Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2021/03487

 

 

 

 

 

 

 

2021 11 01 101/ШШ2021/03487

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Их эзэн Чингэс хааны нэрэмжит талбай гудамж, 8/1 тоот барилга, 802б тоотод байрлах, Грийн инвестмент ББСБ ХХК-ийн /РД: 5753082/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, Нарны Зам гудамж, 103/2-р байр, 70 тоотод оршин суух, Энхбаярын Номгонжаргалд /РД: ВЮ83120504/ холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 22.820.778 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Түмэнбаяр,

Хариуцагч Э.Номгонжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Грийн инвестмент ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Пүрэвмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Түмэнбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э.Номгонжаргал нь 2016 оны 10 сарын 28-ны өдрийн БГХ-16/1-133, БГҮ-16/1-133 тоот барьцааны гэрээ, 2017 оны 12 сарын 15-ны өдрийн ЗГ-17/1133 тоот зээлийн гэрээний дагуу 11.300.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн.

Хариуцагч Э.Номгонжаргал зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2018 оны 5 сараас хойш гүйцэтгээгүй, гэрээний үүргээ зөрчин өнөөдрийг хүрч байна. Иймд хариуцагч Э.Номгонжаргалаас үндсэн зээл 10.435.228 төгрөг, зээлийн хүү 10.802.926 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.582.624 төгрөг, нийт 22.820.778 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч Э.Номгонжаргал зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Э.Номгонжаргалын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороо, 13374, Нарны зам гудамж, 103/2-р байр, зоорийн давхрын 54 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204045108 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Анх Э.Номгонжаргал болон түүний нөхөр Б.Мөнхболд нар 2016 оны 10 сарын 28-ны өдөр 15.000.000 төгрөгийг манай байгууллагаас зээлэн авч барьцаанд нь дээр дурдсан авто зогсоолыг барьцаалсан бөгөөд уг гэрээний үүрэг дуусгавар болсон.

Б.Мөнхболд нь манай захирал руу утасдаад зээлийн мэдээллийн санд зээлтэй харагдаад байгаа учраас миний 2016 онд авсан зээлийг хаагаад өгчих хэмээн зээлээ хаалгуулаад 2017 оны 12 сарын 15-ны өдөр маргаан болоод байгаа 11.300.000 төгрөгийг зээлсэн. Ингэхдээ Б.Мөнхболд 2016 оны 10 сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан авто зогсоолоо барьцаална гэж манай захиралтай утсаар ярьсан гэв.

 

Хариуцагч Э.Номгонжаргал шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э.Номгонжаргал миний бие нөхөр байсан Б.Мөнхболдын хамт 2016 оны 10 сарын 28-ны өдөр 15.000.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлэн Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороо, 13374, Нарны зам гудамж, 103/2-р байр, зоорийн давхрын 54 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, авто зогсоолыг барьцаалсан. Уг зээлийг миний нөхөр байсан Б.Мөнхболд хувийн бизнестээ зориулж авсан ба би хамтран зээлдэгчээр оролцсон. Энэ зээлийг хаасан.

Зээл хаагаад өг гээд утсаар ярихаар банк бус санхүүгийн байгууллага зээл хаачихдаг юм уу. Танил талаараа дамжуулан Б.Мөнхболдод зээл өгчихөөд одоо намайг хохироох гээд байгааг ойлгохгүй байна.

2017 оны 12 сард би тус байгууллагаас зээл аваагүй, зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй. Уг зээлийг Б.Мөнхболд төлөх ёстой.

Хамт амьдарч байхдаа зээл авна гэж Б.Пүрэвмаа захирал руу ярьсан гэж байсан. Би түүнд очихгүй, наад зээл чинь надад хамаагүй гэж хэлж байсан. Авто зогсоол барьцаална гэхээр нь зөвшөөрсөн, гэхдээ очихгүй гэдгээ хэлсэн. Грийн инвестмент ББСБ ХХК-иас намайг 2017 онд барьцааны гэрээн дээр гарын үсэг зур гэж дуудаагүй.

Б.Мөнхболд гэр бүлээс гадуур харилцаатай болсон тул бид 2019 оны 12 сараас хойш тусдаа амьдарч байна. Сүүлд хүнээс сураглахад Хэнтий аймагт жоншны уурхайд ажиллаж байгаа сураг байсан. Бид 2 хүүхэдтэй, том хүүхэд маань 18, бага хүүхэд маань 11 настай. Б.Мөнхболд тусдаа амьдарснаасаа хойш хүүхдүүдтэйгээ огт уулзаагүй, нэг удаа утсаар ярьсан.

Б.Мөнхболдоос гэрлэлтээ цуцлуулах гэсэн боловч оршин суугаа хаяг нь тодорхой бус байгаа учраас нэхэмжлэл гаргаж чадахгүй байгаа гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Грийн инвестмент ББСБ ХХК нь хариуцагч Э.Номгонжаргалд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22.820.778 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

/үндсэн зээл 10.435.228 төгрөг, зээлийн хүү 10.802.926 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.582.624 төгрөг/

Зээлдэгч Б.Мөнхболд, Э.Номгонжаргал нар нь Грийн инвестмент ББСБ ХХК-тай 2016 оны 10 сарын 28-ны өдөр ЗГ-16/1/133 тоот зээлийн гэрээ байгуулан эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 15.000.000 төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн нь зохигчдын тайлбар, гэрээнүүд, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

 

Мөн зээлдэгч Б.Мөнхболд, Э.Номгонжаргал нар зээлдүүлэгч Грийн инвестмент ББСБ ХХК-тай 2016 оны 10 сарын 28-ны өдөр БГҮ-16/1/133 дугаартай барьцааны гэрээ байгуулан дээрх зээлийн гэрээний үүрэгт Э.Номгонжаргал өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, /13374/ Нарны зам гудамж, 103/2-р байр, зоорийн давхрын 54 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204045108 дугаарт бүртгэлтэй, авто зогсоолыг барьцаалсан нь хэрэгт авагдсан уг өдрийн барьцааны гэрээ, зохигчдын шүүхэд өгсөн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдлоо.

Талууд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан 2016 оны 10 сарын 28-ны өдрийн БГҮ-16/1/133 дугаар бүхий барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, мөн өдөр нь улсын бүртгэлд бүртгүүлснээр уг барьцааны гэрээ хүчин төгөлдөр болсон бөгөөд 2016 оны 10 сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон талаар зохигчид тайлбарласан ба энэ талаар хэн аль нь маргаагүй.

ХХ-ийн 1 дүгээр хавтасны 8-9, 44-48 дугаар тал/

 

Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, /13374/ Нарны зам гудамж, 103/2-р байр, зоорийн давхрын 54 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204045108 дугаарт бүртгэлтэй, авто зогсоол хариуцагч Э.Номгонжаргалын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 11 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч Грийн инвестмент ББСБ ХХК нь зээлдэгч Б.Мөнхболд, хамтран зээлдэгч Э.Номгонжаргал нартай 2015 оны 5 сарын 23-ны өдөр ЗГ-16/1/133а дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан 2016 оны 10 сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний хугацааг 2017 оны 11 сарын 28-ны өдөр хүртэл 6 сараар сунгасан хэмээн уг гэрээг нотлох баримтаар ирүүлсэн байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 138 дугаар тал/

 

Зээл хүсэгч Б.Мөнхболд, хамтран зээлдэгч Э.Номгонжаргал нар 2017 оны 12 сарын 15-ны өдөр Грийн инвестмент ББСБ ХХК-д хувийн хэрэгцээнд зориулан 11.300.000 төгрөгийн зээл хүссэн өргөдөл гаргасан тул нэхэмжлэгч Грийн инвестмент ББСБ ХХК мөн өдөр нь тэдэнтэй ЗГ-17/1/133 тоот зээлийн гэрээ байгуулсан гэжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 43 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Грийн инвестмент ББСБ ХХК нь зээлдэгч Б.Мөнхболд, хамтран зээлдэгч Э.Номгонжаргал нартай 2017 оны 12 сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулан бизнесийн зориулалтаар 11.300.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлэн, уг гэрээний үүргийг 2016 оны 10 сарын 28-ны өдрийн БГҮ-16/1/133 дугаартай барьцааны гэрээний дагуу барьцаалсан Э.Номгонжаргалын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, /13374/ Нарны зам гудамж, 103/2-р байр, зоорийн давхрын 54 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204045108 дугаарт бүртгэлтэй, авто зогсоолоор хангуулахаар тохирсон гэж тайлбарлаж байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 5-10, 152-154 дүгээр тал/

 

Хариуцагч Э.Номгонжаргал 2017 оны 12 сарын 15-ны өдөр Грийн инвестмент ББСБ ХХК-иас зээл аваагүй, зээлийн гэрээн дэх гарын үсэг минийх биш гэж маргасан тул тус шүүхийн шүүгчийн 2020 оны 8 сарын 26-ны өдрийн 16104 дугаар захирамжаар 2017 оны 12 сарын 15-ны өдөр үйлдсэн гэх зээлийн хүсэлт, мөн өдөр байгуулсан гэх ЗГ-17/1/133 дугаар гэрээн дэх гарын үсэг Э.Номгонжаргалынх мөн эсэх талаар дүгнэлт гаргах шинжээчээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг тосилжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 49-57 дугаар тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 сарын 14-ний өдрийн 3647 тоот дүгнэлтэд:

-... Шинжилгээнд ирүүлсэн 2017.12.15-ны өдрийн ЗГ-17/133 дугаартай зээлийн гэрээ, 2017.12.15-ны өдрийн зээлийн хүсэлт гэсэн баримтанд зурагдсан шинжилж буй гарын үсгүүд харьцуулах загварт ирүүлсэн Э.Номгонжаргалын гэх гарын үсгийн загваруудтай хөдөлгөөний үйлдэц, хөдөлгөөний хэлбэр, хөдөлгөөний чиглэл, хөдөлгөөний хэмжээ зэрэг элемент гүйцэтгэлийн хувийн онцлог шинж тэмдгүүрээ тохирч байна гэжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 63-77 дугаар тал/

 

Хариуцагч Э.Номгонжаргал нь нэхэмжлэгч Грийн инвестмент ББСБ ХХК-тай байгуулсан гэх 2017 оны 5 сарын 23-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ЗГ-16/1/133а дугаартай гэрээ, 2017 оны 12 сарын 15-ны өдөр ЗГ-17/1/133 дугаартай гэрээг тус тус байгуулсныг шүүхэд хариуцагчаар дуудагдах үед мэдсэн. Уг гэрээнүүдэд миний гарын үсгийг дуурайлган зурсан байсан. Би очиж зээл аваагүй, гарын үсэг зураагүй гэж марган дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилон дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан байна.

Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 2 сарын 5-ны өдрийн 2270 дугаар захирамжаар:

-Грийн инвестмент ББСБ ХХК болон Э.Номгонжаргалын нарын хооронд 2017 оны 5 сарын 23-ны өдөр байгуулагдсан гэх Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ЗГ-16/1/133а дугаартай гэрээ,

-2017 оны 12 сарын 15-ны өдөр үйлдсэн гэх зээлийн хүсэлт,

-мөн өдөр байгуулсан гэх ЗГ-17/1/133 дугаар бүхий зээлийн гэрээнүүд дэх Энхбаярын Номгонжаргал гэж зурсан гарын үсэг Э.Номгонжаргалын үсэг мөн эсэх талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргах шинжээчээр томилжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 130-135 дугаар тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2021 оны 4 сарын 5-ны өдрийн 802 тоот дүгнэлтэд:

-2017 оны 12 сарын 15-ны өдрийн зээлийн хүсэлт,

-2017 оны 5 сарын 23-ны өдрийн ЗГ-16/1/133а дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ,

-2017 оны 12 сарын 15-ны өдрийн зээлийн гэрээ, зээлийн гэрээний хавсралт 1 зэрэг баримтууд дахь шинжилж буй гарын үсгүүд нь Э.Номгонжаргалын гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй гэжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 176-187 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Грийн инвестмент ББСБ ХХК нь дээрхи дүгнэлтүүдтэй холбоотой дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул тус шүүхийн шүүгчийн 2021 оны 6 сарын 24-ний өдрийн 10169 дугаартай захирамжаар доорхи асуудлаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргах шинжээчээр томилсон байна.

Үүнд:

-Грийн инвестмент ББСБ ХХК болон Э.Номгонжаргалын нарын хооронд 2017 оны 5 сарын 23-ны өдөр байгуулагдсан гэх Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ЗГ-16/1/133а дугаартай гэрээ,

-2017 оны 12 сарын 15-ны өдөр үйлдсэн гэх зээлийн хүсэлт,

-мөн өдөр байгуулсан гэх ЗГ-17/1/133 дугаар бүхий зээлийн гэрээнүүд дэх Энхбаярын Номгонжаргал гэж зурсан гарын үсэг Э.Номгонжаргалын үсэг мөн эсэх.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 203-208 дугаар тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2021 оны 8 сарын 30-ны өдрийн 1950 тоот дүгнэлтэд:

-... 2017.12.15 огноотой зээлийн хүсэлт гэсэн, 2017.05.23 гэсэн огноотой, ЗГ-16/1/133а дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ гэсэн болон 2017.12.15 гэсэн огноотой, ЗГ-17/1/133 дугаартай Зээлийн гэрээ гэсэн баримтуудад тус тус зурагдсан шинжилж буй гарын үсгүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Э.Номгонжаргалын гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирохгүй байна гэжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 211-223 дугаар тал/

 

1995 оны 10 сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно, 21.4-т Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно,

2021 оны 07 сарын 01-ний өдрийн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно, 19.4Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийг зээлжих эрх, зээлийн карт, зээлийн шугам зэрэг хэлбэрээр, техникийн хэрэгсэл, программ хангамж ашиглан олгож болно, 19.5Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно, 19.6Зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно гэж тус тус заажээ.

 

Зээлдүүлэгч Грийн инвестмент ББСБ ХХК нь 2017 оны 12 сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлдэгч Э.Номгонжаргалд дээрх хуульд заасны дагуу зээл олгосон эсэх нь тодорхойгүй, тус байгууллагаас зээл хүссэн гэх 2015 оны 12 сарын 15-ны өдрийн зээлийн хүсэлт, 2017 оны 5 сарын 23-ны өдрийн ЗГ-16/1/133а дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ, мөн 2017 оны 12 сарын 15-ны өдрийн ЗГ-17/1/133 дугаартай зээлийн гэрээ зэрэг баримтууд дахь хамтран зээлдэгч Э.Номгонжаргал гэсэн гарын үсэг хариуцагч Э.Номгонжаргалын гарын үсэг биш болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн дээр дурдсан дүгнэлтүүдээр тогтоогдлоо.

 

Нэхэмжлэгч Грийн инвестмент ББСБ ХХК нь 2017 оны 12 сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний дагуу олгосон гэх 11.300.000 төгрөгийг хамтран зээлдэгч Э.Номгонжаргалд бус өөр этгээдэд олгосон нь кассын зарлагын баримтад тусгагджээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 10, 85, 137, 139-140 дүгээр тал/

 

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Грийн инвестмент ББСБ ХХК болон хариуцагч буюу зээлдэгч Э.Номгонжаргал нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан, тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзэхээргүй байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй,

мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Грийн инвестмент ББСБ ХХК болон хариуцагч буюу зээлдэгч Э.Номгонжаргал нарын хооронд зээлийн харилцаа үүсээгүй, дээр дурдсан үндэслэлүүд тогтоогдсонгүй.

Иймд хариуцагч Э.Номгонжаргалд холбогдох 22.820.778 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Э.Номгонжаргалын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, /13374/ Нарны зам гудамж, 103/2-р байр, зоорийн давхрын 54 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204045108 дугаарт бүртгэлтэй, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэгч Грийн инвестмент ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, Нарны Зам гудамж, 103/2-р байр, 70 тоотод Б.Мөнхболд оршин суудаггүй тул тус шүүхийн шүүгчийн 2019 оны 12 сарын 30-ны өдрийн 418 дугаартай захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тул түүнийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гэжээ.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 сарын 31-ний өдрийн 266 дугаартай шийдвэрээр Батбазарын Мөнхболдыг эрэн сурвалжлан оршин суугаа хаягийг нь олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтэст даалгасны дагуу эрэн сурвалжлах ажиллагааг цагдаагийн байгууллага гүйцэтгэж байгаа талаар нэхэмжлэгч тал тайлбарласан болохыг дурдлаа.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 238-239 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч Грийн инвестмент ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч цагдаагийн байгууллага ажлаа гүйцэтгэхгүй байгаа хэмээн тайлбарласан ба үүнтэй холбоотой хүсэлтээ нэхэмжлэгч тал холбогдох газарт нь гаргах эрхтэй болно.

 

Нэхэмжлэгч Грийн инвестмент ББСБ ХХК нь Б.Мөнхболдолд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй болохыг дурдлаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Э.Номгонжаргалд холбогдох 22.820.778 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Э.Номгонжаргалын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, /13374/ Нарны зам гудамж, 103/2-р байр, зоорийн давхрын 54 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204045108 дугаарт бүртгэлтэй, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэгч Грийн инвестмент ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Грийн инвестмент ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 342.253 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН