ч Х Б-ХХК-аас дундын дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийн үлдэгдэл санхүүжилт 223 729 033 төгрөг шаардлага гаргасан.

Хариуцагч Ч Х Б-ХХК-ийн дансанд /Төв бүрэн сум/-ын бага сургуулийн барилгын ажлын санхүүжилт 662 566 040 төгрөгөөс баталгаа 178 999 075 төгрөгийг Сангийн яамны 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 9/1360 тоот албан бичгээр, мөн тус яамны 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 9/4039 дугаар албан бичгээр 259 383 878 төгрөгийн баталгааг тус тус чөлөөлсөн байна. /1хав-43-44-х/

Сангийн яамны 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 9/3322 дугаар албан бичигт ...Төсвийн тухай хууль, Сангийн сайдын 2019 оны 282 дугаар тушаалаар батлагдсан Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх санхүүжүүлэх, хянах, тайлагнах журмын дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний санхүүжилтийг барилга угсралтын ажлын гүйцэтгэлд үндэслэн олгодог. Барилгын ажлын үлдэгдэл 223 728 087 төгрөгийн баталгааг зөвхөн ажлын гүйцэтгэлээр чөлөөлөх боломжтой талаар дурдсан байх тул нэхэмжлэгч А К- ХХК нь уг мөнгөн хөрөнгийг хариуцагч Ч Х Б-ХХК-аас шаардах эрхгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн. /2хав-31-х/

2. Нэхэмжлэгч А К- ХХК нь Ч Х Б-ХХК Төв аймгийн Бүрэн сумын дунд сургуулийн барилгын ажлын санхүүжилтийг олгоогүйгээс Говь финанс ББСБ ХХК-аас мөнгөн хөрөнгө зээлж зээлийн төлбөрт 106 357 000 төгрөг, Боломж фонд ББСБ ХХК-аас н.Должинсүрэн, н.Түвшинбаатар нарын авсан зээлийн хүүд 12 489 137 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч А К- ХХК нь Говь финанс ББСБ-тай 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 200 000 000 төгрөгийг нэг сарын 3 хувийн хүүтэй зээлж, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр болон 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр тус тус нэмэлт гэрээг байгуулсан байна. /1хав-49-50, 54-55, 56-58-х/

Ч Х Б-ХХК нь А К- ХХК-д баталгааны гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг олгоогүй хугацаа хожимдуулсан болох нь тус банкны 2020 оны 3 дугаар сарын 17, 25-ны өдрийн албан бичгээр тогтоогдсон. /1 хав-46-47-х/

Дээрх албан бичгүүдэд А К- ХХК-ийн бэлэн бус шилжүүлгийн хүсэлт нь Монгол банк дахь Ч Х Б-ХХК-ийн дансны төлбөр тооцооны системийн доголдлоос хамаарч хийгдээгүй талаар дурдсан байна.

Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1 дэх хэсэгт Банкны баталгааны гэрээгээр банк нь үүрэг гүйцэтгүүлэгчийн бичгээр тавьсан шаардлагаар үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс мөнгөн төлбөрийг гүйцэтгэх, үүрэг гүйцэтгэгч нь баталгаа гаргагч банкинд төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Хариуцагч Ч Х Б-ХХК нь үүрэг гүйцэтгүүлэгчийн бичгээр тавьсан шаардлагаар үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс мөнгөн төлбөрийг гүйцэтгэх үүргээ хугацаанд нь биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч А К- ХХК нь бусадтай байгуулсан зээлийн гэрээний хугацааг сунгасан, улмаар хүүгийн төлбөр төлөх үүргийн хэмжээ нэмэгдсэн гэж үзэхээр байх тул Ч Х Б-ХХК баталгааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, мөнгөн хөрөнгийг саатуулсан хугацаанд нэхэмжлэгчээс төлсөн хүүг хохиролд тооцох боломжтой.

Иймд нэхэмжлэгч А К- ХХК нь Говь финанс ББСБ ХХК-тай байгуулсан гэрээний үүрэгт төлсөн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд төлсөн 41 767 488 төгрөгийг хохиролд тооцож хариуцагч Ч Х Б-ХХК-аас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч А К- ХХК болон Говь финанс ББСБ ХХК-тай 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн нэмэлт гэрээний хавсралтад заасан зээлийн үлдэгдэл төлбөр 198 892 800 төгрөгөөс нэг сарын 3 хувиар хүү тооцвол 1 сарын зээлийн хүү 5 966 784 төгрөгийг 7 сарын хүү 41 767 488 төгрөг төлж хохирол учирсан гэж үзнэ. Иймд анхан шатны шүүх хариуцагч Ч Х Б-ХХК-аас 41 767 488 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 64 589 512 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

Боломж фонд ББСБ ХХК болон Б.Гантогоо нарын хооронд 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 2006125 дугаар зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч Боломж фонд ББСБ ХХК 60 0000 000 төгрөгийг зээлдэгч Б.Гантогоод зээлдэх, зээлдэгч 60 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3,2 хувийн хүүтэй хамт төлөхөөр тохиролцсон байна. Гэвч дээрх мөнгөн хөрөнгийг А К- ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

Түүнчлэн, Боломж фонд ББСБ ХХК-аас н.Должинсүрэн, н.Түвшинбаатар нарын зээлсэн зээлийн төлбөрт 12 489 137 төгрөг төлж хохирсон гэж нэхэмжлэгч тайлбарласан боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Иймд анхан шатны шүүх хариуцагч Ч Х Б-ХХК-аас гэрээний улмаас учирсан хохиролд 41 767 488 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А К- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 300 807 682 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1, 457 дугаар зүйлийн 457.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасанд нийцсэн.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2021/01472 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 366 790 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Д.БАЙГАЛМАА