Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2021/01586

 

 

 

 

 

 

 

 

2021 оны  08 сры    18 өдөр

                         181/ШШ2021/01586

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М У Х Б  ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч Б  ХХК -д холбогдох

 

Дамжуулан зээлдүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,095,662,849 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаяр, Б.Ганбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоо, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М У Х Б  нь Ч Б  ХХК-тай 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр З-АШ-2014-93 дугаартай дамжуулан зээлдүүлэх гэрээг байгуулж жилийн 5 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай, 13,000,000,000 төгрөгийн санхүүжилтийг дамжуулан олгож хамтран ажилласан. Дээрх гэрээний хавсралтаар батлагдсан эргэн төлөлтийн хуваарийн дагуу Ч Б  ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр сүүлийн төлбөрийг төлж, хөтөлбөр дуусах ёстой байсан боловч өнөөдрийн байдлаар зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох 1,095,662,849.95 төгрөгийн өрийн үлдэгдлийн зөрчил үүсгээд байна.

Тус банкны арьс шир хөтөлбөрт 5 дэд зээлдэгч хамрагдсан бөгөөд 2018 онд М У Х Б наас хийсэн хяналт шалгалтаар тухайн 5 дэд зээлдэгчийн хувьд зээлийг зориулалтын дагуу ашигласан, зээл эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөж байна гэсэн дүгнэлт гарсан ба 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн М У Х Б наас хийсэн хяналт шалгалтаар тухайн 5 дэд зээлдэгч зээлээ бүрэн төлж, зээлээ хаасан. М У Х Б  нь 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Ч Б  ХХК-д дэд зээлдэгч нарын урьдчилсан төлсөн, банкны дамжуулан зээлийн өрийн үлдэгдэл болох 1,095,662,849.95 төгрөгийг төлөх талаар мэдэгдэл, шаардлагыг хүргүүлж ажилласан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Иймд Ч Б  ХХК-аас 1,095,662,849.95 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Чингис хаан банк ХХК-тай байгуулсан мөнгөн хадгаламж байршуулах 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн З-АШ-2014-93 дугаартай дамжуулан зээлдүүлэх гэрээний зээл, хүүгийн тооцооллыг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар гаргаж өгсөн байгаа ” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дамжуулан зээлдүүлэх гэрээний 4.5 дахь хэсэгт зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд Хөгжлийн банк нь зээлдэгчээс гаргасан энгийн векселийг хэрэгжүүлж, төлбөрийг бүрэн хангуулна гэж заасан. Зээлдэгч хамгийн түрүүнд уг хэрэгтэй холбогдуулаад энгийн векселээр зээлийн төлбөрийг хангуулах эрх нь нээлттэй. Энэ баримт нь хавтаст хэргийн 176 дугаар талд авагдсан байгаа. Хөгжлийн банкны шалгалтын 2 дахь хэсгийн тайлан дээр Ч Б ны зээлийн барьцааны үлдэгдэл энгийн векселийн нийт 2 вексел бүртгэгдсэн бөгөөд 1,034,000,000 төгрөг гэж тодорхой зааж өгсөн. Уг бүртгэлийн дагуу хариуцагчийг шүүхэд өгөхгүйгээр Монголбанканд хандах замаар энгийн векселээр төлбөрийг хангуулах боломж нэхэмжлэгч талд байгаа.

Дамжуулан зээлдүүлэх гэрээний 2.1.6 дахь хэсэгт нэмэгдүүлсэн хүүг тодорхойлж өгөхдөө гэрээний 2.1.2-т заасан хүүгийн 20 хувьтай тэнцүү байна. Зээлдэгч эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд зээлийн хүү, үндсэн төлбөрийг төлөөгүй бол хүү болон үндсэн төлбөр хийх хуваарьт өдрийн дараагийн өдрөөс эхлэн төлөөгүй үндсэн төлбөрийн дүнгээс энэхүү гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд нэмэгдүүлсэн хүүг тооцно. Гэрээнд заасан зээлийн хүүн дээр нэмж төлөхөөр талууд тохиролцов гэж заасан. Нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувь байхаар зааснаас биш хоног тутамд хэдэн хувиар тооцож 20 хувьд хүргэх юм гэдгийг зааж өгөөгүй. Нэмэгдүүлсэн хүүг тооцох ёстой байтал хоног тутам болон өдөр тутамд гэж зааж өгөөгүй, хэдэн хувийн хүү тооцохоо огт дурдаагүй. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ нэмэгдүүлсэн хүү нь 20 гаруй сая төгрөг байгаа бөгөөд хоног тутамд хэдэн хувиар тооцож гаргаж ирсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл М У Х Б  ХХК нь тооцооллыг яаж гаргаж ирсэн, мөн Ч Б  ХХК-тай яаж хийх талаар тохиролцсон нь ойлгомжгүй байхад нэмэгдүүлсэн хүүг өөрсдийн сайн дурын үндсэн дээр тооцож оруулж ирсэн нь үндэслэлгүй байна.

Векселтэй холбоотой урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг М У Х Б наас авч хэрэгжүүлээгүй. Монголбанканд дамжуулан зээлдүүлэх төлбөрийг төлөхтэй холбоотой асуудлыг ярьснаас бус векселээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эсвэл вексел дээр тодорхой төлбөрүүдийг баталгаа болгосон асуудлыг урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа явуулах боломжтой талаар дурдаагүй. Өөрөөр хэлбэл М У Х Б  урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг огт хийгээгүй. Гэтэл нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь Ч Б  ХХК-ийг төлбөрөө бүрэн төлөөгүй юм шиг харагдуулж, өөрсдийн авах боломжтой байсан арга хэмжээг авахгүйгээр шүүх хуралдаанд орж ирсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М У Х Б  ХХК нь хариуцагч Ч Б  ХХК-д холбогдуулан зээл, зээлийн хүүд нийт 1,095,662,849 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

 

Шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс векселээс төлбөр барагдуулна гэж тохиролцсон, зээлийн үндсэн төлбөрт 2,000,000 төгрөгийг зөрүүтэй гэж эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

М У Х Б  ХХК болон Ч Б  ХХК-ийн хооронд 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр З-АШ-2014-93 тоот гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан гэрээ байгуулагдсан байна.

 

Зээлдүүлэгч М У Х Б  ХХК нь Улсын Их Хурлын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 74 дүгээр тогтоол, Засгийн газрын 2013 оны 117, 308 дүгээр тогтоол, 2014 оны 217 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гүн боловсруулах зорилгоор арьс, шир худалдаж авах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тоног төхөөрөмж шинэчлэх”-ийн хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдэд дэд зээл олгох хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээс зээлдэгчээр дамжуулан зээл олгох, зээлдэгч Ч Б  ХХК нь төслийг өөрийн бодлого, журмын дагуу судалж, зээлийн хорооны хурлаар ангиллыг тогтоон шийдвэр гаргаж, зээл олгох хүсэлтийг зээл олгох эцсийн шийдвэрийн хамт тухай бүр зээлдүүлэгчид хүргүүлэх, 5 жил хүртэл хугацаанд шаардлага хангасан төсөл хэрэгжүүлэгчдэд олгосон зээлийг төлөх хүртэл хугацаанд жилийн 5%-ийн хүүгийн 20%-тай тэнцүү нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон байна.

 

             Зээлийн гэрээний талууд гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж, баталгаажуулсан байх тул шүүх эдгээр гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 451 дүгээр зүйлийн 451.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д тус тус заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

            Дамжуулан зээлдүүлэх гэрээний дагуу нэхэмжлэгч 13,009,106,953 төгрөгийн зээлийг олгож, үүнээс 11,980,957,986 төгрөгийн зээлийг төлсөн ба хариуцагч одоо зээлийн үлдэгдэл төлбөр 1,028,148,966 төгрөг, зээлийн хүү 56,432,722 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,081,161 төгрөг, нийт 1,095,662,849 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан.

 

            Зохигчдын хооронд байгуулагдсан дамжуулан зээлдүүлэх гэрээний хугацаа 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээлийг бодогдсон хүүгийн хамт буцаан шаардсан бол хариуцагч төлөгдсөн зээлд 2,000,000 төгрөгийн зөрүү байгаа талаар маргасан бөгөөд үндсэн зээл, хүүгийн тооцоолол зөрүүгүй, мөн  Ч Б  ХХК-аас 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 13/229 тоот албан бичигт “...Өнөөдрийн байдлаар 1,028,148,966 төгрөгийн үлдэгдэлтэй байна” гэж зээлийн үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй.

 Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.1 /зээлдэгчийн үүрэг/ 5.1.1-д “Зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг энэхүү гэрээний 4.1-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу, хугацаа хоцорсон тохиолдолд нэмэгдүүлсэн хүүгийн хамт дэд зээлдэгч дэд зээлийг төлсөн эсэхээс үл хамааран бүрэн төлөх” гэж заасан бөгөөд дэд зээлдэгч буюу төсөл хэрэгжүүлэгч төлсөн эсэхээс үл хамааран зээлийн гэрээний дагуу зээлийг төлөх үүргийг Ч Б  ХХК хүлээжээ.

 

Хариуцагч Ч Б  ХХК нь “...Дамжуулан зээлдүүлэх гэрээнд зааснаар векселийг хэрэгжүүлж, төлбөрийг бүрэн барагдуулахаар тохиролцсон. Бид төлбөрийг өөрийн эх үүсвэрээр олгосон хэвийн зээлийн багц шилжүүлэх саналыг хүргүүлж байсан. Хөгжлийн банк нь энгийн векселээр төлбөр барагдуулах ёстой” гэж маргасан.

 

Векселийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Вексельд заасан төлбөрийг төлбөрийн хугацаа дууссаны дараахь ажлын 2 хоногийн дотор хийгээгүй тохиолдолд вексель эзэмшигч нь төлбөр хариуцагч, түүний батлан даагчаас төлбөрийг үл маргалдах журмаар гаргуулан авах эрхтэй.  Энэ тохиолдолд төлбөр хариуцагчийн харилцах данс байгаа банк хүчин төгөлдөр векселийг үндэслэн төлбөр хариуцагчийн данснаас төлбөрийг гаргаж өгөх үүрэг хүлээнэ” гэж, Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.5-д “Зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд Хөгжлийн банк нь Зээлдэгчээс гаргасан энгийн векселийг хэрэгжүүлж, төлбөрийг бүрэн хангуулна” гэж тус тус заажээ.

 

Чингис Хаан банк нь энгийн векселд заасан төлбөрийг хариуцагчаас гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тул Чингис хаан банк ХХК-аас зээлийн гэрээний үүргийг мөнгөн хэлбэрээр шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.

 

Иймд, Чингис Хаан банк ХХК-аас зээлийн үлдэгдэл төлбөр 1,028,148,966 төгрөг, зээлийн хүү 56,432,722 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,081,161 төгрөг, нийт 1,095,662,849 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М У Х Б  ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Ч Б  ХХК-аас 1,095,662,849 төгрөгийг гаргуулж М У Х Б  ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.16-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 5,636,264 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид энэхүү шийдвэрийг 14 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ                                                С.ЭНХБАЯР