Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 1903

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.У-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2018/01099 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.У-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “БХТ” ААТҮГ-т холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 10 241 415 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.У нь “БХТ” ААТҮГ-т 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн жижүүрээр ажиллаж байгаад 2017 оны 5 дугаар сард ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас шүүхэд хандан урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/01501 дугаартай шийдвэрээр Г.У-г Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 996 170 төгрөгийг Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-аас гаргуулан нэхэмжлэгч Н.У-т олгуулахаар шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 1892 дугаартай магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/01501 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Гэтэл Барилгын хөгжлийн төв ТӨҮГ нь одоог хүртэл төлөөлүүлэгч Г.У-г ажилд нь эгүүлэн аваагүй, ажилдаа орох хүсэлт гаргаж 2 удаа очиж уулзахад ажилд эгүүлэн тогтоосон тушаал шийдвэр, огт гаргаагүй байсан бөгөөд тус байгууллагыг Захиргаа, хуулийн хэлтсийн мэргэжилтэн хуульч Байгаль, Хүний нөөцийн ажилтан С.Ганцэцэг нар нь түүнээс мэргэжлийн үнэмлэх бий эсэхийг асууж, мөнгө чинь олгогдохгүй, харин анх ажилд орж байгаа хүний анкет бөглөж, ажилд орох тухай хүсэлт, өргөдлөө өгөхийг шаардсан. Г.У нь Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газарт хандаж 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр очиж уулзахад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа гэж хэлсэн боловч тодорхой хариу өгөөгүй байна. Г.У-ын хувьд нэгэнт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалын дагуу ажилдаа эгүүлэн томилох ёстой атал эрх ашиг нь ноцтой хөндөгдөж өнөөдрийг хүртэл ажилгүй байгаа бөгөөд энэ ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нэхэх бүрэн шаардах эрхтэй байна гэж үзэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Барилгын хөгжлийн төв ТӨҮГ нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалыг биелүүлэхгүй, Г.У-г ажилд нь эгүүлэн томилохгүй байгаа бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан нийт 10 сарын хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 9 330 120 төгрөгөөр тооцсон боловч Г.У-ын ажилгүй байсан нийт хугацааг 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл нийт 10 сар 21 хоногоор тооцож 10 241 415 төгрөг буюу 911 295 төгрөгийн хэмжээгээр нэмэгдүүл, 26 421.08 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж нэмж төлсөн. Г.У-ын зөрчигдсөн эрхийг хамгаалуулахын тулд дээрх хугацаагаар Г.У-ын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн билчилт хийлгүүлэхийг БХТ ТӨААТҮГ-т даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/01501 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэр, 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 1892 дугаартай Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар Г.У-г ажилд нь эгүүлэн тавьсан болно. Г.У нь шүүхийн шийдвэр гарсны дараа байгууллагын хүний нөөцтэй ирж уулзаад ажилд орохгүй мөнгөө авъя гэж 2017 оны 10 сард ирж уулзсан. Тэгвэл энэ талаараа өргөдлөө бичээд өгвөл төвийн захиралд танилцуулаад шийдвэрлүүлж өгье гэсэн. Өргөдлөө бичээд ирье гэж яваад дахиад 2018 оны 2 дугаар сард ирж уулзаад ажилдаа оръё гэж ирэхэд ажилд авъя харин Барилгын хөгжлийн төвийн захирлын 2017 оны А/02 дугаар тушаалаар батлагдсан “Үйлчилгээний ажилтнуудын үйл ажиллагаанд мөрдөх журам”-д тус төвийн жижүүр нь “...ажил гүйцэтгэгч нь цахилгаан, сантехникийн тоног төхөөрөмж, барилгын засвар, мужааны мэргэжлийн үнэмлэхтэй ажлын байранд бие даан ажиллах чадвартай байна"... гэж заасан. Хэдийгээр шүүхийн шийдвэр гарсан боловч тухайн байгууллагын дотоод үйл ажиллагааг зохицуулсан дүрэм журамд нийцэж ажиллах ёстой бөгөөд тавигдах шаардлагад нийцсэн ажлын онцлогоос шалтгаалан мэргэшүүлэх сургалтад заавал хамрагдсан байх ёстой байсан. Г.У нь ажлын байрны тодорхойлолтод заасан энэхүү шаардлагыг биелүүлээгүй байсан хэдий ч шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасан болно. 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс төвийн захирлын тушаалаар Г.У-тай гэрээ байгуулж ажиллах тухай шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд энэ тухай албан бичгээр мэдэгдсэн. Энэхүү тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор иргэн Г.У-т утас руу нь залгаж болон мессеж бичиж мэдэгдсэн. Мэдэгдсэний дараа Г.У нь өмгөөлөгч нь гэж нэг хүнтэй ирж уулзан 2017 оны 7 сараас одоог хүртэлх мөнгөө авч байж ажилдаа орно гэж манай хэлтсийн дарга Т.Нямдаваад мэдэгдсэн. Манай байгууллагаас тухайн үед ажилд нь эгүүлэн томилсон тушаал шийдвэр гарсныг өөрт нь мэдэгдсэн, баталгаат шуудангаар албан ёсны нь хаягаар хүргүүлсэн боловч ажилдаа ирж ороогүй тул 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Б/45 дугаар тушаалаар ажлаас тасалбар болгосон. Манай байгууллагаас Г.У-ын ажилгүй байсан хугацааны шүүхийн шийдвэрийн дагуух цалин хөлсийг шилжүүлсэн. Ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд ажилд авах боломжгүй юм. Иймд манай байгууллага нь ажилгүй байсан хугацааны цалинг олгох боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Барилгын хөгжлийн төв Төрийн өмчит ААТҮГ-аас 10 241 415 төгрөг гаргуулж Г.У-т олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны Г.У-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Барилгын хөгжлийн төв Төрийн өмчит ААТҮГ-ын удирдлагад үүрэг болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийнулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190 656 /164 232+26 424/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 190 656 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хөөн хэлэлцэх хугацааг 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс тоолжээ. Эрх нь зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдөр гэдгийг 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс тоолсон нь хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч Г.У нь ажлаас үндэслэлгүй халагдсан гэж Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 1892 тоот магадлал гарснаар мэдсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан олговор гаргуулах нэхэмжлэлээ 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дотор шүүхэд гаргах эрхтэй байсан. 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан гэж үзэх атал шүүх 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөр тогтоосон нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн атал шүүх хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзсэн нь хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Шүүх шийдвэр гаргахдаа хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Барилгын хөгжлийн төвийн захирлын тушаалаар Г.У-г ажилд нь эгүүлэн томилсон, түүнчлэн Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу ажилдаа орохыг мэдэгдсэн боловч ажилдаа ирж ороогүйг нь харгалзаж үзээгүй. 2017 оны 7 сард шүүхийн шийдвэр гарсны дараа Г.У нь мөнгөө авчихаад ажилдаа орохгүй гэж ирж уулзсан хэдий ч эгүүлэн ажилд нь авъя, харин байгууллагын дотоод журамд заасны дагуу сантехникийн засварчны мэргэжлийн сургалтад хамрагдаад /мэргэжлийн үнэмлэх/ ирэхийг хүссэн хэдий ч Г.У нь байгууллагын дотоод журам, дүрмийг үл хүндэтгэж наад үнэмлэхийг чинь худалдаад авна гэж хариулт өгөөд явсан ба ажилд нь эгүүлэн томилсон байхад ажилдаа ороогүй болно. Гэтэл энэ талаар нэхэмжлэгч нэхэмжлэлд огт дурдаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Г.У нь хариуцагч БХТ ТӨААТҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 10 241 415 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/01501 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Г.У-г ажилд нь эгүүлэн тогтоож, 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх 46 хоногийн цалинтай тэнцэх олговорт 1 996 170 төгрөгийг хариуцагч Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-аас гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хаиуцагчид үүрэг болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 23-ний өдрийн 1892 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.                                                                                  /хх-5-11 дүгээр тал/

 

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Г.У-г ажлаас чөлөөлсөн нь хууль бус болохыг тогтоосон тул уг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасны дагуу дахин нотлох шаардлагагүй болно.

 

Нэхэмжлэгч Г.У 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлс 10 241 415 төгрөг гаргуулахаар шаардсан боловч хариуцагч байгууллагын захирлын 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/34 дүгээр тушаалаар Г.У-тай 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг даалгасан, мөн тус байгууллагын захирлын 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Б/45 дугаар тушаалаар түүнийг ажил тасалсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна.

 

Дээрх баримтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд ажил олгогч нь нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилоогүй эрхийн зөрчил 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл үргэлжилсэн болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэхь хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалингийн олговрыг ажил олгогчоос шаардах эрхтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь томилох үүрэгтэй, уг үүргээ биелүүлээгүй бол түүнээс үүсэх эрх зүйн үр дагавар болох олговрыг хариуцан арилгах үүрэг хүлээнэ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилсон тушаал гарах хүртэл буюу 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/34 дүгээр тушаал гарах хүртэл хугацаагаар тооцох байсныг 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл тооцсон нь буруу байх тул давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой. Энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангаж, ажилгүй байсан хугацааг 8 сар 10 хоногоор тооцож 7 898 046 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 343 369 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иймд хариуцагчийн гаргасан шүүх хөөн хэлэлцэх хугацааг 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс тоолсон нь буруу, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор нэхэмжлэлээ гаргасан гэж буруу дүгнэсэн гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2018/01099 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Барилгын хөгжлийн төв” ААТҮГазраас 7 898 046 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.У-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 343 369 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “190 656” гэснийг “141 318” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ТУЯА          

           

                             ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ