Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01585

 

       

“М” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2021/01586 дугаар шийдвэртэй, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Ч” ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,095,662,849 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК нь “Ч” ХХК-тай 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр дамжуулан зээлдүүлэх гэрээг байгуулж, жилийн 5 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай, 13,000,000,000 төгрөгийн санхүүжилтийг олгож хамтран ажилласан.

Дээрх гэрээний хавсралтаар батлагдсан эргэн төлөлтийн хуваарийн дагуу “Ч” ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр сүүлийн төлбөрийг төлж, хөтөлбөр дуусах ёстой байсан боловч өнөөдрийн байдлаар зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох 1,095,662,849.95 төгрөгийн өрийн үлдэгдлийн зөрчил үүсгээд байна.

Тус банкны “арьс шир” хөтөлбөрт 5 дэд зээлдэгч хамрагдсан бөгөөд 2018 онд “М” ХХК-аас хийсэн хяналт шалгалтаар тухайн 5 дэд зээлдэгчийн хувьд зээлийг зориулалтын дагуу ашигласан, зээл эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөж байна гэсэн дүгнэлт гарсан ба 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “М” ХХК-аас хийсэн хяналт шалгалтаар тухайн 5 дэд зээлдэгч зээлээ бүрэн төлж хаасан байна.

“М” ХХК нь 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр “Ч” ХХК-д дэд зээлдэгч нарын урьдчилан төлсөн, банкны дамжуулан зээлийн өрийн үлдэгдэл болох 1,076,270,818 төгрөгийг төлөх талаар мэдэгдэл, шаардлагыг хүргүүлж ажилласан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Дамжуулан зээлдэх гэрээний зээл хүүгийн тооцоолол 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээл 1,028,148,966 төгрөг, хүү 56,432,722 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,081,161 төгрөг, нийт 1,095,662,849.95 төгрөг болсон тул “Ч” ХХК-аас уг мөнгөн хөрөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дамжуулан зээлдүүлэх гэрээний 4.5 дахь хэсэгт зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд “М” ХХК нь зээлдэгчээс гаргасан энгийн векселийг хэрэгжүүлж, төлбөрийг бүрэн хангуулна гэж заасан.

Зээлдэгч хамгийн түрүүнд уг хэрэгтэй холбогдуулаад энгийн векселээр зээлийн төлбөрийг хангуулах эрх нь нээлттэй. “Ч” ХХК-ийн зээлийн барьцааны үлдэгдэл энгийн векселийн нийт 2 вексел бүртгэгдсэн бөгөөд 1,034,000,000 төгрөг гэж тодорхой зааж өгсөн. Уг бүртгэлийн дагуу хариуцагчийг шүүхэд өгөхгүйгээр Монголбанканд хандах замаар энгийн векселээр төлбөрийг хангуулах боломж нэхэмжлэгч талд байгаа.

Дамжуулан зээлдүүлэх гэрээний 2.1.6 дахь хэсэгт нэмэгдүүлсэн хүүг тодорхойлж өгөхдөө гэрээний 2.1.2-т заасан хүүгийн 20 хувьтай тэнцүү байна. Зээлдэгч эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд зээлийн хүү, үндсэн төлбөрийг төлөөгүй бол хүү болон үндсэн төлбөр хийх хуваарьт өдрийн дараагийн өдрөөс эхлэн төлөөгүй үндсэн төлбөрийн дүнгээс энэхүү гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд нэмэгдүүлсэн хүүг тооцно. Гэрээнд заасан зээлийн хүүн дээр нэмж төлөхөөр талууд тохиролцов гэж заасан. Нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувь байхаар зааснаас биш хоног тутамд хэдэн хувиар тооцож 20 хувьд хүргэх юм гэдгийг зааж өгөөгүй.

Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ нэмэгдүүлсэн хүү нь 20 гаруй сая төгрөг байгаа бөгөөд хоног тутамд хэдэн хувиар тооцож гаргаж ирсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл М ХХК нь тооцооллыг яаж гаргаж ирсэн, мөн Ч ХХК-тай яаж хийх талаар тохиролцсон нь ойлгомжгүй байхад нэмэгдүүлсэн хүүг өөрсдийн сайн дурын үндсэн дээр тооцож оруулж ирсэн нь үндэслэлгүй байна.

Векселтэй холбоотой урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг Мнаас авч хэрэгжүүлээгүй. Монголбанканд дамжуулан зээлдүүлэх төлбөрийг төлөхтэй холбоотой асуудлыг ярьснаас бус векселээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эсвэл вексел дээр тодорхой төлбөрүүдийг баталгаа болгосон асуудлыг урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа явуулах боломжтой талаар дурдаагүй. Өөрөөр хэлбэл М урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг огт хийгээгүй. Гэтэл нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь Ч ХХК-ийг төлбөрөө бүрэн төлөөгүй юм шиг харагдуулж, өөрсдийн авах боломжтой байсан арга хэмжээг авахгүйгээр шүүх хуралдаанд орж ирсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Ч ХХК-аас 1,095,662,849 төгрөгийг гаргуулж “М” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.16-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 5,636,264 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч “М” ХХК-аас шүүхэд гаргаж өгсөн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2/210 тоот “Зээл, зээлийн хүүгийн тооцоолол тулгалт” гэсэн албан бичгээс 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 200,788 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 1,437,683 төгрөгийг тус тус нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт суутган авсан болох нь харагдаж байна. Мөн “Ч” ХХК-иас 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр буюу зээлийн эргэн төлөлтийн хугацаа дууссанаас хойш 5 сарын дараа 1,032,424,211.81 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр буюу үүрэг гүйцэтгэх хугацаа дууссанаас хойш 7 сарын дараа 204,151,033 төгрөгийг тус тус шилжүүлэхэд 1,032,424,211 төгрөгөөс 10,380,906 төгрөг, 204,151,033 төгрөгөөс 12,300,191.63 төгрөгийг тус тус зээлийн хүүгийн төлбөрт суутган авсан байна.

 Дамжуулан зээлдүүлэх гэрээ нь 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 5 жилийн хугацаатай байгуулагдаж 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа дуусгавар болсон. Мөн “Чингис хаан банк” ХХК нь зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгэж чадахгүй болсон талаар нэхэмжлэгч мэдэж байсан гэж мэдүүлдэг юм.

Гэтэл Дамжуулан зээлдүүлэх гэрээнд нэмэгдүүлсэн хүүг үндсэн төлбөрөөс түрүүнд тооцон авахаар заагаагүй байхад зээлийн гэрээний үүргийг уг гэрээний 4.2-т заасан дарааллаар төлүүлэлгүй хууль зөрчиж нэмэгдүүлсэн хүүг эхэлж суутгасан нь үндэслэлгүй байна.

Энэ нь нийт 24,319,596 төгрөгийг хугацаа нь дууссан дамжуулан зээлдүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд тооцон суутган авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгч нь Дамжуулан зээлдүүлэх гэрээний 4.5-д заасны дагуу векселээ шаардсан боловч “Ч” ХХК нь огт төлөөгүй...” гэж шүүх хуралд мэдүүлдэг бөгөөд өнөөдрийн байдлаар вексель хүчинтэй эсэх талаар нэхэмжлэгч огт нотлох баримт гаргаж өгөөгүй байхад “...хариуцагч үүргээ биелүүлээгүй...” гэж шийдвэрлэн шүүгч уг хэргийг бүрэн судлаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс 24,319,596 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2021/01586 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279,550 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                А.МӨНХЗУЛ

 

                                          ШҮҮГЧИД                                Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                           Э.ЗОЛЗАЯА