Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2019/00120

 

Г ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар     

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2018/01099 дүгээр шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1903 дугаар магадлалтай,

   Г ын нэхэмжлэлтэй,

           “Барилгын хөгжлийн төв” ААТҮГ-т холбогдох

          Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 10,241,415 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чинзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батболд, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г  нь “Барилгын хөгжлийн төв” Төрийн өмчит ААТҮГ-т 2014 оны 12 сарын 01-ний өдрөөс эхлэн жижүүрээр ажиллаж байгаад 2017 оны 5 дугаар сард ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас шүүхэд хандан урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/01501 дугаар шийдвэрээр Г ыг “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1,996,170 төгрөгийг “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-аас гаргуулан нэхэмжлэгч Н.Уламбаярт олгуулахаар шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 сарын 23-ны өдрийн 1892 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Гэтэл “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ нь одоог хүртэл Г ыг ажилд нь эгүүлэн аваагүй, ажилдаа орох хүсэлт гаргаж 2 удаа очиж уулзахад ажилд эгүүлэн тогтоосон тушаал шийдвэр огт гаргаагүй байсан бөгөөд тус байгууллагын Захиргаа, хуулийн хэлтсийн мэргэжилтэн хуульч н.Байгаль, Хүний нөөцийн ажилтан С.Ганцэцэг нар нь түүнээс мэргэжлийн үнэмлэх бий эсэхийг асууж, мөнгө чинь олгогдохгүй, харин анх ажилд орж байгаа хүний анкет бөглөж, ажилд орох тухай хүсэлт, өргөдлөө өгөхийг шаардсан. Г  нь Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газарт хандаж 2017 оны 12 сарын 20-ны өдөр очиж уулзахад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа гэж хэлсэн боловч тодорхой хариу өгөөгүй. Г ын хувьд нэгэнт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалын дагуу ажилдаа эгүүлэн томилох ёстой атал эрх ашиг нь ноцтой хөндөгдөж өнөөдрийг хүртэл ажилгүй байгаа бөгөөд энэ хугацааны цалин хөлсөө нэхэх бүрэн эрхтэй гэж үзэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалыг биелүүлэхгүй, Г ыг ажилд нь эгүүлэн томилохгүй байгаа бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар 2018 оны 04 сарын 06-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан нийт 10 сарын хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 9,330,120 төгрөгөөр тооцсон боловч Г ын ажилгүй байсан нийт хугацааг 2018 оны 04 сарын 27-ны өдрийг хүртэл нийт 10 сар 21 хоногоор тооцож 10,241,415 төгрөг буюу 911,295 төгрөгийн хэмжээгээр нэмэгдүүлж, 26,421.08 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж нэмж төлсөн. Г ын зөрчигдсөн эрхийг хамгаалуулахын тулд дээрх хугацаагаар Г ын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэхийг “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-т даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2017 оны 07 сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/01501 дугаартай шийдвэр, 2017 оны 08 сарын 23-ны өдрийн 1892 дугаар магадлалаар Г ыг ажилд нь эгүүлэн тавьсан болно. Г  нь шүүхийн шийдвэр гарсны дараа байгууллагын хүний нөөцтэй 2017 оны 10 сард ирж уулзаад ажилд орохгүй мөнгөө авъя гэж гэсэн. Тэгвэл энэ талаараа өргөдлөө бичээд өгвөл төвийн захиралд танилцуулаад шийдвэрлүүлж өгье гэсэн. Өргөдлөө бичээд ирье гэж яваад дахиад 2018 оны 2 сард ирж уулзаад ажилдаа оръё гэж ирэхэд ажилд авъя харин Барилгын хөгжлийн төвийн захирлын 2017 оны А/02 дугаар тушаалаар батлагдсан Үйлчилгээний ажилтнуудын үйл ажиллагаанд мөрдөх журамд тус төвийн жижүүр нь “...ажил гүйцэтгэгч нь цахилгаан, сантехникийн тоног төхөөрөмж, барилгын засвар, мужааны мэргэжлийн үнэмлэхтэй ажлын байранд бие даан ажиллах чадвартай байна” гэж заасан. Хэдийгээр шүүхийн шийдвэр гарсан боловч тухайн байгууллагын дотоод үйл ажиллагааг зохицуулсан дүрэм журамд нийцэж ажиллах ёстой бөгөөд тавигдах шаардлагад нийцсэн ажлын онцлогоос шалтгаалан мэргэшүүлэх сургалтад заавал хамрагдсан байх ёстой байсан. Г  нь ажлын байрны тодорхойлолтод заасан энэхүү шаардлагыг биелүүлээгүй байсан хэдий ч шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасан болно. 2018 оны 03 сарын 22-ны өдрөөс төвийн захирлын тушаалаар Г тай гэрээ байгуулж ажиллах тухай шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд энэ тухай албан бичгээр мэдэгдсэн. Энэхүү тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор иргэн Г т утас руу нь залгаж болон мессеж бичиж мэдэгдсэн. Мэдэгдсэний дараа Г  нь өмгөөлөгчтэй ирж уулзан 2017 оны 7 сараас одоог хүртэлх мөнгөө авч байж ажилдаа орно гэж манай хэлтсийн дарга Т.Нямдаваад мэдэгдсэн. Манай байгууллагаас тухайн үед ажилд нь эгүүлэн томилсон тушаал шийдвэр гарсныг өөрт нь мэдэгдсэн, баталгаат шуудангаар албан ёсны нь хаягаар хүргүүлсэн боловч ажилдаа ирж ороогүй тул 2018 оны 03 сарын 30-ны өдрийн Б/45 дугаар тушаалаар ажлаас тасалбар болгосон. Манай байгууллагаас Г ын ажилгүй байсан хугацааны шүүхийн шийдвэрийн дагуух цалин хөлсийг шилжүүлсэн. Ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд ажилд авах боломжгүй юм. Иймд манай байгууллага нь ажилгүй байсан хугацааны цалинг олгох боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2018/01099 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар “Барилгын хөгжлийн төв” Төрийн өмчит ААТҮГ-аас 10,241,415 төгрөг гаргуулж Г т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны Г ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг “Барилгын хөгжлийн төв” Төрийн өмчит ААТҮГ-ын удирдлагад үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,656 /164,232+26,424/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 190,656 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1903 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2018/01099 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Барилгын хөгжлийн төв” ААТҮГазраас 7,898,046 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,343,369 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын “190,656” гэснийг “141,318” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чинзоригийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1903 тоот магадлалыг эс хүлээн зөвшөөрч, хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. Магадлалын Хянавал хэсэгт “... Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилсон тушаал гарах хүртэл буюу 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаагаар тооцох байсныг 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл тооцсон нь буруу байх тул давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой. Энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангаж, ажилгүй байсан хугацааг 8 сар 10 хоногоор тооцож 7,898,046 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,343,369 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав” гэжээ. Миний зүгээс давж заалдах шатны шүүхийн магадлал нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Учир нь “Барилгын хөгжлийн төв”-ийн захирлын 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/34 дугаар “Гэрээ байгуулах тухай” тушаал нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу иргэн Г тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажилд авах тухай асуудлыг шийдвэрлэж, хөдөлмөрийн эрх зүйн харилцааг зохицуулах ёстой байтал иргэн Г тай Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт заасныг үндэслэн ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг даалгаж ямар ажил үүрэг гүйцэтгүүлэх эсэх нь ч тодорхойгүй иргэний эрх зүйн харилцааг шийдвэрлэсэн шинжтэй байх бөгөөд Г тай ажил гүйцэтгэх гэрээг дээрх тушаалынхаа дагуу одоо хүртэл байгуулаагүй байгаа билээ. Мөн дээр дурдсан Б/34 дугаартай тушаалд иргэн Г тай 2017 оны 1 дүгээр сард буюу урьд өмнө нь байгуулсан байсан “ажил гүйцэтгэх гэрээ”-гээ хуулбарлан хавсаргаж шүүхэд ирүүлсэн байх бөгөөд уг тушаалын дагуу Г тай гэрээ байгуулсан, Г ыг ажилд авсан, өмнөх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлсэн гэж дүгнэх ямарч боломжгүй тул анхан шатны шүүх зөв дүгнэж шийдвэрлэсэн. Дээрх Б/34 дугаартай тушаалаа шуудангаар Г т хүргүүлсний дараа өдөр нь буюу 2018 оны 03 сарын 30-ны өдөр ажилдаа орох гэж очиход нь тус байгууллагын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Т.Нямдаваа нь “Захирал Ц.Амарсанаа эзгүй байна, таныг дараа утсаар дуудна” гэж хэлэн явуулсаар “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ нь өнөөдрийг хүртэл иргэн Г ын ажил хөдөлмөр эрхлэх, цалин хөлс авах эрхийг хууль бусаар хязгаарлаж, зөрчсөөр байгаа билээ. Мөн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 182/ШШ2017/01501 дугаартай шийдвэрийн Үндэслэх хэсэгт "... Хариуцагч Барилгын хөгжлийн төв ТӨҮГазар нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой зааж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг баримталсан шийдвэр гаргаагүй, ажил гүйцэтгэх гэрээнд заасан хугацаа дууссан, цахилгаанчин, сантехникийн мэргэжлийн үнэмлэхгүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт заасан зохицуулалттай нийцээгүй байна. Тус төвийн жижүүр нь ажил олгогчийн заасан ажлын байранд тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр ажил олгогчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар ажил үүрэг гүйцэтгэдэг байх тул “байнгын ажлын байр” гэж үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна”, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүргээ биелүүлээгүй байна” гэж дүгнэн шийдвэрлэснийг харгалзаж үзээгүй, өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэсэн заалтыг хэрэглээгүй байгаа нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна гэж үзлээ. Иймд давж заалдах шатны шүүх хөдөлмөрийн эрх зүйн харилцааны асуудлыг иргэний эрх зүйн ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаатай адилтган үзсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзлээ. Тодруулбал, ажил олгогч, ажилтан хоёрын хооронд захиалсан ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх агуулга бүхий Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан “ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдаагүй, уг үндэслэлийг ч огт заагаагүй, хууль болон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт нийцээгүй тушаал гаргаж ирүүлснийг харгалзан үзэлгүй, хайхрамжгүй хандаж, нэхэмжлэгч Г ын ажил хөдөлмөр эрхлэх, цалин хөлс авах эрх нь хэрэгжсэн гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Мөн дээр дурдсан “Гэрээ байгуулах тухай” тушаалын үндэслэлд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт заасан “Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй” гэсэн үндэслэл заасан нь илэрхий хууль бус тушаал болох нь тодорхой харагддаг. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1903 дугаар магадлалд оруулсан өөрчлөлтийг хүчингүйд тооцож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чинзоригийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Г  нь хариуцагч “Барилгын хөгжлийн төв” Төрийн өмчит ААТҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 10,241,415.00 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Г ыг ажилд нь эгүүлэн авах тушаал гарсан, ажилдаа ирж ороогүй, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргасан.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 01501 тоот шийдвэрээр нэхэмжлэгч Г ыг Барилгын хөгжлийн төв Төрийн өмчит ААТҮГ-ын жижүүрийн ажилд эгүүлэн тогтоохдоо ажилтны  ажлын байрыг байнгын ажлын байр гэж дүгнэж, ажил олгогчийг хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах үүрэгтэй болохыг тогтоосон байна.

Хариуцагч “Барилгын хөгжлийн төв”-ийн захирлын 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Б/34 дугаар тушаалд нэхэмжлэгчтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажиллуулахаар заасныг шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.4-т заасныг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь  хариуцагчийн буруутай ажиллагааны улмаас 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байж, цалин хөлс авах эрхээр хохирсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

 Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 01501 тоот шийдвэрээр Г ын сарын дундаж цалин 933,012.00 төгрөг, өдрийн дундаж цалин 43,395.00 төгрөг болох нь тогтоогдсон байх тул хариуцагчаас 10,241,415.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г т олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг зохих хэмжээгээр нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна. 

Хариуцагч байгууллагын захирлын 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/34 дүгээр тушаал гарснаар нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 01501 тоот шийдвэр биелэгдсэн гэж дүгнэн, ажилтны ажилгүй байсан хугацааг 8 сар 10 хоногоор тооцож 7,898,046.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцээгүй байна.

Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1903 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2018/01099 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чинзоригийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,445.00 /тавин хоёр мянга дөрвөн зуун дөчин тав/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН