Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/01605

 

 

Ц.Д-, Ц.Т- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2021/01576 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Д-, Ц.Т- нарын нэхэмжлэлтэй хариуцагч ББХЗХТБАА-нд холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Их тойруугийн 86б байрны зоорийн давхарын №5, 10, 12 тоот автомашины зогсоолыг битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, тус эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтуяа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Капитал банк” ХХК-ийн эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Т- нь “Ситико аудит” ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний дагуу Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Их тойруугийн 86а байрны зоорийн давхрын 10, 12 тоот авто зогсоолыг худалдаж авсан. Гэтэл “Ситико аудит” ХХК нь өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөхгүй байсан тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж Ц.Т-ыг тус авто зогсоолуудын өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэр гарсны дараа Ц.Т- удаа дараа “Ситико аудит” ХХК-д өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар хандсан боловч авто зогсоол барьцаанд байгаа гэх үндэслэлээр гаргаж өгөхөөс татгалзсан. Одоо тус зогсоолууд барьцаанд байгаа учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.2 дахь хэсэгт заасны дагуу авто зогсоолуудыг битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж өгнө үү. Мөн Ц.Д- нь 2008 оны 7 дугаар сарын 31-ний өдөр “Ситико аудит” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Их тойруугийн 86б байрны зоорийн давхрын 5 тоот авто зогсоолыг худалдан авсан. Гэвч “Ситико аудит” ХХК нь эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Ц.Д-ын нэр дээр шилжүүлж өгөхгүй байсан учир шүүхэд хандан Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Их тойруугийн 86б байрны зоорийн давхрын 5 тоот авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж Ц.Д-ыг 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тус зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь “Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Ситико тур” ХХК-д холбогдох Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 1242 дугаартай шүүгчийн захирамжид 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн Ц.Д-ын өмчлөлийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах ажиллагаа явуулж байгаа нь Ц.Д-ын эрхийг зөрчиж байна. Иймд Ц.Д-ын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг 10 дугаар хороо, их тойруугийн 86б байрны зоорийн давхрын 5 тоот авто зогсоолыг битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 1242 дугаар захирамжаар “Ситико тур” ХХК-аас 1 608 612 950 төгрөгийг гаргуулж Капитал банкинд олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан. “Ситико тур” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй улсын бүртгэлийн Ү-2203018591 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 07 дугаар хороолол, 86а байрны зоорийн давхрын 254,5 м.кв гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан. Дээрх үл хөдлөх эд хөрөнгө буюу авто зогсоол нь шүүхийн шийдвэрийн дагуу Капитал банкинд барьцаалсан 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 407 дугаар барьцааны гэрээ хүчин төгөлдөр байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлд зааснаар хөрөнгийг битүүмжилж, худалдан борлуулах ажиллагааг зохион байгуулж явуулж байгаа. Иймд барьцааны хөрөнгө хүчин төгөлдөр байгаа, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээд “Ситико тур” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж оролцох бөгөөд дараах тайлбарыг гаргаж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 1242 дугаар шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан. Тус захирамжид зааснаар “Ситико тур” ХХК болон иргэн Л.Энхжаргап нарын зээлийн гэрээний барьцаанд бариулсан Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Их тойруу, 86 дугаар байрны зоорийн давхарт байрлах 254 м.кв талбай бүхий гараашийн хэсгийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Тухайн үл хөдлөх хөрөнгийн тодорхой хэсэг болох 5, 10, 12 гараашууд нь “Ситико аудит” ХХК-ийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээтэй боловч “Ситико аудит” ХХК нь иргэн Ц.Д-, Ц.Т- нартай 2008 онд худалдах, худалдан авах гэрээ байгуулж, мөн иргэний шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөх эрхээ баталгаажуулсан. Мөн шүүгчийн захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 7/1231 болон 7/1235 дугаартай албан бичигт дурдсанаар барьцааны эрх дуусгавар болсон бөгөөд үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон байна. Иймээс манай компанийн зүгээс дээрх үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулахад татгалзах зүйлгүй бөгөөд нэгэнт өмчлөгч этгээдүүдийн эрх ашиг зөрчигдөж байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Д-, Ц.Т- нарын хариуцагч ББХЗХТБАА-нд холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Их тойруу 86б байрны зоорийн давхарт байрлах 5, 10, 12 дугаар авто машины зогсоолыг битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заалтуудыг тус тус зөрчсөн. Иргэн Ц.Д- нь 2008 оны 7 дугаар сарын 31-ний өдөр “Ситика аудит” ХХК- тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Их тойруугийн 86б байрны зоорийн давхарын №5 тоот авто зогсоолыг худалдан авсан. Шүүхээс 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тус зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн. Иргэн Ц.Т- нь “Ситика аудит” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний дагуу Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Их тойруугийн 86а байрны зоорийн давхарын 10, 12 тоот авто зогсоолуудыг тус тус худалдан авсан. Шүүхээс 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тус зогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь “Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Ситика тур” ХХК-д холбогдох Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 1242 дугаартай шүүгчийн захирамжид 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн бидний өмчлөлийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах ажиллагаа явуулж байгаа нь бидний өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн бөгөөд нэгэнт дуусгавар болсон үүрэг дээр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь хууль бус юм. Гэтэл анхан шатны шүүхээс хариуцагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан бөгөөд битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасах үндэслэлгүй гэж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй. Хавтаст хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн газраас ирсэн баримтанд маргаан бүхий авто зогсоол нь үүрэг ногдуулсан хэлцлээс чөлөөлсөн болохыг дурдсан байдаг. Тус баримтаас харахад барьцааны гэрээний үүрэг дуусгавар болсон байдаг. Гэтэл шүүх уг баримтыг үнэлээгүй. Мөн хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж “Капитал банк” ХХК болон “Ситика тур” ХХК нарын хооронд байгуулсан 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох хүсэлт гаргасан боловч шүүхээс хүсэлтийг хангахаас татгалзсан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байгааг зөвтгөн өөрчлөлт оруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Ц.Д-, Ц.Т- нар нь хариуцагч ББХЗХТБАА-нд холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Их тойруу 86б байрны зоорийн давхарт байрлах 5, 10, 12 дугаар автозогсоолыг битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1242 дугаар захирамжаар Ситико тур ХХК, Л.Энхжаргал нараас 1 608 612 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Капитал банк” ХХК-д төлөхөөр шийдвэрлэсэн /хх 36-38/ бөгөөд төлбөр төлөгч нар шүүхийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн /хх 34-35/ 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШЗ2017/03309 дугаар шүүгчийн захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 181/ГХ2017/00279 дугаартай гүйцэтгэх хуудас, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №17280355 шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол /хх 39/, улмаар шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 17280355/06 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор барьцааны хөрөнгийг битүүмжлэн, хураах зэрэг ажиллагааг явуулсан байна. /хх 40-41/

 

Хэрэгт Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 5993 дугаар шүүгчийн захирамжаар Ц.Д- нь Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Их тойруу 86а байрны зоорийн давхрын 5 тоот автозогсоолын /хх10-11/, мөн шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 5825 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Ц.Т- нь тус хаягт байрлах 10, 12 тоот автозогсоолын /хх 110-11/ өмчлөгчөөр тус тус тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр авагдсан байна.

 

Хэргийн 248 дугаар талд “Капитал банк” ХХК-иас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн газарт хандсан 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1/1951 тоот албан бичиг авагдсан байна. Уг албан бичигт зээлийн болон барьцааны гэрээгээр зээлийн барьцаанд тавигдсан Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Их тойруу 86а байрны зоорийн давхрын 5, 10, 12 тоот автозогсоол болох үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлүүлэх талаар хүсэлтийг барьцаалагчаас хүргүүлсэн байна.  

 

Дээрх тохиолдолд Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2-т “барьцаалагч барьцааны зүйлээс татгалзсан тухай барьцаалуулагч буюу өмчлөгчид мэдэгдсэн” гэж заасны дагуу "Капитал банк” ХХК-ийн зүгээс уг хүсэлтийг гаргасан тэр үеэс эхлэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн барьцааны эрх дуусгавар болсон гэж үзнэ.

 

Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад “Ситико тур” ХХК-ийн өмчлөлд байхгүй бусдын өмчлөлийн зүйлийг битүүмжилсэн нь хууль бус болсон байх тул нэхэмжлэгч Ц.Д-, Ц.Т- нар нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй юм. Иймээс нэхэмжлэгч Ц.Д-, Ц.Т- нарын хариуцагч ББХЗХТБАА-нд холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Их тойруугийн 86б байрны зоорийн давхарын №5, 10, 12 тоот автомашины зогсоолыг битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, тус эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Иймд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, үүнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад зохих өөрчлөлт хийх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2021/01576 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Д-, Ц.Т- нарын хариуцагч ББХЗХТБАА-нд холбогдуулан гаргасан Ц.Д-ын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Их тойруу 86б байрны зоорийн давхарт байрлах 5 тоот, мөн хаягт байрлах Ц.Т-ын өмчлөлийн 10, 12 тоот автозогсоолыг битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасч, эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.” гэж өөрчлөн найруулж, 3 дахь заалтын ...үлдээсүгэй гэснийг ...үлдээж, хариуцагчаас 140 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Д-, Ц.Т- нарт олгосугайгэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтуяа давж заалдах журмаар гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ж.ОЮУНТУНГАЛАГ

                          

                           ШҮҮГЧИД                                             Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                         Д.ЦОГТСАЙХАН