Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2021/01576

 

 

 

 

 

 

 

 

2021 оны  08 сры    17 өдөр

                         181/ШШ2021/01576

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ц.Д

 

Нэхэмжлэгч: Ц.Т нарын  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: х Б Х З Х Т Б А А нд холбогдох

 

Бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээд: С Т  ХХК

 

Бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээд: К Б ХХК  Б Э Х А

 

Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Их тойруугийн 86 б байрны зоорийн давхарын №5, 10, 12 тоот авто машины зогсоолыг битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, тус эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлүүлэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Золзаяа, Н.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнгөнзаяа, Г.Баярхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Т  нь Ситико аудит ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний дагуу Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо их тойруугийн  86а байрны зоорийн давхрын 10, 12 тоот авто машины зогсоолыг худалдаж авсан. Гэтэл Ситико аудит ХХК нь өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөхгүй байсан тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж Ц.Т ыг тус авто зогсоолуудын өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэр гарсны дараа Ц.Т  удаа дараа Ситико аудит ХХК-д өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгнө үү гэж хандсан боловч авто зогсоол барьцаанд байгаа гэсэн үндэслэлээр гаргаж өгөхөөс татгалзсан. Одоо тус зогсоолууд барьцаанд байгаа учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.2 дахь хэсэгт заасны дагуу автомашины зогсоолуудыг битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж өгнө үү.

Ц.Д  нь 2008 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Ситико аудит ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Сүхбаатар дүүрэг 10 дугаар хороо Их тойруугийн 86б байрны зоорийн давхрын 5 тоот авто машины зогсоолыг худалдан авсан. Гэвч Ситико аудит ХХК нь эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Ц.Д ын нэр дээр шилжүүлж өгөхгүй байсан учир шүүхэд хандан Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Их тойруугийн 86б байрны зоорийн давхрын 5 тоот авто машины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж Ц.Д ыг 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тус зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн.

Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Капитал банкны нэхэмжлэлтэй, С Т  ХХК-д холбогдох Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1242 дугаартай шүүгчийн захирамжид 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн Ц.Д ын өмчлөлийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах ажиллагаа явуулж байгаа нь Ц.Д ын эрхийг зөрчиж байна.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.2-д заасныг тус тус үндэслэн Ц.Д ын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг 10 дугаар хороо Их тойруугийн 86б байрны зоорийн давхрын 5 тоот авто машины зогсоолыг битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна ” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1242 дугаар захирамжаар С Т  ХХК-аас 1,608,612,950 төгрөгийг гаргуулж Капитал банканд олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан. С Т  ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй улсын бүртгэлийн Ү-2203018591 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 07 дугаар хороолол, 86а байрны зоорийн давхрын 254,5 мкв гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан. Дээрх үл хөдлөх эд хөрөнгө буюу авто зогсоол нь шүүхийн шийдвэрийн дагуу Капитал банканд барьцаалсан 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 407 дугаар барьцааны гэрээ хүчин төгөлдөр байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлд зааснаар хөрөнгийг битүүмжилж, худалдан борлуулах ажиллагааг зохион байгуулж явуулж байгаа. Иймд барьцааны хөрөнгө хүчин төгөлдөр байгаа, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү ” гэв.

 

Бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээд С Т  ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй Ц.Д  нарын нэхэмжлэлтэй Б Х З Х Т Б А А нд холбогдох иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ситикотур ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж оролцох бөгөөд дараах тайлбарыг гаргаж байна.

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1242 дугаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулан өнөөдрийг хүрсэн.

Тус захирамжид зааснаар С Т  ХХК болон иргэн Л.Энхжаргап нарын зээлийн гэрээний барьцаанд бариулсан Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Их тойруу, 86 дугаар байрны зоорийн давхарт байрлах 254 м.кв талбай бүхий гараашийн хэсгийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Тухайн үл хөдлөх хөрөнгийн тодорхой хэсэг болох 5, 10, 12 гараашууд нь Ситико аудит ХХК-ийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээтэй боловч Ситико аудит ХХК нь иргэн Ц.Д , Ц.Т  нартай 2008 онд худалдах, худалдан авах гэрээ байгуулж мөн иргэний шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөх эрхээ баталгаажуулсан байна.

Мөн шүүгчийн захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 7/1231 болон 7/1235 дугаартай албан бичигт дурдсанаар барьцааны эрх дуусгавар болсон бөгөөд үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон байна. Иймээс манай компанийн зүгээс дээрх үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулахад татгалзах зүйлгүй бөгөөд нэгэнт өмчлөгч этгээдүүдийн эрх ашиг зөрчигдөж байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд К Б ХХК  Б Э Х А  нь шүүхэд тайлбар ирүүлээгүй болно.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Ц.Д , Ц.Т  нар нь хариуцагч Б Х З Х Т Б А А нд холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Их тойруу 86 Б байрны зоорийн давхарт байрлах 5, 10, 12 дугаар авто машины зогсоолыг битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Хариуцагч Б Х З Х Т Б А А  нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1242 дугаар захирамжаар С Т  ХХК, Л.Энхжаргал нараас 1,608,612,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч  Капитал банкинд төлөхөөр шийдвэрлэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 279 дүгээр Шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол”-р шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ.

 

2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 17280355/06 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Их тойруу 86 Б байрны зоорийн давхарт байрлах авто машины зогсоолыг  битүүмжлэн авч, тэмдэглэл үйлдсэн ба уг үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 17280355/11 тоот тогтоолоор хураан авсан болох нь нотлогдож байна.

 

Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Их тойруу 86 Б байрны зоорийн давхарт байрлах авто машины зогсоол нь 254,5 м.кв талбайтай бөгөөд 5, 10, 12 дугаар авто зогсоол гэж улсын бүртгэлд салж бүртгэгдээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Ц.Д ыг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 5993 дугаар захирамжаар Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Их тойруу 86 Б байрны зоорийн давхарт байрлах 5 дугаар авто машины зогсоолын өмчлөгчөөр тогтоосон, нэхэмжлэгч Ц.Т ыг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 5825 дугаар шийдвэрээр Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Их тойруу 86 Б байрны зоорийн давхарт байрлах 10, 12 дугаар авто машины зогсоолын өмчлөгчөөр тус тус тогтоосон байна.

 

Нэхэмжлэгч нарын төлөөлөгч нь “Шүүхийн шийдвэр гарсны дараа Капитал банкнаас барьцаанаас чөлөөлөхөөр талууд тохиролцож, 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1/1951  тоот албан бичгээр барьцаанаас чөлөөлсөн, улсын бүртгэлд Сүхбаатар дүүрэг 10 дугаар хороо, Их тойруу, 86 Б байрны зоорийн давхарт байрлах 5, 10, 12 дугаар авто машины зогсоол барьцааны үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдээгүй байгаа тул барьцаа гэж үзэхгүй, барьцаанаас чөлөөлөх үндэслэлтэй гэж Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д зааснаар битүүмжлэлээс чөлөөлж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, хариуцагч нь “шүүхийн шийдвэрт үүрэг гүйцэтгүүлэхээр нэрлэн заасан хөрөнгө тул ажиллагаа явуулах хуулийн зохицуулалттай. Капитал банкны эрх хүлээн авагчаас уг хөрөнгөд ногдох төлбөрөөс татгалзах хүсэлт ирүүлээгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлийг тус тус тайлбарласан.

 

Нэхэмжлэгч нар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй гэж гомдол гаргаагүй ба нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл болгож байгаа Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж заасныг шаардаж байгаа нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу явагдаж байгаа ажиллагаанд энэхүү зохицуулалтыг хэрэглэх боломжгүй бөгөөд Иргэний хэргийн шүүх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явагдсан эсэхийг хянах хуулийн зохицуулалтай.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д “Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно” гэж заажээ.

 

2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1/1951  тоот албан бичгээр барьцаанаас чөлөөлөх албан бичиг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад саад болохгүй.

 

Түүнчлэн, Ц.Д  нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 5993 дугаар захирамжаар  Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Их тойруу 86 Б байрны зоорийн давхарт байрлах 5 дугаар авто машины зогсоолын өмчлөгчөөр тогтоогдсон, нэхэмжлэгч Ц.Т  нь  Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 5825 дугаар шийдвэрээр Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Их тойруу 86 Б байрны зоорийн давхарт байрлах 10, 12 дугаар авто машины зогсоолын өмчлөгчөөр тогтоогдсон боловч барьцааны шаардах эрхийн дагуу шүүхийн шийдвэрт нэрлэн заасан үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч Капитал банкны эрх хүлээн авагчаас тухайн эд хөрөнгөд ногдох төлбөр барагдсан гэж хүсэлт гаргаагүй тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлөх боломжгүй байна.

 

Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Их тойруу 86 Б байрны зоорийн давхарт байрлах 5, 10, 12 тоот авто машины зогсоолын гэрчилгээ тусдаа гараагүй учир тухайн эд хөрөнгөд ногдох хэсгийг тусгаарлан чөлөөлөх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд, нэхэмжлэгч Ц.Д , Ц.Т  нар нь хариуцагч Б Х З Х Т Б А А нд холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Их тойруу 86 Б байрны зоорийн давхарт байрлах 5, 10, 12 дугаар авто машины зогсоолыг битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Д , Ц.Т  нарын хариуцагч Б Х З Х Т Б А А нд холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Их тойруу 86 Б байрны зоорийн давхарт байрлах 5, 10, 12 дугаар авто машины зогсоолыг битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 14 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ЭНХБАЯР