Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 1053

 

188/2020/0569/Э

 

 

 

 

 

2020           08            20                                              2020/ДШМ/1053    

 

Б.А-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор М.Сүхчулуун,

хохирогч Г.З-ийн өмгөөлөгч Д.Очирдорж,

шүүгдэгч Б.А-,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/606 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1908000711292 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

А-, /;

 

Б.А- нь 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хооронд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Г.З-өөс “Хаан банк”-ны 5100139410 дугаарын дансаар:

2018 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр 1.000.000 төгрөг,

2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 50.000 төгрөг,

2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч Г.З-ийн ленд.мн /Lend.mn/ ББСБ-аас зээлж авсан 140.000 төгрөг,

2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Ж.Энхжаргалаас хохирогч Г.З-ийн дансанд хийсэн 700.000 төгрөг,

2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр 40.000 төгрөг,

2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 30.000 төгрөг,

2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 100.000 төгрөг,

2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр 70.000 төгрөг, 600.000 төгрөг,

2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч Г.З-ийн Хаан банкнаас авсан 5.185.970 төгрөгийн цалингийн зээл,

2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч Г.З-ийн Хаан банкнаас авсан 1.800.000 төгрөгийн цалингийн зээл,

2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч Г.З-ийн ленд.мн /Lend.mn/ ББСБ-аас зээлж авсан 140.000 төгрөг,

2018 оны 5 дугаар сарын 8-ны өдөр 1.100.000 төгрөг,

2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Г.З-ийн Хаан банкнаас авсан хэрэглээний зээл болох 1.848.800 төгрөг, уг зээлийн дагуу 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр “Сайн интернейшнл” ХХК-иас хохирогч Г.З-ийн авсан Делл /Dell/ загварын зөөврийн компьютер, “Samsung” загварын гар утас зэрэг 1.250.000 төгрөгийн эд хөрөнгө, 500.000 төгрөгийн үнэтэй “Аcer” загварын зөөврийн компьютер зэрэг хөрөнгийг шилжүүлэн авч, нийт 14.554.770 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А-ыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогчийг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.А-аас 12.553.770 /арван хоёр сая таван зуун тавин гурван мянга, долоон зуун дал/ төгрөгийг гаргуулан хохирогч Г.З-өд олгуулж, хохирогчийн гэмт хэргийн хор уршигтай /зээлийн хүү/ холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж, шүүгдэгч Б.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би гэмт хэрэг үйлдсэндээ чин сэтгэлээсээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үнэн зөвөөр хэргийн нөхцөл байдлыг мэдүүлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн. Би гэм буруугийн асуудал дээр огт маргахгүй бөгөөд харин оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Би эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Анх удаа гэмт хэрэгт холбогдож, ял шийтгүүлж байна. А.Энх-Эрдэм 7 настай, А.Энхмөнх 5 настай, А.Энхдөлгөөн 1 нас 1 сартай ба бүгд бага насны хүүхдүүд юм. Шүүхээс хүсэхэд бага насны олон хүүхэдтэй, анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа зэргийг харгалзан үзэж хөнгөн ял оногдуулж өгнө үү. Хохирогч З-өд 12.553.770 төгрөгийг шүүхээс төлөхөөр заасан. Би шүүхээс тогтоосон энэ хохирлыг төлөхөө илэрхийлж шүүхэд мэдүүлсэн. Одоо ч би давж заалдах шатны шүүхэд энэ хохирлыг төлөхөө илэрхийлж байна. Би “Оюуны Ундраа” цогцолбор сургуульд багшилж байсан. Мөн миний ээж Р.Одонтуяа нь Уурхайд ерөнхий тогооч ба миний учруулсан хохирлыг төлөлцөхийг зөвшөөрсөн. Иймээс ар гэрийн байдал, бага насны 3 хүүхэдтэй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг хөнгөрүүлж, тухайн зүйлд заасан хорих ялын доод хэмжээгээр багасгаж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч Г.З-ийн өмгөөлөгч Д.Очирдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогч Г.З- нь хохирлоо барагдуулж авах хүсэлтэй. Шүүгдэгч Б.А- нь шийтгэх тогтоол гарснаас хойш хохирол төлбөрт нэг ч төгрөг төлж барагдуулаагүй учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор М.Сүхчулуун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, түүний гэм буруугийн байдал, хохирол төлсөн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулсан тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Б.А- нь 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд “...мөнгөний хэрэг гарлаа, барилга дээр хамт ажилладаг хүн өвдчихлөө...”, “...зээлсэн мөнгөндөө суудлын автомашин авч өгнө, нэмээд цалингийн зээл аваад өгөөч...”, “...яаралтай мөнгө хураалгах болчихлоо...”, “...Москвад суралцуулж өгье, мөнгө нэмээд олоод өг, өмнө авсан мөнгөө оролцуулаад гадаадад суралцуулж өгнө…”, “...Москвад суралцуулах зардал нэмэгдсэн...”, “...найзын бие тааруу байна, яаралтай мөнгө олоод өгөөч...”, “...Олон улсын валютын сангаас зээл авах гэж байгаа, их хэмжээний санхүүжилт орох төсөл бичиж байгаа тул гар утас, зөөврийн компьютер аваад өгөөч...” хэмээн хохирогч Г.З-ийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, нийт 15.153.770 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Г.З-ийн “...76 дугаар сургуульд хамт ажиллаж байсан Б.А- намайг хуурч “ барилга дээр хамт ажилладаг хүн өвдчихлөө...”, “...зээлсэн мөнгөндөө суудлын автомашин авч өгнө, нэмээд цалингийн зээл аваад өгөөч...”, “...Москвад суралцуулж өгье, мөнгө нэмээд олоод өг, өмнө авсан мөнгөө оролцуулаад гадаадад суралцуулж өгнө…”, “...Москвад суралцуулах зардал нэмэгдсэн...”, “...Олон улсын валютын сангаас зээл авах гэж байгаа их хэмжээний санхүүжилт орох төсөл бичиж байгаа тул гар утас, зөөврийн компьютер аваад өгөөч...” гэх мэтээр надаар цалингийн зээл нэмж авахуулах, картанд байсан мөнгийг авах, гар утас, зөөврийн компьютер зээлээр авахуулах зэргээр намайг хуурч мөнгө, эд зүйл авсан. ...Манай ээж Д.Гүнжилмаа Б.А-ын надад учруулсан хохирол болох бусдаас зээлж авсан мөнгийг хүүтэй нь хамт нийтдээ 19.000.000 орчим төгрөгийг төлж барагдуулсан. …” /1хх 19-20/,

гэрч Д.Гүнжилмаа “...манай охин З-тай 76 дугаар сургуульд хамт ажиллаж байсан А- гэдэг эрэгтэй охиныг хуурч олон удаа мөнгө зээлээч гэж мөнгө аваад оргон зайлсан байсан. Хаан банкинд 18.000.000 төгрөгийн өртэй болсон байсныг би зээл авч байж охиныхоо өрийг төлсөн. 18.200.000 гаруй төгрөг байсан. ...” /хх 26-27/,

гэрч Ш.Бадамгаравын “...2018 оны 5 дугаар сарын үед Г.З- надаас 600.000 төгрөг зээлж авч байсан. …” /хх 32/,

Б.А-ын яллагдагчаар өгсөн “...би 2018 оны 1 дүгээр сард хувиараа барилгын ажил дээр ажиллаж байсан. Тухайн үед надад мөнгөний хэрэг гараад хамгийн анх би З-өөс 1.000.000 төгрөгийг зээлж авсан юм. ...Хэзээ гэдгийг нь санахгүй байна, “Dell” загварын notebook, “Асеr” загварын notebook, “Samsung J5” загварын гар утас авч байсан. ...” /хх 51-52/ гэх мэдүүлгүүд,

эд зүйлийн үнэлгээ /1хх 36-39/, хохирогч Г.З-, шүүгдэгч Б.А- нарын Хаан банк дахь харилцах болон зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн гэрээний хуулбарууд /хх 73-96, 130-134/, “Сайн интернейшнл” ХХК-ийн зарлагын баримт /хх 136-137/, “Лэнд.мн” ББСБ, “Сайн интернейшнл” ХХК-ийн албан бичиг баримтууд /хх 213-222/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.А-ыг нийт 14 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Шүүгдэгч Б.А-ын хохирогч Г.З-ийн 5100139410 дугаартай дансны картыг гуйж аван ашиглаж байхдаа уг дансаар орж ирсэн мөнгийг авах, мөн “...зээлсэн мөнгөндөө суудлын автомашин авч өгнө, нэмээд цалингийн зээл аваад өгөөч...”, “...мөнгө нэмээд олоод өгөөч, өмнө авсан мөнгөө оролцуулаад гадаадад суралцуулж өгнө…”, “...Москвад суралцуулах зардал нэмэгдсэн...”, “...Олон улсын валютын сангаас зээл авах гэж байгаа, их хэмжээний санхүүжилт орох төсөл бичиж байгаа тул гар утас, зөөврийн компьютер аваад өгөөч...” гэх мэтээр хохирогчоор цалингийн зээл болон гар утас, зөөврийн компьютер зэргийг зээлээр авахуулж, 15.153.770 төгрөгийн хөрөнгө, мөнгийг шилжүүлэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулсныг түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, тодорхой хэмжээний хохирлыг төлсөн зэргийг харгалзан тухайн зүйл, заалтад зааснаар 1 жилийн хорих ял болгон өөрчлөхөөр шийдвэрлэв.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолын 2 заалтад зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.А-ын гаргасан “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/606 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-т 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай. …” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ыг 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А-ын гаргасан “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авсныг дурдсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                   ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                        Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН