Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 1918

 

 

Ц.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2018/01599 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Д-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Х-д холбогдох

 

Орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 140 630 төгрөг гаргуулах, орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц.Д,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 01 дүгээр сард Б.Х тай гэрээ байгуулсан. Энэ гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж байна. Нотариатаар орсон. Тэр үед ямар ч маргаан зөрчилгүй энэ гэрээг байгуулсан. Гэрээ байгуулаад Б.Х  төлбөрөө төлөхгүй, сар бүрийн эхэнд төлнө гэж байсан, төлөхгүй байсаар зээл аваад төлнө, сүүлдээ бөөнд нь 2018 оны 5 дугаар сарын сүүлээр төлнө гэдэг байсан. Б.Х  бол төлөхгүй гэж хэлдэггүй байсан. Ямар ч байсан төлнө гэж хэлдэг байсан. Гэрээний хугацаа шүүх хуралдаан удааширсантай холбоотой 2 сараар хэтэрсэн. Үүнийгээ нэмэгдүүлээд 6 сарын хугацаагаар 1 сарын 500 000 төгрөгөөр тооцоод 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны хөлс 3 000 000 төгрөг нэхэмжилж байгаа. Мөн улсын тэмдэгтийн хураамж буюу 140 630 төгрөг, байрнаас албадан гаргуулах, түрээсийн төлбөрт 3 000 000 төгрөг, нийт 3 140 630 төгрөг нэхэмжилж байгаа гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Х  нь 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр М.Билгүүнтэй түрээсийн гэрээ, зээлийн гэрээг тус тус байгуулж, нийт 9 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай зээлүүлж, зээлийн хүүнд нь Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 50а байрны 24 тоот 2 өрөө орон сууцыг түрээсэлсэн. 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай түрээсэнд суулгахаар харилцан тохиролцон амьдарч байгаа. Гэтэл М.Билгүүн тус байрны жинхэнэ өмчлөгч биш бөгөөд тус байрны жинхэнэ өмчлөгч болох Ц.Д-той гэрээ байгуулж түрээслэсэн байдаг. Тэгээд М.Билгүүнд залилан мэхлүүлснээ мэдээд өргөдөл гаргаж, холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгагдаж байгаа. 2017 оны 12 дугаар сараас тухайн орон сууцны жинхэнэ өмчлөгч болох Ц.Д гэнэт ирээд би энэ байрыг М.Билгүүнд түрээслэсэн боловч түрээсийн төлбөрөө төлөхгүй байна. Тиймээс та нар надтай ямар ч хамаагүй түрээсийн гэрээ байгуул. Хэрэв тэгэхгүй бол яг одоо энэ байрыг чөлөөл гэсэн болно. Ингээд Ц.Д-той 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Гэхдээ гэрээг байгуулахдаа ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсгэх хүсэл сонирхол байгаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдэж байхад тус иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 117 дугаар зүйлийн 117.1-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох бүрэн боломжтой. Нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой Ц.Д болон Б.Х  нарын хооронд байгуулагдсан энэ гэрээ хүчин төгөлдөр бус учраас үндсэн нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б.Х  нь 1 настай охин, эхнэрийн хамт өвлийн хүйтэнд хөөгдөхөөс айж, мөн очих газаргүйн улмаас аргагүйн эрхэнд Ц.Д-той 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан байна. Ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгэх зорилгогүй, дүр үзүүлэн хийсэн, хууль зөрчсөн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна. Тиймээс Ц.Д болон Б.Х  нарын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. Б.Х , Ц.Д нарын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр эсэх, М.Билгүүнтэй байгуулсан гэрээ цуцлагдсан уу гэдэг нь чухал юм. М.Билгүүнтэй байгуулсан гэрээ хүчин төгөлдөр хэвээрээ буюу дуусгавар болоогүй байна. М.Билгүүн нь 12 сарын түрээсийн төлбөрөө төлөөгүй байна. Мөн нэхэмжлэгч нь М.Билгүүнийг түрээсийн гэрээний 5.2-т заасан заалтыг зөрчсөн учраас гэрээг цуцалсан гэж байна. Гэрээг цуцлах үндэслэл болохгүй. Нэг талын хүсэлтээр цуцлагдахгүй. Цуцлах харилцааг хуулиар зааж өгсөн. Өөр нөхцлийг талууд тохиролцоогүй. Гэрээг цуцлахдаа заавал хуулийн заалт баримтлах ёстой байсан. М.Билгүүнтэй хүчин төгөлдөр гэрээтэй байхад давхар Б.Х тай гэрээ байгуулж төлбөр нэхэж байна. Бодит нөхцөл байдлаас үзэхэд Б.Х-ыг ноцтой төөрөгдөлд оруулсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 58 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй. М.Билгүүн болон Б.Х  нарын гэрээ хүчин төгөлдөр биш. Гэрээ хийх ямар ч үндэслэл байхгүй. Байрны гэрчилгээний эх хувь байхгүй нөхцөлд гэрээ хийх ямар ч үндэслэл байхгүй. Ямар нэгэн маргаан байгаагүй. Бид харилцан ярилцаад нотариат баталсан. Гэрээг хүчингүй болгох үндэслэл байхгүй. Гэрээ хууль зөрчөөгүй. Харин Б.Х  М.Билгүүнтэй байгуулсан гэрээ хүчингүй. М.Билгүүнтэй байгуулсан гэрээг цуцлах үндэслэл болохгүй гэж байна. М.Билгүүн нь утсаа авахгүй, мөнгө төлөхгүй, мөн гэрээний үүргээ зөрчсөн учир цуцалсан гэж үзнэ. Б.Х тай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 294 дүгээр зүйлийн 294.3, 294.6 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Х аас орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 2 783 333 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Дт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 216 667 төгрөгийг болон Баянгол дүүргийн 7 дугаар хороо 3 дугаар хороолол/16094/, Дилав Хутагт Жамсранжавын гудамж, 50а байрны 24 тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай 2 өрөө орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 58 дугаар зүйлийн 58.2, 58.3 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс зохигчдын хооронд байгуулагдсан 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан нэхэмжлэгчээс төлсөн 140 630 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан төлсөн 47 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Б.Х аас улсын тэмдэгтийн хураамжид 59 483 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Д-т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Ц.Д-ын нэхэмжлэлтэй Б.Х-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх явцад М.Билгүүнд холбогдуулан эрүүгийн 1705011800034 дугаартай хэрэг үүсгэгдэн шалгагдаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-р зүйлийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэгдэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн болох нь баримтаар нотлогддог. Тус хэрэгт нэхэмжлэгч Ц.Д, хариуцагч Б.Х  нар нь хохирогчоор тогтоогдсон байдаг. Энэ талаар нэхэмжлэгч Ц.Д шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хүлээн зөвшөөрдөг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэл тогтоогдож байгаа тул иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг гаргасан боловч анхан шатны шүүхээс М.Билгүүнтэй холбогдох яллах дүгнэлтэд Ц.Д-ыг хохирогчоор тогтоогоогүй байна гэсэн үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзсан. Ийнхүү хүсэлтийг хангахаас татгалзаж иргэний хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Ц.Д нь хариуцагч Б.Х-д холбогдуулан байрны түрээсийн төлбөрт 2 000 000 төгрөг гаргуулахаар шаардсанаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж түрээсийн 6 сарын хугацааны төлбөрт 3 000 000 төгрөг гаргуулах, Баянгол дүүргийн 7 дугаар хороо 3 дугаар хороолол /16094/, Дилав Хутагт Жамсранжавын гудамж, 50А байрны 24 тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч зохигчдын хооронд байгуулагдсан 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

            Талуудын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол /16094/, Дилав Хутагт Жамсранжавын гудамж, 50А байрны 24 тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 4 сарын хугацаатай, 1 сарын хөлсийг 500 000 төгрөгөөр, хөлсийг дараа сарын 05-ны өдрийн дотор Хаан банкны 5026148704 тоот дансанд төлж байхаар тохиролцсон болох нь хэргийн баримтаар тогтоогдсон байна.

 

            Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

            Орон сууц хөлслөх гэрээний зүйл болох Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол /16094/, Дилав Хутагт Жамсранжавын гудамж, 50А байрны 24 тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай 2 өрөө орон сууц нь нэхэмжлэгч Ц.Д-ын өмчлөлийн орон сууц болох нь хэргийн 5 дахь талд авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон байна.

           

            Хэргийн баримтаас үзвэл Б.Х, М.Билгүүн нарын хооронд 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 9 000 000 төгрөгийг, 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл 365 хоногийн хугацаатай, барьцаагүй, 5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцсон, маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр уг үл хөдлөх эд хөрөнгийг М.Билгүүн Б.Х-д дамжуулан хөлсөлсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

 

            Анхан шатны шүүх хариуцагч Б.Х-с 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны 5 сар 17 хоногийн хугацааны хөлс болох 2 783 333 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Д-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 216 667 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

            Талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээний 4.6 дахь хэсэгт “хөлслүүлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар бол 1 /нэг/ сарын өмнө хөлслөгч талд бичгээр мэдэгдэж, зөвшилцсөний үндсэн дээр хөлслөгчийг өөр байр олж нүүтэл уг байрандаа байлгах ба ашиглаагүй төлбөрийг хоногоор нь тооцож хөлслөгч талд буцаан олгоно” гэж тохиролцсон ба Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3 дэх хэсэгт гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолохоор заасан.

 

            Нэхэмжлэгч Ц.Д 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан, уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал гардаж аваад 1 сарын хугацаа өнгөрөөгүй байх тул орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Хариуцагч Б.Х  нь нэхэмжлэгч Ц.Д-той хэлцэл хийхдээ дүр үзүүлж хийсэн, ноцтой төөрөгдсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. 

  

Хариуцагч Б.Х  М.Билгүүнтэй гэрээ байгуулсан нь Ц.Д-той байгуулсан гэрээнд хамаарахгүй болно.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн      167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2018/01599 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 60 000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

 

                ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ