Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 0606

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

улсын яллагч М.Сүхчулуун,

            хохирогч Г.З-, түүний өмгөөлөгч Д.Очирдорж /ШТЭД-2020/,

            шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Ш.Ганхуяг /ШТЭД-0302/,   

гэрч Б.Б-, Б.Б-нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Сүхчулуунаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-т холбогдох эрүүгийн 1908 00071 1292 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач дизайнер мэргэжилтэй, Оюуны Ундраа цогцолбор сургуульд нисэх загаварын багш ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот ........... тоотод  оршин суух, урьд ял шийтгэлгүй,

................

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.А- нь 2018 оны 01 дүгээр сарын 30-аас 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хооронд урьд өмнөх харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Г.З-өөс “Хаан банк”-ны .........дугаарын дансаар 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 50.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч Г.З-ийн ленд.мн /Lend.mn/ ББСБ-аас зээл авсан 140.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Ж.Э-хохирогч Г.З-ийн дансанд хийсэн 700.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 40.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 30.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 100.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 04-ний 70.000 төгрөг, 600.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч Г.З-ийн Хаан банкнаас авсан 5.185.970 төгрөгийн цалингийн зээл, 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч Г.З-ийн Хаан банкнаас авсан 1.800.000 төгрөгийн цалингийн зээл, 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч Г.З-ийн ленд.мн /Lend.mn/ ББСБ-аас авсан 140.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 1.100.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Г.З-ийн Хаан банкнаас авсан хэрэглээний зээл болох 1.848.800 төгрөг уг зээлийн дагуу 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Сайн интернейшнл ХХК-аас хохирогч Г.З-ийн авсан Делл /Dell/ загаварын зөөврийн компьютер, самсунг маркийн гар утас зэрэг 1.250.000 төгрөгийн эд хөрөнгө, 500.000 төгрөгийн үнэтэй асер /acer/ загварын зөөврийн компьютер зэрэг нийт 14.554.770 төгрөгийн үнэтэй эд хөрөнгө, бэлэн мөнгө залилан мэхэлсэн  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч Г.З-ийн мэдүүлэг /хх19-23, 180-181, 201-202/, гэрч Ш.Б-мэдүүлэг /хх32/, гэрч Д.Г-мэдүүлэг /хх26-27, 229/, “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ /хх36, 39/, Б.А-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх51-52/, хохирогч Г.З-, шүүгдэгч Б.А- нарын Хаан банк дань харилцах болон зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн гэрээний хуулбарууд /хх57-96, 130-134/, “Лэнд.мн” ББСБ, “Сайн интернэйшнл” ХХК-н албан тоот холбогдох баримтууд /хх213-222/, Б.А-ын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх28-31/, гэрч Ж.Э-мэдүүлэг /хх34/, “Сайн интернэйшнл” ХХК-н зарлагын баримт /хх136-137/, гэрч Б.Б-мэдүүлэг /хх186/, гэрч Б.Б-гийн мэдүүлэг /хх188/ зэрэг нотлох баримтууд болон хуралдаанд шинээр гаргаж өгсөн хохирлын тооцооллыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч Б.А-ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

            1. Хохирогч Г.З-ийн “...Би 76 дунд сургуульд багшаар ажиллаж байхад надтай цуг ажилладаг байсан дизайн технологийн багш Б.А- намайг хуурч мэхэлж мөнгө, эд зүйл надаас авсан. Тус сургуульд намайг ажиллаж байх хугацаанд 2018 оны 01 дүгээр сараас 2018 оны 8 дугаар сарын хооронд болсон.

            - 2018.01.07-ны өдөр Б.А- нь “ах нь барилгын ажил хийж өгч байгаа юм, тэгтэл манай ажилтан бэртчихлээ яаралтай мөнгө олоод өгөөч” гэсэн. Тэгэхээр нь 76 дугаар сургуульд байгаад гарчихсан Ж- багшаас 1.000.000 төгрөг зээлж авч өгсөн юм. ...А- данс руу шилжүүлж өгсөн.

            - 2018.01.26-ны өдөр Б.А- мөнгөний хэрэг гарлаа барилга дээр хамт ажилладаг хүн өвдчихлөө гэхээр нь 50.000 төгрөг түүний данс руу шилжүүлсэн.

            - 2018.01.30-ны өдөр би лэнд.мн-ээс 140.000 төгрөг зээлсэн бөгөөд миний данс руу шууд орсон. Тухайн үед Б.А- миний .........дугаар дансны картыг түр хэрэглүүлээч өөрийнх нь болохгүй гээд авсан байсан.

            - 2018.02.05-ны өдөр Э-миний данс руу 700.000 төгрөг хийхэд зөвшөөрөлгүй авч хэрэглэсэн байсан. Тэгснээ надад зээлсэн мөнгөндөө суудлын автомашин авч өгнө, нэмээд цалингийн зээл аваад өгөөч гэж хэлсэн.

            - 2018.03.06-ны өдөр 40.000 төгрөгийг дансны үлдэгдэл мөнгөнөөс гуйж авсан.

            - 2018.03.30-ны өдөр яаралтай мөнгө хураалгах болчихлоо гээд дансанд байсан үлдэгдлээс 30.000 төгрөг авсан.

            - 2018.03.31-ний өдөр яаралтай мөнгө хэрэг болчихлоо гээд 100.000 төгрөг картнаас авсан.

            - 2018.04.04-ний өдөр мөнгөний хэрэг болчихлоо гээд 70.000 төгрөг авсан.

            - 2018.04.04-ний өдөр “Жанцан”-н Хаан банкнаас хадгаламж барьцаалсан зээл аваад 600.000 төгрөгийг Б.А-т өгсөн. Тухайн үед миний картыг хэрэглэж байсан учраас картнаас авсан. Дараа нь мөнгө картаа авая гэхэд карт чинь надад түр байж байг чи залуу хүн чамайг Москвад суралцуулж өгөе, чи мөнгө төгрөг дахиж нэмээд олоод өг, би өмнө авсан мөнгөө оролцуулаад гадаадад суралцуулж өгөе гэж хэлсэн. Тухайн үед гадаадад суралцуулахад их төлбөр шаардлагатай, яаралтай мөнгө олоод өг гэсэн. Тэгэхээр нь би түүнд итгэж нэмж Хаан банкнаас

            - 2018.04.11-ний өдөр 5.185.970 төгрөгний үнэ бүхий цалингийн зээл авч өгсөн. Тэгэхэд миний ............ дугаар дансны картыг Б.А- аваад тухайн дансаар дамжуулж мөнгөө авсан.

            - 2018.04.16-ны өдөр цалингийн зээл гэж 2.094.673 төгрөгийг өмнөх зээл дээр нэмж авсан. Энэ мөнгөнөөс А-1.800.000 төгрөгийг өгсөн.

            - 2018.04.20-ны өдөр удахгүй виза чинь гарна Москвад суралцуулах зардал нэмэгдсн ахиж мөнгө өгөөч гэхээр нь лэнд.мн-ээс 140.000 төгрөг зээлээд миний дансаар авсан.

            - 2018.05.08-ны өдөр найзын бие тааруу байна яаралтай мөнгө олоод өгөөч гэхээр нь хамт ажилладаг байсан үйлчлэгч эгч Б- 600.000 төгрөг, өөртөө байсан 500.000 төгрөгийг өгсөн.

            - 2018.05.15-ны өдөр Б.А- нь Олон улсын валютын сангаас зээл авах гэж байгаа их хэмжээний санхүүжилт орох төсөл бичиж байгаа яаралтай компьютер хэрэгтэй байна өөрийнхөө зөөврийн компьютерийг хэрэглүүлээч, бас гар утас, зөөврийн компьютер аваад өгөөч гэж гуйсан. Би тэр өдөр “Сайн интернэйшнл”-ээс  “дэлл” загварын зөөврийн компьютер, самсунг жи-5 гар утас болон өөрийн хэрэглэж байсан зөөврийн компьютерийг өгсөн юм. Барааны үнэ гээд Хаан банкнаас миний .........данс руу 1.848.800 төгрөг орсон байсныг миний картыг өөртөө байхад нь зөвшөөрөлгүй авч хэрэглэсэн байсан. Тухайн үед “Сайн интернэйшнл”, Хаан банкнаас хүмүүс ирээд мөнгө төлөлгүй бараа авсан гэж гэрт ирсэний дараа мэдсэн. Би өөрийн хуучин Асер загварын нөөтбүүкийг 600.000 төгрөгөөр, “Сайн интернэйшнл”-ээс авсан компьютерийг 1.300.000 төгрөгөөр, гар утсыг 548.800 төгрөгөөр буюу зарагдаж байсан үнээр нь үнэлж байна. Манай ээж Д.Г-надад учруулсан Б.А-ын хохирол болох бусдаас зээлж авсан мөнгийг хүүтэй нь хамтад нь нийтдээ 19 сая орчим төгрөг төлж барагдуулсан. ...А-ахаас нийт 2.100.000 төгрөг эргүүлж авсан байгаа...Би тухайн үед Сайн интернэйшнл ХХК-с компьютер, гар утас хоёрыг зээлээр аваад, тухайн өдөр миний дансанд Хаан банкнаас орсон зээлийн мөнгө орох байсан байсан тэр мөнгөнөөс Сайн интернэйшнлд төлөх ёстой байсан... Анхандаа А-манай ах Ү- таньдаг гэж надад итгүүлсэн...” гэх мэдүүлэг /хх19-23, 165-166, 180-181, 201-202/, 

            2. Гэрч Ш.Б-“...2018 оны 5 сарын үед Г.З- надаас 600.000 төгрөг зээлж авч байсан... би 76 дугаар сургуульд цуг ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хх32/,

            3. Гэрч Д.Г-“...манай охин З- сургуульд хамт ажиллаж байсан А-гэдэг эрэгтэй манай охиныг хуурч олон удаа мөнгө зээлээч гэж мөнгө аваад оргон зайлсан байсан. Хаан банкинд 18 сая төгрөгний өртэй болсон байсныг би зээл авч байж охиныхоо өрийг төлсөн. Би Хаан банкнаас 19 сая төгрөгний зээл авсан. Тэгээд би 67 дугаар сургуулийн багшаас охин минь аваад А-өгсөн зээл, Лэнд.мн-ээс, Хаан банкнаас авсан зээлүүдийг төлсөн...” гэх мэдүүлэг /хх26-27, 229/,

            4. Гэрч Ж.Э-“...76-р сургуульд ажиллаж байхад би байранд орох гээд урьдчилгаа мөнгө хэрэг болоод Г.З-ийг гуйж байгаад цалингийн зээл авахуулсан юм. Тухайн үед 2.700.000 төгрөгийг хүүтэй зээлж авсан. 2018.02.05-ны өдөр 700.000 төгрөгийг З-ийн данс руу, удалгүй байж байгаад үлдэгдэл мөнгийг ээжийнх нь данс руу хийж өгсөн...” гэх мэдүүлэг /хх34/,

            5. “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тодорхойлолтонд “дэлл” загварын зөөврийн компьютер, самсунг жи-5 загварын гар утсыг нийтэд нь 1.250.000 төгрөгөөр, мөн хохирогчийн хэрэглэж байсан “асер” загварын зөөврийн компьютерийг 500.000 төгрөгөөр тус тус үнэлжээ. /хх36, 39/,

            6. Б.А-ын яллагдагчаар өгсөн “...би 2018 оны 01 дүгээр сард хувиараа барилгын ажил дээр ажиллаж байсан. Тухайн үед надад мөнгөний хэрэг гараад би З- 1.000.000 төгрөгийг зээлж авсан юм. Энэ мөнгийг 2018 оны 2 дугаар сарын эхээр 500.000 төгрөгөөр 2 хуваар өгсөн. 2018.01.26-ны өдөр барилгын ажил дээр хүний бие өвдөөд З- дахиж 50.000 төгрөгийг зээлж авсан. 2018.01.30-ны үед мөнгөний хэрэг гараад З-ийн лэнд.мн-ээс 140.000 төгрөг зээлж авч байсан. 2018.02.15-ны өдөр ямар зорилгоор гэдгээ сайн санахгүй байна 120.000 төгрөг өөрийн дансаар авсан. 2018.03.04-ний өдөр би дахин З-ийн дансаар лэнд.мн-ээс 140.000 төгрөг зээлж авсан. Тэгэхдээ өмнө нь лэнд.мн-ээс зээлж авсан 140.000 төгрөгийг З-өд бэлнээр өгч өмнөх зээлийг хаалгуулж дахин зээл авсан. 2018.03.06-нд 40.000 төгрөгийг өөрийн хэрэгцээнд хэрэглэхээр зээлж авсан. 2018.03.30-ны өдөр манай ажил дээр ажил явдал гараад З- 30.000 төгрөгийг зээлж авсан. 2018.03.31-нд яаралтай мөнгөний хэрэг гараад 100.000 төгрөг З-ийн данснаас авч байсан. 2018.04.04-ны өдөр манай барилга дээр ажиллаж байсан хүн хадаасанд гараа ураад яаралтай мөнгөний хэрэг болж 70.000 төгрөг авсан. 2018.04.04-ний өдөр 600.000 төгрөгийг зээлж авсан. 2018.04.11-нд 5.000.000 төгрөг зээлж авсан. Тухайн үед хортон шавж устгах судалгаа хийж байсан болохоор мөнгөний хэрэг гараад авч байсан. 2018.04.16-ны үед Канад улс руу суралцахаар явж байсан юм. Тэр үед З- ар гэрт асуудалтай байна би хамт явмаар байна гэж хэлээд надад 1.800.000 төгрөг өгч байсан. Тухайн мөнгийг би бичиг бүрдүүлж хөөцөлдөж байгаад хувьдаа ашиглаж дуусгасан. 2018.04.20-ны өдөр багшлэх эрхийн шалгалт өгөх гээд шалгалтын хураамж төлөхөөр лэнд.мн-ээс 140.000 төгрөг зээлж авсан юм. Тухайн үед өмнө зээлж авсан 140.000 төгрөгийг төлсөн байсан. 2018.05.14-нд би ажилгүй байсан болохоор мөнгөний хэрэг гараад 160.000 төгрөг зээлж авсан. Хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна З- 500.000 төгрөг, 600.000 төгрөг авч байсан. 2018.05.15-нд З- зөвшөөрөл авч 1.848.800 төгрөгийг авч байсан. 2018.02.05-ны үед З-ийн карт надад байгаагүй болохоор би энэ мөнгөний талаар мэдэхгүй. Хэзээ гэдгийг нь санахгүй байна “делл” маркийн нөөтбүүк, “асер” маркийн нөөтбүүк, самсунг галакси жи-5 гар утас авч байсан. Гар утсыг намайг утасгүй болсон байхад барьж бай гэж хэлээд өгсөн...Би ” гэх мэдүүлэг /хх51-52/,

            7. хохирогч Г.З-, шүүгдэгч Б.А- нарын Хаан банк дань харилцах болон зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн гэрээний хуулбарууд /хх57-96, 130-134/, “Лэнд.мн” ББСБ, “Сайн интернэйшнл” ХХК-н албан тоот холбогдох баримтууд /хх213-222/, “Сайн интернэйшнл” ХХК-н зарлагын баримт /хх136-137/,

Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч Б.А-:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй, хохирлын талаар мэтгэлцэж, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр суурьнаас оролцсон болохыг дурдаж байна.

Хэрэгт авагдсан баримтаас хохирогч Г.З- нь шүүгдэгч Б.А-тай 2017 оны хичээлийн жилээс эхлэн Нийслэлийн 76 дугаар ерөнхий боловсролын сургуульд хамт ажиллаж байсан болох нь тогтоогдсон.

Улмаар шүүгдэгч Б.А- нь 2018 оны 01 дүгээр сарын 30-ын өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хооронд хохирогч Г.З-өд барилгын ажил эрхэлдэг, барилга дээр хамт ажилладаг хүн өвдчихлөө, миний банкны карт болохгүй байна картаа түр хэрэглүүлээч, найзын бие тааруу байна яаралтай мөнгөний хэрэг гарлаа, зээлсэн мөнгөндөө суудлын автомашин авч өгнө, залуу хүн байна Москвад суралцуулж өгнө, их хэмжээний санхүүжилт орох төсөл бичиж байгаа яаралтай компьютер, гар утас хэрэгтай байна гэх зэргээр

2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 1.000.000 төгрөг,

2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 50.000 төгрөг,

2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч Г.З-ийн ленд.мн /Lend.mn/ ББСБ-аас зээл авсан 140.000 төгрөг,

2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Ж.Э-хохирогчийн дансанд хийсэн 700.000 төгрөг,

2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 40.000 төгрөг,

2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 30.000 төгрөг,

2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 100.000 төгрөг,

2018 оны 4 дүгээр сарын 04-ний 70.000 төгрөг, мөн 600.000 төгрөг,

2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч Г.З-ийн Хаан банкнаас цалингийн зээл авахуулан 5.185.970 төгрөг,

2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч Г.З-ийн Хаан банкнаас авсан 1.800.000 төгрөгийн цалингийн зээл,

2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч Г.З-ийн ленд.мн /Lend.mn/ ББСБ-аас авсан 140.000 төгрөг,

2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 1.100.000 төгрөг /500.000+600.000/ ,

2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хохирогчийн Хаан банкнаас авсан хэрэглээний зээл болох 1.848.800 төгрөг,

2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр “Сайн интернейшнл” ХХК-аас хохирогч Г.З-ийн авсан Делл /Dell/ загварын зөөврийн компьютер, самсунг маркийн гар утас,  хохирогчийн хэрэглэж байсан асер /acer/ загварын зөөврийн компьютер /500.000 төгрөгийн үнийн дүн бүхий/ зэргийг авч өөрийн хувийн хэрэгцээнд ашигласан болох нь дээр дурдсан хохирогч болон шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч Г.З-ийн Хаан банк дань харилцах болон зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн гэрээний хуулбарууд /хх57-96, 130-134/, “Лэнд.мн” ББСБ, “Сайн интернэйшнл” ХХК-н албан тоот холбогдох баримтууд /хх213-222/, “Сайн интернэйшнл” ХХК-н зарлагын баримт, шүүгдэгчийн дансны хуулгаар тогтоогдож байна.

Мөн хохирогч Г.З- өөртөө мөнгө байхгүй байсан ч бусдаас мөнгө зээлэн шүүгдэгчид мөнгө шилжүүлж байсан нь гэрч Ш.Б-мэдүүлэг, хохирогчийн зээлийн өрийг түүний ээж Д.Г-хааж байсан нь дээр дурдсан мэдүүлэг, санхүүгийн баримтаас тодорхой харагдаж байна.

Шүүгдэгч Б.А- нь хохирогч Г.З-тэй хамт ажилладаг байдлаа ашиглан түүний ахыг таньдаг гэж итгэл олон мөнгө зээлж, улмаар зээлсэн мөнгөндөө суудлын автомашин авч өгнө, гадаадад суралцуулна, өндөр үнийн дүн бүхий төсөл бичиж байгаа гэж хохирогчийг хуурч, урьдын харилцаанд бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар удаа дараагийн олон үйлдлээр хохирогчоос мөнгө, эд зүйл авч, эргүүлэн төлөх санаа зорилгогүй байсан нь тогтоогдож байх тул түүний үйлдэлд залилах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангаж байна.

Түүнчлэн шүүгдэгч Б.А- нь барилгын ажил эрхэлж байсан, мөн төслийн ажил бичиж байсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, шүүгдэгч энэ талаар тодорхой баримттай мэдүүлдэггүй, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой мэдүүлэг өгсөн гэрч Ц.Мөнхсоёлын мэдүүлэг, бусад гэрч нарын мэдүүлэгт энэ талаар дурдагдаагүй тул шүүгдэгчийг хохирогчийг хуурч, зохиомол байдлыг бий болгон өөртөө санхүүгийн ашигтай байдлаар мөнгийг нь өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулж байсан гэж дүгнэлээ.

Улсын яллагчаас шүүгдэгчийн үйлдлийн улмаас учирсан бодит хохирлыг 14.554.770 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд хохирогчийн өмгөөлөгч хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар биш “Сайн интернэйшнл” ХХК-н зарлагын баримтад дурдсан үнийн дүнгээр зөөврийн компьютер, гар утасны үнэлгээг тогтоон хохирлыг 15.153.770 төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэж үндэслэлээ тайлбарласан.

Тодруулбал, “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд самсунг жи-5 маркийн гар утсыг 250.000 төгрөгөөр, “Делл” ай3 загварын нөөтбүүкийг 1.000.000 төгрөгөөр /хх36/ үнэлжээ.

Шүүхээс хэрэгт авагдсан баримтуудыг дүгнэн үзээд шүүгдэгч нь анхнаасаа төслийн ажил бичиж байгаа гэж хохирогчийг худалдаалагдаж буй шинэ зөөврийн нөөтбүүк, гар утас авахуулсан нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдсон.

Тиймээс “Сайн интернэйшнл” ХХК-ийн зарлагын баримтад дурдсан буюу самсунг жи-5 маркийн гар утсыг 549.900 төгрөгөөр, “Делл” ай3 загварын нөөтбүүкийг 1.299.900 төгрөгөөр /хх136, 137/ худалдан авсан үнийн дүнгээр хохирлыг тогтоох нь үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.А-ын гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлын тооцоог 15.153.770 төгрөг гэж хохирогч тал үндэслэл бүхий тооцсон гэж дүгнэлээ. Яллах дүгнэлтэд дурдсан хохирлын хэмжээнээс өөрөөр дүгнэсэн нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй тул шүүх зөвтгөн дүгнэсэн болно.

Шүүгдэгчийн үйлдэл нь гэм буруугийн үргэлжилсэн хэлбэрээр нэгдмэл хор уршиг учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдэлтэй, нийлмэл нэг гэмт хэрэг гэж үзэхээр байна.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч нь Б.А- нь  2018 оны 01 дүгээр сарын 30-ын өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хооронд хохирогчтой урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогчийг хуурч нийтдээ 15.153.770 төгрөгний хохирол бүхий мөнгө, эд зүйл авч залилах гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

            Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар, гэрч Б.Б- нарын мэдүүлгээр шүүгдэгч Б.А-ыг хохирогчид нийтдээ 2.600.000 төгрөгний хохирол төлсөн гэж дүгнэв.

            Шүүх хуралдаанд гэрч Б.Б-шүүгдэгч хохирогчид хэдэн төгрөгийг, хэзээ өгсөн талаар эх сурвалжаа тодорхой заан үндэслэл бүхий мэдүүлэг өгөөгүй тул түүний мөнгө өгсөн талаарх мэдүүлгийг үнэлэн хохирол төлсөн үнийн дүнгээс хасч тооцоогүй болно. Харин гэрч Б.Б-гийн шүүгдэгчээс хохирогчид 500.000 төгрөг өгсөн асуудлыг хохирогч үгүйсгэхгүй байгаа тул хохирол төлсөн гэж үзэв. 

            Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгчээс 12.553.770 төгрөгийг гаргуулж хохирогч Г.З-өд олгуулах нь зүйтэй байна.

            Хохирогч Г.З-, түүний өмгөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан  хор уршиг буюу шууд бус хохирол болох банкны зээлийн хүүд 9.110.312 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хэрэгт авагдсан баримтаас хохирогч Г.З-ийн нэр дээрх зээлүүдийг түүний ээж Д.Г-үндсэн зээл болон хүүгийн хамт нэгтгэн төлсөн буюу зээлийн хүүд хэдэн төгрөг төлсөнг нарийвчлан тооцох боломжгүй байна. 

Тиймээс хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй тооцоо гаргахаар байна гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хор уршигийн асуудлыг хэлцэхгүй орхин Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж шийдвэрлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргасан болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, сайн дураар дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, холбогдсон хэргийн хувьд хөнгөн хэрэг байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмын дагуу тэнсэж, үүрэг хүлээлгэх санал гаргасан.

Шүүгдэгч Б.А-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх  нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан

Шүүгдэгч нь хэдийгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлнө гэж байгаа боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй, хэрхэн нөхөн төлөх нь тодорхойгүй, учруулсан хохирлын хэмжээг харгалзан тэнсэж, үүрэг хүлээлгэх, хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.                                                                                     

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.А-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогчийг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-т 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.А-аас 12.553.770 /арван хоёр сая, таван зуун тавин гурван мянга, долоон зуун дал/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.З-өд олгуулж, хохирогчийн  гэмт хэргийн хор уршигтай /зээлийн хүү/ холбоотой нэхэмжлэлийг хэлцээгүй орхиж Иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.  

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР